С.Мөнхчулуун: Гишүүний туслах хийдэг, дараа нь газар, хэлтсийн даргаар очдог, энэ л Монголыг самарч байна
НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулууныг "VIP Ярилцлага” буландаа урьж, ярилцлаа.
Зарим хүмүүсийн хүүхдүүд шиг сургалтын зээл, тэтгэлэг, дэмжлэгээр яваагүй
-С.Мөнхчулуун гэдэг хүнийг хотын даргад өрсөлдөөд, ялалт байгуулаад, намын бодлого сөрсөн асуудалд ороход ард иргэд нэлээд таньдаг болж эхэлсэн болов уу. Харин хувь хүн нь чухам хэн бэ гэдгийг тэр болгон мэдэхгүй байх. Та аль нутгаас гаралтай хүн бэ. Бага насны дурсамжаас чинь ярилцлагаа эхэлье?
-Энэ ярилцлагыг уншиж байгаа залууком сайтын уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Аав, ээж хоёр маань говийн хүмүүс. Аав маань Дундговь аймгийн гаралтай хүн байсан. Бурхан болоод 5 жил болж байна. Ээж минь Өмнөговьд төрсөн, тэр нутгийн хүн. Аав, ээж хоёр минь Улаанбаатар хотод оюутан байхдаа танилцаж, гэр бүл болсон юм билээ. Аав цэргийн хүн байсан болохоор сургуулиа төгсөөд, Дорноговь аймагт, Зүүнбаянгийн цэргийн ангид хуваарилагдаж байсан гэдэг. Би Дорноговь аймгийн Зүүнбаянд төрсөн. Би өөрийгөө говийн хүн л гэдэг. Аав Дундговь, ээж Өмнөговь, би Дорноговьд төрсөн болохоор говийн хүн л байгаа биз.
Намайг нэг настай байхад манайх Улаанбаатар руу шилжсэн байдаг юм. Цэргийн хүн, цагаан зээр хоёр нутаггүй гэдэг дээ. Тэр дагуу л ийш тийшээ нүүж байсан юм билээ. Улаанбаатарт шилжиж ирээд, Сонгинохайрхан уулын баруун бэлд 120 дугаар цэргийн ангид ажиллаж эхэлсэн. Шувуун фабрик, Био комбинат хавьд л даа. Тэнд сургуульд суралцаж байтал дөрөвдүгээр ангид байхад манайх Толгойт руу шилжиж ирсэн. Цэргийн хотхон буюу офицеруудын байр ашиглалтад ороход тийшээ шилжсэн юм. Бага насандаа Сонгинохайрхан дүүрэгт амьдарч, дунд сургуулиа төгссөн. Дунд сургуулиа төгсөөд Техникийн их сургуульд механик инженерийн чиглэлээр суралцсан. Их сургууль төгссөний дараа Герман руу явсан юм. Эхнэртэйгээ хамт явж байлаа. Хоёулаа сургууль төгссөн оюутан байлаа. Хамтдаа Германд очиж, 7 жил гаруй суралцаж, хөдөлмөрлөсөн дөө.
-Цэргийн хүний хүүхэд их дэг журамтай, гэртээ хагас цэрэгжилтийн байдалтай байдаг гэх мэтээр ярьдаг. Багадаа дэг журамд хэр их барагддаг байв?
-Монгол хүн бүр л эх орныхоо төлөө гэсэн сэтгэл зүрхтэй байдаг. Тэр дундаа цэргийн хүн эх орныхоо төлөө халуун амь, бүлээн цусаа урсгахад бэлэн гээд тангараг өргөчихсөн эх оронч гэсэн үг. Тийм гэр бүлд төрсөн учраас эх орноо хайрлах сэтгэл бага байхаас минь илүү хүчтэй сууж өгсөн гэж боддог. Био комбинатын орчимд байдаг 120 дугаар цэргийн ангид аав минь ажиллаж байсан гэж би түрүүнд хэлсэн дээ. Тэнд офицеруудын 10 байр байдаг. Цэргүүд гараад алхахаар хамт алхана. Танк, их буун дээр гарч тоглоно. Биднийг өвөө, эмээ хоёр минь өсгөсөн. Манайд цуг амьдардаг байсан юм. Би өвөө, эмээгийнхээ зааж сургаснаар л хүмүүжсэн. Манайд цэргийн дэг журам байдаггүй байсан.
-Германд оюутан байсан. Тэр үед гадаад руу их, дээд сургуульд явах хэцүү байв уу. Гадаадад суралцахад төлбөр мөнгөнөөс авахуулаад асуудал их л байсан байх. Тэр дурсамжуудаасаа хуваалцаач?
-Миний том эгч Германд суралцаж байсан юм, тэр үед. Эгч надад хэлний курсийн урилга явуулсан. Урилга ирэхээр нь эхнэр бид хоёр хоёулаа визэд ороод, хэлний курст явах хүсэлтээ гаргаад л явсан. Зарим хүмүүсийн хүүхдүүд шиг сургалтын зээл, тэтгэлэг, дэмжлэгээр яваагүй. Өөрсдийнхөө бор зүрхээр л явж байлаа. Аав, ээжийнхээ хурааж хуримтлуулсан хэдэн төгрөгийг л аваад явж байсан. Яг биднийг очиход Герман мөнгөн тэмдэгтээ евро руу шилжүүлж таарсан. Манайд 20 дугаар тогтоол гардаг шиг л марк чинь евро руу шилжихэд ханш нь унаад ирж байгаа юм. Очоод хэлний курст суралцаж байгаад, улс төр, түүхийн чиглэлээр сургуульд орохоор материалаа явуулсан. Хүлээж авсан.
