Б.ЁНДОНЖАМЦ: Үйлдвэрлэл хөгжүүлэхэд мэргэжилтэй хүний нөөц дутаж байна

1

 

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Монгол Улсын зөвлөх инженер Бадарчийн Ёндонжамцыг "Хоймор”-тоо урьж ярилцлаа. Тэрбээр Монгол Улсын хөнгөн үйлдвэрлэл, тэр дундаа ноос, ноолуур боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 42 жил тасралтгүй удирдах албан тушаал хашиж, үр бүтээлтэй ажиллаж буй эрхэм билээ.

-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамныханд бодлого боловсруулахад нь тусална, ноос, ноолуур боловсруулах үйлдвэрүүдийнхэнд зөвлөгөө өгнө гээд таныг олон талтай хамтарч ажилладаг гэж сонссон. Насны нар хэвийсэн ч зав зайгүй хөдөлмөрлөсөөр байгаа тань сайхан санагдаж байна.

-Би "Кашмер холдинг” компанид зөвлөх хийж, тэндээс цалин авч ажиллаж байна. Бусад газраас хөлс авдаггүй. Дуудахаар нь очоод зөвлөгөө өгдөг юм. Надаас үйлдвэрлэлийн технологитой холбоотой зүйл л асууна. Асууж лавладаг олон газар бий. Би энд анхан шатны боловсруулалт, ээрэх, нэхэх үйлдвэрийн ерөнхий менежерийн үүргийг давхар гүйцэтгэдэг. Санхүүтэй холбоотой зарим баримтад гарын үсэг зурна. Залуусын дунд зааж зөвлөөд явж байх дуртай. Түүнээс биш, би гэртээ сууж чадахгүй.

Хань минь 2005 онд бурхан болсон. Хоёр хүүгийн минь том нь өнгөрсөн хавар зүрхний өвчнөөр гэнэт өөд болчихлоо. Одоо ганц хүү, зургаан ачтай. Тэднээсээ тусдаа амьдардаг. Орой 22.00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд ч ажиллах тохиолдол бий. Ер нь ачаалалтай ажилладаг.

-Хамт олонтойгоо бужигнаж байхгүй бол ганцаардаж магадгүй нь.

-Гайгүй ээ. Ном уншаад, интернэтээр аялаад цагаа дор нь барчихдаг юм.

-Ноос, ноолуурын салбарт хэдэн оноос ажилласан бэ?

-Хөнгөн үйлдвэрлэлийн салбарт 1967 оноос хойш ажиллаж байна. Дунд нь бараг тасраагүй шүү. Тэтгэвэрт гарсны дараа 1-2 жил л завсардсан болов уу. Би Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумд 1945 онд төрсөн. Аймгийнхаа төв Мөрөнд 1962 онд дунд сургууль дүүргээд, Москвагийн нэхмэлийн институтэд суралцахаар явсан. Тухайн үед сурлага сайтай хүүхдийг илгээлтээр сургуульд явуулдаг байсан юм. Одоо манай институт их сургуулийн статустай болсон. Бид долоо хоногт гурван удаа Москвагийн холхивчийн нэгдүгээр үйлдвэрт дадлага хийдэг байв. Оросуудаар заалгаад токарь дээр ажиллана, гагнуур хийнэ. Орос хэл мэдэхгүй, эхэндээ ойлгохгүй нь л их байлаа.

