Хүнийг хайрладаг, өөрийн сэтгэлзүйгээ удирддаг эрэгтэй хүн хамгийн мундаг болно

0

Д.Лхамсүрэн: Хүнийг хайрладаг, өөрийн сэтгэлзүйгээ удирддаг эрэгтэй хүн хамгийн мундаг болно

Өрх гэрийн ноён нуруу, өнөр бүлийн тэргүүн болсон эрчүүдийнхээ сэтгэлзүйн онцлог, тэдний алдаа оноо, эмэгтэйчүүд бид эрчүүдийг хайрлахдаа гаргадаг алдаанаас эхлээд ирээдүйн мундаг эцгийг бэлдэхэд юуг анхаарах хэрэгтэй гэхчилэн олон зүйлийн талаар Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн сэтгэл судлаачД.Лхамсүрэнтэй ярилцлаа.

Сэтгэл  Судлалын Үндэсний Төвд хандаж буй хүмүүсийн дунд эрэгтэйчүүд хэр олон байдаг бол?

-Өмнөх жилүүдтэй харьцуулахад насанд хүрсэн эрэгтэй хүний хандалт их болсон. Бас эрэгтэй хүүхдээ авчирдаг эцэг, эхчүүдч олон болсон. Хүүхэд гэхээр хүмүүс 18 хүртэлх насныхан гэж ойлгодог бол 25-28 настай залуусыг эцэг, эх нь хөтлөөд ирдэг. Эцэг, эхчүүд хүүхдээ манайд авч ирэхдээ элдэв зуршил нь засарч өөрчлөгдөх байх, сэтгэл судлаачид очвол хүүхэд минь гэр бүлээ аваад явах хэмжээний болоод бидний ясыг нэг амраах байх гэсэн хүлээлттэй ирдэг. Эцэг, эхчүүдийн 20 жил ажиллаагүй орхисон зан үйл, төлөвшил, сэтгэл зүйг хоёрхон цагийн дотор өөрчлөх гэдэг хязгаарлагдмал зүйл. Өөрчлөгдөнө гэсэн итгэлийг бас буруутгаж болохгүй. Ирж байгаа хүний өөрийн итгэл, хүлээлт үүнд хамгийн чухал нь байдаг.

-Сэтгэлзүйн зөвлөгөөнд ороод хүн өөрчлөгддөг үү?

-Хүн өөрчлөгддөг үү, үгүй юу гэдэг асуудал өөрөө сонирхолтой. Өөрчлөгдөх боломжтой. Сэтгэл зүй болон анагаах ухааны онол нэг зүйл дээр санал нь 100 хувь нэгддэг. Энэ нь хүний ирээдүйд хэн болох вэ гэдэг нь 0-5 насанд нь шийдэгддэг гэсэн онол юм. Анагаах ухаан хүүхэд эхийн хэвлийд олдсноос хойш 3 нас хүртэлх үе чухал гэж үздэг бол сэтгэлзүйн ухаан эхний 5 жилд тэр хүүхдийн ирээдүйд хэн болох нь шийдэгддэг гэж үздэг. Гэр бүлээ авч явах чадвартай, өөртөө итгэлтэй, ухаантай, магадгүй эрүүл, аливаа асуудалд бага донтдог байх зэрэг нь эхний 5 жилд шийдэгдэнэ. Учир нь тухайн хүүхэд хэнтэй амьдарч, ямар үлгэр дуурайл аваад байгаа юм? Ямар нэгэн эрдэс тэжээлээр дутаад байна уу? Сэтгэлзүйн хувьд эрүүл тайван байж чадаж байна уу гэхчилэн бүх зүйл нөлөөлнө. Тэгэхээр тэр насандаа зөв дадалтай болсон хүүхэд буруу тийшээ хэлбийлээ ч амархан засагддаг. Гэтэл хамгийн чухал насанд нь анхааралгүй нас биед хүргэсэн хүмүүсийг өөрчлөхөд маш хэцүү. Бараг л өөрчлөгдөхгүй байх нь ч бий. Гэхдээ тухайн хүн өөрөө хүсээд өөрөө тэрийгээ ойлгож, ухамсарлаж чадвал өөрчлөгдөх бүрэн боломжтой гэсэн үг.

