Аравдугаар Богдтой нэг өдөр төрсөн алдартнууд хэн бэ?
Монголын Бурханы шашны тэргүүн, Аравдугаар Богд Жавзандамба хутагтын төрсөн өдөр өчигдөр тохиов. Тэрбээр XVII жарны хөхөгчин хонин жилийн хаврын адаг сарын шинийн 15-нд АНУ-ын Вашингтон хотод мэндэлсэн бөгөөд энэ нь аргын тооллын 2015 оны тавдугаар сарын 4-ний өдөр юм. Дэлхий дахинд өнгөрсөн болон энэ XXI зуунд түүнтэй нэг өдөр мэндэлсэн алдартай хүмүүсийн талаар товч танилцуулъя.
- Японы мэргэжлийн сүмо бөхийн 39 дэх ёкозүна Маэдаяма 1914 оны энэ өдөр төржээ. Тэрбээр мэргэжлийн сүмод 15 настайдаа элсэж, 18 жилийн дараа буюу 1947 онд ёкозүна цол хүртсэн байна. Улмаар аварга цолтойгоор зургаан башёд барилдаад зодог тайлсан бөгөөд Такасаго дэвжээний дөрөв дэх эзэн болсон юм. Хожим энэ дэвжээнээс гурван ёкозүна төрсөн нь Азүмафүжи (40), Асашёо (46), Асашёорюү (68) нар билээ.
- Египет улсын дөрөв дэх ерөнхийлөгч Хосни Мубарак 1928 оны энэ өдөр мэндэлжээ. Цэргийн чадварлаг нисгэгч тэрбээр олон дайн, байлдаанд оролцож гавьяа байгуулан 44 настайдаа Египетийн цэргийн нисэх хүчний командлагч болж, маршал цолд хүрсэн бөгөөд 1981 онд ерөнхийлөгч Анвар Садатыг алагдсаны дараа төрийн тэргүүн болсон юм. 30 жилийн ноёрхлын дараа улс орон даяар өрнөсөн эсэргүүцэл, цэргийнхний шахалтаар албан тушаалаа буусан Х.Мубарак 2020 онд 92 настайдаа нас баржээ.
- Холливүүдийн алтан үеийн хамгийн алдартай жүжигчний нэг Одри Хэпбёрн 1929 оны энэ өдөр Бельгийн Брюссэльд Английн язгууртны гэрт төржээ. 1951 онд Бродвэйн мюзиклд тоглож олны анхааралд өртсөн тэрбээр Хэмфри Богарт, Билли Уайлдер, Шон Коннери, Грэгори Пэк нарын алдартай найруулагч, жүжигчидтай хамтран ажиллаж "Оскар”, "Тони”, "Грэмми”, ”BAFTA”, ”Алтан бөмбөрцөг” зэрэг олон шагналын эзэн болсон юм. О.Хэпбёрн амьдралынхаа 30 гаруй жилд UNICEF байгууллагатай хамтран ажиллаж дэлхийн олон арван оронд хүмүүнлэг, буяны үйлс өрнүүлэхэд тууштай зүтгэсэн билээ.
- Орчин цагийн Израилийн хамгийн алдартай зохиолчдын нэг Амос Оз 1939 оны энэ өдөр төржээ. Астуриасын шагнал, Франц Кафкагийн шагнал, Гётэгийн шагнал зэрэг утга зохиолын салбарын хамгийн нэр хүндтэй шагналуудын эзэн тэрбээр 40 гаруй зохиол бичсэн бөгөөд зохиолууд нь дэлхийн 46 хэлээр орчуулагдсан байна. А.Оз Израиль, Палестины асуудлыг энхийн замаар шийдвэрлэхийн төлөө үзэлтэн байж, зохиол бүтээл, дуу хоолойгоо энэ үйлсийн төлөө тууштай зориулсаар ирсэн хүн юм.
- Испанийн хөлбөмбөгчин Сеск Фабрегас 1987 оны энэ өдөр төржээ. Тэрбээр 19 настайдаа Испанийн үндэсний шигшээ багт элсэж 2010 онд дэлхийн аварга, 2008, 2014 онд Европын аварга болж байснаас гадна "Барселона”, "Арсенал”, "Чэлси”, "Монако” клубуудэд амжилттай тоглож байв. Карьерынхаа туршид С.Фабрегас 848 тоглолтод оролцож, 140 гоол оруулжээ.
Гэрэл зургийн эх сурвалж: www.mn.wikipedia.org
Сэтгэгдэл байхгүй байна.