Онол, практик хоёрыг хослуулж, таван жил найман сар сурч, нэхмэлийн машины инженер, механик мэргэжил эзэмшсэн. Нутагтаа ирээд Аж үйлдвэрийн комбинатын Механик цехэд томилогдлоо. Тэнд хийгээгүй юмгүй ээ, техникийн зураг зурна, гагнуур хийнэ, токарь дээр ажиллана. Дараа нь техник, мэргэжлийн сургуульд багшилсан. Механик цех маань Чехословакийн тусламжаар засварын том үйлдвэр болов. Бараг онгоц хийх шахам тоног төхөөрөмжтэй үйлдвэр байсан. Багшлахаа болиод тэндхийн зохион бүтээх товчоонд нь инженер хийж байгаад дарга нь болсон. Би 1970 онд 25 настай дарга болж байлаа. Түүнээс хойш туж дарга хийж байна. Сонин л тавилан. Тэнд ажиллаж байтал Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн сайд П.Дамдин гуай дуудаад, яамандаа Хөнгөн үйлдвэрийн хэлтсийн дарга хий гэлээ. Ингээд нэг хэсэг бодлого боловсруулах шатанд ажилласан.

-Монгол Улсад хөнгөн үйлдвэрлэл хөгжиж эхлэх үед хэлтсийн дарга байжээ. Сонирхолтой үе байв уу?

-Үнэхээр сонирхолтой цаг үе. Хөнгөн үйлдвэр хариуцсан хэлтсийн даргаар 1975-1978 онд ажилласан. Тухайн үед ээрмэл, сүлжмэл, арьс, ширний үйлдвэрүүд баригдаж байв. Тэдгээрийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулахад оролцсон. Би хуучны ээрмэлийн үйлдвэрийн сууринд тулгуурлаж байгуулсан компанид ажиллаж байгаа хүн. Энэ үйлдвэрийг байгуулах бүх бичиг баримт, тооцоо судалгааны ажлыг хариуцаж байлаа. Байгуулсан үйлдвэртээ ажиллаж байгаагаараа бахархдаг.

-Дараа нь Монголын брэнд болсон "Говь” компанийг үүсгэн байгуулахад анхны даргаар нь ажилласан хэрэг үү?

-"Говь” компани байгуулсан түүхийг бүрэн мэднэ. Намайг Хөнгөн үйлдвэрийн хэлтсийн дарга байхад манай яам 10 үйлдвэр байгуулах төсөл боловсруулсан юм. Ахицтай нь ноолуур боловсруулах болон шилний үйлдвэрийн төсөл байлаа. Тухайн үед Хөнгөн үйлдвэрийн хэлтсийн харьяанд Налайхын шилний үйлдвэр ажилладаг байв. Тэднийх лонх голлон үйлдвэрлэнэ. Бүтээгдэхүүний төрлийг нь нэмж, хатаалгатай янз бүрийн шил хийх үйлдвэр байгуулах төсөл боловсруулсан юм. Гэтэл шил үйлдвэрлэхэд хэрэглэдэг зарим түүхий эд, чанараас шалтгаалж уг төсөл зогссон. Тэгээд ярьж байгаад ноолуурын үйлдвэрээ барья гэсэн шийдэлд хүрцгээсэн. Ийм шийдвэр гаргахад яам, П.Дамдин сайд их дэмжсэн түүхтэй. "Говь”-ийг барихад П.Дамдин сайдын санаачилга, дэмжлэг маш их байсан гэж боддог. Ноолуурын үйлдвэр барихаар шийдсэн бид Элчин сайдын яамаараа дамжуулаад Японы талд санал тавьсан.

