“Ерөнхийлөгчийн засаглал Үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулна”
Манай улс Үндсэн хуулиа баталснаас хойш 20 гаруй жилийн хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд нийгэм, улс төрөөс авахуулаад олон зүйл өөрчлөгдсөн. Энэ хэрээр эцэг хуулиа өөрчлөх зайлшгүй шаардлага үүссэн гэдэгтэй хэн хүнгүй санал нийлдэг. Тийм ч учраас үе үеийн Засгийн газар уг хуулийг өөрчилнө гэж ярьсаар өнөөдрийг хүрч буй. Харин хамгийн амжилттай урагшилж яваа нь энэ удаагийн парламент. Учирнь, 2016 оны УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ынхан Үндсэн хуулийг өөрчлөхөд санал нэгдсэн учраас 2016 оны сүүлээс уг хуулийг өөрчлөх ажлын хэсгийг олон талын оролцоотойгоор байгуулсан. Үүний дүнд өдгөө Үндсэн хуулийн төслийг боловсруулж дууссан бөгөөд УИХ-аар хэлэлцүүлэхэд бэлэн болгоод буй. Тодруулбал, Үндсэн хуулийг өөрчлөх ажлын хэсгийг УИХ-д зургаан удаа сонгогдсон, туршлагатай парламентч гишүүн Д.Лүндээжанцан ахлагчаар нь ажиллаж байгаа бөгөөд хууль боловсруулалт эцсийн шатандаа орсныг өнгерсөн сард мэдэгдсэн. Энэ нь үндсэн болон дэд ажлын хэсгийнхэн төслийг бэлтгэж дууссан бөгөөд зургаан газраас санал авч эцэслэснээр УИХ-аар хэлэлцүүлж эхэлнэ гэсэн үг. Зургаан газарт Ерөнхийлөгч, Засгийн газар, ҮАБЗ, ШЕЗ, ЦЕГ-аас Үндсэн хуульд тусгасан саналыг нь авна. Үндсэн хуульд оруулах гол өөрчлөлт нь төрийн гурван өндөрлөгийн эрх үүргийг тодорхой болгох, УИХ, Засгийн газрын үйл ажиллагаанд тодорхой ялгаа зааг тогтоох юм. Ийнхүү уг хуулийг хэлэлцэх хугацаа дөхсөнтэй холбогдуулан Монгол Улсад нэг хүний эрх мэдлийг тоггоох, ноёрхлоо тогтоох гэсэн хэсэг бүлэг хүмүүсийн ажиллагаа эрчимжиж эхлээд байна. Тодруулбал, "Манай улсад хамгийн тохиромжтой нь Ерөнхийлөгчийн засаглал” гэх үгийг та ойрын хугацаанд олон нийтийн сүлжээнээс хэдэнтээ харсан болов уу. Үгүй бол твиттер, фэйсбүүк зэрэг олон нийтийн сүлжээнд иймэрхүү утгатай зүйл ярьж буй хүний тоо эрс нэмэгджээ. Үүнийг нийгмийн захиалга гэж харахад өрөөсгөл бөгөөд Монгол Улсад нэг хүний ноёрхлыг тогтоохыг хүсэгчдийн кампанит ажил гэж харахаас аргагүй. Ийнхүү нийгэм даяараа биш ч тодорхой хэсгийн төвшинд засаглалын тогтолцооны талаар ид ярьж эхэлсэн энэ үед хуульчид ямар байр суурьтай байгааг сонирхлоо. Засаглалын бүтцийг тогтооно гэдэг хэн нэгний, хэсэг бүлгийн хүссэнээр шийдчих асуудал огт биш бөгөөд тодорхой тооцоо судалгаа, геополитик, ложистик зэрэг олон талаас нь шинжлэх ухаанч байдлаар хандаж байж шийдэх асуудал юм. Энэ тухайд хуульчид ямар байр суурь илэрхийлснийг хүргэе.