эрлэг амьтан судлах, хамгаалах төвийн захирал, шувуу судлаач, доктор Б.Нямбаяр

Үндсэндээ манай байгууллага зэрлэг амьтдыг судлах, хамгаалах чиглэлээр эрдэм шинжилгээний ажил дагнан хийдэг. Монгол дахь байгаль орчны чиглэлээр ажилладаг ТББ-уудаас мэргэжлийн түвшинд хүрсэн, тэр дотроо шувуу судлалаар мэргэшсэн байгууллага гэж болно. Зөвхөн идлэг шонхорын талаар гаргасан судалгааны ажлыг яривал цаг их орох байх. Зөвхөн идлэг шонхортой холбоотой сэдвээр гадаадын хянан магадлалтай сэтгүүлд манай судлаачид 13-14 нийтлэл гаргасан байгаа. Дэлхий нийтээрээ эрдэм шинжилгээний ийм сэтгүүлд хэвлэгдсэн нийтлэлүүдийг судалгааны ажил гэж хүлээн зөвшөөрдөг жишигтэй.
Эхний хувилбараар нь улсын хэмжээнд шонхорын тооллого хийж тоо толгойг гаргах хэцүү. Манайд хааяагүй тархалттай, тоо толгойн хувьд ч бас тийм ховор шувуу биш л дээ. Манай улсад шонхор тоолох ажлууд нэлээн хэдэн удаа хийгдсэн. Гаргасан тоо нь асар их хэлбэлздэг. Дөрвөн мянгаас 13 мянгын хооронд янз бүрийн тоо гаргадаг. Зарим жил нь тооллогын мэдээнд улс төрийн нөлөө орсон тохиолдол ч бий. Ер нь идлэг шонхорын популяцийн тоо гаргах хэцүү. Энэ нь идлэг шонхорын тооллого хийж болохгүй гэж байгаа юм биш. Тоог нь гаргах хэцүү, гаргалаа ч тэр нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөх магадлал бага. Ер нь ямар ч зэрлэг амьтны тооллогыг олон улсад хүлээн зөвшөөрөгдөхөөр чанартай хийнэ гэдэг амаргүй. Ялангуяа идлэг шонхор шиг олон улс дамнасан худалдаа наймааны асуудлаар анхаарал татдаг, улс төрийн нөлөө ихтэй шувууг бид үнэн зөв тоолсон гэх хэцүү. Үнэнийг хэлэхэд манайхнаас мэдээлж байгаа тоог хүлээн зөвшөөрөх газар олдохгүй дээ. Харин хиймэл үүрний бүтээмжээр тухайн жил гаргах шонхорын тоог гаргахад асуудал хамаагүй ойлгомжтой бөгөөд хялбар байдаг. Учир нь судалгааны хөдөлшгүй баримт дээр үндэслэгддэг.
Тэдгээр хиймэл үүрийг 2010 оны өвөл хийж дуусахад, хойтон хавраас нь эхлээд шонхороос гадна шилийн сар, хон хэрээ, начин шонхор үүрлэж эхэлсэн. Хэдийгээр бид үүрлэж байгаа бүх шувуудыг бүртгэдэг ч зөвхөн идлэг шонхорын тоог л тогтмол гаргадаг. Хон хэрээ, начин шонхор, шилийн сар элбэг байдгийн зэрэгцээ тэгтлээ анхаарал татдаггүй. Хиймэл үүрэнд анхны жилдээ буюу 2011 онд 200 хос, 2012 онд 380, 2013 онд 568 хос, 2014 онд 766 гаруй хос шонхор үүрлэсэн.
Ховор шувуудын популяцийг хиймэл үүрний тусламжтайгаар үржлийг нь тэтгэж тоо толгойг өсгөдөг практик маш олон оронд бий. Манай оронд идлэг шонхорт хиймэл үүр барьж өгөх ажлыг 1998 онд АНУ-ын эрдэмтэн Дэвид Эллис гэдэг хүн хийж эхэлсэн байдаг. Түүнээс хойш хэд хэдэн байгууллага төсөл хэрэгжүүлэн тэр ажлыг сайжруулан ажилласан. Манай хиймэл үүрний төсөл мөн адил, гэхдээ шинжлэх ухааны судалгаа сайтай бодит үр дүнтэй ажил болж чадсан.
Ихэнхдээ идлэг шонхор, шилийн сар зэрэг махчин шувууд 15 кВ-ын шугамд цахилгаанд цохиулж, зарим тохиолдолд нисч явахдаа цахилгааны утас эсвэл шонг мөргөж үхдэг. Гол асуудал нь төмөр бетон цутгамал тулгууртай цахилгааны шонгуудын оройн бүтэц загварын алдаатай хийгдсэнээс энэ аюул нүүрлэж байна. Үүнийг засахаар БОАЖЯ-ны сайдын тушаалаар ажлын хэсэг гарсан. Энэ ажлын хэсэгт би орж ажиллаж байгаа. Энэ ажлын хүрээнд улсын хэмжээнд 6-15 кВ-ын дамжуулах шугамын стандарт гаргах, одоо байгаа шонгуудыг аюулгүй болгох хамгаалах хэрэгслийн загвар гаргахаар ажиллаж байна. Мөн энэ асуудлаар БОАЖЯ-тай хамтран эрчим хүчний дамжуулах, түгээх шугамынхантай 2013 онд үндэсний хэмжээний уулзалт хийсэн. Гадаад, дотоодын төрийн бус байгууллагуудтай санал солилцож, туршлага судалж байна. Энэ чиглэлээр олон ажил хийж ирсэн, тус бүрийнх нь тухай яривал дуусахгүй, тусдаа нэг том сэдэв болох байх.
Ер нь поошиг хэрэглэдэг нь бас учиртай л даа. Нэгдүгээрт поошиг нь удаан жилийн настай. Хоёрдугаарт барихад амархан, зардал бага гарна. Гуравдугаарт, идлэг шонхор, шилийн сар нь төмөр, мод, бетон бүтэц зэрэгт хамаагүй үүрлэдэг шувуу. Поошиг бол витафитийн жүүсний сав учраас ямар нэгэн хортой нөлөөгүй. Үйлдвэрээс нь шууд худалдаж аваад үүр хийсэн. Би түрүүнд хэлсэн, үүрний дөрвөн загварыг туршсан гэж. Дээр нь тэдэнд байгалийн үүр зөндөө байгаа. Тэгэхээр шонхорын үүр бол хүний сонголт биш. Бид загвар гаргаад шувуунд сонголтыг нь олгосон.
Сэтгэгдэл байхгүй байна.