Японоос 2000 тонн ноолуур боловсруулах үйлдвэр байгуулах санал ирсэн. Дараа 1200, 800 тонн ноолуур боловсруулах үйлдвэр байгуулъя гэсэн санал ирлээ. Хүлээж аваад тус тусад нь судалгаа, шинжилгээ хийсэн юм даг. П.Дамдин сайд биднийг зүгээр суулгана гэж ер үгүй. Бид "Говь”-ийг барьж эхлэхийн өмнө Англи, АНУ-ын ноолуурын үйлдвэртэй танилцсан. Мөн Ноосны үйлдвэрийн нэгдлийн нэгдүгээр орлогч Г.Дүгэрсүрэн бид Зөвлөлтийн ноолуур, ноосны чиглэлийн үйлдвэр, эрдэм шинжилгээний байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, Москвагийн Нэхмэлийн дээд сургуулийн гол докторуудтай уулзаж санал солилцсон юм. Энэ зууртаа Английн лабораторид өөрийнхөө ноолуурыг шинжлүүллээ. Ингээд япончуудаар 1000 тонн ноолуур, 200 тонн тэмээний ноосны анхан шатанд боловсруулах хүчин чадалтай үйлдвэр бариулахаар тохирсон. Үйлдвэр жилд анхан шатны боловсруулалт хийсэн 266 тонн, 68 тонн бөмбөгөн ноолуур, 229.8 мянган ширхэг сүлжмэл, 45.1 мянган хөнжил үйлдвэрлэж, үүний 80 хувийг экспортод гаргахаар тооцсон. Одоо "Говь”-ийн анхан шатны боловсруулалтын хүчин чадал нь хэвээрээ байгаа. Үйлдвэрийн хүчин чадлыг сүлжмэл, нэхмэлийн чиглэлээр нэмэхээр бид ч багагүй ажилласан. 

Одоогийн хөрөнгө оруулагчид нь ч ийм арга хэмжээ авч байна. Ер нь ингэх ч ёстой юм. Үйлдвэр барихаар Дарханд хоёр, Улаанбаатарт гурав, Налайхад нэг газар сонголоо. Дархан хотын дарга Дамдин Сайд нарын зөвлөлд Дарханд барих нь зүйтэй гэсэн бичиг өгчихөв. Гэтэл Улаанбаатар хотын дарга Цэнд нийслэлд баривал инженерийн шугам сүлжээгээр хангах боломжгүй гэсэн бичиг Сайд нарын зөвлөлд өгчихлөө. Хаана барихаа тохирч чадахгүй байж байтал Ю.Цэдэнбал дарга Москвад ажлаар явж байгаад Улаанбаатарт барих нь зүйтэй гэсэн чиглэлийг өөрийн Элчин сайдын яамаар дамжуулан өгсөн юм. Ингээд "Говь”-ийг одоогийн байгаа газарт нь барихаар тогтсон. Үйлдвэрийн барилгын ажлын улаан шугамыг 1978 оны долдугаар сарын 26-нд Геодези, зураг зүйн газрын хоёр хүний хамтаар миний бие тавьж байлаа. Нэгэнт үйлдвэр барих газар тодорхой болсон учраас Японы талаас өрсөлдөж буй "Марүбени”, "Иточү” компанийн технологийн аль нэгийг сонгож, гэрээ хийх шаардлагатай болсон.

Бид газар товлогдохоос өмнө тоног төхөөрөмж, технологийн сонголтын туршилт хийх түүхий эдээ Япон руу ачуулчихсан байлаа. Тэгээд Г.Дүгэрсүрэн, Зумаа, Дамдинжав бид Япон явж, хоёр компаниас "Иточү”-г сонгон гэрээ байгуулах болсон. Биднийг ирсний дараа Ямааны ноолуур, тэмээний ноос боловсруулах үйлдвэрийн даргаар Г.Дүгэрсүрэнг томиллоо. Үйлдвэрээ барьж эхлээгүй ч тушаалыг нь Ямааны ноолуур, тэмээний ноос боловсруулах үйлдвэрийн дарга гэж гаргаж байв. Г.Дүгэрсүрэнг үйлдвэрийн даргаар цөөн сар ажиллаж байтал Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн орлогч сайд болгочихсон. Тэгээд намайг үйлдвэрийн дарга болголоо. Тиймээс би Г.Дүгэрсүрэнг "Говь”-ийн анхны захирал гэж боддог юм. Би Хөнгөн үйлдвэрийн хэлтсийнхтэйгээ Ямааны ноолуур, тэмээний ноос боловсруулах үйлдвэрийн даргыг давхар хашдаг байлаа. Үйлдвэр барилгын суурийн ажил эхлэнгүүт буюу 1978 оны арваннэгдүгээр сард хэлтсийн даргын ажлаас чөлөөлөгдөж, үйлдвэрийн даргаа дангаар нь хийж эхэлсэн. Анх Баттогтох гэж орчуулагчтайгаа хамт байв. Дараа нь Чинбат гэж хүн нэмэгдсэн. Гурвуулаа "Говь”-ийг барих ажилд шамдсан даа. 

