Х.Тэмүүжин: Авлига, попрол хоёроос салахгүй бол энэ улс орон сүйрлээ

0

 

УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Х.Нямбаатар нар өнгөрөгч баасан гаригт (2019.02.15) хэвлэлийн бага хурал зарлаж, УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахыг шаардаж буйгаа мэдэгдсэн. 

Ээлжит бус чуулганаар,

-Хууль бус аргаар хувьчилж авсан "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь болон тус үйлдвэрийн "Стандарт” банктай холбоотой 51 хувийн асуудлыг нэн яаралтай эцэслэн шийдвэрлэх,

-Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон боловч авлига, хуйвалдааны замаар хувьд авсан стратегийн ордуудыг нийтийн өмчлөлд эргүүлэн авах, 

-МАНАН бүлэглэлийн бий болгосон "Шударга бусын хонгил”-ын "гал хамгаалагч” болох шуух, прокурор, авлигатай тэмцэх газрын удирдлагуудыг яаралтай огцруулахыг УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх,

-Хөгжлийн банк болон төрийн нэрээр авсан их хэмжээний зээлийг эргэн төлүүлэх, Монгол Улсад ашиггүй концессийн гэрээг цуцлах, ЖДҮХС зэрэг 26 санг шалгах, буруутай этгээдэд хариуцлага тооцох,

-Монгол Улсын төрийн албыг худалдах санаархал бүхий 60 тэрбумын хэргээр нийтийн сонсгол зохион байгуулах, хариуцлага хүлээлгэх зэрэг нийт найман асуудлыг хэлэлцүүлэхийг гишүүд шаардсан байна.

Дээрх асуудлаар УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй хийсэн ярилцлагыг дахин нийтэллээ.

Х.Тэмүүжин: "Жаран тэрбумынхны идсэн хоолоо баасан баас нь ЖДҮ юм”

-Сая УИХ-ын даргын нэр дэвшүүлэлт явж байх зуурт хуульчдын дунд "УИХ-ын даргаар Ц.Нямдоржийг сонгож болохгүй” гэдэг хөдөлгөөн шахуу зүйл өрнөлөө шүү дээ. Сонгож болохгүй тодорхой шалтгаануудыг ч ярьж, бичсэн. Яагаад Ц.Нямдорж биш гэж? Тэгвэл өөр хэн гэж?

-Ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталж, байнгын ажиллагаатай парламенттай болсон 27 жилийн түүхэнд УИХ-ын дарга хугацаанаасаа өмнө албан тушаалаа өгсөн хоёрхон тохиолдол гарлаа. Нэг нь Ц.Нямдорж, нөгөө нь М.Энхболд. М.Энхболд гэдэг хүний унаж буй үйл явцыг сүүлийн хоёр сард бүгд харлаа. 2016 оны УИХ-ын сонгуулийн үед 60 тэрбумын схем буюу төрийн албан тушаал, эрх мэдлийг үнэ хүргэж, түүгээрээ сонгуулийн мөнгө босгох схем зурж, тэр нь өөрөө биелэл болсон мэт маш их хэмжээний мөнгөний сонгууль хийж, тэгээд УИХ-д хэт олонхи буюу нэг нам дангаараа 65 суудал бүхий УИХ бүрдсэн үр дүн гарч.  

-ЖДҮ-ийн мөнгөнөөс үзэхэд УИХ-ын гишүүдээс мөнгө босгох биш, харин ч гишүүддээ мөнгө хуваарилаад байгаа юм биш үү?

-Нэр дэвшиж байгаа гишүүдээсээ мөнгө босгох биш, цаана нь, төрд байгаа албан тушаалыг худалдах замаар нам дээрээ их хэмжээний мөнгө босгоод, түүгээрээ сонгуульдсан байна л даа. Өмнө бол улс төрийн намууд УИХ-д дэвших нэр дэвшигчдээсээ мөнгө нэхэх замаар сонгуулийнхаа кампанийн мөнгийг босгох гэж оролддог байлаа шүү дээ. МАН харин арай өөр аргаар мөнгө босгож, хүмүүсээ сонгуульд гаргасан шинэ тохиолдол боллоо. Түүний үр дүн нь сонгуулийн дараа төрийн албанд гарсан маш том хөдөлгөөн. МАН-ынхан өөрсдөө ч хэлж байна лээ, олон нийт, судалгааны байгууллагууд ч хэлж байна. Сонгуулийн дараах төрийн албаны хөдөлгөөн, түүнээс улбаалсан маш их хэмжээний шүүхийн зарга, маргаан явлаа. 60 тэрбумынх шиг схемыг нам өөрөө зурж байсан тохиолдол урьд өмнө байгаагүй. Өмнө нь УИХ-ын гишүүн болсон нөхөд л хувийн санаачилгаараа "миний хүн”, "чиний хүн”, "миний сонгуульд ажилласан хүмүүсийг төрд оруулмаар байна” гэж дор бүрнээ, дов довон дээрээ төрд хүн шахах гэж оролддог байсан. Өнөөдрийнх шиг ийм өргөн хэмжээний том зохион байгуулалтад орж байгаагүй. Энэ удаа бол нам мөнгийг нь аваад, тендер зарлаад, шахааг нь хийгээд, авсан мөнгөөрөө УИХ-ын гишүүдээ гаргаж ирж.

