Шонхор шувууг хамгаалах талаар хэлэлцлээ
БОАЖ-наас "Шонхор шувууны ёс зүй хорогдол, хорогдлын шалтгаан нөхцөл, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, тус яамны Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Д.Даваасамба, Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Х.Батжаргал, МУИС-ийн Шувуу судлалын нийгэмлэгийн доктор, профессор С.Гомбобаатар, Монголын зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн биологич Б.Батбаяр зэрэг эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн төлөөлөл болон иргэд оролцоо.
БОАЖ-ын сайд Д.Оюунхорол хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн хүмүүст талархал илэрхийлэв. Сайдын хэлснээр, шонхор шувууны зүй бус хорогдолд төр засгийг анхаарал хандуулах хүсэлт ард иргэдээс их ирж буй ажээ.
Тиймээс шонхор шувуу өндөр хүчдэлд цохиулж байгаа хорогдлыг бууруулахын тулд хийж хэрэгжүүлэх ажлаа тодорхойлж, нэг байр суурьт хүрэхээр хэлэлцүүлэг зохион байгуулсан юм.
Идлэг шонхрыг Монгол Улсын бахархалт шувуу болгон зарлаж тунхагласнаар экологийн үнэт шинжийг олон нийтэд таниулахад өндөр ач холбогдолтой болсон. Шонхор шувууны урт хугацааны тогтвортой хамгааллыг бий болгох, тоо толгойг өсгөх, түүнд нөлөөлж буй сөрөг нөлөөлийг бууруулах зорилгоор БОАЖЯ-наас санаачлан Засгийн газрын 2013 онд арилжааны зорилгоор гадаадад гаргахыг таван жилийн хугацаагаар хориглох тогтоол гаргасан. Өнөөдөр энэ тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байна. Булангийн орнууд болон Арабын өндөр дээд хэмжээний айлчлал хийж байгаа хүмүүст зориулж соёлын болон бэлгэдлийн зориулалтаар барих шийдвэр гарсан. Энэ шийдвэр мөн адил үйлчилж байгаа гэдгийг сайд Д.Оюунхорол онцоллоо.
Монголын зэрлэг амьтан судлах хамгаалах төвөөс 2006 оноос хойш идлэг шонхрын тоо толгойг өсгөх, зүй зохистой ашиглах гарцыг хайж судалгаа хийж байгаа аж. Судалгааны хүрээнд хиймэл үүр барин шонхор шувууны үржлийг дэмжиж байгаа талаар тус төвийн биологич Г.Батбаяр хэлсэн юм. Хиймэл үүр барьснаар олон тооны идлэг шонхрын ангаахай бойжиж нисдэг болсон гэнэ. Гэсэн ч сүүлийн жилүүдэд өндөр хүчдэлийн шугамд идлэг шонхор гэлтгүй махчин шувууд хүртэл үрэгдэх болсон тухай хэллээ. Зүй бусаар хоргодож байгаа нийт шувуудын 50-иас илүү хувь нь идлэг шонхор байгаа аж. Тиймээс өндөр хүчдэлийн асуудлыг нэн яаралтай шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.
Хэлэлцүүлгийн үеэр албаны хүний болон судлаачдын өгсөн мэдээллийг хүргэе.
БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Д.Даваасамба:
-Шонхор шувууг Монгол Улсын бахархалт шувуу болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор 2013 онд шонхор шувууг барих, гадаадад гаргахыг хориглосон Засгийн газрын тогтоол гарсан. Өнөөдөр ч энэ тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Гэхдээ Төрийн дээд өндөр хэмжээний албан ёсны айлчлалаар ирж байгаа булангийн орнуудын албан тушаалтнуудад цөөн тоогоор бэлэглэх журмаар шонхрыг барьж байна.
Барихгүй байна гэдэг өөрөө хамгаалалт мөн. Гэсэн хэдий боловч хууль бус үйлдэл гарч байна. Энэ асуудалд тагнуул, мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллага хяналт тавьж байгаа. Өнөөдрийн хэлэлцүүлгээр шонхор шувууны зүй бус хоргодлыг хэлэлцэж байна. Судалгаагаар жилдээ 4000 мянга орчим түүнээс дээш хэмжээний шувуу өндөр хүчдэлд цохиулан хоргодож байгааг тогтоосон. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг арга замыг хэлэлцэж байна. Зүй бус хоргодлоос урьдчилан сэргийлэхийн тулд 2015 онд БОАЖЯ болон Эрчим хүчний яамны сайдын тушаалаар хамтарсан ажлын хэсэг гарсан байсан ч тухайн үедээ байхгүй болсон. Одоо дахин сэргээн ажиллаж байна.
Ер нь бол өндөр хүчдэлийн шонгуудыг стандарттай болгоё, шувуу үргээдэг сэнс байрлуулах хэрэгтэй гэж үзэж байгаа.
Монголын зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн биологич Г.Батбаяр:
-БОАЖЯ-наас санаачлан шонхор шувууны зүй бус хоргодлын асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа нь цаг үеэ олсон ажил гэж бодож байна. Хэлэлцүүлгээс гарах үр дүн чухал. Манай байгууллагаас өнгөрсөн дөрөвдүгээр сард шонхор шувууны зүй бус хорогдлын асуудлаар судалгаа хийсэн. Манай орны хэмжээнд 4000 гаруй урт 15 кВт-ын шугам тавигдсан. Нэлээн том аюул байна гэсэн үг л дээ. Хамгаалахын тулд аюулгүй болгох хэрэгтэй, шинээр шугам тавихдаа хамгаалалт хийх шаардлагатай гэж үзэж байна. Стандарт боловсруулах шаардлагатай. Ямар төрлийн хамгаалах хэрэгсэл тавьбал урт хугацаанд байх вэ, ямар арга нь өртөг багатай байх вэ гэдгийг судалсан. Дэлхийн дахинд олон арга байдаг. Эдгээрээс хамгийн үр дүнтэй, хэмнэлттэй аргыг сонгох нь чухал.
МУИС-ийн Шувуу судлалын нийгэмлэгийн доктор, профессор С.Гомбобаатар:
-Манай орны идлэг шонхрын тоо, нөөцийн асуудлыг өнөөдрийн хэлэлцүүлэгт голчлон ярьлаа. Монгол Улсад хэчнээн шонхор шувуу байгааг хэн ч яг таг хэлж мэдэхгүй. 1998-2005 оны хооронд хийсэн судалгаагаар 6000-18000 шонхор шувуу байдаг гэсэн тоо бий. Энэ бол 11 жилийн өмнөх судалгаа. Шонхор шувууны тоо толгой болон тархацын судалгаагаар манай улс идлэг шонхрын үржлийн цөм газар болох нь тодорхой болсон. Өнөөдөр дэлхий ихэнх орнуудад энэ шувууны тоо эрс цөөрсөн. Монгол Улс үржлийн энэ популяциа алдах юм бол дэлхийн хэмжээнд идлэг шонхор цөөрөх хандлагатай болно. Тиймээс Монгол Улсын шийдвэрээс хамаарч дэлхийн идлэг шонхрын популяци хэрхэх вэ гэдэг нь хамаарна гэсэн үг. Энэ шувуу манай улсаас ч үүссэн байх боломжтой юм. Тийм ч учраас Үндэсний бахархалт шувуу болгосон байх.
Сэтгэгдэл байхгүй байна.