энэ онд хог дахин боловсруулах 10 үйлдвэр ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ
Нийслэлчүүд жилд 1.4 сая тонн хог хаягдал үйлдвэрлэдэг. Гэвч 24 хувийг дахин боловсруулж, үлдсэн хэсгийг нь булж, шатаадаг байна. Уг нь 1.2 сая тонныг нь дахин боловсруулах боломжтой бөгөөд энэ тооны хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах нөөц байгаа юм. Энэ асуудлыг үе үеийн төр, засгийн төвшинд яригддаг ч хөрсөн дээрээ хэрэгжилгүй өнөөдрийг хүрлээ.
Үе үеийн хотын удирдлагууд "Хогоо мөнгө болгоё”, "Хөрсний бохирдлоос хотоо аваръя" гэх уриа лоозон төдийхнөөр 1.3 сая хүн амтай нийслэлийн эрүүл ахуйн асуудлыг хойш тавьж ирсэн н ь өнөөдрийн бодит үнэн. Үүнд иргэдийн хогоо ангилж хаях дадал суугаагүй, экологийн боловсролгүй зэрэг нөлөөлсөн бол нөгөө талаас тооцоо судалгаанд үндэслэн ул суурьтай ярих нь цөөн байлаа. Өнгөрсөн хугацаанд хэд хэдэн хог дахин боловсруулах төсөл хэрэгжсэн байдаг.
Тэдгээрээс төрөөс дэмжлэг авалгүй цаасан дээрээ үлдсэн нь байхад тооцоо судалгаагүй хийгдсэний улмаас тууз хайчилж, нээлт хийснээс хойш үйл ажиллагаагаа явуулалгүй муу жишээ болсон тохиолдол ч бий. Харин өнгөрсөн УИХ-аас Хог хаягдлын тухай хуулийг шинэчлэн баталсантай холбогдуулан хэд хэдэн төсөл яригдах болсон.
Тэдгээрийн нэг нь Баянзүрх дүүргийн XXIV хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагаандаваа, Сонгинохайрхан дүүргийн XXVI хорооны Нарангийн энгэр дэх хогийн цэг гэсэн хоёр байршилд хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрлэл технологийн "Эко парк” цогцолбор байгуулах төсөл юм.
Уг төслийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас санаачилсан бөгөөд хогийг ялган ангилан дахин боловсруулж, экспортод гаргах зорилт тавьж буй. Цогцолборт хаягдлыг гялгар уут, хуванцар, цаас, лааз, металл, шил гэх мэтээр ангилна. Дараа нь хэрэгцээгүй хог хаягдлаа дулааны станц руу оруулж, шатаан эрчим хүч үйлдвэрлэх гэнэ. Харин хэрэгцээт түүхий эдээ тус бүрийнх нь үйлдвэрт хүргэн боловсруулахаар төлөвлөжээ.
Төслийн санхүүжилтэд 246 тэрбум төгрөг шаардлагатай аж. Энэ талаар "Хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо”-ны удирдах зөвлөлийн гишүүн, "Эко парк Улаанбаатар” компанийн гүйцэтгэх захирал Д.Батжаргал ярихдаа "Бидэнд хог хаягдлыг дахин боловсруулдаг өмнөх жилүүдийн туршлага байна. Манайд хамгийн их хаягддаг хог бол хуванцар. Жилд 400 орчим мянга ширхэг хаягддаг гэж тооцоо гарсан.
Үүнийг өмнө нь урд хөрш экспортод гаргадаг байсан боловч БНХАУ-ын талаас импортын хориг тавьснаар бидэнд хаягдал хуванцар саваа дахин боловсруулах шаардлага тулгарч байна. Манай төслийн санхүүжилт ерөнхийдөө шийдэгдсэн гэж болно. Барилгын ажил эхлэхэд бэлэн болсон. Гэхдээ дэд бүтцийн асуудлыг цуг эхлүүлмээр байна. Паркын дэд бүтэц 2016, 2017 оны төсөвт суугаагүй. Харин хотын даргын мөрийн хөтөлбөрт 2020 гэхэд дэд бүтцийг байгуулна гэж тусгасан.
Үүнийг бид Хятадын талтай ярилцахаар болсон. Хэрэв шийдэлд хүрвэл 22 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж ирэх тооцоо байна. Хоёр байршлын дэд бүтцэд тус тус 10 гаруй саяыг зарцуулна. "Ногоон хөгжлийн сан’’-гийн Үйлдвэрийг дэмжих төслөөс бид 100 сая ам.долларын хөрөнгө оруулах гэрээ хийсэн байгаа. Гуравдугаар сарын 1-нээс зээлээ авна. Тэгэхээр манай төсөл ашигтай бөгөөд амьдрах чадвартай байх ёстой.
Хэрэв Хятадын талтай ярилцаад дэд бүтцийн 22 сая ам.доллараа авч чадахгүй бол Үйлдвэрийг дэмжих төслөөс орж буй 100 сая ам.доллараас 22 саяыг нь аваад дэд бүтцээ эхлүүлнэ гэж бодож байгаа. Тэгээд баригдаад дууссаны дараа Нийслэлийн Захирагчийн ажлын албатай тохиролцож мөнгөө шилжүүлж болох байх. Тэгэхгүй бол парк байгуулагдаад үйлдвэр ажиллаж эхлэхэд цахилгаангүй, замгүй байвал яах вэ. Өмнөх муу туршлагыг л давтана шүү дээ. Өнөөдөр манайх найман төрлийн хог хаягдлыг ангилан ялгаад, дахин боловсруулж байгаа.
Манай Хог хаягдлыг дахин боловсруулах нэгдсэн холбоонд 20 гаруй үйлдвэр байдаг. Тэд бүгд түрээсийн байранд үйлдвэрлэлээ явуулдаг. Цогцолбор байгуулснаар үйлдвэрүүд нэг дор байрлах юм. Иргэдийн хогийг ялгах үйлдвэрт авч ирж асгана. Тус үйлдвэрт ялгаад хуванцрыг нь нэг, барилгын хогийг нь нэг гэх мэт тус тусынх нь үйлдвэрт аваачиж дахин боловсруулна. Тэгэхээр тээврийн зардалд хэмнэлттэй болно гэж тооцсон.
Дээрээс нь улсад ч эдийн засгийн эргэлттэй. Нөгөө талдаа байгаль орчинд ээлтэй. Саяхан Японы хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрт очиж туршлага судаллаа. Тэднийх хогоо ангилж хаяад сурсан байна. Харин манайхан ахуйн болон барилгын хог хаягдлаа хамт хаядаг Ингэхээр ялгах үйлдвэрийн зардал нэмэгддэг” хэмээв.
Манай нийт хог хаягдлын 319 мянган тонн нь шил, 69 мянган тонн нь хуванцар, 304 мянган тонн нь хоол хүнсний, 134 мянган тонн нь хаягдал төмөр болон өнгөт металл, 104 мянган тонн нь цаас, 72 мянган тонн нь малын гаралтай, 86 мянган тонн аюултай хог хаягдал буюу цацрагийн хог хаягдал, 485 мянган тонн нь бусад булагдсан хог хаягдал байдаг аж. Үүнээс сая тонныг хөрсөндөө булдаг. Харин дээрх төслийн хүрээнд 800 мянгыг нь дахин боловсруулж үлдсэнг 200 мянган тонныг нь булах гэнэ.
Ингэснээр ландфилийн зардалд жилд зарцуулдаг хоёр тэрбум төгрөг нь тав дахин багасахаар тооцжээ. Манай хог хаягдлын дийлэнх нь хуванцар сав байдаг бөгөөд тэдгээрийг боловсруулах хоёр үйлдвэр барихаар төлөвлөсөн байна. Хуванцар савыг Зөөлөн хуванцар дахин боловсруулах, нийлэг утасны үйлдвэрт боловсруулж, утас хийж экспортод гаргахаар төлөвлөжээ. Мөн бидний өдөр тутамдаа хэрэглэдэг хуванцар таваг, шампуны түүхий эд болох хуванцар үрлийг хаягдлаар дахин боловсруулах үйлдвэрт хийх боломжтой гэнэ.
Төслийн хүрээнд нийт 26 боловсруулах үйлдвэр барих бөгөөд энэ онд 10-ыг нь ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Ирэх онд тав, 2020 он гэхэд 26 үйлдвэр бүрэн ашиглалтад ороод дууссан байх төлөвлөгөө гаргасан байна.
Энэ мэтээр нийт 56 барилга байгууламжаас бүрдэх аварга цогцолбор үйл ажиллагаагаа эхэлбэл, хаягдлаас тохижилтын бүтээгдэхүүн, цахилгаан, дулаан, дизель түлш, бор цаас, резинин эдлэл, хуванцар бэлдэц, барилгын материал зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж эдийн засгийн эргэлтэд оруулах төслийн гүйцэтгэх захирал төгсгөлд нь "Үнэндээ энэ ажлыг улсын мэдэлд өгсөн бол ажил хэрэг болохгүй. Аль нэг шатандаа ирээд гацах байсан. Хувийн хэвшил барих гэж зүтгэж буй тул үр дүнд хүрнэ” гэлээ.