Ний нуугүй хэлэхэд өмнө нь би 60 тэрбумын асуудлыг "хэн нэгний санаа төдий байх, бодит үйл хэрэг болоогүй байх” гэж боддог байсан. Одоо бол бодитой юм байна гэж итгэж байгаа. Яагаад бодитой гэж байгаа гэхээр МАН-ын дарга У.Хүрэлсүх гэдэг хүн "Ийм зүйл бодитой болсон учраас энэ хүнд хариуцлага тооцох ёстой” гээд өмнөх намын даргаа энэ үндэслэлээр албан тушаалаас нь буулгалаа. Худал хэлэх эрхгүй байх ёстой Хууль зүй, дотоод хэргийн сайд нь "Энэ үнээн. Би хажууд нь хараад сууж байсан. Шүүхэд гэрчээр дуудвал яваад очиход ч бэлэн” гэх шахуу барин тавин ярилаа. Тэр битгий хэл яг өнөөдрийн нөхцөлд хариуцлагатай алба хашиж байгаа төрийн өндөр албан тушаалтнууд МАН-ын бага хурал гэх нэрээр цуглаж суугаад "Энэ хүн хариуцлага хүлээх ёстой. Манай нам санхүүгийн ийм схем зурж УИХ-д 65 суудал авсан нь үнэн” гэдгээ хүлээн зөвшөөрчихлөө. Нам дотроо байгаа хүмүүс нь барин тавин хэлээд байхад хажуу, хөндлөнгөөс харж байгаа би эргэлзээд яахав дээ. Жаран тэрбум гэх яриаг сонссон хүн хариуцлага хүлээгээд бууж байгаа бол түүнийг нь гүйцэлдүүлсэн, хэрэгжүүлсэн хүмүүс ар араасаа хууль, шүүхийн байгууллагад очих байлгүй.

-М.Энхболд гуай тэр хүмүүсээ чирээд явж чадах болов уу?

-Мэдэхгүй. Ямартаа ч УИХ-ын даргын албан тушаалаасаа бууж байсан болон бууж байгаа хоёр хүн бол парламентат ёсны том сургамж юм даа. Тэр сургамж дээр суурилаад хэн УИХ-ын дарга байж болохгүй вэ гэдэг дээр хуульчид өөрсдийн хувийн байр сууриа илэрхийлж байгаа харагдана лээ. Буруу ч байр суурь биш байх.

-Хэрвээ УИХ-ын дарга болчихвол яах юм? Ямар хохирол учрах гээд байна?

-Ил гарч байгаа нь л "60 тэрбум" гэж орилоод байгаа болохоос биш үнэн хэрэгтээ юу болоод байна вэ гэдгийг улс төр жаахан анзаардаг, утаа хааш хийсэхийг биш салхи хаанаас салхилж буйг ойлгодог хүмүүс бол "Энэ бол хонгилын жинхэнэ эзэн хонгилын түлхүүрээ авч чадаагүй учраас хонгилын түлхүүрээ авах гэж зодолдож байна” гэдгийг хэлээд л байна. Тэр хонгил нь шударга уу, шударга бус уу, хамаагүй. Ямар ч байсан хуулийн байгууллагын эрх мэдлийг тоосго шиг өрж тавьж байгаад хонгил үйлдвэрлэчихсэн, түүнийгээ булаацалдаж байна гэдэг бол тодорхой.

-Хонгилын жинхэнэ эзэн нь хэн гэж?

-Энэ хонгилыг бүтээлгэсэн хүн нь Ерөнхийлөгчийн албан тушаал дээр байсан нөхөд. Дараачийн Ерөнхийлөгч нь өмнөх Ерөнхийлөгч нартайгаа ижил хэмжээний эрх мэдэлтэй, нөлөөтэй байхыг зүй ёсоор хүснэ шүү дээ. Хонгил нь нураагүй, бодитой байж байгаа тохиолдолд. Тийм учраас "Хонгилын эзэн сонгогдчихоод байхад хонгилын түлхүүр яахаараа өөр хүний гарт байдаг юм” гэдэг дургүйцэл нь ямар нэг байдлаар тэр түлхүүрийн сэжмээс атгачихсан хүнийг унагах гэж оролдоно. Энэ бол нуугаад байх зүйл биш.

-Тэгвэл Х.Баттулга гэдэг хүн У.Хүрэлсүхэд тусалсан биш, өөртөө тусалсан хэрэг байх нь ээ дээ. УИХ-ын даргыг огцруулах хуулийн төслийг Ерөнхийлөгч анх өргөн барихад хүн болгон цочсон шүү дээ. Яахаараа МАН-ын даргын хүслийг АН-ын Ерөнхийлөгч гүйцэлдүүлдэг юм бэ? Бүр нам доторх зодоон дотор нь явж ороод...гээд?

-Энэ бол МАН доторх У.Хүрэлсүх, М.Энхболд гэдэг хоёр хүний зодоон гэхээсээ илүүтэй Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээр улс төрийн хүчний харьцаанд орсон өөрчлөлтийн үр дагавар. Ийм үйл явц тэртэй тэргүй болох нь тодорхой байсан. Хэн нь эхэлж галыг өрдөж, хэн нь эхэлж сэлмээ сугалах нь вэ гэдэг л сонин байсан болохоос биш. Тэгээд У.Хүрэлсүх гэдэг хүн 40 гишүүнтэйгээ хонгилын түлхүүрийг шинэ эзэнд нь атгуулах гээд үзчихлээ л дээ. Атгуулдаг дээрээ харин дахиад зодоон гарах нь уу, үгүй юу. Ямар ч байсан дараачийн алхам нь АТГ-ын даргыг өөрчлөх байх. Аягүй бол УЕП-ыг өөрчлөх байх.

-Л.Оюун-Эрдэнэ гишүүн М.Энхболд даргад хандаж хэлсэн санагдаж байна. Тэгж яривал та өөрөө Х.Баттулга гэдэг хүнийг захиалж Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн биз дээ гэж?

-Бага хурал дээрээ тэгж хэлэх шиг болсон. Хэн нэгэн хүн хэн нэгнийг захиалсан гэдэг үгийг хар таамгаар хэлэх аюултай. Л.Оюун-Эрдэнэ бол их ноцтой гурван зүйл хэлсэн. Нэгдүгээрт, хонгилыг өрөгчид гэж хэлээд байдаг хуулийн байгууллагын толгой хүмүүс Сингапурт очиж "Дараачийн эзэн хэн байх вэ, бид яаж өөрсдийн албан тушаал дээрээ үлдэх вэ” гэх мэтчилэн Монголын ардчилал, иргэдийн сонголтоос гадуур төр барьж тоглох, наймаалцах явдал болсон гэдэг зүйл Л.Оюун-Эрдэнийн амнаас гарчих шиг болно лээ. Тэр нь үнэн бол тэнд хэн хэн сууж байсан, юу ярьсан гэдгийг ухаж ярих хэрэгтэй.

Хуулийн байгууллагын том дарга нар гэхээр хамгийн түрүүнд Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч орох байх, Ерөнхий прокурор нь орох байх, цагдаа, тагнуулын дарга, АТГ-ын дарга гээд нөхдүүд орох байх. Дээр нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга ч орж магад. Энэ зургаагаас өөр хуулийн байгууллага гэж цоллогдох институц байхгүй дээ. Тиймээс энэ зургаан хүний Сингапур явсан билет энэ тэрийг шалгах хэрэг гарна. Үнэхээр үнэн үү гэдгийг нь.

Хоёрдугаарт, "ял аваад явах гэж байсан хүнийг та өршөөсөн шүү” гэдэг бол маш ноцтой үг. МАН-ын даргад яахаараа шүүхээс гадуур хэн нэгнийг өршөөх эрх байдаг билээ? Шүүх эрх мэдэл гагцхүү шүүхэд хадгалагдах Үндсэн хуулийн зарчимтай атал яагаад МАН-ын дарга шүүхийн шийдвэр яаж гарахыг мэдэж, хэнийг ялаас мултлахыг зааж байгаа юм бэ. Нэг бол УЕП, үгүй бол УДШ-ийн ерөнхий шүүгч гэдэг хоёр нөхрийн асуудал хөндөгдөнө. Нөгөө талаар "ял авах гэж байсан” гэдэг чинь угаасаа гэмт хэрэг үйлдсэн хүний тухай яриа. Тэгэхээр хэнийг гэмт хэрэгтэн гэж үзээд байна? Энэ бол их ноцтой үг.

Гуравдугаарт "ялаас өршөөгөөд өрсөлдөгчөө захиалсан шүү” гэхээр АН-ын нэр дэвшигчийг яагаад МАН-ын дарга мэддэг болчихов оо? МАН шиг дарга нь бүхнийг шийддэг нам АН биш. Нэг хүний нам байсан бол даргад нь захиалга өгөөд шийдэж болох байсан байх. Гэтэл АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулахын тулд сунгаа хийж, бүх гишүүдийнхээ саналаар шийдэлд хүрсэн. Жишээ нь би хувьдаа Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулгыг нэр дэвшүүлэхийг дэмжээгүй. Гэхдээ л АН-ын олонхи сонгоод гаргаад ирсэн. Өөр нэг намын даргын захиалгад орох нь байтугай дотроо байгаа бүлэг хэсгийн сонголтоос давсан олонхийн шийдвэрээр Х.Баттулга гэдэг нэр дэвшигчийг гаргаж ирсэн. Тэгэхээр яахаараа Х.Баттулга гэдэг хүнийг М.Энхболд гэдэг хүн захиалсан байх вэ?

-Жаахан логик муутай байна гэж үү?

-Логикгүй сонсогдохоос гадна энэ гурван асуудлаараа магадгүй Л.Оюун-Эрдэнэ гишүүн шүүхэд дуудагдвал, баримтаа гаргаж ярихгүй бол буруудаж магадгүй л юм. Цаашдаа асуудал чангарах тусам огт баримтгүй зүйлээр улс төр хийдгээ болих байх л даа. Худлаа мэдээг үнэн мэтээр, огцом бөгөөд гайхмаар ярьж чадах нь манай зарим УИХ-ын гишүүдийн нийгэмд тодрох арга болоод хувирчихлаа шүү. Лу.Болд гишүүн телевизээр "Арми цэрэг оруулж ирж жагсаалыг тараах гэж байна, цус урсгах гэж байна” гэж хэлэхийг би харсан. Яахаараа Засгийн газрын захиалгатай жагсаалын эсрэг Засгийн газрын бүтцийн байгууллагууд хүч хэрэглэх гэж. Батлан хамгаалах яам Засгийн газрын харьяанд байгаа, цагдаа нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын харьяа. Хэн ч харсан илт логикгүй юмыг зүв зүгээр гарч ирээд л цочтол ярьж байгаа нь энэ цагийн өнгө юм даа.

-Бид одоо хяналтаа алдлаа. Цус асгарвал хариуцлага хүлээхгүй... гэсэн шүү?

-Олон нийтийг үймээн самуунд уриалсан ийм хариуцлагагүй мэдэгдэл хийх нь хууль тогтоогчдын өөрсдийнх нь баталсан хуулиар эрүүгийн гэмт хэрэг. Жишээ л юм даа. Ийм байдлаар огт үндэслэлгүй, ямар ч логикгүй, гэхдээ хүний чихэнд цочир, аймшигтай сонсогдох үгийг хэн чангаар хэлж чадаж байна, тэр хүн баатар болж харагддаг улс төрийн технологийг манайхан үйлдвэрлэчихлээ. Үүнийхээ хөлд буцаад өөрсдөө үрэгдэнэ л дээ, энэ бол маш аюултай зүйл.  

-Сүүлийн хийсэн мэдэгдлийг нь санаж байна уу? "Эрдэнэтийн 49 хувийг Сингапурын компанид зарчихлаа”, "Сингапурын компани биш, 24 настай охин авчихлаа” гэх мэтээр өдөр алгасахгүй хийсэн шүү дээ?

-Олон нийтийг цочроогоод, уур уцаарыг нь хүргээд, сэтгэл хөдлөлөөр нь хөгжим тоглож байгаа юм шиг давалгаалуулах гэж оролддог, тэр давалгаагаар нь хувийн зорилгоо гүйцэлдүүлдэг явдал газар авсан доо. Энэ нь эцэстээ улсаа идээд дуусна гэдэг л эмгэнэлтэй. 2019 он ер нь бариа нь тодорхойгүй поп уралдаан болж хувирах юм шиг байна. Хэзээ дуусах нь тодорхойгүй, юунд хүргэх нь ойлгомжгүй.

Ер нь ардчиллыг устгадаг хоёр л зүйл байна. Нэг нь улс төрчдийн попрол, нөгөө нь авилга. Энэ авилга, улс төрчдийн попрол хоёроос яаж салах вэ гэдэг дээр толгойгоо ажиллуулахгүй бол энэ улс орон сүйрнэ.

-ЖДҮ-гийн 950 сая төгрөг яг юуны төлбөр юм бэ? Эхлээд бид "аан тойрогтоо зарцуулсан сонгуулийн мөнгөө буцааж авч байна” гэж харсан чинь сүүлдээ тал нь авсан, тал нь аваагүй болоод, У.Хүрэлсүхийн Засгийн газрыг байгуулсны төлбөр ч юм шиг болчихлоо?

-Нэг зүйлийг бид сайн ойлгох ёстой. 60 тэрбумын схемийн илэрч байгаа үр дагавар нь энэ ЖДҮ-ийн зээлээс хулгайлсан хулгай. Тиймээс 60 тэрбум, ЖДҮ хоёрыг ялгаж салгах учиргүй. Нэг л эмгэнэлт, инээдмийн жүжиг тоглоод байна шүү дээ. Нэг хэсэг нь 60 тэрбумынх болоод, нөгөө нь ЖДҮ болоод, хэн ялсан нь шударга, ялагдсан нь шударга бус болох гээд. Хэрвээ МАН 2016 оны сонгуулиар 65 суудал аваагүй бол ЖДҮ-ийн зээлээс хулгайлах боломж олдохгүй. Хэтэрхий их хүчтэй олонхи болсон хүмүүс өөр өөрсдийгөө тэжээх, өөрсдийнхөө гаргасан зардлыг олохын тулд хамгийн түрүүнд төр тонох ажилд орсон. Тэд эхлээд ЖДҮХС-гийн зээл олгох журмыг өөрчилсөн байна. Сангаас зээл авахаар төсөл нь шалгарчихсан 300 гаруй  аж ахуйн нэгж санхүүжилтээ хүлээж байхад журмыг нь өөрчилж, тэр хүмүүсийг жагсаалтаас хасч байгаад өөрсдийнхөө хамааралтай 120 орчим аж ахуйн нэгжийн жагсаалтыг оруулж ирээд зээл авчихсан. 2016 он хүртэл ЖДҮ-ийн зээлийн санхүүжилт жилдээ арав хүрэхгүй тэрбум төгрөг байсан байдаг. Гэтэл 2017 онд 30 гаран тэрбум, 2018 онд 90 давсан тэрбум болгоод, хэд нугалаад гаргаад идчихэж. Энэ их мөнгийг зүгээр л зохион байгуулалттай хулгай хийх зорилгоор төсвөөс гаргасан байхгүй юу. Журмаа ч, хуулиа ч өөрчлөөд авцгаасан. Сангаас ийм хэмжээний мөнгө авах санаачлага ганц У.Хүрэлсүхийнх биш шүү. Өмнөх Засгийн газрын үед журмаа өөрчлөөд, эвтэй найртай хувааж авахаар болсон байдаг юм.

-Эвтэй найртай хуваасан гэдэг баримт нь байна уу?

-2017 онд Засгийн газар солигдсоноос хойш ердөө хэдхэн хоногийн дараа шинэ Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Байнгын хорооны хуралдаан дээр "ЖДҮ-ийн зээл гээд 92 тэрбум төгрөг тавьчихсан байна. Гишүүдийн гэсэн тодотголтой мөнгө байна. Энэ мөнгөө хэдүүлээ больё. Төрийн албан хаагчдад өгөх 300 мянган төгрөг буюу нийт 50 гаран тэрбум төгрөг бидэнд хэрэгтэй байна” гээд нам дотроо тохирсон зүйлийг эвдсэн санал байнгын хороон дээр гаргаж ярьсан. Тэгэнгүүт нөгөөдүүл нь "болохгүй юм ил гараад яригдаад байна” гэдэг байдлаар бүлэг дээрээ ярилцахаар буцаасан. Тэгээд бүлэг дээрээ ойлголцсон юм байгаа биз, 2018 оны төсөв дээр ЖДҮ-ийн зээл гээд тодорхой мөнгө суулгасан. Тэр суулгасан мөнгөө өмнөх Засгийн газраа огцруулж, У.Хүрэлсүхийн Засгийн газрыг дэмжсэн хүмүүст шагнал байдлаар хуваарилж өгсөн байна.

-Бүлэг хоёр хуваагдсанаас болоод тал нь хоцорчихож. Тэгээгүй бол 65-улаа аваад энэ хэрэг ч илрэхгүй байж?

-Тийм л юм болсон байх. 65-лаа авсан бол илрэхгүй байхгүй юу. Хоёр хуваагдсанаас болоод нэг хэсэг нь үлдэж хоцроод 60 тэрбумынхан болоод, нөгөө хэсэг нь ЖДҮ-чин болоод үзээд байгаа. Сэдэл санаачилга, зохион байгуулалтаа бол намаараа, бүлгээрээ хийсэн байх. Илт зохион байгуулалттайгаар хууль өөрчилж байгаад хулгай хийгээд олноороо найрласан. Зорилго нь Засгийн газраа хамгаалж үлдэх байсан.

-Хуульчдын бүлэг ажиллаад Цэц рүү зарим нь яваад, Захиргааны шүүх, Иргэний шүүхэд ЖДҮ-ийн зээлээр маргаан үүсгээд явж байна. Эрүүгийн шүүх рүү явж байгаа хүн бий юу?

-Байгаа.

-Энэ маань үр дүнгээ өгөх болов уу? Ерөнхий прокурор, АТГ-ын дарга жишээ нь ажлаа өгөх нь өнөө маргаашийн асуудал болчихлоо шүү дээ. М.Энхболд нь хонгилын түлхүүрээ алдаад эхэлчихлээ?

-Энэ үүссэн нөхцөл байдал бол популизм болоод авилгатай холбоотой гэж дээр хэлсэн. Популизм болоод авилгатай бусад улс орнууд яаж тэмцэж байна гээд харахад гурван хүч нэгдэж тэмцэж байна.

Нэгдүгээрт хуульчид. Хулгай, авлига, худал хуурмагийг "ийм учраас хууль зөрчөөд байна” гээд баримттайгаар гаргаж ирээд хуулийн хариуцлага руу татаж оруулах ажлыг хуульчид хийгээд эхэлж байна. Гэхдээ хуульчид үүнийг дангаараа хийж чадахгүй. Хуульчид бол хуулийн хариуцлага тооцуулах, хуулийн дагуу асуудлыг шийдүүлэхэд тусалж байна. Харин тэр нуугаад байгаа авилга, худлаа яриад байгаа популизмыг ил болгодог ажлыг сэтгүүлчид хийж байна. Эрэн сурвалжлах сэтгүүл зүйгээр ажиллаад хулгай, худлыг нь гаргаж ирж тавьж байна. Популистууд чинь нэг үгээ олон дахин ярьдаггүй юм ш дээ. Хүмүүс амархан уйддаг учраас өдөр өнжихгүй, долоо хонохгүй үг нь өөрчлөгдөж, дүрээ сольж байдаг жүжигчид. Үүнийг нь өдөр өдрөөр нь, цаг цагаар нь гаргаж харуулан худал хуурмагийн нүүрийг хуулж, маажих ажил нь сэтгүүлчдийн үүрэг.

Энэ хоёр дээр нэмэгдээд нийгмийн тодорхой асуудлаар ажилладаг иргэний нийгмийнхэн. Хуульчид хууль зүйн шахалтыг, сэтгүүлчид мэдээллийн шахалтыг үзүүлдэг бол иргэний нийгмийнхэн нийгмийн шахалтыг нь үзүүлж байна. Энэ гурвын хамтын үйл ажиллагаагаар жишээ нь АНУ-д Трампын худал үгүүдийг гаргаад илчилчихэж байна шүү дээ. Европт болж байгаа үйл явцыг бас хар. Монголд ийм аргаар худлаа ярьж байгаа популизм, хулгай хийж байгаа авлигыг шийдэхгүй бол улстөрчид нь улс төрийн аргаар шийднэ гэдэг хөг өнгөрчихлөө. Улстөрчид улс төрийн аргаар шийдэх гэж оролдохоор хоёр хулгайч гарч ирээд хоорондоо хэрэлдээд, иргэд сүүлдээ учрыг нь ойлгохоо болиод "Хэн ялагдсан нь хулгайч юм байна” гэдэг ойлголт руу явж байна. Мөн чанартаа юу ч өөрчлөгдөхгүй.

-Нийгмийн массд бас нэг өрөөсгөл бодол байх шиг байна. ЖДҮ яах вэ, жижиг хулгай. 60 тэрбумаа яах юм? гэдэг. ЖДҮ-г жишээ нь нэг нэг тэрбумаар нь авсан болохоор жижигхэн гээд байгаа юм уу?

-ЖДҮ-ийн сан болон бусад сангаас авсан хулгайг нийлүүлбэл хэдэн арван 60 тэрбум байгаа. Өмнө нь явж байсан улс төрийн арга л яваад байна даа. 60 тэрбумын дэргэд 280-хан сая доллар шүү дээ гэдэг шиг. Уг нь бол 280 сая доллар нь 760 тэрбум төгрөгийн асуудал байгаа юм ш дээ. Хулгайч баригдахаараа "тэнд хүн алчихсан байна” гэж заадаг гэдэг. Түүн шиг л юм болж байна.

-Ингэхэд "Алтан Дорнод Монгол”-ын Т.Ганболд гэдэг хүн хэр зэрэг шударга хүн юм? Яагаад та тэр хүний өгсөн баримтыг тийм итгэлтэйгээр олон нийтийн сүлжээнд тавьсан юм?

-Ганц Т.Ганболд биш л дээ. Одоогоос дөрвөн жил гаруйн өмнөх хэрэг. Тухайн үед ийм гомдол барьж орж ирсэн, хүнээр дайгаад болон өөрөө биечлэн уулзсан 5-6 бизнес эрхлэгч байсан. Тэгдэг ингэдэг гэнээ гэж бусдын ярьсныг дамжуулсан нь бол зөндөө. "Бодитой ийм юм боллоо шүү” гэж орж ирсэн нь тэр хэд. Тэдний хамгийн том гомдол, бухимдаж ярьдаг зүйл нь "хүний эрх, хууль ёс ярьдаг, хувийн өмч, чөлөөт зах зээлийг хамгаална гэж итгүүлдэг АН-ын өнгөн дээр ардчилсан намын нэр бүхий лидерүүд албан тушаал дээр байж байхад хуулийн байгууллага бизнес эрхлэгчдийг тонон дээрэмдээд байна аа. МАН байхдаа авилгаа л нэхдэг байсан. Тэд бизнес дэрээмддэггүй, компани авдаггүй байсан. Гэтэл танай намын өнгөн дээр хуулийн толгойд байгаа албан тушаалтнууд бизнесийг дээрэмддэг боллоо, лиценз дээрэмддэг боллоо” гэсэн. Тэдний нэг нь Т.Ганболд. Би бүгдтэй нь  л энэ гомдол саналыг хуулийн байгууллагаар яаж шийдүүлэх вэ гэж ярилцаж байсан. Харамсалтай нь тэр дээрэмчид чинь тэр хуулийн байгууллагын толгойд байна. Хууль зүйн боломж бидний эсрэг байна гэцгээдэг.

-Яагаад?

-Хүн ер нь 60 өдөр хоригдоод, нийгмээс тусгаарлагдаад, айдас хүйдэст автаад, ар гэрийн мэдээлэл хомс, хайртай хүмүүс нь зовж шаналаад ирэхээрээ мөнгө өгч байгаад ч болтугай эндээс гарья, гадаа гарч байгаад учраа ольё гэдэг шийдэл рүү явдаг. Байгаагаа өгөөд л гарахыг боддог. Би тухайн цаг үед УИХ-ын чуулган дээр хэлж л байсан. "Наад хуулийн байгууллага чинь бизнес эрхлэгчдийг гахай болгох уу, үнээ болгох уу гэж байгаад тонодог болсон байна. Гахай гэдэг нь нэг удаа хагалаад томоохон мөнгө авахыг хэлж байна. Үнээ гэдэг нь байнга сааж, шимэгчилж амьдрахыг хэлж байна. Бүх том баялаг бүтээгчид чинь улстөрчдийн болоод тэдэнтэй хуйвалдсан хуулийн байгууллагын албан тушаалтнуудын үнээ болоод дууслаа. Дундаас дооших нь гахай болоод гэдсээ хагалуулаад хэвтэцгээж байна гэж. Мөнгөө төлөөд гарлаа, гарсан хойноо нөгөө хүнийнхээ эсрэг гомдол гаргах гэхээр тухайн үеийн Эрүүгийн хуулиар авилга өгсөн нь авсантайгаа адилхан ялтай байсан. Нөгөөх нь ч түүгээр нь айлгаж шантаажилдаг. Хууль миний гарт байхад чи хаачих юм гэж даапаалдаг.

Тиймээс тухайн үед надад хамгийн түрүүнд төрсөн зүйл бол авилга өгсөн талыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүйгээр энэ асуудлыг шийдэхгүй юм байна аа гэх бодол. Тонуулж дээрэмдүүлж байгаа бизнесүүд гомдоллож ярихаас биш хуулийн аргаар шийдүүлэх боломжгүй байлаа. Хоёрдугаарт, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай болон Өршөөлийн хууль гаргаж, бизнес эрхлэгчдийн хуулийн байгууллагын гох дэгээнд өлгөгдөөд байгаа асуудлуудаас нь салгахгүй бол нэг гомдол гаргахад нь л өөр юмаар бариад гартаа оруулчихдаг явдал нь дуусахгүй юм байна. Тиймээс Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай болон Өршөөлийн тухай хуулийг гаргая. Эрүүгийн хуулиар авлига өгсөн нь биш, авсан нь шийтгүүлдэг зохицуулалтыг хийе гэж зүтгэсэн. Тэдгээр хуулиудыг хэлэлцэж байх үед нэлээд ширүүн маргаан мэтгэлцээн болж байв.

-Т.Ганболд тан дээр яг юу гэж орж ирсэн бэ?

-Хамгийн анх 2014 оны өвөл над дээр ирсэн. Ерөнхийлөгчөөс өргөн барьсан "давхар дээлний” хуулийг УИХ хэлэлцсэний дараахан шиг санаж байна. Тэр хуулийг хэлэлцэхэд их сонин юм болж байлаа. ТББХ-гоор орох гээд, өглөөхөн нь би С.Дэмбэрэл гишүүнтэй ярилцсан байсан. Давхар дээлний хууль үндсэндээ энэ Засгийн газрыг унагахад зориулагдаж байгаа учраас энэ удаадаа ийм хууль батлах нь зөв уу, буруу юу гээд. Гэтэл ТББХ орох болтол С.Дэмбэрэл гишүүн алга болчихсон. Яав, юу болов? гэсэн чинь "Хэцүү байна ш тээ” л гэдэг ганц үг хэлсэн.

-"Юу болсон бэ?”

-"Ганболд гээд дүүг маань Дарханд бариад хийчихсэн байна”.

-"Хэн хийсэн юм?”

-"Танай цагдаагийнхан”... Би гайхаад цагдаагийн удирдлага руу утасдаад асуусан чинь "Дээрээс чиглэлтэй” гэсэн.

-Уг нь бол та дээр нь сууж байгаа биз дээ, Хууль зүйн сайд гээд?

-Харин тийм. "Ямар дээрээс вэ?” гэсэн чинь шууд нэгдүгээр хүн лүү зааж байх. Үнэн юм уу, худлаа нэрийг нь барьсан уу, мэдэхгүй. Тэгээд л бөөн юм болоод бужигнасан. Давхар дээлний хууль УИХ дээр дэмжигдэлгүй унасан. "Тэгвэл давхар дээлгүйгээр энэ Засгийн газрыг хөдөлгөе. Дараачийн Ерөнхий сайд нь тэр байж магадгүй, та нар ингээч тэгээч” гэдэг зүйл ярьж эхэлсэн. "Тийм юм байхгүй ээ” гэнгүүт нөгөө Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн сайн ах болох тухай кино зохиол явсан шүү дээ. Цагдаагийн хоёр хурандаа холбогдсон. Тэр үед Т.Ганболд дахиад над дээр орж ирсэн. "Өөрийн чинь эсрэг ажиллагаа явуулаад байгаа хүмүүсийн цаана Д.Дорлигжав байгаа шүү дээ. Намайг дээрэмдсэн гээд байсан хүн чинь Дорлигжав байгаа юмаа” гээд ирсэн. "Би хүний амаар ярьсан үгээр ажил явуулахгүй ээ, чи баримтаа өгчих” гэсэн. Манай хүн баримт бол авчирч өгөөгүй. Д.Дорлигжав гэдэг хүнээс яаж салах вэ, УЕП дээр ийм хүн байгаа нөхцөлд энэ улс орон цаашаа явахгүй шүү гэдэг зүйл л ярьсан. Би дээрэмдүүлчихээд зүгээр сууж чадахгүй. Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргана гээд гомдол гаргасныг санаж байна.

-Ямар үндэслэлээр гомдол гаргах вэ?

-2010 онд шиг санаж байна. Д.Дорлигжавыг УЕП-оор томилогдох тухай яриа гарахад би "Энэ хүн чинь хуульчийн гэрчилгээтэй юм уу?” гэдэг асуултыг тавьж байсан юм. Яагаад гэвэл Прокурорын тухай хуульд УЕП нь хуульчийн гэрчилгээ буюу хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхтэй, хуульч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан хүн байх ёстой байсан. Тухайн үед бол тэр хүнд хуулчийн гэрчилгээ байгаагүй. Дараа нь Үндсэн хуулийн Цэцээс "Хуульчийн гэрчилгээ гэдэг нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх биш, өмгөөлөгч, прокурор, шүүгчийн шалгалтанд орох эрх юм” гэдэг дүгнэлтийг гаргасан. Хэний захиалгаар ийм шийдвэр гаргасан нь ч ойлгомжтой байсан. Яг тэр маргаанд би өөрөө УИХ-ыг төлөөлж оролцсон. Энэ бол дэлхий нийтээрээ хуульч мэргэжилтнүүдээс шаардаж байгаа өндөр хариуцлага, шаардлагыг үгүй хийж байгаа шийдвэр шүү гэж хэлээд гарч байсан. Цэцийн тарьсан гайнуудын нэг л дээ.

Тэгээд намайг Европт явж байх хойгуур Дорлигжав Ерөнхий прокуророор томилогдсон байсан. Дараа нь гарах маргаанаас сэрэмжлээд би дахиад асуусан. Хуульчийн гэрчилгээ байна уу? гэхэд "Хууль зүйн яамнаас үүнтэй холбоотой маргаан байхгүй” гэдэг тайлбар ирсэн. Тийм учраас томилсон гэдэг хариу өгсөн. Тэгвэл тэр тайлбараа надад өгөөч ээ гэсэн, өгөөгүй.

Яг тэр үндэслэлээр Т.Ганболд гэдэг хүн Д.Дорлигжавыг Үндсэн хуулийн Цэцэд өгсөн. Хуульчийн гэрчилгээгүй хүн прокурор хийж байна гэх үндэслэлээр. Тэр нь Д.Сугар гэж ҮХЦ-ийн гишүүн дээр хуваарилагдсан. Д.Сугарын асуудал ч Д.Дорлигжавыг УЕП байх үед нэг хоёр удаа босож ирж байлаа шүү дээ.

-Тийм ээ, санаж байна. МИАТ-аас хөрөнгө завшсан хэргээр шалгагдаж байгаад дараа нь ҮХЦ-ийн гишүүн болоод дэвшээд явсан байх?

-Тэгээд ҮХЦ дээр Т.Ганболдын маргаан яваагүй. Д.Сугарын маргаан ч цаашаа яваагүй. Харилцан тохиролцсон уу, яасан мэдэхгүй. Маргаан үүсгээд шийдвэр гарсан бол бас ямар үр дагавар гарах байсан нь сонирхолтой. Миний олж харснаар Т.Ганболд гэдэг хүний характер бол дээрэмдүүлснийхээ төлөө зүгээр суухгүй л гэсэн хатуу бодолтой хүн байсан.

-Дараа нь та арванхоёрдугаар сард сайдын ажлаа өгөхийн өмнө 4 сая ам долларын баримтыг гаргаж тавьсан. Д.Дорлигжавыг Хууль зүйн сайд болох гэж байна гээд гаргаж тавьсан юм уу, эсвэл 4 сая долларын баримтаас болж Д.Дорлигжавыг эсэргүүцсэн юм уу?

-Аравдугаар сард намрын чуулган эхлээд төсөв энэ тэрээ батлуулаад явж байтал Н.Алтанхуягийн Засгийн газар огцорсон. Хууль зүйн сайд хэн болох вэ? гэсэн чинь нөгөө хүний маань нэр гараад ирсэн. Тэр үед Т.Ганболд над дээр ирээд "За нөгөө баримт чинь энэ байна” гээд нийт 9 сая ам.долларыг хэдэн хэсэг задалж шилжүүлсэн баримт өгсөн.

-Бүгдээрээ Д.Баатарын данс руу орсон байх уу?

-Үгүй ээ. Д.Баатарын данс руу орсон нь бол 4 сая доллар. Бусад нь өөр хүнээр дамжиж шилжсэн гэсэн. Т.Ганболдын хэлснээр Д.Баатарын данс руу хийсэн чинь маш ихээр уурласан учраас бусдыг нь өөр хүмүүсийн дансаар тойруулж хийсэн гэсэн. Би ямар хажууд нь байсан биш, үнэн худлыг мэдэхгүй шүү дээ. Тэгээд "Дорлигжав Ерөнхий прокуророос зайлж байгаа нь сайн хэрэг, гэхдээ Хууль зүйн сайд болгомооргүй байна аа” гээд нөгөө материалуудаа надад өгсөн. Гэхдээ нэг болзол тавьсан. "Зөвхөн миний зөвшөөрсөн үед гаргаж тавина шүү” гэчихээд өөрөө алга болчихсон. Өөр ажил амжуулсан уу, яасан мэдэхгүй. Хүлээгээд холбоо барихгүй болохоор нь би маш тодорхой байсан Д.Баатарын нэр дээрх 4 сая долларын баримтыг л гаргаж тавьсан. Тэр баримтыг ил болгосныхоо төлөө би чинь хүн гүтгэсэн хэргээр АТГ-т эрүү үүсгэж шалгагдсан.

-Дорлигжав өөрөө өөрийгөө АТГ-т өгөөд шалгуулаад, авилга аваагүй гэдгээ тогтоолголоо гээгүй бил үү?

-Тэрийг нь мэдэхгүй. Ямар ч байсан над дээр Эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр гомдол гаргасан байсан. Нэр бүхий мөрдөгч надаас ирж тайлбар авсан. 2015 оны өвөл.

-АТГ яагаад хүн гүтгэсэн асуудал шалгах болчихов?

-Би бас асуусан. АТГ хэзээдээ хүн гүтгэсэн асуудал шалгадаг болчихов оо? Танай байгууллагын чиг үүрэгт байгаа юм уу, үгүй юу? гэж. Тэгэхэд "цагдаагийн байгууллага Хууль зүйн яамны харъяа учраас шалгаж болохгүй байна гээд прокурор манайх руу шилжүүлсэн юмаа” гэсэн.

Хоёрдугаарт "ямар үндэслэлээр намайг хүн гүтгэсэн гэж байгаа юм бэ? гэхэд "Хууль зүйн сайд Д.Дорлигжав таны нэр дээр тодорхой баримтууд гаргаж гомдол ирүүлсэн” гэсэн. Тэр баримтууд нь нөгөө Т.Ганболдын надад өгсөн баримт байсан. Тэр баримт Т.Ганболд бид хоёрт л байсан. "Энэ баримтыг хаанаас авсан бэ? Миний мэдэж байгаагаар энэ баримт Т.Ганболд бид хоёрт байгаа. Хэнээс нь авсан бэ?” гэхэд "Т.Ганболдоос аваагүй ээ, танаас аваагүй ээ. Гурав дахь хүнээс авсан” гэсэн. Дорлигжав өөрөө тэр хүнээс аваад цагдаад баримт болгож өгсөн юм байна л даа. Тэгвэл эхлээд тэр баримтыг гаргаж өгсөн хүнээсээ байцаалт авчихаад над дээр ирээ гээд би явуулсан.

-Гурав дахь нь хүн нь хэн байх вэ? Ерөнхийлөгч үү?

-Тийм байх.

-Т.Ганболд өөрөө өгсөн юм уу?

-Хүнээр өгүүлсэн юм шиг байна лээ. Тэгээд АТГ-ынхан их сонин байдалд орсон л доо. Тэгээд "Таны нэг жиргээ байна аа?” гэж байна. "Тэнд ямар нэг хүний нэр байна уу?” гэхэд "Байхгүй байна аа” гэж байна. Тэгвэл нэр нь ороогүй байхад "Юун гуя” гэж үсэрч босч ирсэн тэр хүнээсээ эхлээд тайлбараа ав. Дараа нь сандарч гарч ирээд мэдэгдэл хийсэн Голомт банкны захирлаас бас тайлбараа ав. Тэгээд ийм гомдол санал гаргаад байгаа иргэнээсээ очиж тайлбараа ав. Иргэний өгсөн материал учраас би бас үнэн худлыг нь нотлуулмаар байна  гэсэн.

0

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex