Над шиг дизайнерууд өндөр эрэлттэй байна

1


 

Хаа газрын дизайнерууд хачин этгээд улс байх нь гайхах зүйл биш. Чухамдаа хачин сонин, хар ярианы хэллэгээр бол шезотой байж гэмээнэ тэднээс хүн төрөлхтнийг хувцаслах артистик санаа орж ирдэг биз. Ариунаа Сури харин аядуу, намуухан ертөнцтэй. Ямар нэг изм, урсгал ярья гэж үзвэл түүнийг сюрреалист зураач гэж тодотгож болно. Нэг үгийн цаана нэг гүн ухаанлаг санаа агуулдаг монгол цус түүний судсаар лугшдаг учраас ч тэр байж болно, тэрбээр эв энгийн зүйлийг үл анзаарагдам деталь чимэглэлээр гүнзгий утга санаа бүхий загвар дизайн болгохыг чармайдаг. Угаасаа ч тэр ренессансын шүтэн бишрэгч, сюрреализмын үнэнч фанат. Саарал аязын "шикарный” dark өнгө төрхөнд дуртай цэл залуухан дизайнер бүсгүй эх орноосоо илүү Европт, тэр дундаа Германд нэр цуутай гэхээр өмнөөс нь талархах сэтгэл төрөх. Чанар, тансаг байдлаараа илүүрхсээр ирсэн "Мерседес Бенц”-д хүлээн зөвшөөрөгдөж, загварын долоо хоногоо хилийн чанадад, фэшнээрээ Азид алдартай Японд чухам тэр л хийж чадсан. Үүнээс илүү үнэлгээ, тодорхойлолт хэрэгтэй гэж үү. Тэр одоо эх орондоо үүрээ засаж, өөрийгөө тодорхойлж, тунхаглахаар зорьж байна. Түүнд бид амжилт хүсэх ёстой, түүнийг замыг ерөөх ёстой. Тэр л үүднээс  "Viva City”хотхонд "Ариунаа Сури” бутикээ нээгээд удаагүй байхад нь 


- Дизайнертай уулзмагцаа л 2015 оны моодны чиг хандлага, удахгүй айлчлах намрын трендийг асуумаар санагдлаа? 
- Сая би Европын таван улсын 10-аад хотоор яваад ирлээ. Тэнд миний анзаарснаар ялангуяа залуусын дунд 70-аад онд моодонд орж байсан хувцас, фэшн давамгайлж байна. Өнгөний хувьд 70-аад оныг бодвол арай dark талруугаа, бараан сааарал, хар өнгө голлож байна. Ихэнх хүмүүст бараан саарал гэхээр дүнсгэр, уйтгартай сэтгэгдэл юун түрүүн төрдөг. Харин ч сонирхолтой, ретро өнгө аястай харагдаж байна лээ. Манай залуусын хувцаслалт ч гэсэн ретро стиль рүү хэлбийгээд байгаа нь анзаарагдаж байгаа биз. Ер нь л ретро бараг моодны үг болчихлоо гэж болно. 
- Ер нь дэлхийн моодны ертөнц, хувцас загварын урлаг хаашаа явж байна вэ? 
Unique буюу цор ганц ертөнц бий болгохын тулд моодны фанатууд хичээдэг болчихсон юм уу даа.Зөвхөн хувцас дизайн гэлтгүй барилга, интерьер, экстерьер дизайнтай холбоотой бүх зүйлд энэ хамаатай. Материал дээрээ хүртэл маш удаан сууж, судалгаа хийсний үндсэн дээр хамгийн төгсийг нь гаргаж ирж байх жишээтэй. Маш их цаг зав, ач холбогдол өгдөг болчихлоо.Сая арав гаруй орны дизайнертай уулзаж, үзэл бодлоо солилцоход хүртэл ийм зүйл л анзаарагдсан. Тиймдээ ч миний типийн дизайнерууд өндөр эрэлттэй байна. Цорын ганц, дахин давтагдашгүй загвар хийдэг дизайнеруудыг хэрэглэгчид эрж хайж, мөнгөө төлдөг болж байна. Ийм төрлийн бутикууд ч олон болчихож. 
Би Германд арав гаруй жил болсны дараа эх орондоо ирээд сүүлийн хэдэн жил амьдарч, ажиллаж байгаа. Сүүлийн үед надад би ер нь зөв юм хийгээд байна уу, үгүй юу гэсэн асуултын тэмдэгтэйөдрүүд олон байсан. Саяны аялалын үр дүнд өөрийгөө зөв чиг рүү явж байгааг дахин мэдсэн. Сэтгэл хангалуун байгаа. 