Тухайн үед Германд магистер, мастер гээд хоёр өөр сургалтын систем. Мастер гэхээр манай бакалаврын дараагийн сургалттай адилхан. Мастерт орвол хоёр жил суралцаад төгсөж болно. Магистер нь болохоор хоёр мэргэжлээр зэрэг суралцах боломжтой. Гэхдээ эхнээс нь сурч, хос мэргэжилтэй төгсдөг байсан юм. Одоо ямар болсныг сайн мэдэхгүй байна. Би тэр үедээ мастерт хоёр жил суралцаад, төгсчихье гэж төлөвлөсөн. Гэтэл Монголын их, дээд сургуулийн боловсролыг баталгаатай гэж үзэхгүй байсан учраас мастерт орох эрх олдоогүй юм. Уг нь би чинь хувийн сургууль биш Техникийн их сургууль төгссөн хүн шүү дээ. Гэтэл хүлээн зөвшөөрдөггүй. Тэгээд л магистерт буюу хоёр мэргэжлээр зэрэг суралцдаг ангид орсон. Улс төрийнхөө хичээлийг бол дуусгасан. Түүхээ албан ёсоор дуусгаж чадаагүй. Түүх амаргүй. Би чинь тоо, физикийн чиглэлийн хүн. Гэхдээ тэнд очоод нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр суралцсан. Гэтэл түүхийг зөвхөн Герман хэлээр заадаггүй. Грек гэх зэрэг олон хэлээр уншиж, судлах зүйл маш ихтэй учраас амар байгаагүй. Тэгээд л улс төрийн хичээлээ дуусгаад ирсэн дээ.
Германд суралцахад таатай. Бид хэчнээн тэтгэлгээр биш хувийн зардлаар суралцаж байгаа ч гэсэн Германд их, дээд сургууль нь төлбөргүй. Оюутны байр ч гэсэн хямдхан. Оюутнуудад автобусаар явдаг билет өгнө, тэр нь хямдхан. Байрлах байр, амьжиргаагаа л өөрөө зохицуулах хэрэгтэй болдог байсан. Оюутнуудад хичээлийн хажуугаар ажиллах зөвшөөрөл өгнө. Жилд 180 хоног ажиллах зөвшөөрөлтэй. Өдрийн 4 цагаар 180 хоног ажилладаг юм. Ажлаа хийгээд, амьжиргаагаа аваад явах боломжтой байсан.
-Ямар ажил хийж мөнгө олдог байсан бэ?
-"Мерседес бенз”-ийн үйлдвэрт ажилладаг байсан юм. Энд байгаа сэлбэгийг тэнд тавьдаг л ажил хийнэ шүү дээ. Герман чанар гэж ярьдаг даа. Энэ нь Германы хүний ажлыг яг ном журмын дагуу хийдэгтэй холбоотой байдаг. Энэ сэлбэгийг тэнд тавих ёстой гэвэл яг л түүнийгээ хийдэг. Ийм стандарттай байна гэвэл яг л тэр дагуу хийдэг. Тийм учраас чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж чаддаг. Түүнээс биш Герман хүн илүү авьяас чадвартай даа биш. Тогтсон стандарт, дүрэм журмыг ягштал мөрдөж чаддагтаа л байдаг.
-Тэр том үйлдвэрт ажиллахдаа чухам юу өөртөө шингээж авсан бэ?
-Германы стандарт, чанар хаана ч адилхан. Бензийн үйлдвэрт ч адилхан. HP принтер үйлдвэрлэдэг үйлдвэрт ч ялгаагүй, стандарт, журмаа ягштал мөрддөг. Герман хүмүүс цагийг маш нарийн барьдаг. Тэнд "5 минут хожигдож ирвэл тэр хүн тэнэг, 5 минут түрүүлж ирвэл бүр тэнэг” гэдэг үг байдаг. 17:00 цагт би хүнтэй уулзана гэдгээ мэдэж байж 16:50 цагт ирвэл хайран 10 минут болж таарах нь ээ дээ. Цаг бол алт гэдгийг Германд хүмүүс бодитоор нь хэрэгжүүлдэг. 2006 онд Германд тамхины тухай хууль гарсан. Анх тэнд очиход тамхи татдаггүй хүн гэж бараг байхгүй юм байна гэж би харж байлаа. Гудамжаар тамхи татдаг хүн дүүрэн, зарим газар саарал утаан дунд л зогсох болно. Гэтэл тамхины хууль гарсны маргааш нэг ч хүн гудамжинд тамхи татахгүй байх жишээтэй. Хууль гарсан л бол хэрэгждэг. Түүний үр дүнгээр Герман чанарыг үйлдвэрлэж чаддаг юм билээ.
"Би ийм газар ажиллахгүй" гээд Сонгинохайрхан дүүргийн намын дэд даргын албаа өгөөд явж байлаа
-Техникийн их сургуулийг механик инженер мэргэжлээр дүүргэчихээд, Герман руу яваад, улс төрийн чиглэлээр суралцсан гэсэн. Монголд инженер нь улстөрчөөсөө илүү хэрэгтэй. Инженерүүд бүхнийг барьж, бүтээж байна. Харин улстөрчид Монголд ямар нэр хүндтэй байгаа та надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Яагаад өөрийнхөө мэргэжлээр ажиллахгүй улс төр сонирхож, тэс өөр сонголт хийсэн юм бэ?
-Зах зээлийн эдийн засаг руу шилжээд удаагүй байсан үе. Монгол Улс эдийн засаг, санхүүгийн хувьд тогтвортой байгаагүй. Би Техникийн их сургуулийг 3.8 голчтой төгсөөд, магистерт сурах урилгаа авчихсан байсан. Гэвч Германд очиж магистерт суралцахаар шийдээд явсан. Гэтэл түрүүний ярьсан шиг асуудал үүссэн. Заавал Германдаа бакалаврын боловсрол эзэмших шаардлагатай болсон. Цаг хугацаагаа дэмий алдах юм шиг санагдсан. Хурдхан суралцаад, буцна гэсэн бодолтой байсан.
Тэгээд ч өөр салбарыг сонирхож, суръя гэж бодсон учраас улс төр, түүхийн чиглэлийг сонгосон юм. Нэг сумаар хоёр туулай буудах санаатай байхгүй юу. Хүүхдийн л санаа, дөнгөж очсон оюутан байсан болохоор тэр. Хоёуланг нь зэрэг сураад дуусгачихна гэж бодсон ч санаснаар болоогүй. Та сая асуултдаа дурдаж байна, улстөрчид нэр муутай болсон гэж. Өнөөдөр Монголын улстөрчдийн нэр хүндтэй холбож л ярьж байх шиг байна. Уг нь улс төр гэдэг чинь нийгмийн болж бүтэхгүй бүх асуудлыг шийдэх инженер нь байхгүй юу. Улс төр буюу төрийн алба гэдэг Монгол Улсын менежер байх ёстой. Энэ улс зөв тийшээ явах уу, буруу тийшээ явах уу гэдгийг тэр хүмүүс л шийдэж байх ёстой юм. Гэвч цөөн тооны буруу хүмүүс улс төрд байгаагаас л улстөрчдийн нэр хүнд нь унаад, ийм байдалд хүрчихлээ. Уг нь нэг инженерийн юм уу, нэг салбарын хүнээс илүү Монгол Улсад хувь нэмрээ оруулахын төлөө явж байгаа байхгүй юу. Цаад үндсэн зорилгоороо бол.
-Таны ажилласан түүхийг харьж байхад Нийслэлийн Өмчийн харилцааны газар мэргэжилтэн хийгээд эхэлж. Дараа нь хэлтсийн дарга болсон. Улмаар 2012 оноос Сонгинохайрхан дүүргийн Тамгын газрын дарга болсон байсан. Германаас ирээд дөрөвхөн жилийн дараа Тамгын газрын дарга болно гэдэг хурдтай өсөлт шүү. Германд эзэмшсэн, сурсан мэдлэгийн ач уу. Эсвэл "крандуулна" гэдэг нь болов уу?
-Би анх Өмчийн харилцааны газар мэргэжилтнээр ажилд орсон. Тэнд гурван жил мэргэжилтнээр ажиллаж байтал Концессын тухай хууль батлагдсан. Энэ хууль батлагдсаны дараа Өмчийн харилцааны газарт концессын баг гэж байгуулахаар болсон юм. Тэр үед концесс гэдэг шинэ ойлголт байсан болохоор барьж авч хийх хүн цөөн байсан. Тухайн үед Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийнхэн манайд зөвлөхөөр ажиллаж байлаа. Концессын асуудлаар зөвлөж байсан юм. Баг ч байгууллаа. Би Германд суралцаад ирсэн, сурч боловсорсон, тэр талаар тодорхой мэдлэгтэй учраас концессын багийг хариуцахаар болсон. Германы хамтын ажиллагааны нийгэмлэг, Азийн хөгжлийн банкныхантай хамтарч Өмчийн харилцааны газарт концессын баримт бичгүүдийг боловсруулж байлаа. Нийслэлд баримтлах анхны бодлогын баримт бичгүүд, гэрээний загвар гээд бүхий л зүйлийг Германы туршлагаас хуулж, боловсруулсан. Тэгж явж байтал концессын хэлтэстэй болоход би даргаар нь томилогдсон.
Концессын хэлтсийн даргаар ажиллаад, маш олон ажлыг эхлүүлсэн. Улмаар 2012 сонгуулийн дараа шинээр төр засаг эмхлэгдэн байгуулагдахад Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргаар нь очиж байлаа. Сонгинохайрхан дүүрэг төсвийн хувьд хүндрэлтэй газар. Нийслэлээс татаас авдаг. Зөвхөн төрийн байгууллагын ажилтан, албан хаагчдынхаа цалингийн төсвийг л авна. Хөрөнгө оруулалтын нэмэлт зардал байхгүй. Чингэлтэй дүүрэгт 18, 19 тэрбум төгрөгийн төсөв хуваарилдаг байлаа гэж бодъё. Гэтэл Сонгинохайрхан дүүрэгт 6 орчим тэрбум төгрөгийн төсөв л хуваарилагдана. Тэр мөнгө нь төрийн албан хаагчдын цалин, урсгал зардалд л хүрэлцэнэ. Хөрөнгө оруулалт байхгүй гэсэн үг. Тиймээс Сонгинохайрхан дүүрэгт тодорхой ажлуудыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр эхлүүлэх ёстой юм байна. Энэ чиглэлд илүү ажиллах ёстой гэдэг утгаар нь Сонгинохайрхан дүүргийн Тамгын газрын даргаар ажиллахыг санал болгосон гэж ойлгодог. Тэнд би гурван жил ажилласан. 2015 оны арванхоёрдугаар сар хүртэл ажилласны дараа Нийслэлийн иргэдийн хуралд нэр дэвшихээр өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн.
-Иргэдийн хуралд нэр дэвшээд, нам ялалт байгуулсны дараа шууд НИТХ дахь МАН-ын Бүлгийн дарга болсон. Залуу хүн өндөр боловсрол эзэмшээд, чадвартай байвал ямар ч амжилтад хүрэх боломжтойг та жишээ болгож үзүүлсэн гэж ойлгоод байна. Залуучуудад үлгэр жишээ болохоор л замнал шүү?
