Чандмань сумын 100 жилийн ойн барилдаан Б.Бат-Өлзий заан түрүүллээ

Ховд аймгийн Чандмань сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат Монгол Улсын начин Идэшийн Мөнхбаатарын нэрэмжит "Хан Жаргалант хайрханы хишиг" Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, "Аврагч" спорт хороо, Монтед Констракшн, Асиан Сити ХХК, Валькан групп, "Ховд" дэвжээний бөх, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий түрүүлж, Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, "Алдар" спорт хороо, Эм Си Эс групп, Хос Хаш Оюу ХХК, Гал Хонгор ХХК, "Тэргүүн Богд" дэвжээний бөх, улсын начин Энхтүвшиний Батмагнай үзүүрлэв.
Дөрөвт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Автобус-1 ТӨК, "Тэргүүн Саруул Зам" ХХК, "Эрдэнэс Критикал минералс" ХХК-ийн бөх, улсын арслан Э.Оюунболд, Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат, "Алдар" спорт хороо, ЗХ-013 анги, "Хатант Интернэйшнл" ХХК, "Тэнүүн Өлзий" ХХК, QPay, "Бөхбилэгт" дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар нар шалгарлаа.
Наймд улсын харцага Г.Бадрах, улсын начин Б.Чимэдвандан, улсын начин Б.Даваа-Очир, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар нар үлдэв. Энэхүү барилдааны түрүү бөх суудлын автомашин гардаж, үзэгчдээс нэг сая төгрөгийн найман азтан, суудлын автомашины нэг азтан тус тус тодорсон юм.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Сэтгэгдэл байхгүй байна.