Хотын захиргаа Яармаг руу нүүчихээр Туулыг яаж “гатлах” вэ, Су.Батболд дарга аа
Нийслэлийн төр, захиргааны байгууллага буюу НЗДТГ, нийслэлийн харьяа 33 агентлаг, нийслэлийн өмчит газруудыг Яармаг руу нүүлгэх гэж байна.
Яг одоо Хотын дарга Су.Батболд Хан-Уул дүүргийн 4, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт бий болгох хотын шинэ төвд нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг шилжүүлэн байршуулах судалгаа төлөвлөлтийг хийж, барилгажилтын төсөл боловсруулж байгаа юм байна.
Энэ талаар нийслэлийн удирдлагууд "…Давхар гүүрэн гарц ашиглалтад орвол ямар ч огтлолцолгүй автозамын урсгал үүснэ. Нийтийн тээврээр үйлчлүүлэх чиглэлийг иргэд рүүгээ хандуулах, төрийн үйлчилгээг авахдаа түргэн шуурхай хороон дээрээсээ авах боломжийг бүрдүүлэх зэрэг олон төсөл хэрэгжиж байгаа учраас шинэ Яармаг төвд ачаалал үүсэхгүйгээс гадна автозамын ачаалал ч нэмэгдэхгүй гэж бид үзэж байгаа. Энэхүү ажил нь судалгаа болон улс, нийслэлээс хийж буй хөрөнгө оруулалтын урсгалд үндэслээд явагдаж байна. Бага тойруу доторх хэт төвлөрөл бол баруун урагш гарах төвлөрлөөс илүү байдаг. Иргэд Бага тойрууд автомашинаа байршуулах газар олдохгүйгээс болж төрийн албан хаагчтай уулзаж үйлчилгээ авахаасаа өмнө маш их бухимддаг. Ингээд төрийн албан хаагчтай харилцаж, тэдний дунд зөрчил үүсэх нь ч цөөнгүй байдаг. Яармаг руу босоо удирдлагатай байгууллагаас бусад нь нүүх болно” гэж ярьж байна. Гэвч энэ нь бодит байдалд хэр зэрэг нийцэх бол гэдгийг бодох учиртай юм.
Зүгээр л хар ухаанаар бодоод үз дээ. Хотын захиргаа Яармаг руу нүүчихлээ. Хотын захиргааг зорьсон хүмүүс Туулын гүүрээр л зүтгэнэ. Шинэ гүүрэн гарц, Богд уулын арын зам хоёр бас нэг гарц болно. Гэвч энэ гурван гарц бүхэл бүтэн Хотын захиргааг зорьсон цувааг нэвтрүүлж дөнгөх үү гэдэг асуулт гарч ирнэ.
Хотын дарга нарын яриад байгааг харахад дээрх гурван замаар Яармаг руу очих урсгалыг зөвхөн өөрсдөөрөө үйлчлүүлэх хүмүүс гэж хараад байх шиг байна. Гэтэл Яармаг, Нисэх, Биокомбинат, Нүхтэд амьдардаг хүмүүс энэ замуудаар явна. Бас хотоос аймгууд руу гарах автомшинууд ч дамжина. Ингэхээр тэнд юу болох нь бараг л тодорхой гэсэн үг.
Уг нь ингэж механик түгжрэл үүсгэхгүйгээр асуудлыг шийдвэрлэх гарц байгаа юм. Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө гэж бий. Тэр төлөвлөгөөнд "…Нисэхийн шинэ хот, Сонсголон, Гурвалжин, Баянхошуу, Сэлбэ, Амгалан зургаан дэд төвийг шинээр байгуулна” гээд тусгачихсан. Хэрэв энэ зургаан дэд төвийг байгуулж чадвал дүүрэг дүүргээрээ нэр дурдсан дэд төвүүд рүү явж, одоогийн Хотын захиргаа хүний хөлд дарагдахаа болих юм. Дэд төв байгуулах зардал чирэгдэл нь ч хамаагүй бага гэдгийг эх сурвалжууд бас хэлж байна.
Хэрэв энэ төлөвлөгөөг дагадаггүй юм гэхэд Э.Бат-Үүлийн үед шийдэж байсан Хотын захиргааг Баянхошуу руу нүүлгэх ажлыг үргэлжлүүлж болох л байсан. 2013 оны зургадугаар сард Сонгинохайрхан дүүргийн VI хорооны нутагт есөн га газарт Хотын захиргааны шинэ цогцолборын шавыг тавьж байсан юм. Гэвч Монгол төрийн залгамж халаа нэгэнт алдагдчихсан энэ цаг үед Э.Бат-Үүлийн ажлыг үргэлжлүүлэхгүй гэхдээ Хотын захиргааг хаа байсан Яармаг руу шилжүүлэхээр болсон гэчихэд хэтийдэхгүй юм. Шалтгаан нь иймхэн юм.
Харин ингээд Хотын захиргааг Яармаг руу нүүлгэчихээр нийслэлийн иргэд бид чинь Туулыг яаж "гатлах” вэ гэдгийг Су.Батболд даргаас асуух хэрэгтэй болоод байна. Хариулт хүлээе.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Б.ДАМДИН-ОЧИР
Сэтгэгдэл байхгүй байна.