Төрийн байгууллагын тогтолцоо, түүний дээд өндөрлөг дэх ээдрээтэй асуудлууд
ОНОЛЫН ЗАРИМ ТАЙЛАЛ
Ардчилсан нийгмийн нөхцөлд аль ч улс орны төрийн байгууллага үлэмж нарийн нийлмэл тогтолцооны хэлбэрээр оршдог. Үүнд системийн онолын үүднээс бүтэц үйл ажиллагааны шинжилгээ хийх нь танин мэдэхүйн хувьд үр дүнтэй, практик өгөөжөө өгнө.
Монголын улс төрийн шинэ тогтолцоо орчин үеийн ардчилсан нийгэмд үйлчилдэг тэр ерөнхий жишгийн дагуу улс орныхоо өвөрмөц онцлогийг тусгасан байдлаар төлөвшин тогтож байна. Төрийн байгууллага бол төрийн засаглалыг хэрэгжүүлэгч зохион байгуулагдсан субьект юм.
Орчин үед төрийн засаглалыг хэрэгжүүлэхэд:
а/ Сонгодог ардчиллын онол, б/ элитийн онол, в/ плюраль ардчиллын онол гэсэн гурван гол онол, үзэл баримтлал түгээмэл хэрэглэгдэж байна. Сонгодог ардчиллын онол нь төрийн засаглалыг хэрэгжүүлэхэд ард түмэн нийтээрээ оролцох эрхийг хэрэгжүүлэх зарчимд үндэслэнэ. Харин элитийн онол нь "шалгармал" цөөнх нийгмийг удирдах ёстой гэсэн үзэл санаанд тулгуурладаг. Тэгвэл плюраль ардчиллын онол нь дээрх хоёр үзэл баримтлалын эсрэгцсэн туйлширлыг шүүмжилж олон янзын үзэл санаа, эрх ашиг бүхий нийгэмд ардчиллыг тодорхой хэмжээгээр хэрэгжүүлэхийг иш үндэс болгодог. Манай оронд өрнөж байгаа улс төрийн шинэтгэлийн явцаар төлөвшиж буй төрийн байгууллагын тогтолцоонд төрийн засаглалыг хэрэгжүүлэх плюраль ардчиллын онол давамгайлсан үзэл баримтлал үйлчилж байна. Түүний улс төр, эрх зүйн үндсийг Үндсэн хуульд хуульчилж баталгаажуулсан. Төрийн байгууллагын шинэ тогтолцоо сонгуулиас сонгуульд, жилээс жилд улам бүр төгөлдөржин боловсронгуй болж байна. Уг тогтолцооны ерөнхий дүр төрхийг дараах бүдүүвчээр илэрхийлж болох юм.
Төрийн эрх мэдлийг тэнцвэржүүлэн хуваарилах ерөнхий зарчмыг удирдлага болгон одоогийн Монгол Улсын төрийн байгууллагын тогтолцоог шинжлэх ухааны танин мэдэхүйн болзмол нөхцлөөр бүдүүвчлэн гаргаж болох боловч энэ нь уг тогтолцооны үйлчлэн орших механизм буюу элемент бүрийн чиг үүрэг үйл ажиллагааны уялдаа холбоог гүйцэд илэрхийлж хараахан чадахгүй юм.
Ийм учраас бид төрийн байгууллагын тогтолцооны дээд шатны гол субьектууд буюу Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Дээд шүүх, Үндсэн хуулийн цэц зэрэг байгууллагуудын чиг үүрэг үйл ажиллагааны уялдаа холбоо харилцан зохицлын зарим асуудлыг онцлон хөндөхийг эрмэлзэв.
Манай оронд 1990-ээд оноос хэрэгжиж буй улстөрийн шинэтгэлийн хамгийн бодитой үр дүнгийн нэг бол төрийн байгууллагын ардчилсан шинэ тогтолцоо төлөвшин төвхнөж,үйл ажиллагаа нь зүгшрэн цэгцэрч буй явдал юм. Дэлхийн улс түмэн ч монгопын нийгмийн ардчилсан шинэтгэл, түүний дотор төрийн байгууллагын тогтолцооны өөрчлөлтийг бодитой үнэлж харилцан ашигтай хамтын ажиллагааныхаа бүххэлбэрт харгалзан үздэг боллоо. Төрийн байгууллагын тогтолцоо шинэ тутам төлөвшиж зүгширч байгаа ч түүний дээд өндөрлөгүүдийн хоорондын харилцааны механизмд ээдрээ төвөгтэй асуудлууд тулгарч байна. Тухайлбал, хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн гурван эрх мэдлийн хоорондын харилцаанд "хуулийн цоорхой” болон ажил үүргийн давхардал ч гарч байна. Тэрчлэн дөрөв дэх засаглалын "хоосон орон зай” судлаачдын анхаарлыг татсан хэвээр байна. Энэ мэт тулгамдсан асуудал нь улс орны ирээдүйн амьдралын дүр зургийг тодруулан УИХ-аар хэлэлцэх үеэр болон Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг УИХ-аар хэлэлцэж санал хураах явцад ямар нэгэн байдлаар илэрч байв. Ийм нөхцөлд дээрээ суудлаа зөв засах, доороо гүйдлээ зөв олох асуудал байсаар байх болно.
1.МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ БА ТӨРИЙН ЗАСАГЛАЛЫН ХАРИЛЦАА
Улсын Их Хурал нь хууль тогтоох эрх мэдлийг өөртөө хадгалдаг төрийн дээд байгууллагын хувьд төрийн байгууллагын тогтолцоонд онцгой байр суурийг эзэлж, тогтолцоо үүсгэгч нь болж байна. Иймд түүний үйл ажиллагаанаас төрийн бусад дээд байгууллагын ажил хэрэг үлэмж хэмжээгээр хамаарах болсон. Монгол Улсын Их Хурлын бүтэц, чиг үүрэг, үйл ажиллагааны бүрэн эрхийн тухай асуудлыг Үндсэн хууль болон Улсын Их Хурлын тухай хууль, УИХ-ын хуралдааны дэгийн тухай хууль, УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай хууль Улсын Их Хурлын байнгын хорооны дүрэм нэгтгэн зохицуулж бусад хууль тогтоомжоор тодотгон нарийвчилжээ. Улсын Их Хурлын тухай хуулийг анх 1992 онд Улсын Бага хурлаас баталж, 1993 онд хоёр удаа, 1995 онд нэг удаа нэмэлт өөрчлөлт оруулсан. Харин 1996 оны УИХ-ын сонгуулиар байгуулагдсан шинэ парламент УИХ-ын хуралдааны дэгийн тухай хуулийг 1997 онд баталж мөн онд нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Улсын бага хурал, УИХ-ын үйл ажиллагааны туршлага, сургамжийн үр дүнд Улсын Их Хурлын тухай хууль боловсронгуй болж ирсэн нь Монгол Улсад парламентын засаглал бүхий ардчилсан төрийн байгууллагын тогтолцоо төлөвшин хөгжихөд эрх зүйн гол үндэслэл болжээ. Үүний зэрэгцээ УИХ-ын үйл ажиллагааны ололт дутагдлаас хамаарсан шинжтэй төрийн засаглалын харилцааны зарим ээдрээтэй асуудал байгаа нь амьдрал дээр янз бүрийн байдлаар илэрч байна. Засаглал хуваарилах зарчмыг бодитой хэрэгжүүлэх шаардлагын үүднээс Монгол Улсын Үндсэн хуульд заасан УИХ-ын онцгой бүрэн эрх, түүнийгхэрэгжүүлэх зарим тодорхой механизмыг Улсын Их Хурлын үйл ажиллагааг зохицуулдаг хуульд нарийвчлан тодотгож өгөх шаардлага байна. Ийм нарийвчлал дутмагаас шалтгаалж Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд хамаарах зарим асуудал Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл зэрэг засаглалын харилцааны бусад субъектүүдийн эрх мэдэл нь эрхлэх ажлын хүрээнд давхар харьяалагдах, улмаар тэдгээрийн үүрэг функцийн ялгаа бүдгэрэх зэрэг зөрчил гарсаар байна. Улсын Их Хурлаар баталж гаргасан хуулиудаар дээр дурдсан субъектүүдэд олгосон зарим нэг эрх мэдэл нь үндсэн хууль болон бусад хууль тогтоомжтой хэр зэрэг нийцэж буйг нягтлан шинжилсэн судалгаа дүгнэлт ядмагхан байна. Энд өөр бусад учир шалтгаан ч бас нөлөөлж байгаа тал бий. Тухайлбал, Үндсэн хууль түүний хавсралтын тухай хуулиас гадна тэдгээрийг тодотгосон эрх зүйн шинэчлэлийн нэгдсэн концепци ч юм уу, хөтөлбөр байхгүйгээс болж хууль тогтоох ажил ихэнх тохиолдолд цаг үеийн урсгал хэрэгцээ, хууль санаачлагч субьектын идэвх зэрэг нарийн төлөвлөгдөөгүй зүйлүүдэд "хөтлөгдөх” шинжтэй явж ирсэн нь хуулиудын заалт, түүгээр зохицуулагдаж буй харилцааны зохистой шүтэлцээ тэр бүр харагдахгүй болжээ. Тэрчлэн хуулиудын кодификаци болон системчилсэн судалгаа, мэдээлэл лавлагааны боловсруулалтын түвшин шаардлагын хэмжээнд хүрэхгүй байна. УИХ, түүний гишүүдэд зохих төвшинд мэдээллээр үйлчилж чадахгүй байгаа явдал ч энд бас нөлөөлсөн талтай. Өнөөгийн практикаас үзэхэд УИХ-д судалгаа-дүгнэлт, мэдээлэл лавлагаагаар үйлчлэх нэгдсэн системийг орчин үеийн мэдээлэлжсэн технологийн сүлжээ, шинжилгээ-экспертизийн оновчтой арга зүйд тулгуурлан өөрчлөн зохион байгуулах шаардлагатай болжээ.
ШУА-ийн Философи, социологи, эрхийн хүрээлэнгийн захирал, дэд
доктор Г.ЧУЛУУНБААТАР
Парламентын тоймч, судлаач, дэд доктор Д.БАТМӨНХ
(1997.1.20) Үргэлжлэл бий.
Эх сурвалж: Dorgio.mn
Сэтгэгдэл байхгүй байна.