Л.Сүх-Очир: Ах дүү, хамаатнуудаа ажилд авах нь ашиг сонирхлын зөрчил гэдгийг мэддэг ч алдаа гаргаж байна

0

Л.Сүх-Очир: Ах дүү, хамаатнуудаа ажилд авах нь ашиг сонирхлын зөрчил гэдгийг мэддэг ч алдаа гаргаж байна

 

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс 2019 оны 3 дугаар улиралд иргэдээс албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар хандсан 553 өргөдөл, гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн байна. Сүүлийн саруудад албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар хандсан гомдлын тоо илт нэмэгдсэнийг АТГ-аас мэдээлж байна. Энэ талаар АТГ-ын Хяналт шалгалтын албаны дарга, ахлах комиссар Л.Сүх-Очиртой ярилцлаа.

-АТГ-т ирж байгаа ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой өргөдөл гомдол илт өссөн гэлээ. Шалтгаан нь юу вэ. Авлига, ашиг сонирхлын гэмт хэрэг улам ихээр үйлдэгдэж байна гэсэн үг үү?

-АТГ-аас авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой өргөдөл гомдлыг шалгадаг. Иргэдээс энэ дагуу төрийн байгууллагын алба хаагч болон байгууллагатай нь холбоотой өргөдөл гомдлуудыг ирүүлдэг. 2019 оны хувьд хувьд энэ төрлийн өргөдөл гомдол ирэх нь нэмэгдсэн. Энэ нь хоёр хүчин зүйлтэй холбоотой. Нэгдүгээрт, АТГ-аас авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой өргөдөл гомдол хүлээж авах 110 гэсэн тусгай дугаарыг ажиллуулж эхэлсэн. Нөгөө талдаа иргэд авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой асуудал иргэдийн өдөр тутмын ажил амьдралд нь тулгардаг болчихсон учраас бухимддаг. Улмаар манайд гомдол гаргадаг. Жишээлбэл,  газрын асуудлыг нь шийдвэрлэхгүй удлаа. Цаана нь ашиг сонирхол байна. Надаас мөнгө нэхэж байна гэдэг. Одоо бол бухимдаад өнгөрөх биш АТГ-т мэдээлэл өгөх бүрэн боломжтой болсон. Тийм учраас өссөн гэж үзэж байна.

-Нийт хэчнээн өргөдөл гомдол ирсэн юм бэ. Тэдгээрээс хэдийг нь хянаж шалгаж шийдвэрлэсэн бэ?

-Энэ жилийн хувьд нийт 588 өргөдөл гомдол ирсэн. Эндээс 553 өргөдөл,  гомдлыг шийдвэрлэсэн. 37 албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар эрх бүхий субъектэд шаардлага хүргүүлж ажилласан. Мөн 50 орчим өргөдөл гомдол дээр зөвлөмж хүргүүлж шийдвэрлэсэн.

-37 албан тушаалтанд яг ямар хариуцлага тооцуулсан бэ. Үлдсэн 400-аад гомдлыг яасан юм бэ?

-37 албан тушаалтанд сануулах, цалингийн хувиар торгох, албан тушаалаас нь бууруулах, чөлөөлөх хүртэл арга хэмжээ авч байна. Үлдсэн өргөдөл гомдлуудын хувьд харьяаллын дагуу холбогдох газруудад шилжүүлсэн. Тодруулбал, манай харьяаллын бус өргөдөл гомдлууд биш байсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл,  өргөдөл гомдолд дурдагдсан албан тушаалтан уг асуудлыг шийдвэрлэх боломжтой, хариу өгчих боломжтой байвал тухайн асуудлыг холбогдох газруудад нь шилжүүлсэн гэж ойлгож болно. АТГ арга хэмжээ тооцохдоо гол нь биш. Тухайн иргэнийг сэтгэл ханамжтай байлгах талаас нь, өргөдлийг нь шийдвэрлэх тал дээр анхаарч ажиллаж байна.

-Тухайлбал, 37 албан тушаалтан ямар ямар ашиг сонирхлын зөрчил гаргасан юм бэ?

-Энгийн үгээр хэлэхэд, хувийн эрх ашиг нь хөндөгдөж байгаа асуудалд төрийн албан хаагчид алдаа, дутагдал гаргаж байна. Жишээлбэл,  Завхан аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Солонго гэж хүн нөхрийнхөө аж ахуй нэгжтэй гэрээ байгуулаад, дансанд нь мөнгө төгрөг шилжүүлсэн асуудал гаргасан. Ингэхдээ мэдэгдэл тайлбар, хориглолт хязгаарлалтыг баримталж ажиллах ёстой байсан. Гэтэл хэрэгжүүлж ажиллаагүй. "Завхан Азза” авто зам арчлалтын компанийн захирал Болдбаатар гэж хүн эгчийнхээ хүүхдийг ажилд авахын тулд нэг жилийн техник мэргэжлийн сургуульд компани, аж ахуй нэгжээс мөнгө гаргаад сургачихсан байгаа юм. Ингээд нөгөө хүүхдээ төгсөөд ирэнгүүт аж ахуй нэгждээ механикаар аваад ажиллуулчихсан. Ингээд цаана нь энэ ажлын байранд орох хүсэлтэй байсан 10 хүүхдээс сонголгүйгээр өөрийн хамаатнаа оруулсан нь хувийн ашиг сонирхлын зөрчил болсон. Мөн Хэнтий аймгийн Ханхэнтий цогцолбор сургуулийн захирал өөрийнхөө дүүгийн эхнэрийг ажилд авчихсан байх жишээтэй. Хөдөө орон нутагт  ах дүү,  хамаатан саднаа галчаар, жолоочоор, няраваар, туслах багшаар авдаг. Ах дүү нарын бөөгнөрөл үүсгэдэг байдал их байна. Энэ талаар өргөдөл гомдол түлхүү манайд ирдэг.

-Энэ дарга нарт ямар хариуцлага тооцуулсан юм бэ?

-Завханы алба хаагчдыг ажлаас нь чөлөөлсөн. Мөн Хэнтийн алба хаагчыг албан тушаал бууруулсан байна.

-Төрийн албан хаагчид ашиг сонирхлын зөрчил гаргаж байгаагаа мэдэхгүйгээр, хуулийн мэдлэг мэдээлэл дутмагаас зөрчил гаргаад байна уу. Эсвэл мэдсээр байж зөрчил гаргаж байна уу?

-Зарим нь ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргаад, бий болгоод байна гэдгээ ойлгодоггүй гэдэг юм уу. Зарим талдаа мэддэггүй. Заримдаа бүр санаатай үйлдэл ч гаргадаг. Миний дээр дурдсан жишээнүүд орон нутагт ихэвчлэн гарсан байна. Яагаад гэвэл орон нутаг жижиг учраас хэн ямар хамаатнаа ажилд авсан, ямар ашиг сонирхлын зөрчил гаргасан нь алган дээр тавьсан юм шиг ил харагддаг. Мэдээж хэн ч төрийн албанд ажиллаж болно. Гэхдээ хувийнхаа эрх ашгийг нийтийн эрх ашгаас илүү үзээд хөндөөд байгаа учраас хууль зөрччихөж байгаа юм. Дорж гэдэг хүн сургуульд  явах байтал өөрийнхөө дүүг чи яв гээд явуулж байгаа нь өөрөө ашиг сонирхлын зөрчил болж байна. Ийм давуу байдал үүсгээд байна. Тэр утгаараа ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой өргөдөл гомдлын дийлэнх нь орон нутгаас ирдэг. Авлига, ашиг сонирхлын хуулийнхаа дагуу бол иргэд, аж ахуй нэгж хаана ч байсан хууль зөрчсөн асуудал байх юм бол АТГ-т мэдээлэл өгөх үүрэгтэй.

 Эх сурвалж: Zaluu.mn

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.