-Сэтгэц засал, зөвлөгөөний ялгаа нь юу юм бол?

-Сэтгэц засал гэдэг бол өөрөө бие даан асуудлаа шийдвэрлэх боломжгүй юм уу хязгаарлагмал хүмүүст сэтгэл заслын аргаар туслаж буй хэлбэр. Сэтгэлзүйн зөвлөгөө бол өөрөө асуудлаа бие даан ухамсарлаж шийдвэрлэх боломжтой хүнийг хөндлөнгөөс нь  чиглүүлж өгч байгаа үйл явц гэж ойлгож болно. Тэгэхээр сэтгэлзүйн зөвлөгөөнд ирж байгаа хүмүүс бол асуудлыг шийдвэрлэх өөрийн арга барилыг олчихсон тохиолдолд өөрийн гэсэн дархлаатай болж байна гэсэн үг. Сэтгэлзүйн дархлаатай болсон хүн дараа нь асуудалд өөрөөр хандаж эхэлнэ. Давтан зөвлөгөөнд ирж байгаа байдал эрчүүдийн хувьд харьцангуй бага, эмэгтэйчүүдийн хувьд их байдаг.

-Танайд хандсан эрчүүдэд тулгамдаж, сэтгэлийг нь зовоож буй асуудлуудын дийлэнх нь юу байдаг вэ?

-Хөндлөнгийн хүний нүдээр харахад жижиг мэт боловч тухайн хүний хувьд том асуудал болдог "би өөрийгөө ойлгохгүй байна”, "өөрийгөө голж эхэлж байна”, "нэг зүйлд донтоод өөрийгөө татаж авч чадахгүй байна” гэсэн амьдралын хэвшилтэй холбоотой асуудлаар ирэх нь элбэг. Эрэгтэйчүүдийн ганцаардсан, хаагдмал байдал нь бугласаар архины хэрэглээ нь хэтрэх гэх мэт амьдралын буруу хэвшилд оруулчихсан байх нь бий. Энэ бүхэн чинь тэр хүний харилцаагаараа шийдэгдэх боломжтой асуудал шийдэгдэхгүй байгааг илэрхийлж байгаа хэрэг. Хоорондоо ярилцаж асуудлаа шийдэх боломжтой цорын ганц амьд биет чинь ХҮН шүү дээ. Тэгтэл тэр харилцаа явагдахгүй бол өөр зүйлээр нөхөж эхэлнэ. Ингээд л архи тамхинд донтох, буруу хэвшилд автах гэхчилэн харилцааны дутмагшлаа буруу зүйлээр орлуулж эхэлдэг. Өөрөөр хэлбэл өөрийгөө тайвшруулаад тамхи татангуут тархин дахь донтолтын хэсгүүд ажиллаж, түгшүүр буурч, хоол идэнгүүт цусан дахь сахарын хэмжээ буурдагтай адил тайвшран өөрийгөө аргалж байгаа буруу хэлбэр юм.

-Хүчирхийллийг ярихдаа бид эрчүүдийг зөвхөн хүчирхийлэгч гэсэн өнцгөөс хардаг. Үнэндээ бид охидынхоо боловсрол, эрүүл мэндэд илүү анхаарч хөвгүүдээ орхигдуулдаг шүү дээ.

-Тиймээ. Хүчирхийллийг бид жигшин зэвүүцэж буруутгадаг ч яаж бууруулах вэ гэдэгтээ бага анхаардаг. Тэр хэрээр хамгийн бага яригддаг боловч хамгийн чухал нэг асуудал энд орхигддог. Тэрхүү хүчирхийллийн эх нь хаанаас вэ? асуудлыг шийдэхдээ хүчирхийллийг сонгоод байгаа тэр эх нь хаана байгаа, үүнийг хэнээс хэрхэн суралцаж байгаа нь сонирхолтой шүү дээ. Зүгээр байж байгаад эхнэрээ зодоод, гэнэт л хүүхдээ хүчирхийлдэг болохгүй шүү дээ. Тэр хаанаас эхлэв? Тэр хүн асуудлаа яагаад хүчирхийллээр шийддэг болов, Аав нар ээж нар асуудлыг яаж шийддэг байсан бэ гэдэг хамгийн чухал. Өөрт нь ажил дээр нь асуудал гарлаа, эхнэр нь өөрийг нь ойлгохгүй байна, хүүхэд нь хичээлээ хийхгүй байхад аав, ээж нь яаж шийддэг байсан бэ? Эцэг, эх нь асуудлыг хүчээр буюу түрэмгий байдлаар шийдээд байвал тэр хүүхэд асуудлыг тэгэж шийдэхийг л сурдаг. Эндээс хүчирхийлэл эхэлнэ. Хүчирхийллийн тойрог гэдэг энэ. Хүчирхийлэгчийн хүүхэд хүчирхийлэгч болдог гэдэг байж болох зүйл. Гэхдээ асуудлыг шийдвэрлэх буруу шийдвэр яваад байгаатай холбоотойгоор хүчирхийллийн тойрог эргээд байгаа юм. Магадгүй аав, ээж нь стрессийг нь яриулж гаргадаг байсан бол том болоод асуудлаа ярьж шийднэ. Намайг сонсоочээ гээд ярьж эхэлнэ.

Эцэг, эх нь асуудлыг хүчээр буюу түрэмгий байдлаар шийдээд байвал тэр хүүхэд асуудлыг тэгэж шийдэхийг л сурдаг. Эндээс хүчирхийлэл эхэлнэ

Уурыг нь бичүүлж гаргадаг байсан бол бичиж тайвширна гэх мэт стрессийг нь яаж гаргадаг байсан тэр загвар маш чухал.

-Нөгөө талаар хүчирхийлэлд өртдөг эрчүүд үнэхээр сул дорой, өөртөө итгэлгүйдээ хүчирхийллийн золиос болоод байдаг хэрэг үү?

-Хүчирхийлэлд өртдөг гэхээр дан ганц цохиж зоддог биш, хамгийн аюултай, хамгийн хүнд тусдаг хүчирхийлэл бол үгэн хүчирхийлэл байдаг. Чи сул дорой, чи арчаагүй гэж хэлэх тэр үгүүд дараагийн сөрөг зан үйлд хамгийн ихээр бэлддэг. Тэр зүйлсүүд дээр өөрийгөө хамгаалахгүй, дархлаагүй буюу өөрийнхөө дотор сэтгэл зүрх рүүгээ аваачиж байгаа нь өөртөө итгэх итгэл нь сул, бусдад илүү итгэж найддаг гэдгийг нь илтгэнэ. Өөрийгөө үнэлэхгүй, энэ л чухал, мундаг гэж бусдыг үнэлж, боддог бол өөртөө байгаа бүх зүйлээ бусдад зориулж эхэлнэ. Өөрт нь чиглэсэн зүйлсийг эсэргүүцэх биш дотроо оруулж эхэлнэ. Тийм эрчүүд хүчирхийлэлтэй тэмцэгч биш зугтагч болж хувирч буй хэрэг. Тэр хүмүүсийг буруутгах гэхээс илүүгээр тэмцэх чадварт нь сургаж бас болно. Тэгэхийн тулд юуг хүлээж зөвшөөрч, юуг зөвшөөрөхгүй вэ? Юу чиний хувьд эцсийн цэг, хил хязгаар чинь болох вэ гэдэг зүйлсийг ярилцах нь чухал.

-Хүчирхийлэлд өртсөн эрчүүд эхнэр нь илүү орлоготой, өндөр албан тушаалтай, эсвэл хадмууд нь чинээлэг байдаг гэдэг. Санхүүгийн дэмжлэгээрээ гэрлэсэн бол салж чадахгүй, эхнэр нь тэр илүү түрэмгий болдог ч юм уу?

- Тийм жишээ бий. Гэхдээ тийм их хувийг эзэлнэ гэж бодохгүй байна. Баримт судалгаа ч байхгүй байна. Асуудлыг хөндлөнгөөс ажиглахад өөртөө итгэхгүй байна гэдэг нь надад энэ боломж нөхцөл байхгүй, олдохгүй гэж бодоод байдаг. Би ингэхээс аргагүй гээд өөрийгөө голж тэр хэмжээгээрээ нөгөө хүндээ хэт их найдаж итгэдэг, хамааралтай болоод эхэлдэг. Эрэгтэй хүний энэ хандлагыг эмэгтэйчүүд намайг хайрлаж байна гэж бодож андуурдаг. Хайртай болохоороо итгэж байна гэсэн буруу ойлголттой байдаг. Эрэгтэй хүн чинь яг л хүүхэд шиг. Өөрт нь таарсан хэлээр харилцаж, өөрийг нь сонсох, өөртэй нь адилхан харьцахад дасдаг, өөрийнхөөрөө байдаг. Жаахан ширүүн загнаад эхлэвэл зугтдаг эсвэл тэмцдэг. Эрэгтэй хүнийг өөрчлөх их амархан. Эрэгтэй хүмүүс асуудлаасаа хурдан гарч даван туулахдаа хурдан, өөрчлөлт их амархан авдаг. Эмэгтэй хүмүүсийн хувьд нэг асуудлаа шийдээд авчихвал дархлаа суучдаг, тэмцэх чадвар сайтай. Эрэгтэй хүний хувьд тэмцэх чадвар бага байдаг.

Д.Лхамсүрэн: Хүнийг хайрладаг, өөрийн сэтгэлзүйгээ удирддаг эрэгтэй хүн хамгийн мундаг болно

-Эрүүл мэндийн асуудалтай, хөгжлийн бэрхшээлтэй болох гэхчлэн хурц зүйлд өртсөн эрчүүд сэтгэлээр унаж түүнтэйгээ тэмцэж буй хэлбэр нь хүчирхийлэл болоод байх шиг?

-Эрэгтэй хүний хувьд бусадтай өөрийгөө харьцуулах нь илүү давамгай байдаг. Эмэгтэйчүүд "Би хөөрхөн”, миний ямар нэгэн зүйл гоё гэж бодсон бол өөр хэн нэгнийг хараад би түүнээс дор гэж бодох нь ховор. Харин эрэгтэй хүмүүс илэрхийлдэггүй л болохоос өөрийгөө бусадтай харьцуулах нь их. Надаас илүү булчинтай, өндөр, ухаалаг, гоё машинтай, бүх зүйл нь надаас илүү гэх мэтээр бодонгуут өөрийгөө сул доройгоор мэдэрдэг. Тэр мэдрэмжээ ямар нэгэн зүйлээр нөхдөг. Хүн нэг зүйлээр дутуу байвал дутуу зүйлээ үргэлж нөхөхийг оролддог, тэмцдэг амьтан. Тэр нөхөлтийн зөв арга нь илүү сайн хөдөлмөрлөе, мундаг болоё гэж бодох бодол бол буруу нөхөлт нь асуудлаа хулгай хийх, зодох гэх мэтээр шууд шийдэхийг сонгох, хүчирхийлэл үйлддэг.

-Эр нөхрөө хурцалж буйгаа эмэгтэйчүүд буруу аргаар илэрхийлээд шүүмжлээд байдаг гэдэг?

-Эхнэрүүд, эмэгтэйчүүдийн хамгийн буруу арга барил нь хань минь, хүү минь мундаг байгаасай, өөрт нь тийм боломж чадвар нь бий гэж боддог хэрнээ тэрийгээ А шиг, Ц шиг байгаачээ гэж хэн нэгэнтэй харьцуулж хэлдэг. Эрэгтэй хүнийг хэзээ ч, хэзээ ч хэн нэгэнтэй харьцуулж болохгүй. Харьцуулмаар байгаа бол өнгөрсөнтэй нь харьцуул. Чи 3 жилийн өмнө ийм байгаагүй шүү гэж хэл, 5 жилийн өмнө ийм байгаагүй гэж хэл. Өнгөрсөнтэй нь харьцуулсан тохиолдолд эрэгтэй хүн илүү бага хор нөлөөтэйгөөр асуудлыг хүлээн авч чадна. Арчаагүй, тийм ийм гэж үгэн хүчирхийлэл хэрэглэхэд эрэгтэй хүмүүс хүлээж авахгүй.

-Монгол эрчүүдийн сэтгэлзүйн онцлог юу вэ?

-Монгол эрчүүд дээр гэх барим тавим тоо, өнцөг одоогоор алга. Ийм судалгаа хийгээгүй учраас тоо хэлж чадахгүй байна. Ерөнхийдөө монгол эрчүүдийг өсгөхдөө нэгт, ээж аав нар багаас нь хатуу чанга бай, битгий уйл, сул дорой байж болохгүй, тэмцэх хэрэгтэй, чи өөрөө биеэ даагаад яв, би эмэгтэй хүүхэддээ илүү боловсрол олгоно ч гэдэг юмуу эмэгтэй хүүхдийг илүү халамжилж, хайрлана гэж хэлдэг. Үүнийх нь сул тал нь эргээд өнөө хөвгүүд маань өөрийн мэдрэмж гэдэг хамгийн чухал зүйлээ гаргадаггүй хүн болгож эхэлдэг. Эмэгтэй хүүхдийн хувьд хэцүү байна, чадахгүй байна, болохгүй байна, намайг хэн ч тоохгүй байна гэхчилэн мэдрэмжээ гаргадаг нь өөрөө өөрийнхөө асуудлыг эргээд харах, тайвшрах, асуудлын тайлал болоход тусалдаг. Тайвширсан хүн мэдээж зөв шийдвэр гаргана шүү дээ. Гэтэл эрчүүд мэдрэмжээ гаргадаггүй. Насанд хүрсэн, эсвэл хүүхэд байхдаа мэдрэмжээ гаргасан эрэгтэй хүн хэн ч биш болчих гээд байдаг тул бүх мэдрэмжээ хааж эхэлдэг. Тэгээд үргэлж таавар мэт, дотогшоо болдог. Үүнээсээ болоод магадгүй амиа хорлолтын хувь өндөр байж болох юм. 

Тэгтэл хүн хэзээ ч нэг өдөр л амиа хорлоё гэж боддоггүй. Тэр хүн амиа хорлолтын талаар багадаа 100 удаа бодно. Дараа нь 10 удаа яг яаж гэдгээ бодно. Тэгээд 1 удаа үйлдэл хийнэ. Тэр үйлдэл нь харамсалтайгаар "хэрэгждэг”. Хамгийн харамсалтай нь тэр хүн 100 удаа амиа хорлох тухай сэтгэлзүйн таагүй байдлыг мэдрэнэ гэсэн үг. Тэр 1000 удаа мэдрэхэд нь хажууд нь байгаа хүмүүс нь яагаад тусласангүй вэ? Тэгэхээр бидэнд хүн бүрт амиа хорлож байгаа хүнийг аврах боломж байгаа биз. Эрэгтэй хүний хувьд хэцүү байгаа зүйлийг нь найз нөхөд, гэр бүлийнхэн нь цаг гарган сонсоочээ гэж хэлмээр байна.

Эрэгтэй хүмүүс ярьж чаддаггүй биш чаддаг. Одоо манай эрчүүд чөлөөтэй байдалд буюу архи уусан эсвэл сэтгэл нь хөдлөсөн үедээ ярих гээд байдаг. Ярих боломжийг, дотор байгаа зүйлээ уудлахын тулд мансуурлын байдлыг сонгоод байна. Хоёрт, монгол эрчүүдийн тэмцэх чадвар харьцангуй бага. Яагаад вэ гэхээр аливаа зүйлд амархан бууж өгдөг. Тэгсэн хэрнээ бүлгийн сэтгэлгээ давамгай учраас бүгдээрээ тэмцдэг, бүгд л тэгье ингэегэвэл тэмцэх хандлагатай болохоос биш өөрөө удирдан манлайлаад явах, ар гэрээ авч явах чадвар бага.

Эрэгтэй хүний төрөлх инстинкт нь хамгаалах шүү дээ. Өөрийн сонгосон, өөрийн бүтээсэн гэр бүл, эзэмшилд байдаг зүйлээ хамгаалах зөн билэгтэй. Тэр нь биелэхгүй, өөрийнх нь хүссэнээр байхгүй бол сэтгэлээр унаж эхэлдэг. Эрчүүд сэтгэл гутралд амархан өртдөг. Монгол эрчүүд нийгмийнхээ ролийг сайн биелүүлдэг. Хүчтэй байх ёстой, мундаг байх, удирдагч байх, зоригтой, эршүүд байх ёстой гэдэг зүйлсийг биелүүлдэг хэрнээ яг түүнтэй хоршиж явах ёстой хариуцлага гэдэг зүйлээ бага биелүүлдэг. Ингэхээрээ л яриад байдаг ч ажил нь урагшладаггүй хүнтэй адилхан болчиж байгаа юм. Гэтэл тэр хариуцлага нь дүртэйгээ хоршиж, зэрэгцэж байх ёстой байдаг.

-Эрэгтэй хүнийг яриулах, сэтгэлийг нь уудлах, тэдэнтэй харьцах зөв арга зааж өгөөч гэвэл?

- Ханьтай, найз залуутайгаа, хүүтэйгээ  ярилц. Гэхдээ эрэгтэй хүн шууд харилцахад хаагдмал. Шууд бус харилцдаг. Жишээлбэл цаашаа харж байгаад амьдралынхаа чухал асуудлыг ярьдаг. Эмэгтэйчүүд тэгтэл яг өөд өөдөөсөө харж суугаад хамаг юмаа ярих гээд байдаг. Эрэгтэйчүүд шууд харилцаанд орох, өөрийг нь байцаасан, тулгасан асуултад дургүй. Тааваар нь байлгахад дуртай байдаг.

Ээжийн гараас гараад эхнэрийн гарт орлоо гэж ярьдаг. Үүн дээр тайлбарлахад эхнэрүүдийн гаргадаг алдаа нь нөхрийнхөө ээж шиг нь байх гээд байдаг. Тэгээчээ ингээчээ, тэгсэн үү, тэгээрэй гэдэг. Эмэгтэйчүүд хандаж хэлэхэд нөхрүүдийнхээ хоёр дахь ээж нь битгий бай гэж зөвлөх байна. Тэр хүнтэй гэрлэхээсээ өмнө ямар тохиолдолд яахаа нарийн ярь. Ээж шиг нь байгаад байвал эр нөхөр чинь насанд хүрэхгүй, үргэлж хүүхдээрээ байна.

Эрэгтэй хүн хоёрхон хүнд худлаа ярьдаг. Ээждээ, эхнэртээ. Хамгаас хайртай учраас тэр.

Тэгтэл ээжийн хайрын онцлог нь нөхцөл тавихгүй хайр байдаг. Чи хэн ч байсан би чамайг хайрлана гэдэг. Эхнэрүүд яг тийм хайрыг нөхөртөө үзүүлэх гээд байдаг. Хэрэв ингэж хайрлавал нөхөр чинь гэртээ хариуцлага хүлээхгүй, хүний амьдралын чухал асуудалд өөрөө оролцохгүй, бүх хариуцлагыг эхнэртээ даатгана.  Эргээд хариуцлага хүлээлгэж буй хэрээрээ их юм шаардана, дураар аашилна гэх мэт сөрөг зүйл гардаг. 

Д.Лхамсүрэн: Хүнийг хайрладаг, өөрийн сэтгэлзүйгээ удирддаг эрэгтэй хүн хамгийн мундаг болно

-Мундаг эр, эцэг, нөхөр бэлдэхэд гэр бүлийн хүмүүжил хамгаас чухал гэдэг. Монголчууд эрэгтэй хүүхэд өсгөхдөө хайнга ханддаг. Энэ тал дээр залуу эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө байна уу?

-Сэтгэл судлаачийн хувьд хэлэхэд хамгийн чухал нэг зүйл нь эрэгтэй хүүхэддээанхаарах нь чухал. Ялангуяа сэтгэцийн, сэтгэлзүйн хөгжил дээр нь. Манайхан эрэгтэй хүүхдийг хүчтэй, зоригтой байлгах гээд дайраад байдаг. Тэгтэл хүнийг хайрладаг, өөрийн сэтгэлзүйгээ удирддаг эрэгтэй хүн хамгийн мундаг болно. Тэр хамгийн чухал. Хүүхдээ сэтгэлзүйгээ удирддаг болгоод хүн нэг үг хэлмэгц цохиод авдаг, шазуураа зуудаг биш, хүлээж авдаг болго. Хүлээж авна гэдэг нь ялагдана гэсэн үг биш. Яагаад ингэж хэлэх болов гэж боддог, анзаардаг болгох нь сэтгэлзүйн хамгийн чухал чадвар. Тийм хүн ажил дээр гарсан ч сайн ажилладаг, хүнийг хайрладаг болдог.

Манай ээж аав нар хүүхдээ өндөр IQ-тай болгоё, эсвэл мундаг сайн сурлагатай, манлайлагч болгоё гэхээс биш хүнийг хайрладаг, өөрийгөө удирддаг хүн болгоё гэж боддоггүй.

Манай ээж аав нар хүүхдээ өндөр IQ-тай болгоё, эсвэл мундаг сайн сурлагатай, манлайлагч болгоё гэхээс биш хүнийг хайрладаг, өөрийгөө удирддаг хүн болгоё гэж боддоггүй. Дараагийн нэг зүйл нь багаасаа хөдөлмөрийн хуваарь гэх зүйлд бага оролцуулдаг. Гэрт нь тэрийг хийх ёстой, тэдэн насандаа ийм зүйл хийж сурсан байх ёстой гэдэг бага байдаг. Багад нь эрхлүүлж, юу ч хийлгэлгүй өсгөчихөөд насанд хүрсэн хойно нь ажилтай, амьдралтай болооч гээд яваад байдаг нь нэг ёсондоо ирээдүйд хэн байх вэ гэсэн бүх зүйлийг нь багад нь шийддэг асуудлыг орхигдуулсантай холбоотой. Гэр бүлийн хүмүүжил, хөдөлмөрийн хуваарь, дэг журам гэдэг чинь чухал юм. Ирээдүйн хүнийг бүтээдэг гэдгийг эцэг эхчүүд ухамсарлахгүй гэв гэнэт манай хүүхэд болохоо байсан одоо засаад өг, хэзээ зүгээр болох гээд телевиз, цаг засварт авчирч байгаа юм шиг ханддаг, ярьдаг.

- Таны бодлоор Монголын нийгэмд эрчүүд ямар дүртэй харагдаж байна вэ?

-Энэ өөрөө нийгмийн байдалтай л холбоотой. Ажиглалтаар монгол эрчүүдийн тэмцэх чадвар бага байгааг ахин хэлье. Сэтгэл хөдлөлөө удирдах чадваргүй эр хүн их олон байна. Асуудлыг шууд хүчээр шийддэг. Шууд шийдвэр гаргах бусдор хаяж нэг удаа бодох хэрэгтэй л доо. Асуудлыг яагаад сэтгэл хөдлөлөөрөө шийдээд байна вэ? гэхээр сэтгэл хөдлөлөө удирдаж чадахгүй байна. Өөрийгөө удирдаж чаддаг хүн гэр бүлээ, нийгмээ удирдан авч явна шүү  дээ. Тэгэхгүй байна. Нөгөө талаас хүндхэн нийгэмд бүгдээрээ архичин, мансуурагч, хулгайч, хүчирхийлэгч болчихоогүй гээд хэлэх зүйл, үнэлэх зүйл цөөнгүй бий.

Мундаг дархлаатай, сайн эрэгтэй хүнээр нийгмийг бүрдүүлэх гэж байгаа бол, асуудлыг томоор хардаг, бодлогыг зангиддаг, аливаа зүйлийг сайн шийддэг болгоё гэвэл эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ сайн харилц, бага насны хүүхэддээ асуудлыг шийдвэрлэх чадвар, хайрлах чадвар, сэтгэлзүйгээ удирдах чадварыг олгооч гэж хүснэ. Ингэж чадвал өнөөдөр байгаа шиг эрчүүдийн нэр хүнд унахгүй, шүүмжлэлийн бай болохгүй байх л даа.


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.