Хувь хүний хөгжлийн институтын захирал, сэтгэлзүйч Манжаагийн Алтанцэцэг зөвлөж байна


-Бид гэрлээд удаагүй, хадмаасаа тусгаарлаж өөрсдөө бие дааж байгаа юм. Хамтын амьдралдаа зөвлөх хамгийн энгийн зөвлөгөө өгч туслаач. /25 настай А/

-Нэгэнт тусгаар тогтнолоо олсон гэр бүл цаашид амжилттай амьдрахын тулд дархлаатай байх хэрэгтэй. Дархлаа тогтоож чадахгүй бол эрх чөлөөгөө, тусгаар тогтнолоо амархан алдана. Дархлаа гэдэг нь гэр бүлийн гишүүд /эхнэр нөхөр/ бие биенээ байгаагаар нь хүлээн зөвшөөрөх, бие биенийхээ давуу тал дээр дөрөөлөн урагшлах, өөрийн гэсэн бяцхан "дүрэм” тогтоох явдал юм. 

Танай гэр бүлийн онцлог, зан үйл, итгэл үнэмшил зэргээс шалтгаалан дүрмээ тогтоогоорой. Дүрмээ зохиохдоо дараах хэдэн санамжийг анхаараарай.
1. Таны эхнэрийг, таны нөхрийг шүүх, шүүмжлэх эрх мэдлийг гадны хэн нэгэнд бүү өг.
2. Асуудлаа өөрсдөө шийд. Хэн нэгэн оролцсноор та хоёрын асуудал хил хязгаараа даван гарах болно. Таны эхнэр болон та өөрөө давтагдашгүй нэгэн учраас та хоёрын хоорондын харилцаа ч мөн давтагдашгүй зүйл юм.
3. Ямар ч тохиолдолд таны эхнэр /нөхөр/, үр хүүхдүүд нэгдүгээрт байх ёстой, дараа нь аав ээж, ах дүү, хамаатан садан орох ёстой.
Дээрх санамжуудыг хэрэгжүүлснээр танай гэр бүлийн дархлаа зөв тогтож, урт удаан хугацаанд тусгаар тогтнолоо хадгалан, аз жаргалтай амьдрах үндэс суурийг тавьж чадна.

-Би гэрлээд 6 жил болж байна, 1 хүүхэдтэй. Нөхөр маань намайг элдвээр зовоодоггүй. Гэтэл сүүлийн үед би өөр хүнд татагдаад байна. Нөхрөө харахаас ч уур хүрэх юм.  Үүнээс болоод дотроо зөрчилдөж гэр бүлийн хүнтэйгээ  байнга муудалцах боллоо. Энэ хэвийн үзэгдэл үү. Үүнийг хэрхэн даван туулах вэ? /31 настай С эмэгтэй/

-Гэр бүлийн хамтын амьдралын эхний 5-7 жил хамгийн эмзэг үе. Чухам энэ үед л гэр бүлд илүү их тусламж дэмжлэг хэрэгтэй. Яагаад гэвэл гэр бүлийн сэтгэлзүйн тулгуур болох зохицол, ойлголцол үүсэж бүрдэх, бүрдэхгүй ч байж болох үе учраас.Мөн гэр бүлийн эдийн засгийн тулгуур материаллаг баялаг бүрэлдэх, хүүхдүүд төрөх, тэднийг төлөвшүүлэн хүмүүжүүлэх он жилүүд энэ үед тохиодог. Өөрөөр хэлбэл гэр бүлийн хүмүүжлийн суурь тавигдах үе буюу хосуудын хамтын сэтгэлзүй, бэлгийн харилцаа бүх талын ТҮР болон ТОГТВОРТОЙ суурь тавигдах үе юм. Тиймээс гэр бүл судлаачид "өөрчлөлтийн шуурганы үе” гэж нэрлэх нь бий. Энд гол хямрал нь огт өөр хүмүүс бие биедээ дасахад үүсэх хямрал, хоёр өөр "би”-ээс "бид” гэдэг систем үүсдэг.

Та хоёр ч мөн адил залуу гэр бүлийн амьдралын дундаж насанд хүрэх үедээ иржээ. Хүүхэд бага зэрэг өсөж торнин, амьдрал тогтворжин буй энэ үед нэгэн хэвийн бүүдгэр амьдрал нь хосуудын харилцааг уйтгартай болгодог. Үүнээс болж нэгэндээ хайхрамжгүй хандах, дургүй хүрсэн харилцаа үүсгэдэг талтай. Сэтгэлзүйчид үүнийг сенсорын буюу мэдрэхүйн өлсгөлөн гэж нэрлэдэг. Гэхдээ энэ нь зүгээр нэг "өлсгөлөн” биш хуучин сэтгэгдлээр цадаж шинээр "өлсөх” мэдрэмж юм. Авууштай нь энэхүү хүнд цаг үеийг ихэнх гэр бүл амжилттай даван туулсан байдаг. Энэхүү "өлсгөлөн”-г гэр бүлийнхээ хүнээс өөр хүний сэтгэлээр хангах нь тийм ч найдвартай сайн арга биш. . Харин ч нэгэн хэвийн амьдралын хэв маяг, харилцаагаа өөрчлөхөөр сэтгэл шулуудаж, гэр бүлийн хамтын аз жаргалтай амьдралынхаа төлөө тэмцэх хэрэгтэй.

-Эцэг эхийн хүмүүжил ямар чухал болохыг одоо л ухаарч байна. Анх суухдаа нөхөр маань намайг хүндэтгэдэг байсан ч одоо шалтгаан гарах төдийд над руу дайрч давшилдаг. Арай л гар хүрчихээгүй л байна. Аашлахдаа хадам аавын ээж хоёрын гаргадаг таагүй зан авирыг гаргадаг. Хүний төрөлх зан араншинг засна гэж байх уу, ганц охин маань энэ занг минь өвлөчих вий гэж санаа зовох юм. /29 настай Т эмэгтэй/

Ургамал хэвийн ургахад нарны гэрэл хэрэгтэйн адил хүүхэд өсөж хүмүүжихэд эцэг эхийн хайр хэрэгтэй. Гэр бүл дотор бие хүний сэтгэлзүйн тулгуур хүчин зүйлсүүд бий болж байдаг. Хүүхдийн хувийн шинж чанарын үндэс, сэтгэцийн байдал, амьдралд хандах сэтгэл хөдлөл, зан төлөв, харилцааны хандлага зэрэг нь гэр бүлээс өвлөгддөг. "Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг” гэж монголчууд ярьдаг.

Хүний зан ааш эцэг эхээс удамших магадлал 40-60 хувь гэж сэтгэлзүйчид үздэг. Олдмол араншин ч бас 40-60 хувь. Энэ олдмол зан ааш, төлөвшилд гэр бүлийн орчим хамгийн чухал нөлөө үзүүлдэг. Мэдээж өөр хүчин зүйлс байгаа, найз нөхөд, сургуулийн орчин, хоол хүнс гээд. Тийм учраас нөхөртэйгээ ярилцах, ойлголцох нь чухал. Таны нөхрийн гаргаж муу хатуу ширүүн ааш авир хүүхэд насных нь туулсан амьдралтай нь холбоотой байх магадлал тун өндөр. Зөөлөн нь хатуугаа дийлдэг, хатуу ширүүн ааш авирыг дийлэх хүч хайранд бий. Нөхрөө хүүхэд адил хайрлах хэрэгтэй. Хайр бүх муу муухайг зөөлөх хүчтэй. Гэхдээ таны нөхөрт тийм ааш авир гаргах сэтгэлзүйн дотоод болон гадаад хүчин зүйлс байгаа нь мэдээж хэрэг. Сэтгэлзүйчид хандаж яг танд болон таны нөхөрт таарах зөвлөгөөг аваарай.

-Хүүхдээ хараад гэртээ 3 жил сууж байна. Амьдралынхаа хамгийн чухал ажлаа хийж байна гэж бодож явтал нөхөр маань нууц амрагтай болчихож. Байнга харилцдаг, зургаа илгээлцдэг болохыг ч нөхрийнхөө гар утасыг нь сэмхэн харж мэдлээ, итгэлээ. 3 сарын өмнө л дөө.  Тэр үедээ галзуурах шахаж байлаа, шууд л цүнхээ баглаад хүүхдээ тэврээд гармаар. Гэвч тэвчээд хэлээгүй. Цаашид яах ёстой вэ? Хүүхдээ бодоод амьдрах уу өөрийгөө бодох ёстой юу? Ярилцахаас айж байна. /25 настай Ө эмэгтэй/

-Шалтгааныг дээрх хариултаас харж болно. Нэг л янзын сэтгэгдэл удаан давтагдсанаас болж бие биенээсээ ханаж сэтгэл хөдлөхөө болих, сенсорын буюу мэдрэхүйн өлсгөлөн байж болох. Эмэгтэй хүн гурвын гурван хүүхэд ойр ойрхон төрүүлээд, тэгээд тэднийгээ харж асраад гэртээ сууна гэдэг амаргүй ажил. Хэн хэнийх нь хувьд хосын хамтын харилцаандаа анхаарал хандуулах зав зай муутай байсан болов уу. Нөхөр гэр бүлээ тэжээх, эхнэр ар гэрээ зохицуулах хүүхдүүдээ асрах гээд. Одоо бие биедээ цаг гаргаж, залуу гэр бүлийн халуун дулаан шин эхэв маягын амьдрал бүтээхэд анхаарах цаг болсон байна. Нөхөр тань таньд хайргүй, хүүхдүүддээ хайргүй болсондоо ийм үйлдэл хийгээгүй гэдэг нь тодорхой. Хамгийн гол нь хоорондоо сайн ярилцаж, ойлголцож, цаашдын ирээдүйн амьдралдаа санаа тавих хэрэгтэй.