​Ц.Батболд: УИХ ёс зүйгүй, шүдэнз зурдаг попуудаар дүүрсний хор уршиг нь өнөөдөр илэрч байна

2

МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш, доктор, профессор Ц.Батболдтойөнөөгийн улс төрийн нөхцөл байдал хийгээд цаг үеийн зарим асуудлаар ярилцлаа.  

-Улс төр судлаачийнхаа хувьд өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж, харж байна вэ?  

-Өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг харахад засаглалийн легитим шинж дээд зэргээр буурсан. Өөрөөр хэлбэл, сонгогчид, ард түмэн засаглалаа хүлээн зөвшөөрч итгэхээ болих хандлагатай байна. Нийгмийн сэтгэлзүй УИХ-ын гишүүдээ луйварчид, Засгийн газраа чадваргүй, шүүх засаглалаа мөн улс төрийн нөлөөнд орчихсон гэх зэргээр шүүмжлэх хандлага руу чиглэж байна.

Нөгөө талд шүүмжлэлд өртөж буй нам, эрх баригчдын хувьд үүнээс гарах гарцаа Үндсэн хууль түүний засаглалын тогтолцоог өөрчлөхөд чиглүүлэх гэж оролдож байгаа. Засаглалд итгэх иргэдийн итгэл эрс буурсантай холбоотойгоор буруугаа аль нэг тал руу чихэх, аль нэгийгээ гэсгээн цээрлүүлж өөрсдөө цэвэр үлдэх гэсэн бодолтой холбоотой улс төрийн сонирхлууд бий болж байна. Түүнээс гадна улс орноо аврах, зөв тогтолцоо руу оруулах гэсэн бодлоготой яваа хүмүүс ч бий.

Ерөнхийлөгчийн засаглалтай болбол ардчиллаар өгөгдсөн олон эрх хязгаарлагдаж, бид нэг хүний дарангуйлалд орно

-Засаглалыг өөрчилж, Ерөнхийлөгчийн засаглалтай болголоо гээд нөхцөл байдал өөрчлөгдөх үү?  

-Хэрвээ бид Ерөнхийлөгчийн засаглалтай болчихвол дарангуйлал руу гулсаж орох аюул ойрхон. Ерөнхийлөгчийн засаглал бол холбооны улсад л эрх мэдлийг төвлөрүүлэх зорилготой оршин тогтнодог.  Холбооны бус нэгдмэл байгуулалтай манайх шиг улсад Ерөнхийлөгчийн засаглал оршихын тулд дотоод гурван хүчин зүйл байх ёстой.  

Нэгд, тухайн улс ямар нэг байдлаар үйлдвэржсэн байх ёстой. Хэрвээ үйлдвэржиж чадаагүй гадны эдийн засгийн сонирхлоос хараат Ерөнхийлөгчийн засаглалд улс төрийн бие даасан байдлаа хадгалах нь хүнд байх болно.

Хоёрт, нийгэм эдийн засгийн хувьд нийт олонхи нь дундаж төвшинд очсон байх ёстой. Ийм тохиолдолд Ерөнхийлөгчийн засаглалын хувилбар зохицно. Харин олонхи нь ядуу нөхцөлд хатуу дэг журам үйлчилж, ардчиллаас ухрах боломж эрс нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, ард түмний амьдралын төвшинд өндөр байгаа нөхцөлд ерөнхийлөгчийн засаглал боломжтой.

Гуравт, хатуу гишүүнчлэлтэй массын намаас салсан байх ёстой. Өнөөгийн олон түмнийг хамарсан хатуу гишүүнчлэлтэй массын намын хувилбар Ерөнхийлөгчийн засаглалыг цэвэр дарангуйлал болгох боломж асар өндөртэй. Нийтийг хамарсан гишүүнчлэл бүхий дотоод ардчилалгүй, санхүүгийн хаалттай орчинтой намын бүтэцтэй, улс орны өнцөг булан бүрд, төрийн засаг захиргааны нэгж бүрд ялсан намын үүрүүдийн нөлөөлөл тогтдог өнөөгийн нөхцөлд төрийн машин Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хамгаалахад их тохиромжтой төдийгүй Беларус, Украйн, станууд шиг авторитар дэглэм рүү гулсах боломж ихтэй.     