-Боловсон хүчний судалгаагаа төрийнхөн, намынхан хэрхэн хийдэг гэдэг нь харагдаж байгаа байх. Миний хувьд МАН-д 1999 онд элссэн. Германд байхдаа би МАСЗХ-ны салбар зөвлөлийг удирдаж ажиллуулаад, тэнд оюутнуудтай хамтарч ажилладаг байсан. Монголд 2008 онд ирээд Сонгинохайрхан дүүргийн МАН-ын улс төрийн ажилтнаар ажилд орсон. Тэр үед дүүргийн иргэдийн хурлын сонгуульд зохион байгуулагчаар ажилласан. Түүний дараа Сонгинохайрхан дүүргийн МАН-ын дэд дарга болсон. Тухайн үед МАХН гэдэг байсан шүү дээ. МАХН-ын дэд даргаар 3 сар ажилласан даа. Яг тэр үед орон нутгийн сонгуульд ялсан хүмүүс Засаг дарга, Иргэдийн хурлын дарга болох гээд хоорондоо "байлдаж”, дотоодын зөрчил үүссэн. Би Германаас дөнгөж ирчихсэн. Тэнд улс төрийн чиглэлээр номын дуу сонсоод ирсэн. Германы улс төрийг харж байсан хүн.
Гэтэл Сонгинохайрхан дүүргийн улс төр дүрмийн бус. Дүүргийнхээ иргэдийн төлөө юу хийх вэ гэдгээсээ илүү сандал, суудлын юм болоод. Дээрээс нь мөнгөний асуудал үүссэн. Мөнгө тараалаа гэх мэт асуудлууд үүссэн. Тэгэхээр нь би тухай үеийн МАХН-ын Хяналтын хорооны дарга, одоо Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргаар ажиллаж байгаа Н.Цагаанхүү рүү яриад, "Энд ийм асуудлууд үүсэж байна, ирээч” гэсэн. Тэгээд манай дүүргийн намын хороонд ирэхэд нь үүсээд байгаа асуудлуудыг танилцуулж, өргөдлөө өгөөд гарсан. "Би ийм газар ажиллахгүй ээ” гэдгээ хэлээд явсан. Улс төр гэдэг миний түрүүний ярьсан шиг нийгмийн асуудлуудыг шийдэх ёстой болохоос өөрсдөө дүрэм, журам зөрчөөд, мөнгө тараагаад байж болохгүй гэдэг асуудлыг тавиад, намын дэд даргынхаа ажлыг өгөөд явсан. Тэгж явж байгаад төрийн албанд орж ажиллаж явсаар намын бүлгийн даргаар ирсэн.
Дүүргийн Тамгын газрын даргаар ажиллаж байхад асуудлууд орж ирнэ. Шийдэх хүмүүс нь шийдэж чаддаггүй. Нэг бол өөрсдийнх нь эрх мэдэл хүрдэггүй, эсвэл чаддаггүй. Төрийн албанд халаа сэлгээ асар өндөр. 2012 онд АН ялаад, төрийн албан хаагчдыг 100 хувь өөрчилсөн шүү дээ. Нийслэлд бүгдийг нь халж сольсон. Дүүрэг дээр ч бүгдээрээ солигдсон. Сонгинохайрхан дүүрэгт хамтарсан засагтай байсан учраас хэлтсүүдээ хуваагаад авчихсан. Дүүргийн Тамгын газрын 6 хэлтэс байлаа гэхэд гурвыг нь АН, үлдсэнийг МАН авна. Ардын намын авсан 3 хэлтсийн ажилчид хөдлөхгүй гэсэн үг. Харин АН-ын авсан хэлтсүүдэд халаа, сэлгээ өрнөж, 100 хувь солигддог. Ийм асуудлууд байсан учраас би улс төрд орж, өөрөө шийдэх ёстой юм байна гэж бодсон. Түүнээс биш төрийн албан хаагч байлаа гээд, Тамгын газрын дарга байна уу, Төрийн нарийн бичгийн дарга болсон ч энэ асуудлуудыг шийдэж чадахгүй юм байна. Ямар ч асуудал байсан бодлогыг нь гаргаж байгаа хүмүүс шийдэх ёстой гэж бодож, өөрөө улс төрд орж, нэр дэвшсэн.
2016 оны сонгуулиар НИТХ-д МАН-аас 34 төлөөлөгч ялж гарч ирсэн. 34 төлөөлөгчөө бүгдийг нь ажилтай болгосон. НИХТ-д бүгдээрээ л нэг агентлаг, Төрийн өмчит үйлдвэрийн газар удирдаад явж байна. Харин би хэлсэн. "Би төрийн албанд ажиллаж байгаад улс төр рүү орж ирсэн. Төрийн ажил хийхгүй ээ, улс төрийнхөө ажлыг хийе” гэдэг санал тавьсан. Тэгээд намын дэд дарга буюу НИТХ дахь МАН-ын Бүлгийн даргаар сонгогдсон юм.
-Таныг би ачаа үүрье, НИТХ дахь МАН-ын Бүлгийн дарга болгочих гэхээр бусад 33 нь дуу нэгтэй зөвшөөрөөд, дэмжих гэдэг тийм ч санаснаар болох зүйл биш шүү дээ. Нэр хүндтэй, хүлээн зөвшөөрөгдсөн, туршлагатай улс төрч байж бүлгийн дарга болно. Өөр олон хүнд энэ албан тушаалд суух сонирхол байсан л байж таараа. Танд ямар арга байв гэдэг нь бас сонирхолтой байна?
-Арга хэрэглэх шаардлага байгаагүй. Сонгуулийн дараа бүх хүн төрийн албанд очиход би эсрэгээрээ нам дээр очсон. Нам ялсан тохиолдол хүмүүс намаас явж, төрийн албанд очиж, төсөв мөнгө зарцуулдаг ажил хийдэг. Би эсрэгээрээ төрийн албанд ажиллахгүй, улс төрийн ажлаа хийе гээд л Нийслэлийн намын дэд даргаар очсон. Нийслэлийн намын дэд даргын хувьд НИТХ-ын бүлгээ удирдаж байж улс төрийн ажил явна гэдэг утгаараа бүгд хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Намаас дэвшүүлсэн "Аз жаргалтай хот” мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажил байна. Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд бүгд нэг шугамд зогсох ёстой. Түүнээс биш ар өврийн хаалгаар тэр суудалд суугаагүй. Өөр хэн нэгэн НИТХ дахь намын бүлгийн дарга болъё гээд өрсөлдсөн бол бүгд л өрсөлдөх байсан байх. Харин Нийслэлийн намын дэд дарга улс төрийн ажлаа хийгээд, албаа хашаад явна гэхээр хэн ч асуудал яриагүй юм.
Улс төрд орж ирээд, яслийн хүүхэд аятай л гурван жил суралцаж байна
-Улс төр гэж юу гэдэг асуултад хүмүүс янз бүрээр хариулдаг. Зарим нь бүр тэмцэл ч гэж тодорхойлсон нь бий. Таныхаар улс гэж юу вэ?
-Би өөрөө яах гээд яваад байна вэ гэдэг талаас нь ярья. Үнэхээр болохгүй, бүтэхгүй зүйл их байгаа учраас улс төрд орж, өөрчилье гэдэг зорилготой хүмүүс тэмцэл гэдгээр харж, тодорхойлдог байх. Би ч гэсэн өөрөө дотор нь орж байж л өөрчлөх юм байна гэж боддог. Бодлого гаргаж байгаа хүмүүс буруу ажиллаж байгаатай холбоотой л асуудал засрахгүй байна. Төр, төрийн алба гэдэг Монгол Улсын бүхий л асуудлыг шийдэх менежер нь байхгүй юу. Манайхны зарим нь "Төрийн төлөө оготно боож үхэв гэдэг шиг чи бид хоёр улс төрөөр яах вэ дээ” гэдэг. Энэ чинь Манжийн дарлалын үед монголчуудыг номхон дорой байлгах гэж гаргасан үг гэдэг юм билээ. Барилгад ажиллаж, өрлөг хийдэг өрлөгчинд хүртэл улс төр нөлөөлнө. Улстөрчид эдийн засгийн талаасаа буруу шийдвэр гаргаснаас болоод барилгын салбар хүнд байдалд орвол түүний амьдралд нөлөөлнө биз дээ. Хэрвээ зөв бодлого гаргаад, барилгын салбар өөдөллөө гэхэд тэр хүний амьдралд эерэгээр нөлөөлнө. Улс төр гэдэг чинь айл болгонд үйлчлэх менежерүүдийн нэгдэл юм.
-Дотор нь орж өөрчилнө гэсэн бодолтой мэдлэгтэй, чадвартай олон сайхан залуучууд гарч ирдэг. АН, МАН-ын аль алинд нь ийм залуучууд гарч ирдэг. Гэвч нэг албан тушаалд очоод, "ах нар”-тай адилхан болоод, уусаад алга болчихдог. Үүнийг бид яаж өөрчлөх юм бэ. Өөрчлөгдөх боломжтой юу?
-Ямар иргэд байна, тийм төр байна гэдэг. Иргэд сонголтоо маш зөв хийх ёстой. Хэн сайхан ярьж, баян тарган харагдаж байна, түүнийг сонгодгоо болих хэрэгтэй. Нэг компанийн захирал гарч ирэхээр "Энэ их мундаг. Нэг компанийг ингэж сайхан авч явж, бизнесээ өргөжүүлж байна. Энэ хүнийг сонгох нь зөв” гэж боддог. Нэг тэмцэгч гарч ирээд их сайхан ярихаар "Энэ хүн эх оронч, Монголын төлөө цохилох зүрхтэй юм байна. Тиймээс сайн сайхан болгоно, энэ нийгмийг” гээд сонгоод байна шүү дээ. Төрийн алба гэдэг гаднаас нь харахад амархан юм шиг мөртлөө начир дээрээ огт өөр. Юуны төлөө ажиллаж байна вэ гэдгээ маш сайн ойлгосон хүмүүс ажиллах хэрэгтэй. Төрийн албаны дадлага, туршлага заавал байх ёстой.
Гэхдээ төрийн алба тийм амар биш шүү. Бүх зүйл нь хууль, журмын дагуу явдаг. Нэг ажил хийх гэхээр хууль бусаар явуулж болдоггүй. Хуулиас гажих л юм бол асуудал үүснэ. Тиймээс хүмүүс төрийн албанд ажиллаад ажлаа хийж чадахгүй байна. Төрд орж ирээд 3 жил суралцаж байна шүү дээ. Яслид байгаа юм шиг суралцаад, гурван жилийг өнгөрөөгөөд дөрөв дэх жил рүүгээ орж ирж байтал солигдчихдог. Эсвэл төрийн албанд орж ирээд, чадна, хийнэ, бүтээнэ гэдэг. Асуудлаа ойлгох явж явсаар байтал солигдох болдог. Тэгэхээр төрийн албыг мэддэг, ажиллаж чаддаг хүнийг сонгох нь энэ асуудлыг шийдэх нэг гарц.
Сая намууд 3, 5 сая төгрөгийн цалин, үнэгүй байр, ипотекийн зээлийн хүүг нэг хувь болгоно гэх мэтээр амлалт өглөө. Энэ хийсвэр, өнгөц асуудал. Уг нь төрийн алба ном журмынхаа дагуу ажиллаад, стандартаа бариад явбал 5 саяын цалин хүндрэлтэй биш. Харин улс төрөө стандартын дагуу хийж, төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс мэргэжлийн байж чадахгүй бол хэзээ ч бүтэхгүй. Иргэд зөв сонголт хийж, гарч ирсэн улстөрчид нь хуулийг мөрдүүлдэг байх хэрэгтэй. Манайд 700 гаруй хууль байна. Гэтэл хуулиа хэрэгжүүлдэггүй.
Төрийн биш даргын төлөө ажилладаг хүн олон байна
-Зөв сонголт хийнэ гэхээр хэнийг сонгох юм. Өнөөдрийн нийгмийг бүтээсэн, 30 жил эх орноо хөгжүүлж чадаагүй "ах нар”-ыг сонгохгүй байх ёстой юм уу. Яах ёстой юм?
-Иргэд өөрсдөө хэнийг сонгохоо мэдэж таараа. Гэхдээ тэр хүн миний төлөө юу хийх вэ гэдгийг нь л бодолцох ёстой. Тэр хүнийг өөрийнхөө төлөөлөл болгоод явуулж байгаа. Тэр нь Монгол Улсын төлөө, сайхан нийгэм бий болгохын тулд ажиллах ёстой биз дээ. Тэр ажлаа хийж чадах уу, үгүй гэдгийг нь бодож үзэх хэрэгтэй. Ахмад улстөрчид гээд ярьж байна. Ахмадуудын цаг болсон, яваасай гэдэг байр суурь надад байдаггүй. Гэхдээ тэр хүн 3, 4 удаа сонгогдохдоо юу хийсэн бэ гэдгийг л харах ёстой. Тэр хүн сайн ажиллаад, Монгол Улсын хөгжлийн төлөө үнэтэй хувь нэмэр оруулсан. Цаашид тэр хүнээс ашиглах чадвар байгаа гэж үзвэл сонгож болно. Түүнээс биш сайн, сайхан хүн шүү гэж сонгоод байж болохгүй.
Энэ залуу хүн, эрч хүчтэй гээд сонгочихдог. Тэр нь ямар ч дадлага, туршлага байхгүй. УИХ-д орж ирээд кноп дарахаас өөр ажил хийж чадахгүй хүмүүс олон байна. Тэгэхээр хэнийг сонгох вэ гэдгээ иргэд өөрсдөө сайн бодох ёстой. Юуны төлөө сонгож байгаа билээ. Зургийг нь бурхныхаа хажууд тавих гэж сонгоод байгаа юм уу. Эсвэл тэр хүнээр өөрийнхөө амьдралд тодорхой өөрчлөлт авчруулахын тулд сонгоод байна гэдгээ иргэд мэдрэх л ёстой.
-Улс төр хийгээд явахаар заавал багаар тоглох шаардлагатай. Бага болно гэхээр заавал хэн нэгэн эрх мэдэлтний хүн болж хувирчихаад байх шиг. Тэрний хүн болохоор тэр хүнийхээ л үзэл бодол, зааврын дагуу яваад байна. Манай улс төрд байгаа зүйл энэ. Энэ муухай тогтолцооноос яаж салах юм бэ?
-Улстөрчид нь ч, иргэд нь ч ийм ойлголттой болчихлоо. Одоо байгаа улстөрчид бүгдээрээ фракц болчихсон, бүлэглэл үүсгээд, нэг хүний удирдлага дор ажиллаж байгаа зүйл байхгүй. Саяхан фэйсбүүкт "30 гэр бүлийнхэн” гээд зураг оруулчихаж. УИХ-ын дарга асан М.Энхболд, УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунай тэргүүтэй хүмүүсийн зургийг оруулахдаа намайг бас багтаачихаж. Би 30 гэр бүлд орчихож байх шиг байна л даа. Т.Бадамжунай гэдэг хүнтэй би үг сольж үзээгүй. М.Энхболд даргатай "Хүй долоон худагт” наадмын үеэр ганц нэг тааралддаг байсан. Манай Сонгинохайрхан дүүргийн намын хорооныхон наадмын үеэр М.Энхболд даргын галаар очиж, гэрээр нь бөөнөөрөө ордог. Эсвэл шинэ жилээр "Алтан сарнай” наадмын үеэр бүх хүнтэй гар барихад нь л гар барьдаг байсан. Иймэрхүү түвшинд уулзалдаж байсан байтал би чинь нэг хэсэг 60 тэрбумын төлөөлөл болж хэсэг явсан. Сүүлдээ 30 гэр бүл болчихсон явж байна.
30 гэр бүлд нь жигтэйхэн баячууд байдаг л гэж ярьсан биз дээ. Гэтэл мань мэт нь 30 гэр бүл болоод байгааг үнэхээр ойлгохгүй байна. Энэ мэт хамаатуулдаг нь сөрөг нөлөөтэй. Иргэд тэгж харахаасаа илүү улстөрчид нэгийгээ харлуулах технологи болгож ашиглаад байна. Одоо хүнийг муухай харагдуулъя гэвэл 60 тэрбум, МАНАН-тай холбодог. Хадны мангаа гэдэг шиг л юм болж байна. Би дүүргийн Тамгын газрын даргаар ажилладаг байхдаа төрийн албан хаагчдад хэлдэг байсан. "Төрийн албан хаагчид гэдэг ялалт байгуулсан намын гишүүн шүү” гэж. МАН ялсан бол тэр намын бодлого, шийдвэрийг л хэрэгжүүлнэ. Түүнээс биш АН ийм бодлоготой байдаг юм гэх мэтээр эсэргүүцээд байж болохгүй. Ялсан намын бодлого шийдвэрийг хэрэгжүүлээд л ажиллах ёстой. Би ингэж л боддог. Өнөөдөр ямар удирдлага байна, тэр хүмүүсийн гаргаж байгаа шийдвэрийг хэрэгжүүлээд ажиллах л ёстой. Түүнээс биш тэрний, энэний фракц гэж хагаралдах нь буруу.
Бөөсний онигоо гэдэг шиг эргээд л нөгөө зөв сонголт. Зөв сонголт хийж байж л энэ асуудал шийдэгдэнэ. Тэгэхгүй бол өнөөдөр төрийн албаны халаа сэлгээ хэтэрхий байна. Нэг сайд ирээд яамны хүмүүсээ хоморголон халдаг. Нутгийнхаа хүмүүсийг авчраад тавьчихдаг. Хэвлэлийнхэн судлаад үзээрэй, олон яамны газар, хэлтсийн дарга нь сайдынх нутгийн хүн байдаг. Тохиолдлын байж болно л доо. Гэхдээ л заавал яагаад нутаг нугаараа бөөгнөрөх ёстой гэж. Үүнийг өөрчлөх хэрэгтэй. Тэр хүмүүс төрийн албыг нутаг нуга, танил талынхаа хүрээгээр өөрчилж, халж солиод байгаа болохоор төрийн алба тогтворгүй байна. Нэг хүн ажилд ороод, хэдэн жил юм сурдаг, овоо зүгширдэг. Гэтэл шинэ дарга ирэхээр л өмнөх сайдын хүн гэдгээр халагддаг. Уг нь Төрийн албаны хуулинд хүмүүсийг үндэслэлгүй халих, солих, чөлөөлөхийг хориглочихсон. Гэтэл хуулиа хэрэгжүүлдэггүй. Өөрсдөө хууль зөрчиж байгаа хүмүүс хууль хэрэгжүүлнэ гэж байхгүй л дээ.
Манай дарга нар өөрийнхөө төлөө биш төрийн төлөө ажиллах хүнийг сонгох хэрэгтэй. Жишээлбэл, би таныг ажилд авчихаад, "Би халагдвал чи ажилгүй болно шүү” гэвэл хэцүү биз дээ. Дараагийн дарга нь ирээд "Энэ С.Мөнхчулууны хүн” гэж халдаг. Тэгээд өөр нэг хүн авчирдаг. Ингэхээр чинь хүмүүс төрийн төлөө биш ажилд авсан даргын төлөө л ажиллаад байна. Төрийн албанд таримал, тавигдмал гэж хоёр янзын хүн байдаг. Таримал гэдэг нь мэргэжилтнээс эхлээд хэлтсийн дарга болоод, өсөж дэвжээд ажилладаг хүмүүс. Харин тавигдмал нь шууд газар, хэлтсийн дарга болдог хүмүүс. Сургууль дөнгөж төгсөөд, юу ч мэдэхгүй байж хэлтсийн даргаар томилогдоод ирдэг хүн олон байна. Нэг гишүүний туслах хийдэг, дараа нь хэлтэс, газрын даргаар очдог. Энэ чинь л Монгол Улсыг самарч байгаа асуудал. Хууль зөрчиж байгаа үйлдэл. Түүнээс биш хуульд хангалттай зааж өгсөн.
Нэлээд хэдэн нам, эвслээс "Манай намаас нэр дэвшээч" гэсэн санал ирсэн
-Сонгууль болдгоороо болбол нэр дэвшинэ биз дээ. Иргэдийн хуралд өрсөлдөх юм уу, УИХ-д уу. МАН таныг намаасаа хасчихсан биз дээ. Сонгуульд өрсөлдөхдөө бие даах юм уу, ямар төлөвлөгөөтэй байна?
-Үндсэн хуулиар бол нам гэдэг чинь сайн дураараа эвлэлдэж нэгдсэн, үзэл бодол нэгтэй хүмүүсийн нэгдэл байхгүй юу. Тийм учраас намаас хасна гэдэг чинь Үндсэн хууль зөрчиж байгаа хэрэг. Тиймээс гарсанд тооцно гэдэг заалт оруулсан. Хэзээ ч эргэж орж болно гэсэн үг. Надад өргөдлөө барьж очоод намдаа эргэж орох эрх нээлттэй байгаа. Би нэгэнт улс төрд орсон хүн, одоо УИХ-д нэр дэвшинэ. Сонгинохайрхан дүүрэгтээ өрсөлдөнө. Намаас уу, бие даах уу гэдгээ ярилцаж л байна. Надад нэлээд хэдэн нам, эвслээс "Манай намаас нэр дэвш. Хамтраад ажиллая” гэсэн санал тавьсан. Би мөрийн хөтөлбөрүүдийг нь харах ёстой.
Нэг намаас нэр дэвшинэ гэтэл ямар ч намтай очоод нэгдчих юм билээ. Үзэл баримтлалын хувьд таарахгүй хүмүүс байвал яах юм. Хэтэрхий популист хүмүүс Монгол Улсыг сүйрүүлнэ. Тийм хүмүүстэй хэзээ ч нэгдэхгүй. Гэх мэтээр олон асуудал байгаа учраас аль намаас уу, бие даах уу гэдгээ шийдэж амжаагүй л явна.
-Танд намдаа буцаад оръё гэсэн бодол байгаа юм уу?