П.Дамдин сайд салбарын үйлдвэрүүдээс мэргэжлийн ажилчид сонгох чиглэл өглөө. Хүмүүсээ сонгоод, Японд гурван сарын сургалтад явцгаасан. Би өөрөө л ноолуурын үйлдвэрийн технологичийн сургалтад хамрагдсан. БНМАУ, Японы Засгийн газар хороондын хэлэлцээрийг 1977 онд байгуулсан юм. Дараа нь Монголбанк, Японы "Токио” банктай гэрээ байгуулсан. Энэ нь Японы Засгийн газраас олгох буцалтгүй хөрөнгийг шилжүүлж авахтай холбоотой гэрээ байв. Тухайн үед "Говь”-ийг 17 сая ам.долларын хөрөнгөөр барьж байлаа. Өнөөгийн ханшаар энэ нь 50 сая ам.доллар болно. Манай талаас "Комплекс төхөөрөмжийн импорт” нэгдэл, Японы талаас "Иточү” компанийн төлөөлөл Ямааны ноолуур, тэмээний ноос боловсруулах үйлдвэр барих гэрээг Токио хотод 1978 оны тавдугаар сарын 15-нд байгуулсан. Үүгээр үйлдвэрийг хатуу графикийн дагуу гурван жилийн хугацаанд барихаар тохирсон юм. "Говь”-ийг япончууд дайны төлбөрт барьж өгсөн гэдэг. Энэ нь ч үнэн. Гэхдээ гэрээ нь Японы Засгийн газраас олгосон буцалтгүй хөрөнгө гэсэн агуулгатай байлаа. Японоос хоёр мэргэжилтэн ирээд, барилгын улаан шугам, өндөржилтийг шалган, 1978 оны наймдугаар сарын 16-нд барилгын ажил эхэлж байлаа. Японоос мэргэжилтнүүд ирж зааварчилгаа өгөөд, манайхан барилгыг нь барьсан. Төр, засгаас ихээхэн анхаарч, бүхий л талаар дэмжсэн. Ингээд 1981 оны наймдугаар сарын 25 гэхэд үйлдвэрийг ажиллуулахад бэлэн болсон. Одоо "Говь” компани Монголын брэнд болчихсон нь үнэн шүү.

-Томоохон бүтээн байгуулалт болсон үйлдвэрээ сүр дуулиантай нээж байв уу?

-Одоо ийм үйлдвэр нээвэл сүйд болох байх. Тухайн үед нам жим нээлт болсон. "Говь”-ийн гуравдугаар давхарт ажилчдаа цуглуулаад, би үг хэлээд, үйлдвэр барих гэрээ байгуулсан хоёр байгууллагын төлөөлөл буюу "Комплекс төхөөрөмжийн импорт” нэгдлийн орлогч дарга Л.Рэнцэн-Очир, Японы "Иточү” пүүсийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа хариуцсан гүйцэтгэх захирал Т.Маеда нар тууз хайчлаад нээсэн. Сайд, дарга нар ирээгүй. Тухайн үед гэрэл зураг авч, дүрс бичлэг хийж баримтжуулсан. Орой нь "Улаанбаатар” зочид буудлын зургадугаар давхарт хүлээн авалт хийлээ. Мөн л нэг ч сайд, дарга ирээгүй. Харин Японоос ирсэн төлөөлөгчдийг Эдийн засгийн талаар харилцах хорооны дарга Д.Салдан хүлээн авч уулзаж, Өмнөговь руу аялуулсан. 

Үйлдвэрийн нээлтийн талаар "Үнэн” сонины 1981 оны есдүгээр сарын 5-ны дугаарын IV нүүрэнд мэдээ гаргасан байдаг юм. "Ашиглалтад хүлээн авав” гэсэн гарчиг тавиад "БНМАУ, Япон Улс хороонд эдийн засгийн талаар хамтран ажиллах хэлэлцээрийн дагуу Японы Засгийн газраас гаргасан хөрөнгийн оролцоотойгоор Улаанбаатар хотноо баригдаж байгаа ноосон сүлжмэлийн заводын технологийн шугамыг байнгын ашиглалтад хүлээн авлаа. Энэ талаар байгуулсан контрактаар хүлээсэн хоёр талын үүрэг биелсэн тухай Монголын "Комплекс төхөөрөмжийн импорт” нэгдэл, Японы "Иточү ко лимитед” пүүсийн төлөөлөгч өчигдөр гарын үсэг зурав. Уг заводын барилгыг Монголын тал бүхэлд нь барьж, Японы уг пүүс дээрх хөрөнгөөр зураг төсөл, технологийг нийлүүлж угсралцав” гэж бичсэнийг би хадгалж үлдсэн.

-Үйлдвэрийн нээлтэд дарга нар очоогүй нь ямар нэг учиртай байв уу?

-"Говь”-ийг манай дарга нар оросуудад хэлээгүй барьсан. Тэдний дарамт шахалтад байсан учраас мэдэгдэхийг хүсээгүй. Дарга нар ирээгүй нь үзэл суртлаас л шалтгаалсан хэрэг шүү дээ. Ер нь Монгол, Японы хамтын ажиллагаатай зүйлд дарга нар оролцдоггүй байлаа. Оросууд Японтой хамтарч үйлдвэр барьсныг хожим мэдсэн.

-Чихэнд хоногшсон болоод ч тэр үү, "Говь” гэсэн нэр их зохисон юм шиг санагддаг. Нэрийг нь хэрхэн сонгож байсан бэ?

-Нэрийг нь олон сольсон. Анх Ямааны ноолуур, тэмээний ноос боловсруулах үйлдвэр гэсэн нэртэй байлаа. Нэрийг нь товчлохоор "Янтэнбү” гэсэн утга гараад эвгүй байсан. Тэгэхээр нь санал оруулаад Ноолуур боловсруулах комбинат болгож өөрчлүүлсэн. Дараа нь ноосон эдлэлийн "Говь” пүүс, ноосон эдлэлийн "Говь” комбинат гэж өөрчилсөн. Одоо "Говь” хувьцаат компани болчихоод байна. П.Дамдин сайд үйлдвэрт нэр өгөх санал гаргах үүрэг бидэнд даалгалаа. Монголынхоо алдартай газруудын нэрийг жагсааж байгаад "Говь” гэж сонгосон юм. Гоё нэр шүү. "Говь”-ийн логог би зохиож байв. Зууван дугуй хэлбэртэй дүрс дотор нь "GOBI” гэж бичсэн байдаг даа. Тэр зууван дугуй хэлбэртэй дүрс бол нэхэх машины хөндлөн утас зөөгч эд анги юм. Оросоор челнок гэдэг. Утсыг маш хурдтай зөөдөг эд анги. Тиймээс хурдтай өсөн дэвжихийг бэлгэдэж тийм дүрсээр логог нь хийсэн.

-Таныг "Говь” компанийн дарга, захирлаар 16 жил ажилласан гэж сонссон.

-1978-1986, 1993-1996, 2000-2004 онд дарга, захирлаар нь ажилласан гэж тооцдог. Хэлтсийн даргын албатай давхар хашиж байсныг тооцвол нэмэгдэх байх. Энэ үйлдвэрийн үүсэл, хөгжилтэй миний амьдралын нэг хэсэг яах аргагүй холбоотой. "Говь”-ийг удирдаж байсан он жилүүдийн олон сайхан дурсамж бий. "Говь” компанийн захирлаар ажиллаж байхдаа буюу 2001 онд аж үйлдвэрийн Гавьяат ажилтан цолоор шагнуулж байлаа.