Манайд үйлдвэр байхгүй, ард иргэдийнх нь амьдралын төвшинд доод давхаргад орчихсон, дээрээс нь массын дотоод ардчилгүй, туйлширсан хатуу гишүүнчлэлтэй намуудтай. Тиймээс манайд Ерөнхийлөгчийн засаглалын хувилбар тохирохгүй. Нэг л хүнээс хариуцлага нэхэж, түүгээр хариуцлага хүлээлгэхэд дөхөм болно гэж бодож байж магадгүй юм. Гэтэл Ерөнхийлөгчийн засаглалтай болчихвол бидэнд ардчиллаар өгөгдсөн олон эрх хязгаарлагдаж, бид нэг хүний дарангуйлалд орно. Өнөөдөр ард түмэн парламентийг, эрх баригч намыг, Засгийн газрыг шүүмжилж, сайн мууг нь хэлж байна. Ерөнхийлөгчийн засаглалтай болчихвол энэ бүх эрх байхгүй болно. Тэр ч битгий хэл эрх баригчийг ямар нэг байдлаар шүүмжилж, засаглалыг эсэргүүцсэн тохиолдолд тухайн хүнийг буруутгах, эрх баригч буюу түүнийг дагасан хүрээлэгчдийн дарангуйлал хуулийн хүрээнд бүрэн ноёрхох аюул бий.

-Тэгэхээр бидэнд засаглалын ямар тогтолцоо хамгийн сайн хувилбар байж болох вэ. Ард түмний итгэл найдвар хөсөр унаж, бухимдлаар дүүрсэн энэ үед зөв гарц нь юу вэ?

-Монголд сонгодог парламентын засаглалыг жинхэнэ утгаар нь байгуулах шаардлагатай. Засаглалын энэ загварыг хэн нэгэн хүн, хэн нэгэн улс орон ч бодож олоогүй. Хэдэн зуун жилийн түүхийн шалгуурыг давсан тогтолцоо байгаа юм. Түүх өөрөө үүнийг бий болгосон. Хоёр танхимтай, бэлэг тэмдгийн Ерөнхийлөгчтэй, Ерөнхийлөгчөө парламентын байнгын ажиллагаатай танхимаас сонгодог тогтолцоотой болох хэрэгтэй. Одоогийн манайд байгаа засаглалын хувилбар бол 19-р зууны үеийн хаант засаглалын хувилбар байгаа юм. Тэр үеийн ардчилалд орж байсан улсууд бүгдээрээ хаант засаглалтай байсан. Тухайн үед хаан нь парламентын болон Засгийн газрын үйл ажиллагаанд оролцож нөлөөлдөг, шүүх томилгоог өөрийн тойрон хүрээлэгчдийн дундаас хийдэг байсан. Яг энэ хувилбараар бид 26 жил явлаа. Нэг үгээр хэлбэл, бид бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч нэртэй хаантай болчихсон.  Энэ нь гүйцэтгэх засаглалыг хоёр хувааж байна. Төлөөлөгчийн танхимын хуульд хориг тавих, томилгоо хийх, хууль санаачлах зэрэг олон эрхийг Ерөнхийлөгч ганцаараа эдлээд байгаа юм. Ерөнхийлөгч дэндүү эрх мэдэлтэй.  

Нөгөө талд байнгын ажиллагаатай танхим байх ёстой. Төлөөлөгчдийн танхимаа мажоратороор сонгодог. Орон нутгийн иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэднийг төлөөлөх хүнийг сонгодог.  Харин пропорционалаар намын нэрийг дугуйлдаг. Намуудыг сонгосон хувийнх нь тоогоор суудал хуваарилдаг. Ингэснээр намын нэрсийн жагсаалтаар хамгийн чадвартай, мэдлэгтэй лидер хүнийг оруулж ирдэг. Тэр хүмүүс нь хууль тогтоохын тулд намынхаа бодлогоор ажилладаг. Гарсан хуулийг нь төлөөлөгчид хүлээн зөвшөөрөх эсэхээ шийднэ. Ард түмний эрх ашгийг зөрчсөн тохиолдолд хуулийг хүлээн зөвшөөрдөггүй. Төлөөлөгчид мөн хууль санаачилж, шүүхийн томилогоо хийх, засгийн газрын үйл ажиллагааг тойрог тус бүр дээрээ хянаж болдог ийм хувилбар бий. Энэ бол түүхээр шалгагдсан сонгодог хувилбар. Энэ сонгодог хувилбарыг бид авах ёстой. 

ЖДҮХС-гаас УИХ-ын нэр бүхий гишүүдийн хамаарал бүхий этгээд зээл авсан асуудал нийгмийн бухимдлыг төрүүлж байна. Гэмт хэрэг хийчихээд хуулийн хариуцлага хүлээх ёстой байтал, уучлалт гуйгаад өнгөрч байна.   

-Эрүүгийн хариуцлага, захиргааны хариуцлага, улс төрийн хариуцлага, ёс зүйн хариуцлага гэж бий. Эрх мэдлийн буруу шийдвэрийг захиргааны хариуцлага буюу захиргааны шүүхээр шийдвэрлэнэ. Эрх мэдлээ урвуулан ашиглаж гэмт хэрэг хийсэн бол эрүүгийн хариуцлага хүлээх ёстой. Гэтэл манайхан гэмт хэрэг хийсэн хүнийг уучлалт гуйгаад ажлаа өг гээд байдаг. Улс төрийн хариуцлага бол буруу шийдвэр гаргаж улс орны, үндэстэний эрх ашгийг алдагдуулсан нөхцөлд хүлээлгэдэг хариуцлага  юм. Улс төрийн хариуцлагаар огцруулах, хэрэв хүндэтгэх шалтгаантай бол үндэсний эрх ашгаас уравсан гэж хуулийн хариуцлага хүлээлгэж болдог. Үүнийг санаатай, санаагүй бүгдийг нь хольж хутгаад зөвхөн уучлал гуй гэсэн ёс зүйн хариуцлага гэж ойлгоод байгаа юм уу, эсвэл албаар тэгж ойлгуулах гээд байдаг ч юм уу мэдэхгүй. 

- Улс төрч хүний ёс зүй ямар хэм хэмжээнд байх ёстой вэ. Ёс зүйн хариуцлага гэж юу вэ?

-Ёс суртахуун бол хувь хүний асуудал. Харин мэргэжлийн ёс зүй гэдэг бол мэргэжил бүрт байдаг зүйл. Эмчийн ёс зүй, шүүгчийн ёс зүй, багшийн ёс зүй гэдэгтэй адилхан улстөрчийн ёс зүй гэж зүйл байна. Улстөрч хүн улс төрийн шинжлэх ухаанаар мэргэшсэн, суралцсан байх ёстой. Тэгж байж сая улстөрчийн ёс зүйн тухай ярих  боломжтой болно. Тэгэхээр улс төрөөр суралцаагүй, улс төрийг ойлгоогүй, улс төрийг зөвхөн эрх мэдэл албан тушаал олж аваад өөртөө ашиглах боломж гэж хардаг, мэргэшээгүй хүмүүст бол мэргэжлийн ёс зүй үйлчлэхгүй. Өөрөөр хэлбэл, эмчийн мэргэжлийг эзэмшээгүй хүн эмчийн ёс зүйг сахиж хэзээ ч чадахгүйтэй адил юм.

Жишээ нь, эмч хүнд ямар ч нөхцөлд дайсныгаа ч гэсэн эмчлэх ёстой гэсэн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээ байна. Мэргэжлийн ёс зүйтэй хүн бол янз бүрийн тохиолдол нөхцөл байдлын дунд ч, тэдгээрийн янз бүрийн хүчин зүйлсээс үл хамаараад ёс зүйгээ барьж ажиллаж чаддаг. Харин мэргэжлээ сайн мэдэхгүй байгаа хүн янз бүрийн нөхцөл байдал, олон хүчин зүйлсийн дунд ёс зүйн алдаа гаргадаг. Тэгэхээр тухайн мэргэжлээ хэр сайн мэдэж байна, тэр хэмжээгээр илүү ёс зүйгээ баримтлах боломж өндөр байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, улс төрийн үзэл бодол, итгэл үнэмшил нь сэтгэл, зүтгэлээр илэрдэг бөгөөд энэ нь улс төрийн ёс зүйн үндэс болдог. Улс төрийн үзэл бодол, итгэл үнэмшилгүй зөвхөн эрх мэдэл, албан тушаалаа ашиглан ашиг хонжоо, хувийн сонирхлоо хэрэгжүүлж байгаа хүнд улс төрийн ёс зүйн ойлголт байхгүй.    

Улс төрийн шинжлэх ухаан бол харьцангуй шинэ шинжлэх ухаан. 1948 онд Олон Улсын Улстөрийн Шинжлэх Ухааны Холбоо байгуулагдахдаа, анхны хурлаа хийж тунхаг гаргасан байдаг. Тэр тунхагийн нэгдүгээр зүйлд аливаа улсын төрийн бодлого, түүнийг хэрэгжүүлж байгаа улстөрчид улс төрийн шинжлэх ухаанаар мэргэших ёстой. Тэгэхгүй бол олон сая хүний амьдрал хувь заяаг сүйрүүлнэ гэсэн байдаг. Тэгэхээр улстөрчид заавал улстөрөөр суралцсан байх шаардлагатай болж байгаа юм. Суралцаагүйн аюулыг нэгэн болсон явдлаар жишиж тайлбарлавал, нэг шинэ цэрэгт хуучин цэрэг нь бензин авч ирэх үүрэг өгсөн байна. Тэгсэн шинэ цэрэг бензин авч ирэх гээд яваад найз цэрэгтэйгээ таарсан байна. Найздаа туслах гэсэн цэрэг сайн санааны үүднээс машины банкны тагийг онгойлгоод бензин байна уу гэж шүдэнз зурж хараад олон машин шатаасан хэрэг гарсан. Улс төрөөр мэргэшээгүй, шүдэнз зурдаг сайн санаатнууд Монголоор дүүрэн байна. Дандаа буруу шийдвэр гаргадаг, тэр буруу шийдвэрүүдээс нь болж маш олон хүний амьдрал хувь заяа уруудаж, ядууран өр зээлд баригдах, өвчин тусах, гэмт хэрэгт холбогдох, гэр бүл салж сарних гэх мэтээр уруудаж доройтож байна. Үүнийгээ манай улстөрчид "ажил хийсэн хүн алдаж болдог юм” гээд биеэ өмөөрөөд сууж болохгүй. Заавал ажил дээр нь очиж суралцах ёсгүй. Номыг нь үзэж суралцаад ажиллах ёстой. Их хурлын гишүүн болж дамжаанд сууж буй мэт дөрвөн жил суралцаад, одоо л ойлголоо, дараагийн дөрвөн жилд дахиад сонгогдоё гэж байна. Ийм байж болохгүй.  

-Ард түмний бухимдлын үр дүн ямар нөхцөл байдлыг бий болгох вэ. Нийгмийн сэтгэл зүй хувьсгал руу чиглэж байх шиг?

-Ерөнхийдөө бол засаглалаа дэмжихээ байчихсан, итгэл алдарчихсан, хүлээн зөвшөөрөхгүй болчихсон, ийм нөхцөл байдал дунд бол ямар нэг оч үсэргэх, эсэргүүцэл тэмцэл гарах юм бол нийгмийн сэтгэл зүй хаашаа ч хуйларч хувьсах аюул бүрдэж, эмх замбараагүй байдал үүсэж мэднэ. Гэхдээ ардчилсан дэглэмийн нэг онцлог бол засаглалаа өөрчилж сольж болдог механизмтай учраас эрх биш ийм байдалд хүргэхгүйгээр асуудлыг шийдвэрлэх боломж бололцоо бий. 

- Ярилцсанд баярлалаа.  


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

2 сэтгэгдэл
:

Үүнийг л олон нийтийн бүх хэрэгслээрээ олон дахин ард түмэндээ хүргэмээр байна. Манай улс төрчид гэж өөрийгөө өргөмжилсөн нөхдүүд юм л бол хамаг муу муухайгаа далдлах хамгаалах болохоороо "битгий улс төр хийгээд бай" гэдэг Энэ нь Улс төрийн шинжлэх ухааныг муу мухайгийн бамбай гэж нийгэмд харуулж байна

Одоо ёс зүйгүй, шүдэнз зурдаг попуудыг нэрлэх хэрэгтэй болжээ гэж бодож байна

:

Парламентийн гишүүд ямарч хариуцлага хүлээдэггүй 76 толгойтой байна. Ерөнхийлөгч,ерөнхий сайд хамт байж парламент харилцан уялдаатай байх. Ерөнхийлөгчид эрх өгч хариуцлага нэхэх механизмыг олохгүй бол 76 толгой 4 жил болж нэг хариуцдага хүлээдэг тэр болтол галзуурах юм аа.