Урианхай хэмээх уул

0

Дамдинсүрэнгийн Урианхай. Энэ хоёр нэрийг хэлэхэд л болох гэнэ.

Учир нь Урианхай гуай нэрнийхээ өмнө өөр ямар нэг өмсгөл зүүх дургүй гэдгээ учирлав. Яруу найрагч, зохиолч, философич, ийм тийм шагналын алийг нь ч энэ хүн нэрийнхээ өмнө бичихийг зөвшөөрсөнгүй. "Тэнгэр хүртэл жавар хааж нөмөрлөдөг энэ орчлонд” Дамдинсүрэн гэх нэр өөрийнх нь нэрний өмнө аль нэг хэвлэлийн хуудас, сонин сэтгүүлд бүтнээрээ бичигдэхээс өөр дулаан зүйл үгүй гэнэ.

Дээрх яриа нэгэн арга хэмжээний үеэр Д.Урианхай ахтай танилцах зуур өрнөсөн юм. Гэрт нь очиж ярилцах зөвшөөрөл өгчихөөд явахынхаа өмнө "Би "Open door” сонинг их уншдаг. Чиний бичсэн зүйлсийг ч харсан. Чадвал шинэ дугаараасаа нэгийг аваад ирээрэй” гэв. Би Д.Урианхай ахынд дөрвөн ч удаа зочилсон юм. "Open door” сонины сүүлийн гурван долоо хоногийн дугаараас хэдийг авч сугавчилаад, пальтоныхоо халаасанд шүлгийн түүвэр, "Зүүд ба улаан нулимс” номыг нь хийчихээд Ханддорж вангийн өргөөний ард орших хуучин дөрвөн давхар, цагаан байшингуудыг зорин алхав.

Аргентиний суут зохиолч Борхес номын санг диваажинтай зүйрлэдэг билээ. Би Д.Урианхай ахын диваажин болсон номын өргөөнд суугаад дахиж эргэхгүйгээр өөр дотор хадгалаастай бүхий асуултандаа хариулт авахаар зориглон суув.

Гаргаад биччихэж болдоггүй цээжинд хадгалаатай явдаг уран бүтээл зохиолч болгоны дотор байдаг тухай уншиж байсан юм. Танд тийм зохиол байдаг уу?

Болдоггүй ч юу байхав дээ, болдоггүйгээсээ илүү чаддаггүйн хяслан дийлсэн санаанууд их байна. Болдоггүйн тухайд бол Монгол Улсын хэвлэлийн хуулиар хориотой, Төрийн эсрэг үзэлтэй, садар самууныг сурталчилсан зохиолууд бичиж уншигч олонд хүргэж болохгүй л дээ. Харин бичиж чадахгүй байгаа, амжиж завдахгүй ядаж суугаа том зохиол бол надад ганц хоёр бий. "Учрахуй, Хагацахуй” туульсийн том романаа амжуулж чадахгүй л явна.

Өнөө олон ботиос бүрдэх учиртай роман уу?

Тийм ээ. Уг нь энэ роман таван том ботиос бүрдэх учиртай юм. Одоогоор зөвхөн "Анирт талын татах хүч” гэдэг ганц л боть бичигдсэн. Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч С. Дашдооров гуайн редакторласнаар хэвлэгдсэн нь бий. Уг романы тухай эрдэмтэн зохиолч Ш.Гаадамба гуай надтай гудамжинд санаандгүй тааралдаад хэлэхдээ "Зориуд цаг гаргаж, их хичээж, их зүдэрч уншиж дуусгалаа” гэж хэлээд хөхөрч байсан санагдана. Учир нь шууд уншихад төвөгтэй, нуршуу, дэндүү олон давхар давхар хавсарсан нийлмэл өгүүлбэртэй гэж шүүмжлээд, хойноос нь шүүмжлэлээ цайруулж нэг сонин үг хэлсэн.

Юу юм бол оо?

Юу гэвэл "Анирт талын татах хүч” бол "Учрахуй, Хагацахуй” романы дэд боть юм. Тиймээс 1970 оны эхээр хэвлэгдсэн "Таны шинэ танил” тууж яваандаа тэргүүн боть нь болох юм гэж хэлсэн.

Л.Түдэв гуайн редакторлаж гаргасан тууж уу?

Тийм. Хүн бүхнийг мэдлэгээрээ зоддог Л.Түдэв багш редакторласан тулдаа л "Главлит”-руу хэд хэд дуудагдсан ч утга агуулгын шинийг нь тайлбарлаж, удтал тэмцэж байж арайчүү "Хэвлэл, утга зохиол хянах газар”-ын давааг давуулсан. Хэвлэгдэж гарсан даруйдаа манай утга зохиолын судлаач, шүүмжлэгчдийн "жавтий”-г хүртэж эхэлсэн дээ.

Та өөрөө ч бас алдаа мадаг ихтэй зохиол гэж ам нээсэн санагдана…

Хэл найруулгын туршлага нимгэн, туульсийн зохиолын төрөл хэлбэр рүү дөнгөж хөл тавьж буй залуу зохиолчийн бүтээл болсон нь үнэнийг би дотроо ойлгосон. Шүүмжлэгчид туужийн минь дутагдлыг зөв олж харсанд би баярладаг. Тиймээс дахин шинээр боловсруулж бичих шаардлагатай байгаа. Тэгээд "Учрахуй, Хагацахуй” романы тэргүүн боть болгоно. Дэд боть нь "Анирт талын татах хүч”, гутгаар боть нь "Үгүй”-н зай”, дөтгөөр боть нь "Үнэний зөн”, тавдугаар боть нь "Амьдралын метаморфоз” гэдэг нэртэй байх юм. Нас хэрэв гүйцвэл эдгээр цуврал романуудыг бичиж өндөрлөөд мордвол их л сайнсан даа.

Аливаа нэг бүтээл өөгүй тэгшхэн замаар хурдалж байгаад гэнэт гацчихдаг. Зохиолч өөрөө бүтээлийнхээ өмнө хүчин мөхөсддөг. Ийм зүйл танд хэр их тохиолдож байсан бэ?

Зөндөө тохиолдсон. Бараг бүх зохиол дээр гэж хэлсэн ч даруу зан гаргасан болохгүй. Ер нь их, бага юу ч бичсэн анх таталсан хувилбар минь дор хаяж дөрвөөс таван удаа засварлагдаж, хуулагдаж "гацаа”-наас суллах алх, дөшинд балбуулна шүү дээ. Яахав дээ, өөрийгөө магтмар аядахад би огт шантардаггүй хүн. Амьдрал минь бүхэлдээ бичих үйлд чиглэгдсэн болохоор үйлээ бүрэн эдэлдэг дээ. Тэгээд ч бүтээлдээ засвар хийх нь мөхөсдөл бус ялалт юм.

Уран бүтээлээс тань ихэвчлэн харуусал, давж гарахааргүй их хагацлын гашуун амтагддаг. Энэ магадгүй таны амьдралын замтай салшгүй холбоотой байх…?

Миний яруу найраг, үргэлжилсэн үгийн том, бэсрэг бүтээлүүд, элдэв "изм”-ийн жүжгүүд, философи сэтгэмжит өгүүлэл, трактатуудад байнга зууралдсан харуусал, гашуун амтат пессимизм бий нь үнэн. Энэ нь миний хувийн амьдралтай холбоотойгоосоо илүү Монголын нийгмийн амьдралын бусармаг шинж чанартай, үйл явцуудын буруутай холбоотой оюун санааны дотоод үзэгдлүүдийн тусгал шүү дээ.

ХАГАЦЛЫН ЗӨВТГӨЛ

Д.Урианхай гуай энэ үед ярианыхаа төгсгөлд нэгэн шүлгийн мөрийг уншиж, эхнэрээ дурсан ярихад нүд нь дорхноо чийгтээд ирсэн билээ. Тэгээд надаас дуу хураагчаа унтраахыг хүссэн юм. Би ч ёсоор болгов.

Хүнд бусдад дэлгээд харуулчихаж болохгүй, алган дээр нь зүгээр тавиад өгчихөмгүй олон нууцууд байдаг. Ёс зүйн үүднээс ч гэсэн тэр халдаж боломгүй зүйлсийн тухай бид ярилцав. Гол нь түүний улс төрийн үзэл бодол, хандлага нь чин зүрхний зовнил, туулсан зовлонгийн хойно эдгэрч үлдсэн өрөвч сэтгэлийнх нь үнэн үгс юм. Харин цааш бидний ярилцлага үргэлжлэхдээ хаана зогссон тэр цаг мөчөөс эхэлсэн билээ.

Таныг хоёр ханиасаа хагацсан гэдгийг уншигчид сайн мэднэ. Хэтэрхий хүнд эсвэл гэнэн асуулт байж магадгүй. Гэхдээ хагацал уран бүтээлч хүнд бас нэг шинэ зам нээж өгдөг юм шиг санагддаг. Тийм жишээ ч олон бий. Харин таны хувьд?

Үхсэнээ дагаад үхэхээр амиа хорлох нь ёс бус үйл. Тиймээс үлдсэн нь амьдрах гээд л зүтгээд дуусдаг хорвоо шүү дээ. Ханилсан ханиасаа ч, хайртай нялх үрээсээ ч, газар дээрх ганц ижий, ааваасаа ч хагацан өнчрөх зовлонг үйлийнхээ үрээр туулсаар л явлаа даа, би. Хагацал гэдэг зүйрлэх юмгүй хэцүү зовлон ч гэлээ хэн нэгэнд амьдралын үнэнийг ухаарах, сэтгэлийнхээ гүнээс аж төрөхүйг танин мэдэхэд тусалдаг.

Амьдын хагацлыг сэтгэлийнхээ гүнээс мэдэрсэн, туйлдаа хүртэл цөхөрч үзсэн эр хүн ганцаар байхдаа олон л зүйл боддог юм билээ. Хагацал хүнийг хатуужуулахын хэрээр их өрөвч, уян зөөлөн болгодог шиг санагдсан. Цаашилбал нийгмийн амьдралд өрнөж буй үйл явдлуудыг урьд харж байснаас өөрөөр тольдоход тус болдог. Хагацал хэдийгээр хүсэх юм биш ч гэлээ дайраад ирвэл сэтгэлээр унаж "тагтнаас нисэх” гэж яаран гүйхийн хэрэггүй л дээ.

"Өргөө гэрээ бариач дээ, өрхний чинь оосорыг татъя” шүлгийг уншаад та сая уйлчихсан. Одоо ч гэсэн ханьтайгаа өнгөрүүлсэн дурсамжуудаа нэхэн санасаар л суудаг уу?

Бодитой амьдралтай харьцуулвал дурсамжийн сайхан нь илүү юм шиг санагддаг. Хүн өмнөх шигээ аж төрж болох ч гэлээ дурсамжийг давтан үйлдвэрлэх боломжгүй. Дурсамж бүхэн орь ганц, бие биедээ харь мөн чанартай хадгалагддаг. Сэргээх боломж нөхцөл нь дахиад давтагдахгүй үлддэг. Ийм учир асуултанд чинь тийм л гэж хэлнэ дээ.

Таныг жинхэнэ хэцүү бэрх амьдрал туулсан хүн гэж үеийнхэн тань ярьж байхыг нэлээдгүй сонссон. Та үнэхээр тийм адармаатай амьдралд "нухлуулсан” уу?

"Хүний амьдрал” гэдэг угаасаа нийгмийн хамгийн адармаатай үзэгдэл. Миний амьдрал энэ "сонин үзэгдэл”-ийн жамд л бүрэн захирагдсан, огтхон ч гажаагүй.

Москвад "M.Горькийн нэрэмжит Утга зохиолын Дээд Сургуулийн Дээд Курс”-т суралцчихаад ирэхэд Монголд ямар амьдрал угтсан бэ?

Социалист нийгэм байгуулж байсан ЗХУ (хуучин нэрээр) тэргүүтэй улс орнуудын эдийн засагтай координацлагдсан төвлөрсөн төлөвлөгөөт нийгмийн өмчит, ардын аж ахуйтай амьдрал угтсан. Хувь хүний аутист сэтгэлгээ, үзэл, бодьгалуудын өвөрмөц санаа бодол, дотоод ертөнцийн онцлог чанаруудыг хүлээн зөвшөөрдөггүй улс төрийн захиргаадалттай нь бага сагаар, төө сөөмөөр тэмцэх хэрэгцээтэй яах аргагүй тулгарсан даа.

Тэгээд л та Монголын төрийг хатуу шүүмжилдэг болсон уу. Төрийн шагналаас татгалзсан зохиолч гэвэл та шүү дээ. Зохиолч хүн бүхэн л энэ нэр хүндтэй шагналыг мөрөөддөг гээд хэлчихэд буруудах зүйлгүй. Харин таны мөрөөдөл юу байсан бэ?

Надад мөрөөдөл бус зорилго байсан. Би манай газар дэлхий дээр Будда, Христос хоёроос бусад хүний сэтгэж, бүтээж чадсан юуг ч монгол хүн сэтгэж, бүтээж чадах ёстой гэж үздэг үзэлтэй. Тиймээс ч зорилго минь энэ. "Чухаг дээд гурван эрдэнэ”-ийн мөн чанарт нэвтрэх, түүнд хүрэх, эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд гэгээрэх агуу зорилго байсан юм. Зорилгоо гүйцэд биелүүлж эс чадах нь хүний амьдралыг нэлээд гунигтай болгодог доо.

Бидний зүгээр л жаахан ганцаардах үедээ нэрлэдэг зүйлээс энэ гуниг өөр үү?

Ийм гуниг жирийн гунигаас хахь өөр. Их гэгээн ариун байдаг. Хүнийг улам хүчирхэг, өрөвч нигүүлсэнгүй болгодог нандин гуниг юм. Би зорилгоо гүйцэлдүүлж чадахгүй юм шиг байна. Нас уулын хярд гарчихлаа. Үе үе цээжээр гуниг шүүрч л байна.

Төрийн шагналаас яагаад татгалзсан талаар ярьсангүй?

Би шашин шүтлэгтэй сүсэгтэн хүн шүү дээ. Тиймдээ төрөө хүндэлдэг, төрийнхөө сүлдэнд залбирдаг, улсынхаа далбаанаас адис авч сөгддөг жирийн иргэний нэг. Харин шагналаас нь яагаад татгалзсан бэ гэвэл Төрд би шаардлага тавьдаг. Харин миний хүндэлдэг төр засаг шаардлагыг минь биелүүлдэггүй юм. Тэглээ ч би хамгийн том шагналаа авчихсан хүн.

Тэр нь ямар шагнал юм бол оо?

Би гадаадын сонгодогуудаас хол дутуугүй чанартай бүтээлүүд туурвисан, олон мэргэдийг төрүүлсэн ард түмэндээ их хайртай. Монгол нутгаа, ард түмнээ хайрлаж бичсэн зохиолуудыг минь миний уншигчид өндөр үнэлдэг. Уншигчдын минь үнэлгээ, талархал надад дээд шагнал болдог.

Өөрийнхөө амьдарч байсан нийгэм, цаг үеийн байдлыг өнөөгийнхтэй харьцуулахад ямархуу санагддаг вэ. Тэр үеийг бодвол өнөөдөр илт хөгжчихсөн, хүмүүсийн амьжиргаа дээрдсэн юм биш үү?

Миний амьдарч өнгөрүүлсэн түүхэн цаг хугацаа бол феодализмын хоцрогдсон харилцаатай, монгол орныг социалист бүтээн байгуулалтын харилцаанд дэвшүүлсэн, ардын эрхт үндсэн хуультай, БНМАУ-ыг болгосон нийгмийн хөгжлийн цаг хугацаа байсан.

Эдийн засаг нь төвлөрсөн төлөвлөгөөтэй хөгждөг, төлөвлөгөөг хуульчлан биелүүлдэг зарчимтай тэр цаг хугацаанд хямралын эрсдэлгүй, улс төрийн тогтолцоо нэг намын үзэл сурталд захирагддаг, баялаг нь ард түмний өмч байдаг байлаа. 1990 оны дараахь он жилүүдээс "Монгол Улс” нэртэй болж нийгмийн харилцааныхаа шинж чанарыг эрс өөрчилсөн. Эдийн засаг, зах зээлийн харилцаанд шилжсэн л дээ. Төр нийгмийн өмчийг хувьчилж хувийнх болгон эзэмшүүлсэн. Нийгмийн амьдрал, харилцааны хэм хэмжээ эрх зүйн шинэ зохицуулалтанд орсон. Энэ үйл явц хуучинтайгаа харьцуулахад хөгжил үү, эсвэл биш үү гэдгийг олон он жил дамнасан цаг хугацааны дараахь бодит амьдрал, нийгмийн сэтгэлгээний хөгжил харуулах байх. Би тодорхой хариулж чадахгүй орчин нөхцөлд амьдарч байна.

Харин нэг санааг тодорхой хэлж чадна. Монгол Улс хот, хөдөөдөө хэдийгээр хэмжээ чанараараа муу ч гэсэн засмал замтай болж эхэллээ. Энэ нь сайхан санагддаг. Хоршоо дэлгүүрүүдэд хэдийгээр хүн амын багахан хувь нь л худалдан авч дөнгөхүйц тэнгэрт хадсан үнэтэй ч урьд нь миний үеийнхний харах нь бүү хэл сонсож ч байгаагүй гоо сайхан эд бараа дүүрэн чихээстэй болж. Өөр нэг баярлууштай шинэ үзэгдэл бол нийгэм улс төрийн үзэл бодолд олон ургальч сэтгэлгээ урсан орж ирсэн. Нийгэмд сэтгэлгээний эрх чөлөө хөгжиж байж л тухайн үндэстэн бусад улс үндэстэнтэй толгой чацуу оршин тогтнож чадна.

Тэгвэл харамсмаар зүйл нь юу байв даа?

Халаглам хар сүүдэр биднийг нөмөрсөн нь үнэн. Монгол Улс зах зээлийн харилцаанд шилжиж хувийн өмчийн эзэдтэй болсноор хүмүүсийн хүн чанарт асар том гарз хохирол учирсан гэж би боддог. Хүний мөн чанарын төвийг "би”, "минийх” гэх сэтгэлгээ дарах болсон. Амиа бодох сэтгэлгээнээс ангижрах нь угтаа бодь чанар юм. Гэтэл хувийн өмчийн харилцаа хүний энэ чанарыг шууд нугасалж байгааг ард иргэд минь мэдэхгүй, мэдэх нь бүү хэл сэжиг ч авахгүй амьдарч байна даа, хөөрхий.

Ер нь Төрийн өндөрлөгүүд, иргэд хоорондын харилцаа нэг л таагүй болчихсон. Ямар ч сайн гишүүн байсан ард түмэн муугаар л хэлдэг. Төрийг төвхнүүлсний дараа мэргэдийн үгийг сонс гэдэг шүү дээ?

Хамаг буруугийн үндсэн шалтгаан нь хэн нэг хувь хүн болон төрийн аль нэг институцид ч бус зүгээр л нийгмийн харилцааны мөн чанарт байгаа юм. Монголын нийгэм зах зээлийн харилцаа буюу хувийн өмч, хуримтлалд тулгуурлагдсан харилцаа. Шинжлэх ухааны аргачлалаар бүтээгдэхүүний өртөг зардал, ашгийн хуваарилалтыг тооцсон бодит үнээр эдийн засаг хөдлөхгүй байна. Тиймдээ л чөлөөт, хийсвэр, "хөөсрөлт” нь дэндсэн үнээр бүтээгдэхүүний арилжаа явагддаг харилцаанд нэг сонин нууц зүй тогтол хэрэглэгддэг практик бий. Хувийн өмч, ашгийн харилцаанд оролцогч хоёр болон олон талын хуулийн этгээдүүд наанаа бол "харилцан ашигтай, шударга, хамтын ажиллагаа”-ны зарчимд захирагдаж үйл ажиллагаа явуулж буй мэт боловч цаад талдаа "наймаанд мөнхийн шударга ёс бус харин мөнхийн ашиг сонирхол үйлчилдэг” хэмээх зарчмын үнэнд захирагддаг болчихсон. Энэ "мөнхийн ашиг, сонирхол” манай төрийн өндөрлөгт мацсан эрх баригчдын үйл ажиллагаа, бодол санаа, зорилго тэмүүллийг тодорхойлж байна л даа. Өнөөдрийн төрийг, төрийн эрх баригчдыг ард түмэн хайрлахгүй байна. Гэсэн ч ард түмэнд буруу байхгүй. Мөнгөний нойтон хуулиар ард түмнийг төлөөлөн гарч ирсэн буруу зорилготой хөгшин, залуу цатгалан "харх”-нууд Монголын төрийг төр биш илбэ болгоод ард түмнээс салгачихаад байгаа юм.

Хэдэн жилийн өмнөөс л та Монголын төрд болзол тулгажээ. "Монголын төрд би болзол тавьсан” гэх гарчигтай яриа цахимаар тарсан байсан. Өнөөдөр эргээд харахад төр маань таны тавьсан болзлыг хэрхэн хангаж байна вэ?

Хараахан хангаж чадахгүй л байна. Төр засагтаа тавьдаг миний шаардлага ердөө ганцхан. Монголын минь цөөхөн ард түмнийг ядуу зүдүү хүнгүй, ганц ч гуйлгачингүй болго! Тийм төрөөс л би шагнал авбал авна, үгүй бол үгүй гэдэг. Ер нь бол эх оронд минь хараа хяналтгүй хүүхдүүд байгаа цагт бас хүүхдүүдийг хамгаалж чадахгүй, эмзэг бүлгийнхэнд халамжаа хүртээхгүй, ард түмнийгээ ядуурлаас гаргаж чадахгүй байгаа төрөөс би шагнал авахгүй. Миний тавьсан болзол шиг тийм өндөр эдийн засгийн шаардлагыг биелүүлж чадах төрийг Монголын ард түмэн бид өөрсдөө бий болгон бүтээж ч чадахгүй байсаар хагас жарны нар, сарыг үдлээ.

 

ЦАГААТГАГДСАН БААТАР

Мэдээж заримдаа Д.Урианхай ах асуултаас минь зөрөөд өөр зүйл ярьчих нь олонтаа. Гэвч "юу гэж асуулаа” гэж байгаад л заавал тодорхой хариулт өгнө. Хааяа номын сан өөдөө өнгийж ганц нэгэн ном шүүрээд дурсамжаа уудлах шиг чимээгүй болно. Амьдрал нь бүхэлдээ зохиол болчихсон энэ буурал өтгөсийн дурсамж номын хуудсуудтай холбогдохоос өөр аргагүй юм. Ширээн дээр нь дундуур сархадтай лонх эсвэл нэг ширхэг ч болтугай чамин хундаганы зүйлс харагдсангүй. Сонин, сэтгүүл давхарлаж өрсөн байх бөгөөд улаан, цэнхэр өнгийн балаар зурж тэмдэглэсэн олон навтарга үзэгдэнэ. Харин ширээнийхээ урд Урианхай ах Лаозын орос хэл дээрх хэвлэлийг дэлгэн юуг ч юм хайж суув. Урт буурал үсийг нь эс тооцвол яг л Эрнест Хемингуэй шиг харагдана. Учир нь ном ширтээд суух дөлгөөн харц, дүр төрхийг нь ажихад түрүүхэн л асуултанд минь хариулж суусан хүүхэд шиг ч зантай юм шиг өнөөх хүн алга болчихож. Яг энэ үед Урианхай ах ч бас бодит амьдралаас илүү сайхан санагддаг дурсамжийнхаа гүнээс гараад ирэх шиг болсноор бидний ярилцлага цааш хөвөрлөө. Тэр бол яах аргагүй аж төрөхүйн буулганд яллуулсан хэдий ч уран зохиолоор цагаатгагдсан баатар юм.

Та Толстой, Достоевский гэх мэт агуу суутнуудынх нь үед яг биш ч гэлээ тэдгээрийг залгамжлан төрсөн хойч үеийн олон гайхалтай уран бүтээлчидтэй хамт суралцаж, заримынх нь номын дууг сонссон хүн. Оросын уран зохиол яагаад тийм хүчирхэг юм бэ. Дан ганц зохиолчийн сэтгэлгээ, ур чадвараас илүү нийтийн жишээн дээр тулгуурласан уран зохиолын ямар үйл ажиллагааг тэд ихэвчлэн явуулдаг байв?

Оросын томоохон зохиолчид өөрсдийн эх орондоо байхдаа, гадаадад ч дүрвэж гарсан ялгаагүй амьдралынхаа туршид "Русский дух” гэдэг хүчирхэг үзэл бодлоор амьдардаг. Би хэл шинжлэлийн мэргэжил эзэмшээгүй болохоор энэ "Русский дух”-ыг монголоор хэрхэн, юу гэж ойлгож орчуулвал онохыг сайн мэдэхгүй байна. Багцаалвал "Орос үзэл санаа”, "Орос оюуны мөн чанар” гэх юм уу даа.

Миний бага сага ойлгосон нэг юм гэвэл Оросын оюун санааны агуу суутнууд энэ "Русский дух”-ыг л амьдралынхаа туг, шүтээнээ болгож юу хийж чадах бүгдээ үүнд зориулж амьдарсан байдаг. Нэгдүгээр Их Петр хаан, Ломоносов, Лобачевский, Циолковский, Герцен, Пушкин, Белинский, Чернышевский, Добролюбов, Толстой, Достоевский цөм орос үндэстний "Русский дух”-ын эрчимээр амьдарсан хүмүүс. Тэд Орост төрж орос хэлээр үндэстнийхээ оюун санааны хөгжлийн түүхийг бүтээсэн. Энэ нь Орос үндэстний нийгмийн хөгжлийн "захиалга” байсан байх.

Нийгмийн захиалга гэдэг нь юу гэсэн үг вэ?

А.Пушкин, Л.Толстой, Ф.Достоевский тэргүүт суутнуудтай Оросын үндэсний оюун санаа, нийгмийн сэтгэлгээ, урлаг, уран зохиолоор Хаант Оросын нийгмийн бурангуй харилцааг өөрчлөх, хүнлэг энэрэнгүй, ард нийтэч харилцаа болгон хөгжүүлэх, хүний дотоод ертөнцийн гүн дэх үнэнийг нээн дүрслэх, орос хүний оюун санааны мөн чанарыг шинжлэх түүхэн үйл хэргийг гүйцэтгэсэн.

Өнөөгийн манай зах зээлийн нийгмийн үзэл сурталчид "Үндэсний нийгмийн хөгжлийн захиалга” гэдгийг огт бясалгахгүй жигтэйхэн наагуур, их мөчидхөн, өөрсдийнхөө хавчгар толгойны бор бодисын агууламж хэмжээгээр ойлгоод, зүгээр л нам, засгийн даалгавар, "захиргаадалт” мэтээр эндүүрээд байдаг юм шиг байна лээ. Оросын оюун санааны том халимнуудад орос үндэстний нийгмийн хөгжлийн түүхээс өгч байсан захиалга бол Хаант засгийн дэглэмийг устгах, нийгмийн тогтолцоог ардчилах, Оросын нийгмийн хөгжилд чөдөр болж байсан ”хамжлагат ёс”-ыг халахад чиглэгдсэн байсан. Хоцрогдсон Орос оронд ардчилсан, зоригтой шинэ үзэл санааны хөрсийг бэлдэж өгөх үүрэг тэдний амьдралын зорилго болж тавигдсан. А.Пушкин, Л.Толстой, Ф.Достоевский тэргүүт суутнуудтай Оросын үндэсний оюун санаа, нийгмийн сэтгэлгээ, урлаг, уран зохиолоор Хаант Оросын нийгмийн бурангуй харилцааг өөрчлөх, хүнлэг энэрэнгүй, ард нийтэч харилцаа болгон хөгжүүлэх, хүний дотоод ертөнцийн гүн дэх үнэнийг нээн дүрслэх, орос хүний оюун санааны мөн чанарыг шинжлэх түүхэн үйл хэргийг гүйцэтгэсэн.

Энэ бүх "зам” Монголын нийгмийн сэтгэлгээ, философи, уран сайхны дүрслэлийн арга барилын хөгжилд үнэтэй сургамж, жинхэнэ практик хичээл болно гэж бодогддог. Яагаад би зориуд ингэж цохож хэлж байна гэвэл Монголын маань нийгмийн сэтгэлгээ, монгол үндэстний оюун санаа нэгдмэл түүхэн том зорилгогүй, өдөр тутмын, эгэл ердийн ахуй амьжиргааны хэрэгцээнд дарамтлагдсан материаллаг дорд зорилгод чиглэсэн өчүүхэн хүрээ, тойрогтой бөгөөд энэхүү хөөрхийлөлтэй түвшинээс дээш гарч чадахгүй байна. Үндэснийхээ түүхэн хөгжлийн гол асуудлыг олж харах, монголчуудынхаа оюун санаа, үйл ажиллагааг нэгтгэн зангидах философи сэтгэлгээний түвшинд очихгүй "газардмал” байгаад байна. Шинжлэх ухаан, урлаг, утга зохиолын авъяастнууд нь дор дороо л амиа аргацаасан, тархай бутархайгаас үндэсний хөгжлийн "захиалгат” зорилгыг томъёолох, тодорхойлох, шийдвэрлэхэд нэгдмэл хүч болж өгч чадахгүй амьдралаа дуусгаж байна шүү дээ. Энэ л сэхээтнүүдийг нэг их далд гунигтай, эмгэнэлтэй, өчүүхэн болгож жижигрүүлээд байгаа үндсэн шалтгаан байж магадгүй.

Бусдын сэтгэлийг хөндөх, тэднийг муулах гээгүй. Гэртээ ганцаараа суугаа хүнд ихэвчлэн гуниглангуй, эмзэглэнгүй бодлууд төрдөг юм байна шүү дээ.

Сүүлд гаргасан шинэ номыг тань уншсан. "Тугалын зүүд” жүжгээс материаллаг эд зүйлсийн төлөө эх болсон байгалиа хэрхэн сүйтгэж буйд эмзэглэсэн Таны дотоод дуу хоолой, хашгираан сонсогдох шиг болсон шүү…

Э.Мункийн зурсан хашгирч байгаа хөөрхий хүн шиг л хашгирсан даа. 2016 онд "Д.Урианхай судлал” академиас эрхлэн хэвлүүлсэн тэр ном минь "Тайз, дэлгэцийн контемпорари бүтээлүүд” нэртэй. Орчин үеийн дэлхийн театрын урлагт их орон зай эзэлж эхэлсэн моно, авсурд, arthouse, animation, иррационал, парапсихилоги, релятив түүхэн сэтгэмжит эмгэнэл зэрэг төрлийн бэсрэг жүжгүүдээс бүтсэн ном юм. Харин чиний уншсан "Тугалын зүүд, Оршихуйн давтамж” "arthouse” эссэ зохиол герман хэлээр орчуулагдаж байгаа гэж дуулдсан.

Кино хийгдэж магадгүй гэж дуулсан, тийм үү?

Германтай хамтарсан кино хийгдэж ч магадгүй юм шиг яриа чих дэлсээд өнгөрсөн. Яваандаа яахыг хэлж мэдэхгүй л байна. Мөн "Чингис хаан” гэдэг том хэмжээний релятив түүхэн сэтгэмжит эмгэнэлт зохиол номын маань эхэнд нь бий. Бид Чингис хааныг тэнгэр язгуурт гэдэг ч бодитойгоор, нүдэнд хоногшихуйцаар дүрслэн үзүүлсэн нь хомс шүү дээ. Харин энэ зохиолд дээд тэнгэрт тэнгэр сахиусадын том тулалдаан болж байдаг юм. Тэнгэрүүдийн тулалдаанд ялагдаж газарт унаж ирсэн (Врубелийн "Падший ангел” шиг) нэг Тэнгэр нь Чингис хааныг газар дэлхийн их үйл бүтээхэд нь туслахаар үргэлж дагадаг.

Чингис хаанд л өөрт нь харагдаад байдаг уу?

Тийм ээ, бусад хүмүүст харагддаггүй. Ганцхан Чингис хаантай л сонин сонин юм их ярьдаг. Басхүү "Ханануудын амьдрал” моно жүжиг нь "Алтан өд” шагнал хүртсэн. "Хөөрхий дөө, чи хэний нохой вэ?” иррационал "animation”-ыг олон хүн уншиж өөр өөрийнхөөрөө ойлгож маргалдаж байгааг сонсоход урамтай л байна. "Тайз, дэлгэцийн контемпорари бүтээлүүд” номонд минь багтсан орчин үеийн уран зохиолын элдэв урсгал, чиглэлийн жүжгүүд маань бараг цөмөөрөө психологи, философи утга агуулгатай зохиолууд байгаа.

Хүнийг буй болгосон анхны нөхцөл, шалтгаанд нэг жижигхэн нууц бий. Ихэнх нь мэддэггүй, элитүүд нь ойлгодоггүй гэж та хэлж байсан. Тэрхүү нууц таны бодлоор яг юу юм бэ?

Хүний бие махбодыг ижий, аавын улаан, цагаан шимийн нэгдэл үүсгэнэ. Энэ бол хүнийг буй болгодог бодит бөгөөд анхны шалтгааны нэг мөн. Гэхдээ ил физиологи үйл явцын буюу материйн түвшиний тал нь энэ л дээ. Бодит бус хийсвэр, архитеп гэгддэг талын нөхцөл шалтгаанууд бас бий. Шинжлэх ухаан бүрэн тайлж чадахгүй "саравчлаад” л байх шиг байна. Тайлж, нээж, тайлбарлаж чадахгүй байгаа юмуу, эсвэл нууцлаад байгаа юмуу, бүү мэд дээ. Би өөрийнхөө бодож байгааг хэлэхээр хүмүүс жигтэйхэн хөхрөлдөнө л дөө, мэдээж.

Тэд инээж л байг, өөрийнхөө бодож байгааг хэлж болохгүй юу?

Надад юу гэж бодогддог вэ? гэвэл хувь заяанд гадны хүчин зүйлс нөлөөлдөг гэж итгэдэг. Ер нь бол хувь тавиланг тухайн хүн өөрөө залж, бүтээдэггүй өөр хүчин нөлөөлдөг гэж боддог. Сахиусан тэнгэрүүд эгэл жирийн нүдтэй бидний нүдэнд харагдахгүй, харин оролцоо нь мэдэгдэнэ. Уг нь би чиний асуугаад байгаа нууцыг мэддэгтээ хэлсэн юм биш л дээ, зүгээр л элдэв эзотерик, теологи үзэгдлүүдэд үнэн сэтгэлээсээ итгэдэг, сүсэг бишрэлтэй болохоороо л тийм үг амнаасаа унагачихсан юм.

Өглөө бүр бичгийн ширээнд суухаасаа өмнө тарни уншдаг гэсэн. Ямар тарни уншдаг юм бол?

Аа, тэр яах вэ, заяаны гурван Бурханыхаа зүрх тарнийг уншдаг юм. Харин зохиол бичихээр ширээнд суух болбол Эрдмийн Шар Манзушир, Эгшигт охин Тэнгэр Янжинлхамынхаа зүрх тарнийг урьж залбирал одуулдаг. Басхүү "Агжинлав” гэдэг хэл, үг ариулж адисладаг тарни уншдаг юм байна.

Нээрэн нэг сэтгүүлчийн "Та амьтан бол гэвэл ямар амьтан болох вэ?” гэсэн саваагүй ч гэмээр юмуу асуултанд "Бодь гөрөөс” гэж хариулсан байсан. Яагаад тэр юм бол?

"Бодь гөрөөс” газар дэлхийн амьд амьтдаас хамгийн соргог, сонор амьтан нь юм гэнэ лээ. Буддын шашны сүм дугануудын үүд, тотгоны дээр "Хорол эрдэнэ”-ний хоёр талд баруун урд хөлөө ч билүү, зүүн урд хөлөө ч билүү өргөн нугалаад зогсож байгаа харагддаг. Богд Шигэмуни багш бурханы хутаг олж гэгээрээд хүн төрөлхтөнд "номын хүрд”-ээ анх эргүүлэхэд нь адгуусан амьтадаас бодь гөрөөс л ирж ном сонссон домогтой юм билээ.

Би гэдэг хүн амьтны төрлөөсөө тийм ч алс холдож чадахгүй амьдарч байгаа болохоор бурханы номонд чих тавьж өчүүхэн ч хэмжээгээр болохноо гэгээрлийн гэгээ өөр рүүгээ тусгамаар санагддаг.

"Бид – Дотоод шаталтын хөдөлгүүр” найраглалаа бичиж нэг хэвэнд цутгагдаад ирсэн тухайн үеийн шүлэг, найрагт эрс шинэчлэл хийсэн тухай судлаачид ярьдаг. Гэхдээ тухайн үед энэ бүтээлийг бичсэний шанд Танд шүүмжлэлээс өөр зүйл ирээгүй шүү дээ. Энэ тухай яриач!

Тэр найраглалыг 1973 онд "Утга зохиол, урлаг” сонин маш зоригтой хэвлэсэн. Тухайн үед сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга байсан, миний нутгийн Уул-Алтаадын голын том зохиолч Л.Содов гуай өөртөө их л халтай, том эрсдэлтэй алхам хийж сониндоо найраглалыг минь бүтэн нүүрээр тавьсан хэрэг л дээ. Сонины дугаар хэвлэх үйлдвэрээс гарч ширээнд нь очингуут эрхлэгч нь байсан С.Эрдэнэ гуай уншаад амархан уйлдагаараа уйлж "Мой мальчик так пишет! Совсем мальчик так пишет!” гэж оросоор үглээд нулимсаа арчаад суусан гэж Л.Содов гуай надад дуулгаж байсан. Уг нь би С.Эрдэнэ гуайн ярьж уйлсан шиг "Совсем мальчик” биш Христос тэнгэртэй нас чацуу, гучин гурав хүрчихсэн дол цохьсон марксист хархүү байсан л даа.

Тэр найраглалын буруу зөв, Монголын яруу найрагт хортой, тустайн тухайд шүүмжлэгч, судлаач, сэхээтнүүд хоорондоо мэтгэлцсэн. Одоо бодоход уг маргаан бараг жил гаруй хугацаанд үргэлжилсэн байх шүү. Сүүлд нь МАХН-ын Төв Хорооны үзэл суртлын хэлтсээс найраглалын минь маргааныг хаах шийдвэр "Утга зохиол, урлаг” сонинд өгсөн. Учир нь тэр үеийн ЗХУ-ын Зохиолчдын хорооны хэвлэл "Вопросы литературы” гэдэг онол практикийн мундаг сэтгүүлийнхээ нэг дугаарыг Монголын хүүхдийн уран зохиолд зориулан гаргасныг нь Б.Ринчен гуай хуу шүүмжлээд тавьчихаж. Тэгэхээр нь Төв Хорооноос Б.Ринчен гуайг Зөвлөлт-Монголын ард түмний түүхэн найрамдалыг үл хүндэтгэсэн хэргээр зад шүүмжлэх шаардлагатай болоод Урианхайн тарьсан будлианыг шүүн хэлэлцэхийг зогсоогоод Ринчен гуайг гоочлох ээлжит аянд мордуулсан даа.
Тухайн үедээ би "Бид – дотоод шаталтын хөдөлгүүр” найраглалын шүүмж-маргаанд Монголын оюун сэтгэхүйн түүчээ сэхээтнүүд хамрагдан оролцсонд дотроо их додигор явдаг байсан. Тэдний тал нь шүүмжилж загнаад, тал нь хамгаалж өөгшүүлээд байсан юм. Тэгэхэд, Монголын Зохиолчдын Эвлэлийн Хорооны даргаар ажиллаж байсан С.Удвал гуай нэг өдөр намайг өрөөндөө дуудуулаад "Чамайг би зэмлэж ч чадахгүй, хамгаалж ч чадахгүй шүү, чи л өөрөө өөрийгөө хамгаалж энэ маргаанаас сугалж гаргаарай” гээд инээж байсан. Найраглалыг минь шүүн хэлэлцсэн хүмүүсийн нийтлэлд зөв санаа, шүүмжлэл олон байсан нь надад хожим их тус болсныг би одоо ч баярлан санаж явдаг.

Үеийнхэн тань хэрхэн хандсан бэ?

Маргаанд оролцоогүй зарим яруу найрагч зохиолчид "Чиний найраглал хэвлэгдсэнээр Монголын Яруу найрагт том газар хөдлөлт боллоо” гэж хэлж л байсан. Үнэн үгээ үнэнээсээ хэлсэн үү, манж үгийн цэцэг ургуулж байсан уу, бүү мэд. Харин миний хар залуугийн уран бүтээлийн анд Бавуугийн Лхагвасүрэн "Гайтай ч юм биш, гавъяатай ч юм биш, дуугай яваад л өнгөрөө” гэж хэлж байсан нь голтой үг байх аа.

"Бид-дотоод шаталтын хөдөлгүүр” найраглалын шүүмжлэгчид уг найраглалын гол философийг гүйцэд сайн ойлгоогүй л дээ. Тиймээс "Хүнийг техник гэж үзэж байна, барууны технократ үзлийг яруу найрагт чихэх нь Монголын цэцэг, жимс шиг тансаг яруу найрагт хогийн шарилж, халгай тарилаа. Хөрөнгөтний урлагийн аль хортой "изм”-уудыг чирч ирлээ” гэж ойлгоод шүүмжилж байсан. Ч.Чимэд гуай оросоор "Хэтэрхий заумный юм хийх гэж яарлаа” гэсэн бол Ц.Мөнх гуай "Яагаа ч үгүй байж нэр алдрын орой руу гарах гэж тачаадаж байна” гээд дурамжхан дуугарч байсан.

Тэгээд та өөрөө юуг ойлгуулах гэсэн юм бэ дээ?

Миний хэлэх гэсэн философи бол "Хүн дотроо хайраар шатдаг "Дотоод шаталтын био хөдөлгүүр. Дотроо хайраар шатаж цаг үеэ, нийгмээ, тухайн түвшиний түүхэн хөгжлөө урагш чирдэг” гэсэн санаа байсан л даа. Маргаан өндөрлөснөөс хойш бүүр сүүлд Б.Явуухулан гуай МЗЭ-ийн Яруу найргийн Зөвлөлийн эрхлэгч байхдаа "Цагийн хөл” номонд минь оруулж, С.Эрдэнэ гуай редакторлаад хэвлэж өгсөн. Б.Явуухулан гуай "Цагийн хөл” номын минь шүлэг, найраглалуудыг уншаад уруулаа шилэмдэж нэг сонин дүгнэлт хэлсэн. "Нөхөр минь ээ, чиний энэ ном чинь маш том яруу найрагчийн маш муу хадмал орчуулга шиг л ном болсон байна шүү дээ. Адаглаад, шүлгийнхээ мөрийг яаж нугалахаа ч мэдэхгүй байна шүү дээ чи, нөхөр минь” гэж байсан. "Цагийн хөл” номын минь дотор талын нүүрэнд манай Булган аймгаас Монголын яруу найрагт тодорсон алдарт яруу найрагч Жанчивын Шагдар миний эзгүйд манай гэрээр ирээд "Үнэндээ чамайг дарж мэднэ, үхсэн хойно чинь зарж иднэ” гэж бичиж үлдээсэн үгс номтой минь хадгалагдаж байдаг. О.Дашбалбар агсан энэ үгэнд нь гарын үсгээ хамтатган зураад орхичихсон нь бий.

Ер нь шинэчлэл болсон уран бүтээл олон жилийн дараа хүлээн зөвшөөрөгддөг, итгэл үнэмшил дагуултлаа асар удаан хугацаа туулдаг биз дээ. Та өөрийнхөө бүтээлүүдээс алийг нь жинхэнэ шинэчлэл хийж чадсан гэж итгэлтэйгээр хэлж чадах вэ?

Би үнэндээ шинэчлэл гэж нэг их ярих дуртай хүн биш. Гэхдээ Сергей Есениний хэлсэн нэг үг байдаг. "Мэлхий шиг ч ваагла, хамаагүй, өөрийнхөө хоолойгоор дуугар” гэж. Би Монголынхоо уран зохиолын өв уламжлал руу юуг ч дусаасан "өөрийнхөөрөө л ваагласан” дуслуудаа нэмсэн.

Миний залуу цагийн манай уран зохиолд хэвшмэл хандлагатай үргэлжлээд байсан ахуйлаг, уран гоё, цэцэн чамин дүрслэл сэтгэлгээ, арга барилын оронд оюун санааны хийсвэрлэлт, жаахан ч болтугай шинжлэх ухаанлаг, философилог сэтгэмжит зохиол бүтээл оруулах оролдлого хийе гэж бодсон. Түүнийгээ л хийсэн. Үнэн юм үнэнээрээ л түүх болж үлдэх хэрэгтэй. Хэн нэгний хүсэл зоргонд дөрлүүлэн төөрүүлвэл хойч үе нь түүхэн ой санамжгүй болж ойд төрсөн гөрөөсний адил амьдрахад хүрнэ.

Таныг маш сайн монгол хэлтэй гэж дүгнэдэг. Зарим хүмүүс тиймийн учир Урианхайг уншихад хэцүү ч гэж хэлдэг. Та үүнд эмзэглэдэг үү?

Би ямар гадаад хэлээр зохиолоо бичиж байгаа биш дэлхийн хэл, соёлын нэг том цутгалан болсон эх монгол хэлээрээ бичиж байгаа юм чинь юундаа эмзэглэх вэ дээ. Үл ойлголцохын шалтгаан үгэнд байгаа бус өгүүлэмжийн утга агуулга, сэтгэлгээний түвшинд байгаа байж л магадгүй.

А.Пушкин орос хэлний үгийн сангаас хэрэглэсэн үгүүдийг судлаачид бүртгээд "А.Пушкины үгийн сан” гэдэг судалгааны бүтээл гаргасан гэдэг. А.Пушкин орос хэлний үгийн сангаас зуу гаруй мянган үг зохиол бүтээлдээ хэрэглэсэн байсан гэсэн. Үг холбож өгүүлбэр бүтээж талхныхаа мөнгийг олох хүмүүст сайхан үлгэр жишээ шүү. Миний хувьд бол үгийн сангаа арвижуулах гэж байнга хөдөлмөрлөдөг. Хэлний толь бичгүүд байнга гүйлгэж хардаг. Монгол хэлний үгийн сангийн гайхамшигтай толь бичгүүд олон бий. Я.Цэвэл гуайн "Монгол хэлний тайлбар толь”, Чой.Лувсанжав гуайн "Орос-монгол хэлний хэлц үгийн толь”, Х.Лувсанбалдан гуайн "Монгол-орос хэлний толь”, нэрт сэтгүүлч И.Дамбажав гуайн "Монгол хэлний тайлбар толь”, Л.Балдан, Ж.Сэржээ нарын эрхлэн хэвлүүлсэн "Монгол хэлний сувд эрих нэрт ховор үгийн толь”, Өвөр Монголын "Монгол хэлний зүйл хуваасан толь” гээд олон сайхан номуудыг дурдаж баршгүй. Намайг уншихад зарим нэг уншигчийн хувьд яльгүй хүндрэл учруулж болох нэг тал бий байж магадгүй л юм.

Та юу гэж бодож байна даа?

Миний найруулгын арга барил байж болох юм. Роман, тууж мэт үргэлжилсэн үгийн том хэлбэрийн зохиолуудын бүтцэд зайлшгүй орох хэрэгцээтэй байдаг ойллого, дүрслэл, зохиогчийн "Би”-гийн сэрэл, нийгмийг үзэх философи, дотоод ертөнцийн онцлогоо илэрхийлсэн "илэрхийлэл текст”-ын найруулгын дадмал хэлбэр хийцэд олон давхар хавсарсан нийлмэл өгүүлбэрүүд угсрагддаг.Тийм учраас найруулгыг хүндрүүлдэг дутагдал бий.

Гэхдээ уншигчдад зориулж найруулгаа өөрчилж болохгүй биз дээ?

Уг бичвэрүүдийн утга агуулга, доторх мэдээлэл, өгүүлэмжүүд өөрөө ийм бүтэц, найруулга шаарддаг. Ганц жишээг мэдээллийн шинж чанартайгаар сонирхуулахад миний "Учрахуй, Хагацахуй” романы дэд боть "Анирт талын татах хүч” романы төгсгөл үг болох нэг "аймаар” урт өгүүлбэр бий. Энэ өгүүлбэрийг МУИС-ийн хэл, зохиолын тэнхимийн эрдэмтэн багш нар өгүүлбэр зүйн үүднээс задлан шинжилжээ. Тэд "Энэ өгүүлбэр олон хавсармал нийлмэл өгүүлбэрээс бүтсэн нэг том өгүүлбэр үү, эсвэл саланги саланги биеэ даасан олон өгүүлбэр байна уу?” гэж маргалдасны эцэст нэг өгүүлбэр болохыг нь тогтоож үзээд үгийг нь тоолсонд 1327 үгтэй байжээ. Манай монгол хэлний өгүүлбэр зүйн хэрэглэгдэхүүн баримтуудад хамгийн олон үгтэй өгүүлбэр байдаг нь Б.Ринчен гуайн "Бадарчин” өгүүллэгт 350 үгтэй өгүүлбэр байдаг юм билээ. Харин дэлхийн рекорд урт өгүүлбэр нь Францын зохиолч М.Прүстын "Алдагдсан цагийн эрэлд” гэдэг найман боть цуврал романд байдаг 800 үгтэй өгүүлбэр юм байна. Энэ тухай мэдээлэлийг МУИС-ийн Хэл шинжлэлийн тэнхимээс 2001 онд эрхлэн хэвлүүлсэн, профессор Ц.Сүхбаатарын "Эхийн найруулга зүй” товхимолоос дэлгэрэнгүй үзэж болно.

Харин нэмээд энд нэг үнэнийг хэлэхэд үгийн сан ядмаг "дахлай”, ширээ тойрсон үгтэй байна гэдэг нь бичигч хүний өөрийнх нь сэтгэлгээ "худгийн мэлхий” л байгаа хэрэг шүү.

Яг одоо Таны бичгийн ширээн дээр ямар номууд байна вэ?

Дандаа хэвлэгдээгүй шинэ номууд л ширээн дээр ч, ширээн дотор ч давхарлаастай байна даа.

Түүний ширээн дээр байсан олон давхар ноорог, улаан цагаанаар эрээчүүлсэн хуудас цааснууд удахгүй мэндлэх шинэ номуудынх нь эх ажээ.

Яруу найргийн дөрвөн ном
"Огтлолцохуй-III буюу Монголоосоо Монгол руугаа, бас өөр рүү гээ…”, "Хүйтэн гүзээлзгэнэ буюу дурсамгүй өдрүүдийн минь эгшиг, гийгүүлэгчид”, "Үгүйлэхийн халуун -III”, "У” гараг-II буюу Цаг хугацааг буцаах аргачлал, бүтээх загвар”.

Хоёр том роман:
"Зүүдээр үзсэн Ёст хаан буюу миний Аригбөх”, "Өнөөдрөөр дүүрэгч маргааш… маргааш руу, нөгөөдөр рүү, нөгөөдрийн маргааш руу, цаг хугацааны мөнх рүү инээмсэглэгсэд”.

Эссэ-бодролын ном:
"Цээжин далдын шүүдэр”, "Голын эргээс эргүүлэг нь рүү нь…" (Афоризм, максим, эсээ, бодролын шинэ ном).

Зэндмэнэ онол, философийн ном:
"Монголын нийгмийн хөгжлийн философи, асуудлууд” ("Бодь сэтгэл, эв хамт ёс-Ганцаарчилсан хөдөлгөөний үзэл, онолын IV дэвтэр).

Уран бүтээлийн онол, сэтгэлгээний ном:
"Сонгодогуудын хажуугаар…цаагуураас наахнуурхан, наагуурханаас цаагуур”.

Хэзээнээс хэвлэх бодолтой байна вэ, уншигчдад хүргэхэд хүндрэлтэй асуудал байна уу?

Би тэтгэвэрийн хэдээр бор хоногоо өнгөрөөх тул алийг нь ч хэвлүүлж чадахгүй ядаад л сууна. Харин Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж урьд өмнө нь хэвлэгдсэн номуудыг минь эмхэтгэн 10 ботиор хэвлүүлж байна. Удахгүй уншигчдын гарт хүрнэ. Ц.Элбэгдоржийн энэ их ивээл, ач буян миний амьдралд тохиосон нэг том баяр болж магнайг минь тэнийлгэлээ. Энэ 10 ботид миний улс төр, философийн дэвтрүүд ороогүй, дан уран зохиолууд орсон байгаа.

Яг одоогоор ширээнд тань ямар зохиол хүлээд байна даа?

Одоо ширээнд хүлээтэй суугаад ноороглож байгаа зохиол минь Богд хаант, Олноо өргөгдсөн Монгол Улсын анхны Ерөнхий сайд Төгс-Очирын Намнансүрэнгийн бахархалт болоод эмгэнэлт амьдралын тухай "Монгол төрийн цагаан бэрс” гэдэг релятив түүхэн болзолт сэтгэмжит, текст төвт гурван дэвтэр нарратологи зохиол байгаа. Хүн жаргалтай амьдрахад олон юм хэрэгтэй байж магадгүй юм. Гэхдээ хамгийн эхэнд хэрэгтэй зайлшгүй юм бол тусгаар эрхэт төртэй, тусгаар тогтносон эрх чөлөөт эх оронтой байх хэрэгцээ гэдэгт би итгэдэг. Энэ санаа зохиолын минь гол утга агуулгад зангидаастай бий.

Аливаа уран бүтээлчийн бага нас хамгийн дуртай зохиолчийн номууд дунд өнгөрдөг юм шиг санагддаг. Та багадаа хэний ямар зохиолд хамгийн их автаж байв?

Д.Нацагдоржийн "Миний нутаг”, "Хөдөө талын үзэсгэлэн”, "Шувуун саарал”, "Ламбугайн нулимс”, "Харанхуй хад” гээд л бүгдийг нь нэрлэнэ. Ц.Дамдинсүрэн гуайн "Буурал ээж,” "Зугаацахаар мордсон нь” найраглалаас авахуулаад Ч.Ойдов гуайн "Далан худалч”, Д.Цэвэгмэд гуайн "Булшин дээр”, "Хоньчин Найдан”, "Сурагч Ганбат” олон сайхан номон д

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex