Д.Даваасүрэн: Умард Солонгосын төлөөлөл “Улаанбаатарын яриа, хэлэлцээр”-т амжилт хүссэн

0

Д.Даваасүрэн: Умард Солонгосын төлөөлөл “Улаанбаатарын яриа, хэлэлцээр”-т амжилт хүссэн

 

"Зүүн хойд Азийн энхтайван, аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” Олон улсын YI бага хурал өчигдөр (2019.06.05) Улаанбаатар хотод эхэлсэн. Өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Монгол Улс 1980-аад оноос Зүүн Хойд Азийн яриа хэлэлцээний механизмыг бий болгох саналыг тууштай дэвшүүлж ирсэн бөгөөд 2013 онд Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх "Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг дэвшүүлсний хүрээнд 2014 оноос олон улсын бага хурлыг жил бүр зохион байгуулж эхэлсэн. 2017 оноос албан ёсоор 1.5 сувгийн түвшинд буюу албаны болон эрдэмтэн судлаачдын хосолсон түвшинд зохион байгуулж эхэлсэн энэ оны Бага хуралд БНАСАУ, БНСУ, БНХАУ, Монгол, ОХУ, Япон гэсэн Зүүн хойд Азийн зургаан улсаас гадна АНУ, Европын холбоо, Канад, Нидерланд, ХБНГУ, Швед, Швейцарь зэрэг улс, мөн НҮБ зэрэг олон улсын зарим байгууллага, дотоод, гадаадын нийт 200 орчим төлөөлөгч, эрдэмтэн, судлаачид оролцож байна. Хурлын үеэр бид Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнгээс цөөн асуултад хариулт авлаа.

-Олон улсын төлөөлөл өнөөдөр энэ танхимд Зүүн хойд Азийн аюулгүй байдал, энхтайвны асуудлыг хэлэлцэж байна. Бүс нутгийн аюулгүй байдал, хөгжлийн эерэг дүр зургийг Та хэрхэн харж байна вэ?

-Манай улсын нийслэлд Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ Олон улсын YI бага хурал болж байна. Дөнгөж сая (2019.06.05-ны 15.00 цаг) албан ёсны төлөөлөгчдийн нэгдүгээр сувгийн уулзалт болж өнгөрлөө. Энэ уулзалтыг 2017 оноос хийж эхэлсэн. Өнөөдрийн гурав дахь удаагийн уулзалтад БНХАУ, Япон, БНСУ, АНУ, ОХУ, Канад, Европын холбоо, Швейцарь, Нидерланд, Герман, Норвеги зэрэг 14 улс орны Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгчид оролцож Зүүн хойд Ази, Солонгосын Хойгийн асуудлаар ярилцлаа.

Улаанбаатарын яриа хэлэлцээр маань бүс нутагт энхтайваныг тогтоох, хамгаалах, цөмийн зэвсгээс ангид байх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хийгддэг, олон улсын хэмжээнд нэлээд танигдсан уулзалт.

Сая бид Солонгосын хойг болон Зүүн хойд Азид үүсээд буй бүс нутгийн аюулгүй байдлын асуудал, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах, Умард Солонгос, АНУ-ын дээд хэмжээний уулзалттай холбоотой асуудал болон Владивосток хотод болсон ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын дээд хэмжээний уулзалт, Бээжин хотод болсон БНХАУ-ын дарга Ши Зин Пин, Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын уулзалтын талаар гурван цагийн турш санал бодлоо илэн далангүй солилцлоо.

Зүүн хойд Азийн аюулгүй байдлыг хангахад энэ бүс нутгуудын хамтын ажиллагаа маш чухал. Тиймээс олон улсын түвшний яриа яриа хэлэлцээрийг өрнүүлж байж бид зөв ойлголтод хүрэх ёстой гэдэгт оролцогч талууд санал нэгдэж байна. Энэ бол Улаанбаатарын яриа хэлэлцээрийн үр дүнтэй байгааг харуулж буй юм.

Уулзалтад оролцогч орнууд энэ хэлбэрийн яриа хэлэлцээрийг тогтмолжуулж байгаа Монгол Улсын Засгийн газарт баяр хүргэж, амжилт хүсч байна.

Мөн Солонгосын хойг дахь энх тайван, аюулгүй байдлын төлөө, цөмийн зэвсгээс ангижруулах асуудалд энэ бүс нутгийн оролцоо чухал. Өмнө нь болж байсан зургаан талт уулзалт байхгүй болсноос хойш Улаанбаатарын яриа хэлэлцээр нь энэ асуудлыг авч хэлэлцдэг бодит талбар болж байгааг тэмдэглэн хэлж байна.

-Монгол Улсыг бүс нутгийн асуудлыг хэлэлцэхэд зуучлагч болж оролцох давуу талтай гэж үздэг. Энэ тал дээр Монгол Улсын оролцоо цаашид ямар байх бол?

-Монгол Улс энхийг эрхэмлэсэн гадаад бодлоготой, энэ чиглэлээр гадаад бодлогоо идэвхитэй явуулдаг, хүний эрхийг дээдэлдэг улс. Энэ бүс нутагт энхтайвныг цогцлоох, аюулгүй байдлыг хангахад хувь нэмрээ оруулж ирсэн. Бүс нутгийн яриа хэлэлцээрийг өрнүүлэхэд цаашид ч өөрийн хувь нэмрээ оруулах болно. Үүнийг бас Олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс зохих ёсоор үнэлж байгааг хэлэхэд таатай байна.

-Уулзалтад Умард Солонгосын төлөөлөгчид ирээгүй. Гадаад харилцааны яам энэ удаагийн уулзалтад Умард Солонгосыг оруулах тал дээр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн бэ?

-Бид уулзалтын албан ёсны урилгыг Умард Солонгосын талд өгсөн. Тэд энэ удаагийн уулзалтад оролцоно гэж байсан. Гэхдээ энэ удаагийн уулзалтад оролцож амжихгүй гэдгээ хэлээд Улаанбаатарын яриа хэлэлцээрт амжилт хүссэн байгаа.

-Умард Солонгосын төлөөлөгчид өмнөх хэдэн уулзалтад оролцсон бэ?

-Улаанбаатарын яриа хэлэлцээр уулзалт 2013 оноос эхэлсэн. Тус улсын төлөөлөгчид дөрвөн уулзалтад оролцсон.

-АНУ, Хойд Солонгосын хоёр дахь уулзалтаас ахиц гараагүй цаг үеийн дараа Улаанбаатарын яриа хэлэлцээр болж байна. Оролцогч талууд хоёр талын болж өнгөрсөн уулзалтын талаар ямархуу байр суурьтай байна вэ?

-Уулзалтаас ахиц гараагүй гэж үзэхэд бас хэцүү. Цөмийн зэвсгээс ангижруулах хоёр талын үйл явц нь өөрөө нэлээн цаг хугацаа шаардах ажил юм. Үүнээс гадна харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэх ёстой. Улаанбаатарын яриа хэлэлцээрт оролцож байгаа албан ёсны төлөөлөгчид үүнийг анхаарах ёстой юм байна гэдэг дээр байр сууриа илэрхийлж байна.

Өнөөдөр цөмийн зэвсгээс ангижруулах энэ үйл явцыг юу гэж тодорхойлох вэ. Үүнийг Ажлын хэсгүүд ч, мэргэжилтнүүд ч анхаарч, нэлээд ажиллах шаардлагатай. Ийм алхамуудыг хийхгүйгээр яриа хэлэлцээрийг зөвхөн хоёр удирдагчын түвшинд хийхэд ойлголцлын зөрүү гарч байна гэсэн зүйлийг сая оролцогч талууд хөндөж байна. Үүнтэй санал нэг байгаа.

Д.ОТГОН

Эх сурвалж: Updown.mn


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.