-Зах зээлд шилжих ороо бусгаа үед том үйлдвэр удирдахад бэрхшээлтэй байв уу?

-Зах зээлийн нийгэмд шилжсэний дараа ноолуурын үнэд өөрчлөлт ороод, түүхий эдээ бэлтгэхэд хүндрэлтэй болсон. Санхүү, мөнгөний эргэлт дутмаг байлаа. Бид дотоод, гадаадаас зээл авч, бэрхшээлийг давдаг байж. Гадаадын банк санхүүгийн байгууллагаас гурван удаагийн хүсэлтээр нийт 10 орчим сая ам.долларын зээл авч байсан. Гэхдээ зээлээ хугацааг нь хожимдуулж төлж үзээгүй. Худалдаа, хөгжлийн банк, "Чингис хаан” банкнаас нэлээд хэмжээний мөнгө зээлж байлаа. Манай банкуудын зээлийн хугацаа богино, хүү өндөр байдаг. Тиймээс дотоодын зээлээр түүхий эд бэлтгэх ихээхэн хүндрэлтэй. "Говь”-ийн захирлаар ажиллаж байхдаа сайн, муугаар олон хэлүүлсэн. Жилд олон удаа сонинд сайн, муугаар бичүүлдэг байв. Би улсын мөнгө идэхгүй, хулгай хийхгүй гэсэн зарчимтай ажилладаг хүн. Тийм зүйл хийхийг ч боддоггүй. Би өөрийнхөө бодлоор л ажиллах гээд байдаг дутагдалтай. Гэхдээ миний гаргасан шийдвэр ихэнхдээ зөв л байдаг. "Говь”-ийн захирлын албаа 2004 онд өгөөд, нэг жил тэндээ зөвлөх хийгээд тэтгэвэрт суусан.

-Тэгээд л бусдад зөвлөгөө өгдөг болсон уу?

-"Алтай кашмер”, "Эрдэнэт хивс”, "Говь-Эрдэнэ”, "Гурван сор”, "Сор”, "Кашмер консепт”, "Кашмер холдинг” гээд олон компанид технологийн зөвлөгөө өгчээ. Заримыг нь хэсэг хугацаанд удирдсан тохиолдол ч бий. Манай "Говь”-д ажиллаж байсан хүмүүс л тэдгээр компанийн ноён нуруу болдог. Яваад очихоор үйлдвэрт нь "Говь”-д ажиллаж байсан 1-2 хүн заавал байдаг юм. Үйлдвэртээ тоног төхөөрөмж авчраад суурилуулж болно. Түүнийг нь хүн л ажиллуулна. Тэгэхээр үйлдвэрлэл эрхлэхэд мэргэжилтэй хүний нөөц л чухал. Хүнээ л сургах шаардлагатай. Өөрөөсөө холдохгүй болтол сургах хэрэгтэй. Доороо өөрөөсөө чадалтай хүмүүс ажиллуулах хэрэгтэй. Тэр хүнээсээ өөрөө суралц. Би муу хүн байхгүй гэж боддог. Тиймээс хүнээс гэрэлтэй талыг харж урам хайрлах дуртай. Хүнтэй зөв харилцаж, бодол санаа, хүсэл мөрөөдлийг нь ойлгож дэмжих нь чухал.

-Ийм зарчмаар ажиллаж ирсэн хэрэг үү?

-Хүнийг магтахад буруудахгүй. Гэхдээ ийм зарчимтай гээд хүний толгойг нь илээд байдаггүй. Хугацаатай хатуу шаардлага тавьж ажилладаг. Шаардлага тавьж, арга хэмжээ авч болно. Гэхдээ хүний амьдралыг хохироож болохгүй. Цалингаас нь хасаж, ажлаас нь халж байхаар цохиод авсан нь дээр. Зарим үед хүнийг уучлах хэрэгтэй гэж боддог. Ажилчдынхаа нэрийг хэлээд мэндэлж байх хэрэгтэй. Хүний нэрийг хэлээд, мэндлэх дуртай.