-Моод гэж юу юм бэ? 
-Моод гэж донж юм. Алив юмны үл анзаарагдам, маш нарийн нэгэн зүйлийг олж, донж бий болгох нь моод үйлдвэрлэгчид бидний үүрэг. 
- Моод хөөх ямар шаардлага байдаг юм бэ? Бид моод хөөх ёстой юу? 
- Моод хөөх гэхээсээ илүү тренд дагах гэх нь илүү тохиромжтой. Өнгө, загвар, стиль сонирхож, сонгох явдал юм уу даа. Би хувьдаа тухайн хүний биеийн онцлогт тааруулж, тренд дагах эсэхийг зөвлөдөг. Энэ жил skinny өмд моодонд орчихсон байхад гэнэт өргөн өмдтэй гараад ирэх нь байна. Энэ бол сонголт. Ер нь ч тэгээд тренд тун чөлөөтэй болчихоод байна. Хүн бүрийн хүслээр сараар, долоо хоногоор 
өөрчлөгдөж байна. Харин моод гэхээсээ илүү өөрийн өвөрмөц ертөнцийг бий болгохыг хүсдэг хүмүүсийн хувьд дуртай нэгэн дизайнерынхаа бүтээлийг сонгож өмсөхийг чухалчилдаг. Хүний ходоод хогийн сав биш гэдэгтэй ижил өөрийгөө илэрхийлэх хувцас маань өмсөөд хаях эд биш өвөрмөц, ховор, үнэ цэнэтэй байвал гоё. 


- Та моод хөөгч мөн үү? 
- Өөрийнхөө хувьд бол моод хөөгч биш моод хийгч. 
- Стилийг өөрийн болгох хэмжээнд хүртэл хөгжиж, боловсорч чадаагүй хүмүүсийн аврагдах гарц нь моод юм гэж үзэгсэд бий. Ер нь ч моодонд цаламдуулж амьдарч буй олон хүн шүүмжлэл сонссоор ирж. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ? 
Моод гэдэг цаг үед баригддаг. Нэг хэсэг үед- моод нь дотроо олон ялгаатай байв ч ерөнхий дүр зургаараа ижилхэн. Бид нэг цаг үеийнх.
- Хувцас загвар, фэшн хэр өнгөлөг, сонирхолтой байх эсэх нь тухайн нийгмийн соёл, тухайн ард түмний 
амьдралын боломжоос ихээхэн хамааралтай байж ирсэн. Эртний монголчууд тун ч сонирхолтой, өнгөлөг хувцасладаг байсан гэж түүхчид  онцлох юм билээ. Харин өнөөдрийн монголчуудын хувцаслалт, фэшн ямар түвшинд байна гэж та боддог вэ? 
- Саяын наадмаар анх удаагаа  Ариунаа Сүригийн нүдээр наадамлаж, талбайгаар явж үзлээ. Хүн бүр хэр хэмжээндээ хамгийн гоё, сайхан хувцсаа өмсдөг үе. Гэр хорооллын, хөдөөний эсвэл чинээлэг айлын охид, бүгд л өөрөө өөрийнхөө сайхныг , ганганыг өмссөн байсан. Ерэн хувь нь, магадгүй 99 хувь нь эв энгийн, цэвэрхэн хувцаслаж. Энэ л сайхан ш дээ. Голж, шүүмжлэх ёстой ч зүйл биш. Тэр олон хүн дунд өдрийн од мэт ганган, хээнцэр ганц хоёр хүн явж байна. Зурагчдын нүдээр л гоё, сайхан харагддаг  болохоос нүдээ том нээгээд харвал бодит, реалист байдал ийм л байна. Хөгжиж байгаа. Цөөнхөө дагаж олонхи нь явдаг. Цөөнх ямар байна, масс тийшээ явдаг. Тиймээс цөөнхөө зөв хүмүүжүүлмээр байна. Гэхдээ цөөнхөөрөө дамжуулж олонхоо дарамталж хэзээ ч болохгүй.


- Тэгвэл таны сурч боловсрон, амьдралынхаа арваад жилийг өнгөрүүлсэн германчууд хувцас загвар, фэшн тал дээрээ ямар хүмүүс вэ? 
- Тун энгийн хүмүүс. Хэдэн үеэрээ дамжсан том үйлдвэрийн эзэн байсан ч нөгөө л жийнс, T-shirt-ээ өмсдөг. Гэхдээ магад маш олон жилийн түүхтэй жийнс байж болно. Түүнийг мэдэх нэг нь л мэднэ. Массаараа үнэтэй, чанартайг нь мэдэхгүй. Эмээ, өвөө нар биед эвтэйхэн, хөнгөхөн савхин куртка өмсөнө. Тэр нь дөрөв, таван мянган евроны үнэтэй байх жишээний. Товчхондоо хэрэглээнд ойр, биед эвтэйхэн,  чанартай хувцас өмсдөг хүмүүс. Гэхдээ сүүлийн үед Берлинстайл гэж гарч ирж, нэлээн хүч авч байгаа. 
Миний сонссоноор Берлин хотод жил бүр дэлхийн өнцөг булан бүрээс 400-аад артист очиж  суурьшиж байгаа гэнэ. Тэдэнд тааламжтай орчин тэнд байгаа учраас, тэдний үзэл санаа, хэв маяг тохироод байгаа учраас жил болгон 400 гаруй артист тэнд очиж байгаа гэсэн үг. Тэр хүмүүс бүгд өөр өөрийн ертөнц, хэв маягийг авч очиж байгаа. Тэдний хувцаслалт маш этгээд, өвөрмөц, cool. Өмссөн хувцсыг нь бараг ойлгож амжаагүй байхад зөрөөд өнгөрчих юм билээ. 
- Германд артистуудыг татах юу байдаг юм бэ? 
- Токио, Парис зэрэг загварын хотуудын хажууд Берлинд амьдралын өртөг бага. Хямд, бага төсвөөр амьдрах боломж гэдэг артистуудын хувьд чухал нөхцөл л дөө. Мөнгө төгрөгт нэг их санаа тавихгүйгээр, өөрсөддөө цаг зав гаргаж, тааваараа амьдрах дуртай байх нь артистуудын нэг нийтлэг онцлог. Энэ л Берлинд цуглах гол шалтгаан байж болох юм. Дээр нь Берлинд артистуудыг дэмждэг хөөрхөн, хөөрхөн бодлогууд байдаг. 


- Хувцас загварын түүхэнд Викторияагийн эрин чухал байр суурь эзэлдэг. Та дизайнерынхаа хувьд аль үеийн хувцас фэшнд илүү татагддаг бэ? 
- Надад Ренессансын эрин үе маш их таалагддаг. Дэндүү тултал нь хийж байсан үе. Готикийн үе барилга байшингийн сүр 
жавхлант байдал, малгайнышовгор орой зэрэг  этгээд, сонин байдлаараа таалагддаг. Орчин үеийн дизайнд хувирч, ууссан элемент, хэлбэр нь ч их. Гэхдээ их хар бараан байсан үе санагддаг. 
- Тэгвэл Ариунаа Сүригийн загварт дуртай ренессанс хэр их тусгалаа олдог бол? 
- Бараг үгүй шүү. Гэхдээ энэ талаар нэг юм бодож олж болно л доо. Коллекци бүр үндсэн сэдэвтэй байдаг. Нэг тийм коллекци гаргаж болох юм. Миний бүтээл болгон дээрээ барьж авч ажилладаг нэг зүйл бол сюрреалист үзэл. Шууд хараад ойлгодог биш гэх үү дээ. Энгийн нүдээр харахад магадгүй маш энгийн. Ухаж харвал өөр ойлголт төрөхөөр. 
- Сюрреалист дизайнер гэж болох нь?
- /инээв/ Бас аягүй гоё сонсогдож байна аа, яг үнэндээ. Энэ талаар бодож үзээгүй юм байна. 
- Mystery of inbetween. Энэ Ариунаа Суриг таних тэмдэг, ялгарах шошго гэж ойлгож болох уу?
- Би бараг арваад жил Европт амьдарч, хүмүүжлээ. Гэвч ямар ч зүйл хийсэн нөгөө нэг монгол үнэр, угшил байж л байдаг. Би аливааг цадаж, пологдтол нь хийхээс зайлсхийдэг. Хүн тэрнээс жижигхээн мэдрэмж аваад цааш шунах сэтгэл үлдээхийг хүсдэг. Амттай хоолыгцадтлаа идээгүй үед, дахин идэх сэтгэгдэл төрүүлдэг. Миний фэшн яг тийм. Бүх юмнаас үнэртээд, жижигхэн мэдрэгдээд дахин, дахин худалдаж авах, өмсөх сэтгэгдэл үлдээх нь Ариунаа Сүригийн зорилго. 
- Бутикээ нээсэнд баяр хүргэж, амжилт хүсье. Өнгө төрх, дотоод засал нь минималист гэмээр юм. Таны л вкус байх даа? 
- Тийм. Бидний загварт байнга ордог үелэмж давтамжаас ургуулж  бас элсний хөдөлгөөнийг ч илэрхийлж байгаа санаанаас үүссэн интерьер.” Вива Сити” хороололд урлан бүтик хоёр маань  хамт байрлаж байгаа.


- Хэр олон үйлчлүүлэгчтэй болж амжсан бэ? 
- Нэлээгдгүй их болж байгаа. Олны танил хүмүүс ч их ирдэг болсон.
- Эртний монголчууд их хээнцэр дэгжин хүмүүс байсан гэж ярьдаг. Тэндээс та хэр их санаа авдаг вэ?
- Арга билгийг хослуулах монгол ухаан, үгний цаана утга санаа байдаг монгол мөн чанар, энэ чинь өөрөө сюрреализм. Үүнийг л загвартаа тусгахыг хичээдэг. 
- Дэлхийн дэвжээнд дизайнерынхаа хувьд өрсөлдөж, хүлээн зөвшөөрөгдсөн таны хувьд хорь гаруйхан жилийнтүүхтэй, угаас имиж, үнэлгээ муутай Монголын загварын ертөнц яаж харагддаг бол? Би бодохдоо шүүмжлээд барахгүй өрөвдөм санагддаг байх гэж хараад байна л даа…  
- Ёстой л 20 гаруйхан жилийн түүхтэй л харагдаж байна даа /инээв/. Хаа ч байсан юм. Гэхдээ бид өөрсдийгөө голох биш, юмаа илүү төгөлдөржүүлж, илүү их цаг өгмөөр байна. Илүү нарийн мэдрэмж өгч ажилламаар байна. Энэ л их дутагдаж байгаа санагдах юм. Бүх л юмыг цагий нь тулгаж, бүх юмыг халтуурдаж, гялс манас хийх ер явцгүй. Тэр тусмаа манайх массаар үйлдвэрлэгч байж угаасаа чадахгүй. Хүн ам хэд билээ, бүх хятадуудыг оруулж ирж ажиллуулах юм уу. Тэгэхгүйгээс хойш, яаж ч хичээгээд 10 оёдолчин, цөөн хүн амтайгаа харьцах учраас цөөхөн, чанартай, этгээд бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь бидний олон улсын зах зээлд хүлээн зөвшөөрөгдөх гарц, боломж. 


Made in China, Made in India, Made in Turkey-тэй бид хэзээ ч өрсөлдөж чадахгүй. Made in Chinaшиг илүү гялс, илүү хямдхан, магадгүй илүү гял цал байвал уучлаарай, биднийг хэн ч тоож авахгүй. Made in Mongolia хэзээ ч хямдхан байж чадахгүй, хэзээ ч их байж чадахгүй, тэгэхээр Made in Italy шиг чанартай баймаар байна. 
Мэдээж хэрэг бид нар энэ олон гэр хорооллын хүмүүсийг дандаа Made in China-аар хувцаслаад байх юмуу? Яах ёстой юм. Энэ талаар би их зүйл бодож байгаа. Дотоодынхоо зах зээл дээр ч гэсэн тулсан л юм байх ёстой. Яваандаа хийнэ гэж төлөвлөсөн юм бий. Exclusive, Urban Jeans гээд дотоодын үйлдвэрлэгч брэндүүд гарч ирж байна.  H&M, Zara, Mango-гийн түвшний. Илүү мундаг болох байх. Цаг хэрэгтэй. 
-Та хувьдаа, эмэгтэй хүнийхээ хувьд ямар хувцасны улаан фен бэ?  
- Өдөр тутмын сонголт маань чөлөөтэй, биед эвтэйхэн хувцаснууд. Ихэнх тохиолдолд өөрийнхөө дуртай дизайнеруудын хувцсыг авч өмсөж байхсан гэж боддог. Бага сага авдаг л даа. Миний дуртай дизайнерын хувцас гэхээр айхтар үнэтэй. 
- Бусдаас ялгарахын тулд сармагчин шиг хувцасласан ч яадаг юм гэж та хэлж байлуу. Сармагчин бол алиа, марзан юм бүхний илэрхийлэл. Та сармагчин шиг хувцаслаж чаддаг уу? 


- Би яг үнэндээ тийм зоригтой хүн биш. Одоо жишээ нь Оскар дээр Бьёрк этгээд 
онин хун мун зүүчихсэн ирсэн. Өөрөө этгээд сонин ертөнцтэй,  төрх байдал, хөгжим уран бүтээлээрээ өөрийгөө тунхаглачихсан, дээр нь нөхөр нь ямар мундаг артист билээ, хун шиг хувцаслаад ирэхэд энэ одоо хэдэн он бэ, ямар алиалагч вэ гэж харагдахаар ч тэр бол Бьёрк шүү дээ. Хэвлэлүүд янз янзаар бичсэн. Минийхээр бол тийм байх нь амьдралыг сонирхолтой болгоно ш дээ. Би түүнийг харж тэгснээрээ баясаж, түүний амьдралыг ойлгохыг хүсч байна. 
- Ингэхэд Ариунаа Сүри гэдэг нэрний утга учир юу юм бэ? Шууд л Том Крузын охин, Холливудын алдартай бяцхан гүнжийн нэр санаанд буух юм? 
- Том Крузийн охины нэр чинь надаас сүүлд гарч ирсэн нэр шүү /инээв/. Би аль 2003 оноос хойш ийм нэрээр явж байна. Ариунаа гэдэг нь миний өөрийн нэр. Аавын нэр Сүрэнжав, ээж эрхлүүлэхдээ Сүри гэж дууддаг байсан. Тэндээс үүссэн нэр. Үүнээс илүү хувилбар олдоогүй. 
- Өөрийг чинь Германд боловсрол эзэмшсэн, эх орноосоо илүү хилийн чанадад алдар цуутай, "Мерседес Бенц”-ийн шоунд оролцдог монгол дизайнер гэхээс илүүг бид мэдэхгүй. Ариунаа Сүригийнх гэх ялгарам шошго юу юм бол?
- Энд тэнд тааралдаад байхгүй өөрсдийн гэсэн өнгө аястай Монгол Европ хувцасны хэв маягийг агуулсан.
- Харь улсад хүлээн зөвшөөрөгдөж, "Мерседес Бенц”-ийн шоунд оролцох хэмжээнд хүрэх таны давуу тал юу байсан бэ? 


- Европт сурсан явдал миний хувьд том завшаан байсан. Тэр том соёл дунд зөвхөн дүн авахын төлөө биш, сурч мэдэхийн төлөө маш их хичээж сурсан. Дараа нь загварын олон жилийн түүхтэй ордонд ажиллаж чадсанаараа ноу-хау олж мэдэж авсан. 
- Том дизайнерууд, том загварын орднууд моделоо өөрсдөө сонгож авдаг. Та тэр зарчмаар хандаад байх шиг. Моделиудаас хэнийг илүү таашааж, үнэлдэг вэ? 
- Тэгтлээ тэр энэ гэж онцолж ялгаад байдаггүй. Тухайн загвартаа таарсан модель гэж нэгойлголт бий. Ерөнхийдөө бол этгээд сонин нүүр царайтай хүмүүсийг хайж, харж явдаг. Кэйт Мосс нэг тийм өөрийн гэсэн өвөрмөц юмтай модель. Монголоос Мичидмаа гээд надтай хамт хоёр удаа "Мерседес Бенз”-ийн шоунд явсан бүсгүй бий. Илүү этгээд царайтай, жигд биетэй, бас өөрийн гэсэн юмтай, гол нь манай брэндийн онцлогийг товойлгож, харуулж чадахаар модель. Сая өөд болчихсон Сүбээдэй их мундаг модель байсан. Цэкү гэж одоо манай загварыг өмсдөг охин бий. 
- Ер нь загвар өмсөгч хүнд юу чухал байдаг юм бэ?
- Хувцас харуулж, үзүүлэх учраас биеэ эрүүл, чийрэг авч явах нь эн тэргүүний шалгуур. Булчин шөрмөс чанга байна гэдэг модель гоо сайхны чухал үзүүлэлт. Манайхны хувьд хэл усан дээрээ анхаармаар санагддаг. Хэлтэй болмоор байна, хөлтэй болмоор байна /инээв/. Дээр нь өмсөж буй загвараа ойлгож үзүүлэхэд мэдрэмж чухал. Секси хувцас өмсчихөө cool хувцас өмсчихсөн юм шиг аяглаж болохгүй. Эсвэл үндэсний, хүнд элемэнтийн хувцас өмсчихөөд хөнгөн манер үзүүлж болохгүй гэх мэт чухал зүйлс бий. 


- Дуртай дизайнер чинь хэн бэ?
-  Рик Овэнс, Хүсэяан Чалаяан, Ёжи Ямамото, Тод Лин гээд олон байна
- Ер нь өөрийн гэсэн өвөрмөц ертөнцтэйтийм хүмүүс. Манайхан бас нээх аймаар олон хүн мэддэггүй л юм байна лээ л дээ. LV энээ тэрээ гэдэг брэндүүд бол яахав дээ олон жил яваад ирчихсэн болохоор муулж болохгүй л дээ. Гэхдээ л одоо ерөнхийдөө бол масс брэнд болчихлоо ш дээ. 
- Магад амьдралын чинь хамгийн саруул, тунгалаг, гэгээн өдрүүд энэ жилүүдэд үргэлжилж байгаа байх. Би зөв таасан уу? 
- Нууцлаг, гоё асуулт байна /инээв/. Тиймээ.
- Хайрлаж дурлаж, хувийн амьдралдаа анхаарахад аль нас тохиромжтой гэж та боддог вэ? 
- Хүн хэдэн настайдаа ч бай дурлаж хайрлаж үзнээ гэдэг сайхан.  Хэзээ ч байсан эртдэхгүй бас оройтохгүй


- Таны нүдэнд дулаахан төрх дотооддоо зөөлөн, эелдэг, бусадтай нийцтэйэмэгтэй байх гэхээр юм. Гэвч нүд чинь гялалзаад, бас ч гэж хүчтэй эмоцитой индивудуаль бололтой. Хэр оновчтой тодорхойлолт байна?
- Нүдэндээ цогтой, цогтой /инээв/.Би ер нь их нийтэч, ямар ч завгүй байсан гэр бүлийнхэн, найзууддаа завгүй гэж хэлэх дургүй. Хүн хүсвэл цаг заавал олддог. Багаасаа бие даасан болохоор бүх юмыг зохицуулаад сурчихсан. 
- Ихэнх дизайнерууд шезотой ч гэмээр өвөрмөц хүмүүс байдаг. Энэ нь мэргэжлийн онцлогтой нь холбоотой юм болов уу эсвэл үндсэн өгөгдөл, хувь хүний мөн чанар нь угаас тийм байдаг юм болов уу? 
-Шезотой гэдэг нь өөрийнхөө ертөнцөд үнэнч байгаагийн шинж байх. Хүн тэгтлээ ертөнц рүүгээ орно гэдэг гоё. Миний хувьд мэдэхгүй ээ, бусдад тэгж харагддаг нь юу л бол. Гайгүй байх. Би юмыг арай өргөнөөр харж чаддаг болохоор өөрийнхөө ертөнцөд баригдахыг хүсдэггүй. Хүн болгоныг ойлгохыг хүсдэг. Энэ чинь тэр хүний л ертөнц шүү дээ гэж зөвтгөхийг хичээдэг. Өөрийнхөө ертөнц рүү оруулах гээд эсвэл үзэл бодлоо тулгах гэж улайрдаггүй. Тэгэхээр гайгүй. 
Шезотой гэгдэх хүртлээ тэр эрх чөлөөнд хүрхэд илүү их цаг хэрэгтэй байх. 


- Мэдрэмж гэж юу вэ? Тэр хэзээ ямар тохиолдолд хамгийн их хэрэгтэй байдаг бол?
- Мэдрэмж зөвхөн дизайнер ч биш бүх хүнд, бүх мэргэжилд хамаатай ойлголт. Мэдрэмжгүй хийсэн юм болгон дутуу, дулимаг байдаг. Мэдрэмжгүй хийсэн юм бүхэн худлаа байдаг. Хүнийг хайрлана гэдэг мэдрэмж. Мэдрэмж өндөртэй хүмүүс тэр хэрээрээ эмзэг байдаг. 
- Мэдрэмж тэгвэл төрмөл өгөдөл юм уу эсвэл түүнийг олж авдаг уу?
- Төрдөг ч байгаа байх олдмол ч байгаа байх. Янз бүр л байгаа. Хөгжүүлэх нь л чухал.
- Гоо сайхны идеал чинь юу вэ?
- Нүд. Хүний нүд ихийг хэлдэг.

Гранд сэтгүүл№66

Эх сурвалж;www.grandnews.mn
Ярилцсан М.Саян

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл