Ц.Хулан уучлагдсан үндэслэлээ "Эрүүгийн хуулиудын өөрчлөлт" гэж битүүхэн мэдэгдэв үү

Тэрбээр гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан хэргээр гурван шатны шүүхээс ял сонссон юм.
Мэдээж Ерөнхийлөгч уучлал үзүүлнэ гэдэг Ц.Хулан хэргээ хүлээснийг илтгэж байгаа. "Би буруутай, уучлаач” гэсэн тохиолдолд энэ хуулийн зохицуулалт үйлчилдэг.
Харин Ц.Хулан суллагдсан дороо олон нийтэд хандан, өөрийн нүүр хуудаст бичвэр нийтлэхдээ хэлсэн хоёр зүйл анхаарал татав.
Нэгт, тэр өөрийгөө төрийн нууц задлаагүй, дамжуулаагүй гэжээ. Харин гадаадын тагнуулын байгууллагатай холбоотой ямар ч агуулгыг хөндөөгүй өнгөрсөн.
Хоёрт, "Хүний эрхийн зөрчилтэй эрүүгийн хуулиуд өнгөрөгч саруудад УИХ-аар нэг бус удаа хэлэлцэгдэж, цөөнгүйд нэмэлт өөрчлөлт орсон нь төрийн тэргүүнд сэдэл, урам зориг өгсөн гэж бодож байна. Ерөнхийлөгчид хандахаас өөр тэндээс суллагдах хууль эрх зүй байгаагүй” гэсэн байгаа юм.
Ерөнхийлөгч өөрт нь уучлал үзүүлэх болсон шалтгааныг мэтгэхдээ тэр яагаад эрүүгийн хууль гэж дурсав.
Шүүвэл хаврын чуулган хаахаас өмнө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан нь үнэн. Харин ирэх намрын чуулганаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товлосон.
Эдгээр хуульд заагдсан, бүр тодруулбал өөрчлөгдсөн зүйл заалтууд нь Ц.Хуланд уучлал үзүүлэх үндэслэл, сэдэл болсон гэх битүү санааг ингэж өгүүлсэн мэт. Гэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн өөрчлөлтөд гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан тохиолдлыг хөндөөгүй. Харин төрийн нууцтай холбоотой хэрэг дээр баримт материалыг хэрхэн дардаслах, хэргийн оролцогчдод үзүүлэх, тарааж өгөх зэрэг харилцааг шинэчлэн зохицуулсан.
Ц.Хулан өөрийгөө "Төрийн нууц задлаагүй, дамжуулаагүй” гэж өдгөө өмгөөлж байна.
Үүнээс харахад Ц.Хулан хэргийнхээ төрийн нууцад хамаарах агуулгыг процессын хувьд буруу шийдэгдсэн хэмээн үзэж, Ерөнхийлөгчид удаа дараа өргөх бичиг барьсан уу гэж бодогдоно.
Харин яруу найрагч Ц.Хулангийн энэ хэрэг бол дөрвөн жил тагнуулын байгууллага ажиллагаа явуулсны эцэст нотолсон, баримт хангалттай, бүр архивын материалаас гар утсаараа зураг даран авч явуулж байгаа бичлэг ч авагдсан. УИХ-ын чуулганы хуралдааныг хаалттай хэлбэрт шилжүүлж, нотлох баримтуудыг үзүүлсэн байдаг.
Иймд эх орноосоо урвасан хэрэгтнийг уучилдаг нь буруу гэж Ерөнхийлөгчийг шүүмжилж байгаа өнцгүүд бол зөв юм. Харин Ц.Хулан чухам яагаад эрүүгийн хуулиуд хэлэлцэгдсэн нь Ерөнхийлөгчид сэдэл болсон гэж мэдэгдэв гэдгийг анхааралтай ажиглах хэрэгтэй болжээ.
Сэтгэгдэл байхгүй байна.