-Үйлдвэрлэл эрхлэхэд мэргэжилтэй хүний нөөц чухал гэлээ. Гэтэл ноос, ноолуурын салбарт ажиллах мэргэжлийн ажилтан байхгүй болжээ гэж сонслоо. Энэ үнэн үү?

-Үнэн. Бодлогоор бэлтгэх хэрэгтэй байна. Хуучин техник, мэргэжлийн сургууль сайн мэргэжилтнүүд бэлтгэдэг байжээ. Манай компани Монгол, Солонгосын хамтарсан коллежоор дамжуулж хүний нөөцөө бэлтгэдэг. Компаниуд сургалтын цехтэй байх хэрэгтэй гэж боддог юм. Нэг айхатвар зүйл нь ноос, ноолууран эдлэлийн үйлдвэрт ажиллах хүн олдохоо больсон. Залуусыг сургаад ажиллуулж байтал яваад өгөх юм. Төр, засаг техник, мэргэжлийн сургалтад сайтар анхаарахгүй байна. Хөнгөн үйлдвэрт сайн сургасан ажилчин л чухал. "Кашмер консепт”-ын үйлдвэрийг ашиглалтад оруулах гэтэл ажиллах хүн олддоггүй ээ. Тэгэхээр нь "Говь”-д ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан нөхдөө дуудаж, машин баригчаар ажиллуулсан. Нөгөөдүүл нь туршлагатай учраас үйлдвэрлэл шууд эхэлсэн. Одоо тэднийгээ дагуулж, ажилчнаа сургаж байна. Одоо миний ажиллаж байгаа "Кашмер холдинг” компанид мэргэжилтэй ажилчин олдохгүй болохоор нь хорих 409 дүгээр ангитай хамтарч ажиллаж байгаа. Тэнд хоригдож буй хүмүүсийг сургаж мэргэшүүлэн ажиллаж байна. Үйлдвэрлэл хөгжүүлэхэд мэргэжлийн ажилчин онцгой ач холбогдолтой.

-Энэ салбарын өөр нэг тулгамдсан асуудлын талаар таны бодлыг сонсмоор санагдлаа. Ноос, ноолуурын салбар хөгжиж байгаа ч үйлдвэрүүдийн утас ээрэх хүчин чадал дутмаг. Ноос, ноолуураа бүгдийг нь биш юм гэхэд талыг нь утас болгочихвол илүү их эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж харагддаг. Утас ээрэх хүчин чадлаа нэмэх алхам яагаад хийдэггүй юм бол?

-Төр, засаг анхаарсан бол ээрэх хүчин чадлаа нэмэх боломж байсан. Ялангуяа Сү.Батболдын Засгийн газрын үед ийм боломж байсан гэж би боддог. Учир нь тухайн үед иргэдэд их хэмжээний мөнгө тараачихсан шүү дээ. Ноолуур боловсруулах технологид ээрэх хамгийн хэцүү нь. Шинжлэх ухааны оролцоо, ноу-хау ихтэй, ажилчнаас ур чадвар шаарддаг технологи. Тухайн өнгийн утсыг гаргаж авахын тулд ямар өнгөнүүд холих вэ гээд маш нарийн ажиллагаатай. Ноолуурыг будах ч их учиртай ажил. Өнгө мэдэрдэггүй хүн хийж чадах ажил биш. Олон жил дагнаж ажилласан хүн л өнгө мэдэрдэг болдог. Өнгийг маш сайн мэдэрдэг хүн цөөн байдаг юм даа. Би түрүүнд Японд сургалтад явсан тухайгаа дурдсан. Биднээр 10-аад өдөр ноолуур ялгуулсан. Хятад, монгол ноолуур гээд ялгуулна. Сүүлд нь нүд боож байгаад ноолуур ялгуулдаг болсон. Гарт нь мэдрэмж суулгах гээд байгаа нь тэр. Ноолуурын салбарт дагнаж ажилласнаас хойш юмыг барьж үзэж, мэдрэх гээд байдаг муу зантай боллоо. Одоо юмыг байнга барьж үзнэ.

Ноосон хувцастай хүний хажуугаар гарахдаа барьж үзээд өнгөрсөн удаатай. Ноолуурыг барьж үзээд л урт нь төд, микрон нь тэд, төдөн хувийн чийглэгтэй гээд шууд тодорхойлчихно. Ээрэх үйлдвэрлэл ийм л мэдрэмж шаарддаг. Би түрүүнд "Кашмер консепт” компанид зөвлөгөө өгснөө ярьсан. "Молекул” Б.Батбаяр ноолууран утас ээрэх компани байгуулсан нь тэр юм. Тэднийх ноолууран утсаа Өмнөд Солонгос, Хятадын лаборатори, Монголын ноос, ноолуурын эрдэм шинжилгээний институтээр шинжлүүлсэн. Сайн үр дүн гарсан. Тэднийх жилд 50-60 тонн ноолууран утас үйлдвэрлэх хүчин чадалтай. Энэ бол жижиг, дунд үйлдвэрлэлээ хөгжүүлэх нэг ахлам шүү. Бодлогоор дэмжээд ээрэх үйлдвэр хөгжүүлэх л хэрэгтэй. Хийж болохгүй юм гэж үгүй. "Говь”-д нарийн утас ээрэх шугамыг 1996 онд "Лоро пъяна” хамтраад байгуулж байлаа. Түүгээр гадаадынхны сонирхлыг татах бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Монгол Улс Хятад руу жилд 6000-7000 тонн угаасан ноолуур гаргаж байгаа. Би үүнд дургүй. Манайхан дөрөв, тавхан настай, аль нарийн ноолууртай ямаагаа нядлаад л байна. Түүхий эдийнхээ чанарыг хамгаалахаас эхлээд төрийн зохицуулалт шаардсан зүйл энэ салбарт олон бий.

-Таны төрсөн нутаг Төмөрбулаг сум эрчмийн хар гэж чанартай ноолууртай ямаагаараа алдартай. Ноолуураар алдартай нутгийн хүү нэг насаа ноолуур боловсруулах үйлдвэрлэлд зориулж яваа нь сонирхолтой давхцал ч юм шиг. Та ингэж бодож үзсэн үү?

-Тэгэлгүй яах вэ. Хамгийн нарийн микронтой сайн ноолууртай ямаа миний нутагт л байна. Төмөр булаг 15.2-15.8 микронтой ноолууртай 147 мянган хар ямаатай. Жилд 60-70 тонн ноолуур зах зээлд нийлүүлдэг. Бид Төмөрбулагт гадаадын хөрөнгө оруулалттай лаборатори байгуулахаар ажиллаж байна. Малчин хүн ямар чанарын ноолуур бэлтгэж байгаагаа мэдэх хэрэгтэй юм. Түүхий эдийн чанараа танивал зах зээлийн үнээ мэднэ гэсэн үг. Малчдын эдийн засгийн боловсролоор дамжуулж, малынх нь сайн омгийг хадгалуулах гэсэн алсын бодлоор ийм ажил хийж байна. Хамтрагчдаас шалтгаалаад лаборатори байгуулах ажил жаахан хойшилсон. Сүүлийн үед малчдад түүхий эдийнх нь чанарыг таниулах нь сайн ноолуур бэлтгэх нэг арга зам гэж бодоод байна.

 
Эх сурвалж:Unuudur.mn

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл
:

шогийн дэмпингийн хуулий батлаачээ

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex