М.Хүрэлсүх:Хоёр нам нэгдэх нь монголчуудад хожоотой

0

Цагаан сарын өмнөхөн Ардчилсан нам, Иргэний Зориг Ногоон намууд нэгдэж, санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болсон билээ.Ёслолын ажиллагаанд АН-ын дарга З.Энхболд, АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр болон УИХ-ын гишүүд, ИЗНН-ын дарга С.Оюун, дэд дарга М.Хүрэлсүх, намын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хүдэр-Ян болоод намуудын гишүүд оролцсон. Хоёр нам нэгдэж байгаа асуудлыг янз янзаар тайлбарлах хүмүүс цөөнгүй бий. Түүнчлэн сонгууль угтаж АН хүчтэй байх бодлогоор  ИЗНН-аар хүч сэлбэлээ гэж харж, хардах хүн ч олон байна.

Тухайлбал, Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж ИЗНН болон МҮАН-ыг намдаа нэгтгэх асуудлыг шийдвэрлэж намуудыг нэгтгэх Ажлын хэсгийг байгуулж ахлагчаар нь УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг томилсон байсан. Үүнтэй холбоотойгоор ажлын хэсэг хоёр удаа хуралдсан бөгөөдР.Амаржаргал гишүүн өөрийн твиттер хуудсаараа дамжуулан "АН-ИЗНН-ыг нэгдэж нийлэхасуудлаар Ажлын хэсгийн хоёр дахь уулзалт амжилттай болж өнгөрлөө" гэж мэдэгдэж байсан.

Ингээд ИЗНН-ын дэд дарга, БОНХАЖЯ-ны дэд сайд асан, яруу найрагч М.Хүрэлсүхтэй хоёр нам нэгдэх эсэх асуудлаар ярилцлаа.

-АН, ИЗНН хоёр нэгдэх тохироогоо бүрдүүлж, санамж бичигт гарын үсэг зурлаа гэх мэдээлэл байна. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Миний хувийн бодол бол ижил үнэт зүйлстэй,  хоёр намын үзэл бодол ойролцоо хувьд нэгдэх нь зүйтэй  гэсэн байр суурьтай байсан. Манай С.Дэмбэрэл дарга "АН-тай нэгдэе” гэдгээ албан ёсоор хэвлэлээр зарлачихсан шүү дээ. Тэрбээр "Манай намд хөл алгаа, бодлого толгой бол байна. Тийм учраас хөлтэй намтай нэгдэх юм бол  хоёр намын хувьд бие биесээ нөхөөд хүчирхэг  болно” гэж ярьсан.

-Нэгдэх асуудлыг танай намын гишүүд болон зарим дэмжигчид хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа оны өмнө илэрхийлж байсан. Тэд хэрхэн хүлээж авсан бэ?

-Бүхэл бүтэн 16 жил Монголд оршин тогтносон өөрийн үндсэн капиталтай намыг байхгүй болгоно гэсэн асуудал намын гишүүд төдийгүй надад ч их зүйл бодогдуулж байгааг нуухгүй. Би ч эргэлзэж байлаа. Манай намын тавьж байгаа бодлого, хэрэгжүүлж ирсэн хөтөлбөр, төрийн бодлогын хэмжээнд аваачиж тавьсан бидний асуудлыг АН яаж хүлээж авах бол бүх шатны сонгуулийн асуудал дээр бид нартай яаж хамтарч ажиллах юм. Намын бүтцийн хувьд хэрхэн зохицуулж ажиллах бол. Өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгчийн сонгуульд болон бусад сонгуулиуд дээр хамтарч ажиллахад бид нартай хийсэн гэрээ хэлэлцээр хэрэгжилт гэж байдаг. Үр дүн хэр байсан талаар бид ярилцсаны эцэст манайхан нам дотроо хэлэлцүүлэг явуулж байгаад нэгдэх үү, нэгдэхгүй юу гэдгээ шийдэхээр болсон. Өнөөдөр бид гарын үсэг зурсан санамж бичигтээ бол нам, нам дотроо хэлэлцүүлэг явуулъя. Намуудын тухай хуулинд намын гишүүдтэй хэлэлцүүлэг явуулна гэж тодорхой заасан байна. Хоёрдугаарт намын шат шатны хурлуудаар эл асуудлыг шийдвэрлэнэ.

-АН-тай танай нам нэгдсэнээр ямар ашиг харагдаж байна вэ. Ашигтай гэж харах өнцөг нь юу байгаа юм бол?

-Би үндэсний эрх ашиг талаас нь харж байна.Монголчууд эв нэгдэлтэй байх юм бол хүчтэй байна. Манай намын ярьдаг зарчим бол Зориг агсны эрх ашгийн эрэмбэ гэж юм бий. Нэгдүгээрт үндэсний эрх ашиг, хоёрдугаарт намын эрх ашиг, гуравдугаарт бүлгийн эрх ашиг, дөрөвт нь хувь хүний эрх ашиг гэж бий. Ийм дөрвөн зүйл дээр хүмүүс гишүүдийн байр суурь багцлагдаж байх ёстой. Үүний дагуу бид нар эв нэгдэлтэй байх хэрэгтэй юмаа.  

-Таны илэрхийлж байгаа гол байр суурь, үндсэн зарчим яг юу байна вэ?

-Өнгөрсөн 25 жилийн хугацаанд АН гэдэг улс төрийн капитал бий болсон. Монголчуудын үндэсний эрх ашиг юм. АН ИЗНН-ын капиталыг нийлүүлснээр бид нар улам л том цул цөм болж чадна. Тиймээс би цул болгохын төлөө явах ёстой. Мөн 16 жил ИЗНН өөрийн  капиталыг бий болгосон. Энэ хоёр нам Монголын улс төрд өөр өөрийн өнгө аястай явж ирсэн нь Монголчуудын бий болгосон том капитал гэдгийг ойлгох хэрэгтэй.

-АН-ын бодлого яваад байна гэж хардах хүмүүс цөөнгүй бий?

-Бид нарын тавьж байсан гурван А, гурван Б-гийн бодлого гэж байдаг. Авлига, хүнд суртал, ажилгүйдэл ядуурал, гэмт хэрэгтэй тэмцэх гээд нийгэмд гаргаж тавьсан том бодлого байдаг. АН манай бодлогыг хэрэгжүүлэх намын нэг гэж бодож байгаа. АН өнөөдөр эрх барьж байхдаа дотроо бугласан идээ бээрийг гаргахгүй нууж явсан бол энэ намд орохгүй байлаа. Гэхдээ нам доторх болохгүй бүтэхгүй байгаа зүйлээ ил гаргаж, идээ бээрээ шахаж чаддаг болсон нь том үзүүлэлт гэж харж байгаа. Зарим нэг  нь төрийн албыг буруу ашигласан хэргээр хуулийн байгууллагад шалгуулаад арга хэмжээ авахуулаад явж байгааг та бүхэн анзаарч байгаа байх. Зарим намууд шиг төрийн албыг зувцуулаад "Намынхаа санхүүжилтыг олоод ир” гэж шаардах юм бол бид нар ардчлалын тухай ярих шаардлага байхгүй ээ. Тэр тусмаа Монгол орны хөгжил дэвшлийн тухай ярих ч эрхгүй юм.

-Хэрвээ хоёр нам хамтрах тохиролцоонд хүрч чадвал танай намын тавьсан дээрх бодлогыг  хэрэгжүүлэх болов уу. Мөн хэрхэн нөлөөлөх бол, үүнийг тооцоолж бодсон зүйл байна уу?

-16 жил гэдэг бид нарт урт хугацаа шүү. 16 настай хүүхдээр яривал бид нар иргэний үнэмлэхээ авсан эрийн цээнд буюу насанд хүрч байгаа хүүхэдтэй адилхан юмаа. ИЗНН гэдгээрээ бид нар ялгарах гээд ядсан зүйл байхгүй. Хэрвээ монголын нийгэмд энэ байдлаараа оршин тогтноод явах юм бол удаан явна, яваад л байна. Гэтэл бид нарын хожиж байгаа зүйл бол эв нэгдэл юм. Тиймээс монголчуудын эрх ашиг хожно, үр дүн гарна гэж ойлгож байгаа шүү. ИЗНН АН-д нэгдсэнээр намын гишүүдийн эрх ашиг хохирч байгаа асуудал биш. Том утгаараа бол нэгдсэнээр Монголын ард түмэн хожиж байна гэсэн үг. 16 жилийн хугацаанд бид УИХ-д байнга суудалтай байж төрийн бодлогод өөрсдийн бодлого хөтөлбөрөө тусгуулж ирсэн. Бид төрийг тогтвортой байлгахын төлөө явсан. Хоёр намтай хамт Засгийн газарт нь орж ажиллаж үзлээ, тиймээс төрийг тогтвортой байлгах итгэл үнэмшил дээрээ үнэнч байсан. УИХ дээр ороод "Манай нам энэ намыг унагаачихвал хожих юм байна” гэсэн хоржин санаа хэзээ ч агуулж байгаагүй юмаа.

-Танай намыг дотроо хагаралтай байдаг гэсэн. Үнэн үү?

-Манай нам дотроо ардчилалтай лебирал нам. Энэ үзэл чинь хүний эрх чөлөө, хувийн өмчийг дээдэлдэг. Өөрийнхөө эрх чөлөө буюу үг хэлэх эрх чөлөөгөө эдэлж байхад нь бид хөндлөнгөөс оролцох, шаардлага тавих эрх байхгүй ээ. АН-д нэгдэнэ гэдгээ чөлөөтэй илэрхийлж байна аа гэдэг чинь манай нам дотор ардчилал байгаа гэдгийг харуулж байгаа үйлдэл. Манай намд эсрэг байр суурьтай хүмүүс байгаа нь ардчилалтай байгаа шинж.

-ИЗНН-ын дарга С.Оюуны талаар янз бүрийн л яриа гардаг. Өнгөрсөн 16 жилийн хугацаанд энэ хүн намаа хэрхэн авч явсан бэ гэдэг тал дээр таны байр суурийг сонирхоё?

-Эмэгтэй хүнийхээ хувьд маш том хүнд ачааг үүрч явж ирсэн. С.Оюун даргын хувьд хэтэрхий ардчилалтай хүн. Гишүүдээ сайн сонсдог. Өнгөрсөн хугацаанд манай дарга аль болох гишүүдийнхээ таалалд ажлаа нийцүүлэх гэж энэ намыг авч явсан. Ний нуугүй хэлэхэд, анх 2000 онд улстөрд орж ирэхэд туршлага байгаагүй. Одоо бол маш том улстөрийн бодлоготой туршлагатай хүн болсон. Хоёрдугаарт бүхэл бүтэн энэ намыг авч явахад санхүүгийн хүндрэл, орон байрны асуудал, олон хүний итгэл үнэмшлийг тээж явах асуудлууд байна. Үүнийг маш зөв арга замаар зангидаж ирсэн хүн. Эмэгтэй хүний хувьд өөрийнхөө амьдралыг хойш тавьж байгаад авч явсан хүн шүү дээ. ИЗНН-ээс УИХ-д суудалтай байх бүхий л бололцоог хангаж ирсэн. Мөн түүнчлэн 16 жилийн хугацаанд намын дарга хийсэн эмэгтэй хүн манайд байхгүй. Өнөөдөр гэхэд түүний байр суурь нь гишүүдээ бас л сонсож, хэлэлцүүлэг явуулж байна гэдэг нь намынхаа гишүүдийг хүндэлсэн хэрэг. Нам дотроо гэж хэлэхэд анхан шатанд, удирдлага дотроо ч дургүй хүмүүс байхыг үгүйсгэхгүй.

-Танайхыг иргэний зориггүй нам гэж баахан шүүмжилсэн. Иргэний зориг гаргаад эрх барьж байгаа АН-тай нийлж нэгдэх тохиролцоонд орчихсон юм бишүү гэж хардаж байна?

-Би өөр нэгэн нам руу дайрмааргүй байна. Иргэний Зориг Ногоон нам хүчтэй ажиллах гээд нэг хэсэг хүмүүсээ төрийн алба руу оруулаад, тэд нараасаа мөнгө татаж, төрийн албыг буруу аргаар явуулахыг шаардаж, бусдыг дарамтлах эрх ашиг байхгүй. Монгол Улсын төрийг тогтвортой, чадвартай байлгахын төлөө бид нар ажиллах ёстой. Монголын намуудын шийдэх нэг том асуудал юу вэ гэвэл, төрийг хүчтэй, тогтвортой байлгах, төрийн алба хаагчдыг чадварлаг болгох чиглэлд их ажиллах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, төрийн албыг тогтвор суурьшилтай ажиллуулж, тэнд ажиллаж байгаа хүмүүсийг чадавхжуулах тал дээр намууд хамтарч ажиллах ёстой.

-Төрийн залгамж халаа гэж байхгүй болж, алдагдсан. Нэг нам нь эрх барьж гарч ирээд л өөрсдийн багаа бүрдүүлдэг тийм жишиг тогтсон харагддаг?

-Нэг нам гарч ирээд л баахан хүнийг төрийн албанаас зайлуулдаг нь үнэн. Тэгээд өөрсдийн багаа бүрдүүлдэг. Энэ асуудлыг л манай хоёр нам цаашдаа таслан зогсоох ёстой. Харин улс төрийн албан хаагчдыг бид шат дараалалтай бэлтгэх, тогтвортой ажиллуулах ёстой. Зарим төрийн байгууллагад туршлагагүй залуус төрийн албаар тоглож дуусч байгаа нь үнэн шүү. Тийм учраас чадвартай алба хаагчдыг бий болгох нь хамгийн чухал юм.

-ИЗНН-д төр төлөөлчих чадвартай, чадварлаг боловсон хүчин бий юу?

-Улс төрийн намын шат шатанд дэвшиж ажиллах нь залуу гишүүдийг төрийн албанд болон улстөрийн албанд очиж  ажиллах чадварыг нь дээшлүүлнэ гэж ойлгож болно. Жишээлбэл, би өөрөө дэд сайд байсан. Зарим хүмүүс дэд сайд шиг хэрэггүй орон тоо байхгүй гэсэн асуудал гаргаж ярьдаг. Миний хувьд бол дэд сайд гэдэг бол улс төрийн албан тушаал дээр чадавхжих том боломж бололцоо талбар юм байна гэж бодогдсон. Тэр хүн улстөрийн албанд томилогдон ажиллана ирээдүйн боловсон хүчнээ бэлтгэнэ гэдэг Монгол төрийн бодлогод их хэрэгтэй зүйл. Ялангуяа улстөрийн бодлогод бол хэрэгтэй алхам байсан юм шүү.

 О.Сайхан

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.