Нүхтийг үнэд хүргэх нь гэр хорооллыг барилгажуулахаас чухал уу?
Ханын материалд хотын захиргааг шилжүүлэх төлөвлөгөө өөрчлөгдөж, Яармагийн дэнж болон хувирав. Хамгийн ноцтой нь хотын экс дарга Э.Бат-Үүлийн мэдэгдлээр бол эрх мэдэлтнүүд Нүхтийн газрыг үнэд хүргэхийн тулд ийм алхам хийжээ. Энэ үнэн бол харамсалтай.
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдөд ч, хотын даргад ч Нүхтийн газрыг үнэд хүргэхээс илүүтэй гэр хорооллоо барилгажуулж, утаа, хөрсний бохирдлоо бууруулах нь нэн тэргүүнд хийх ёстой ажил. Улаанбаатар хотын гэр хороололд өнөөдөр 220 мянган өрх бий. Тэр бүгд орон сууцанд орох хүсэлтэй ч банкны шаардлага хангадаггүй тул газраа байраар солихоос өөр сонголт байдаггүй.
Барилгын компаниудын хэдэн зуугаар нь барьсан орон сууцууд өнөөдрийг хүртэл борлогдоогүй, эзнээ хүлээн байгаа нь ипотекийн зээлд хамрагдах боломжтой хэсэг дууссаны нотолгоо. Гэтэл хотынхон яндангийн тоог бууруулахын төлөө бус эсрэг нь ажиллаж байна гэж тодорхойлж болохоор байна. Уг нь хөгжилд хүрсэн улс орнууд хамгийн асуудалтай хэсэгт тодорхой бодлого боловсруулж, ажилласнаар үр дүнд хүрсэн жишээ олон бий. Тухайлбал, БНСУ-ын Сөүл хотын Ганнам дүүрэг 50-иад жилийн өмнө хамгийн их ядуус амьдардаг, дэд бүтэц хөгжөөгүй, асуудалтай дүүргийн нэг байсан ч засаг захиргаа нь иргэдээс газрыг нь үнэ тохирч худалдан авснаар өнөөдөр дэлхийд гайхагдсан дүүрэг болж, хөгжсөн юм. Э.Бат-Үүл ба түүний багийнханы гаргасан хотын захиргааг Ханын материалд шилжүүлэх шийдвэр нь Сонгинохайрхан дүүргийн агаар, хөрсний бохирдлыг шийдээд зогсохгүй хотын төв хэсэг болгон хөгжих бололцоог л бий болгоход чиглэж байв.
Иймээс ч тухайн үедээ дээрх шийдвэр гэр хорооллын мянга, мянган иргэдийн талархлыг хүлээсэн. Харамсалтай нь, шийдвэр цуцлагдсанаар зөвхөн дээрх дүүргээр хязгаарлахгүй Улаанбаатар хот өнөөх л утаа, агаарын бохирдолтойгоо хэдэн арван жилээр зууралдах нь тодорхой болж байна.
Харин энэ хооронд хэчнээн мянган иргэн эрүүл мэндээрээ хохирч, төлөөсийг нь төлөх вэ хотын дарга аа. Нүхтийн газрыг үнэд хүргэхийн тулд хот маркетингийн дэмжлэг үзүүлэх гэж байна гэж хотын экс дарга Э.Бат-Үүл мэдэгджээ. Нүхтэд жирийн иргэн газар өмчлөх нь байтугай эзэмших эрх ч хязгаарлагдмал. Гол төлөв эрх мэдэлтэй дарга, мөнгөтэй бизнсмэнүүд үнэ цохиж, газрыг нь авсан тухай дуулддаг. Харин одоо хотын захиргааг Яармагт байршуулах нэрээр зөвхөн Нүхтийн газрыг үнэ хүргэхийн төлөө ажиллаж байгаа бол эргээд хариуцлага яригдах болов уу. Тендер зарлагдалгүй зарим ажил эхэлсэн тухай дуулиан ч дэгдэж байна. Энэ бүхэнд хот тодорхой тайлбар хийхгүй бол утаандаа хордож суугаа иргэд тэмцэхэд бэлэн л байна шүү.