СТА Р.Дэлгэрмаа: Амьдрал тасралтгүй үргэлжлэх хойно, хэцүү санагдсан хормууд зүгээр л цаг хугацааных

0

Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, дуучин Р.Дэлгэрмаатай ярилцлаа.

-ТАВДУГААР АНГИДАА ТЭМЦЭЭНД ТҮРҮҮЛЖ АВСАН 15 МЯНГАН ТӨГРӨГӨӨ 
ЭЭЖДЭЭ ӨГӨӨД ИХ АЯРЛАЖ БАЙСАН-

-Та телевизүүдийн шоу нэвтрүүлгийг эс тооцвол ярилцлага өгөлгүй нэлээдгүй хугацаа өнгөрсөн байна. Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхнаасаа хуваалцахгүй юу?

-Тийм ээ. Сонин, сайтад ярилцлага өгөлгүй удсан байна. Хамгийн сүүлд сар шинийн баярын үеэр "Зүрхний нандин” теле концертоо үзэгчиддээ хүргэсэн. Цацаж амжаагүй л болохоос биш бид хоёр чамгүй олон уран бүтээл хийчихээд "дараад л” яваад байна даа.

-Уран бүтээлч хүн болоод хориод жилийг ардаа үджээ. Эргээд харахад урлагийн тайз таныг хэр төлөвшүүлсэн гэж боддог вэ?

-Би 2000 оны үеэс уран бүтээл хийж эхэлсэн. 1997 онд Хөгжим бүжгийн коллежид элсэн орж суралцаж байлаа. Дараа нь СУИС-д суралцаж, дуулах гараагаа эхэлсэн. 2005 онд анхны тоглолтоо хийж байж. Түүнээс хойш урлагийн хүн болох гэж тасралтгүй суралцаж, төлөвшиж өөрийгөө олох гэж зүтгэсэн байна. Хүн ер нь өдөр бүр л амьдралаас суралцаж байдаг юм шиг ээ. Залуу насандаа ааг омог ихтэй, давилуун байдаг байх. Гэтэл он жил өнгөрч, нас нэмэхийн хэрээр хүн төлөвшиж, амьдрал аяндаа ухаажуулаад өгөх юм даа.

-Дуу дуулж хүний зүрх сэтгэлд хүргэнэ гэдэг үгээр хэлшгүй гайхамшигтай. Та тайзан дээр дуулж байхдаа ямар мэдрэмж авдаг вэ? 

-Дуучин хүний хамгийн том аз жаргалтай мөч бол тайзан дээр гарах. Энэ үгийг ямар ч дуучин хэлэх байх. Хамгийн гол нь дуундаа орж дуулахыг хүсдэг. Өдөр бүр хамгийн сайхнаар, бүх бие сэтгэлээрээ мэдэрч дуулахыг хичээдэг.

-Та багын мөрөөдлөө биелүүлж чадсан уу?

-Чадсан гэж боддог шүү. Хүүхэд байхдаа л дуучин болохыг мөрөөддөг байлаа. Үүнийхээ төлөө янз бүрийн уралдаан тэмцээнүүдэд их ордог байж. Зүгээр ч нэг дуулаагүй, дуучин гэдэг мэргэжил эзэмшсэн нь миний мөрөөдөл биелсний илрэл юм. Мөрөөдлийнхөө эцсийн хязгаарт хүрчихлээ гээд зогсож болохгүй. Одоо ч гэсэн тасралтгүй суралцсаар л, тэмүүлсээр явна. Цаашдаа ч суралцана. Хорвоо дэлхий уужим, хийх зүйл мөн ч их байна. Чадахаас чадахгүй хүртлээ явна гэж боддог шүү. (инээв.сурв).

-Санаанаас гардаггүй хүүхэд насныхаа дурсамжаас хуваалцахгүй юу?

-Миний бага нас олон сайхан дурсамжаар дүүрэн өнгөрсөн. Тавдугаар ангидаа нэг дууны тэмцээнд түрүүлж, 15 мянган төгрөгөөр шагнуулж байлаа. Тэр үед асар их мөнгө юм шиг санагдаж, ээждээ өгчихөөд хязгааргүй их баярлаж билээ. Тэгэхэд нэг их сайхан мэдрэмж авч байлаа. Миний хүүхэд насны хэзээ ч мартагдахааргүй хамгийн сайхан мэдрэмж энэ юм байна. Ээждээ барьж байсан хамгийн анхны, хамгийн том бэлэг минь байсан болов уу.

-Олон нийт таныг хараад дуучин Дэлгэрмаа гэж сайн танина. Харин таны дотор чухам ямар Дэлгэрмаа оршдог вэ?

-Ямар сонирхолтой асуулт вэ (инээв.сурв). Би жирийн л нэгэн эмэгтэй. Бусдын адил эх хүн. Үртэй хүн юу боддог, юу хийдэг тэр бүхнээрээ адилхан. Гэтэл хүмүүс өө энэ чинь нээрээ дуучин шүү дээ, сэтгүүлч шүү дээ гээд хувь хүн рүү биш, үүрч буй ажил мэргэжлийн карьерт илүү анхаарал хандуулж харьцах гээд байдаг. Гэтэл тэр хүний дотор эмэгтэй хүн, эх хүн оршиж байдаг шүү гэж хааяа хэлмээр байдаг.

-Өөрийн тань үеийн эмэгтэйчүүдэд тулгардаг хамгийн том сорилт юу байдаг бол?

-Амьдрал гэдэг том далайд хүн юутай ч тааралдаж мэднэ. Тэр бүхэнд сэтгэл санааны бэлтгэлтэй байх ёстой юм болов уу. Жаргал, зовлон ээлжилдэг гэдэг үгийг зүгээр ч нэг хэлчихээгүй байх. Хүний амьдралд юу ч тохиолдоно. Надтай таарсан олон тохиолдлыг харахад ихэнх бүсгүйчүүд асар их тэмцэж амьдардаг гэдгийг мэдэрсэн. Бидний насан дээр олон шалгуур ирдэг юм шиг санагдсан шүү. Тэр шалгууруудын заримд бүдэрч хана мөргөх үе ч байдаг. За тэгээд, үр хүүхэдтэй болоод ирэхийн цагт эмэгтэй хүн илүү олон асуудалтай тулгарч эхэлнэ. Яг энэ л үед эмэгтэй хүний амьдрал жинхэнэ ид буцалдаг юм болов уу. Буцалсан их амьдралыг харин ухаан зарж л туулдаг байх.

-ХАЙРАНД ӨССӨН ХҮҮХЭД ЗӨВ ХҮН БОЛЖ ТӨЛӨВШДӨГ-

-Таны амьдралдаа гаргаж байсан зөв болон буруу шийдвэр юу байсан бэ?

-Буруу шийдвэр гаргаад байдаггүй шүү. Хэрвээ би буруу шийдвэр гаргасан бол өдий зэрэгтэй явахгүй байсан биз. Дуучин болно гэж шийдээд, түүнийхээ төлөө тууштай явсаар зорьсондоо хүрсэн. Буруу шийдвэр гаргаагүй юм чинь бусад нь зөв тал руу хэлбийсэн гэсэн үг (инээв.сурв).

-Ямар эмэгтэй танд урам зориг өгдөг вэ?

-Нийгэмд үлгэр дуурайл, манлайлал болж буй олон сайхан бүсгүйчүүд бий. Би тэдгээр хүмүүсийг харж үлгэр жишээ авахыг хичээдэг. Нэр дурдах шаардлагатай бол жүжигчин Г.Ундармаа эгчийг л нэрлэх байна даа. Их мундаг бүсгүй юм шиг санагддаг. Харин улс төрийн хүрээнийхнээс нэрлэмээргүй байна. Улс төр ярихаас дургүй хүрдэг юм. Ямар сайндаа л "Чи улс төрөөр оролдохгүй бол улс төр чамаар оролдоно” гэдэг үг хүртэл байх вэ дээ.

-Эмэгтэй хүн ямар байх ёстой юм бол. Гоо үзэсгэлэнтэй юу, эсвэл өндөр боловсролтой юу?

-Ийм тийм байх ёстой гээд хэмжүүр тавиад байхыг хүсдэггүй. Эмэгтэй хүн цаанаасаа онцгой өгөгдөлтэй төрсөн хүмүүс. Гоо үзэсгэлэн гэхээсээ илүү ухаантай байх ёстой. Гэхдээ ухаантай байлаа гээд гадаад үзэмжээ гаргуунд гаргаж навсайгаад явж байвал онцгүй биз дээ. Өөрийнхөө хэмжээнд биеэ аятайхан аваад явчихдаг байвал зүгээр. Арчаатай байлаа гээд өөртөө дааж давшгүй өр тавиад явах нь ч бас хайшаа юм. Тиймээс л эмэгтэй хүн аливаа зүйлийн тунг сайн тааруулдаг байхад болно.

-Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ? Өөрийгөө хөгжүүлэх тал дээр яаж анхаардаг вэ?

-Өглөө хүүхдээ цэцэрлэгт хүргэхээс эхэлнэ. Тэгээд л гадуур амжуулах ажлууд руугаа яарна. Нөхөр бид хоёрын аль завтай нь хүүхдээ цэцэрлэгээс нь авчихна. Заримдаа тоглолттой үед хамаатан садныхаа нэг рүү ярьж зохицуулна (инээв.сурв). Урлагийн бидний амьдрал нэг иймэрхүү хэмнэлтэйгээр өнгөрдөг юм. Аль болох гэр бүл, үр хүүхэддээ цаг заваа зориулж өнгөрүүлдэг. Хайранд өссөн хүүхэд зөв хүн болж төлөвшдөг гэдэг. Гэр бүл, уран бүтээлийн хажуугаар гарсан жаахан ч гэсэн чөлөөт цагаа өөртөө зарцуулахыг хичээдэг.

-Сэтгэл доторхи цонхоор тань чухам юу харагддаг бол?

-Олон өнгийн л ертөнц харагддаг. Хар бараанаар харагдаж гутрах үе ч олон. Бүр байхгүй болмоор санагдах үе хүртэл тохиолдоно. Тэглээ гээд маргааш гэдэг өдрийн шинэ нар дахиад л мандана. Амьдрал тасралтгүй үргэлжлэх хойно хэцүү санагдсан хормууд зүгээр л цаг хугацааных юм шүү дээ. Өнөөдрийн 24 цаг чамд хэцүү байж болно, харин маргаашийн 24 цаг баяр баясгалан болж ирнэ гэдгийг хүмүүс маш сайн бодох хэрэгтэй. Бүх зүйлд ээлж дараалал гэж бий. Тэгээд л би хэцүү санагдсан үеүдэд "За яах вэ. Маргааш би инээх байх” гээд л бодчихдог. Дандаа гутранги, дандаа өөдрөг, дандаа нэг хэвийн байна гэж хэзээ ч байдаггүй. Энэ гурав ээлжилж байж чамайг элээнэ. Үүн дотроос л өөрөө өөрийгөө олж харах ч юм билүү. Боломжгүй юм шиг санагдсан бүх зүйлд нэг боломж заавал байж байдаг.

-Таныг юу хурцалдаг вэ?

-Амьдралын хэмнэлээр аажуухан явж байтал мэдэхгүй нэг зүйл гарч ирдэг дээ. Тэр үед л бие тавгүйтээд "Ээ арай ч дээ. Өдий болтол үүнийг мэдэхгүй явсан юм уу, хийж сураагүй явсан юм уу” гэдэг бодол намайг хурцалж өгдөг. Тэгээд сурах гээд дайрчихдаг зантай (инээв.сурв).

-Цаашдын уран бүтээлийн төлөвлөгөөнөөсөө хуваалцахгүй юу?

-Бид хоёр ирэх намраас цомог гаргахаар төлөвлөж байна. Хоёр ч цомгийн уран бүтээлтэй болчихсон байна шүү. Дараа нь шинэ уран бүтээлүүдийнхээ тоглолтыг хийх байх. Мөн Болормаа, Оюумаа нартайгаа нийлээд нэг тоглолт хийнэ гэсэн бодол сэтгэлийн мухарт бас бий. Гэхдээ тоглолт хийе гэж хоорондоо яриад болчихдог зүйл биш. Нөр их хөдөлмөр, төлөвлөгөө шаарддаг. Понаграмм тавиад дуулахыг яг үнэндээ хүсэхгүй л байна шүү дээ.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

П.УРНАА


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.