-Буцаад намдаа орох боломж нь нээлттэй байгаа. Гэхдээ нам намайг Сонгинохайрханд нэр дэвшүүлэх үү, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй. Миний зорилго УИХ-д нэр дэвшиж, парламентад орж, дуу хоолойгоо өргөж, өөрчлөлтийг хийх. Хараад, шүүмжлээд суух биш, өөрөө дотор нь орж ажиллаад, хууль нь хэрэгждэг, төрийн алба нь тогтвортой болгохын тулд гар бие оролцох. Ийм зорилготой учраас ямар ч тохиолдолд нэр дэвшинэ гээд шийдчихсэн байгаа.
-Бие дааж нэр дэвшээд явахааргүй болчихлоо шүү дээ. З.Алтай гэдэг хүн "Бие даагчид юу ч хийж чаддаггүй гэдгийн жишээ би өөрөө байна” гэж хэлсэн. Бие даагчдыг лантуудчихлаа?
-Бие даагч байна уу, нам эвслээс нэр дэвшсэн байна уу гэдэг нь хамаагүй. Хүний өөрийнх нь дадлага, туршлага, чадвар л чухал. Би Нийслэлийн Иргэдийн хуралд нэр дэвшиж байхдаа иргэдэд хэлж байсан. "Би Сонгинохайрхан дүүрэгт өссөн, энд суралцаж, ажиллаж, амьдарч байсан хүний хувьд иргэдийн асуудлуудыг мэдэж байна. Дээрээс нь, мэргэжилтнээс эхлээд Тамгын газрын дарга хүртэл ажилласан учраас асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдэг гарц, гаргалгаа, шийдлийг бүгдийг нь мэдэж байгаа. Тиймээс надад сонгогдсоныхоо дараа сураад байх юм байхгүй. Шууд ажилдаа орно” гэж. Сүүлийн жил бие даагч гэх юм уу, нам бус статустай ажилласан. Гэхдээ л би нийслэлийн 45 төлөөлөгчөөс хэнээс ч илүү дутахааргүй өөрийнхөө тойрогт ажиллаж, асуудлуудаа шийдээд явж байгаа.
50 га газарт хятадуудыг оруулж ирж, ногоо тариулах гэж байна гэдэг асуудлыг би ярьсан, зогсоосон, шийдсэн. Машин татвартай холбоотой асуудлуудыг ч бид шийдээд л явж байгаа. Ганцаараа байсан ч намд байгаагаас дутахгүйгээр тэр асуудлуудыг шийдэж чадна. Зүгээр яриад асуудлууд шийдэгдэхгүй. Манай нэгдүгээр хороололд, Саппоро орчимд архидалт, гар дээрээс наймаа эрхлэх, биеэ үнэлэлтийн асуудал байсан. Өнгөрсөн онд тэр асуудлыг шийдсэн. Намайг сул гишүүн гээд асуудал ярихаар тоохгүй байж болно. Гэхдээ дарга, ялаа хоёрыг сониноор алдаг гэдэг шиг би бичиг өгөөд, түүнийгээ хэвлэлд гаргаад, яаж ч ажиллаж болно. ХЭҮК, Нийслэл Засаг дарга, Нийслэлийн Иргэдийн хурлын дарга гуравт хандаад, манай тойргийн иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдөөд байна, энэ асуудлыг шийдээч гэж явсаар байгаад л шийдүүлсэн. Эрх мэдэлтэй хүмүүсийг хийхээс өөр гарцгүй болтол нь шахаж, явна. Боломж, бололцоо, гарцыг нь хэлж өгнө.
-Энэ удаагийн сонгуульд маш олон бие даагчид оролцох байх. Арай өөр хувилбараар оролцох байлгүй дээ?
-Бие даагч гэдэг өөрийгөө тусгаарлаад, одоогийн байгаа бие даагчид шиг хааяа нэг ирж, хоёр үг хэлчихээд алга болчихдог байвал хэрэггүй. Бие даагч гэхээр л ганцаараа байх албагүй. Тэнд нэг намтай эвсэл байгуулахад нь орж болно. Яаж ч хамтарч ажиллаж болно шүү дээ. Энэ удаагийн сонгуулиар маш олон хүн бие дааж өрсөлдөхөөр ярьж байгаа. Энэ хүмүүс мөрийн хөтөлбөр дээрээ нэгдээд, сонгогдвол хамтраад ажиллая гэж ярьж байгаа. З.Алтай гэдэг хүнийг би тийм, ийм гэж мэдэхгүй юм. Миний мэдэхийн УИХ-д сууж байсан. Телевизэд ажилладаг байсан шүү дээ. Тэр хүнд гаднаас нь харахад, амархан юм шиг санагдаж байсан байх. Хийхэд хэцүү байхгүй юу. З.Алтай гуай аль нэг намд байсан ч гэсэн яг тэгж л ажиллах байсан гэдэгт би итгэлтэй байна.
Улстөрчид нь улс төрөө хийж, бөх нь барилдаж, зураач нь зургаа зураад явах хэрэгтэй
-УИХ-д ороод, энэ улсын болохгүй, бүтэхгүй асуудлыг засъя, залруулъя гэж бүх л улстөрчид боддог байлгүй дээ. Түүнээс биш компанийнхаа бизнесийг өргөжүүлье, "идэж, ууя” гэж бодож ордог улстөрч байхгүй байх гэж итгэж байна. Гэвч сонгогдоод гарсныхаа дараа эсрэгээр нь ажиллаад байх шиг. Энэ парламентыг хар, түүхэнд байгаагүй муу нэрийг зүүлээ. ЖДҮХС-гийн зээл бөөнөөрөө авсан. Тэд ч гэсэн сайхан сайхан амалж л гарч ирсэн шүү дээ. Одоо бид танд, улстөрчдөд яаж итгэх юм бэ?