А.Отгонбаатар: Нэг нохой нь нөгөө нохойныхоо юмыг булааж идэхийн тулд хоорондоо хэмлэлдэж байна
"Үнэн ба зөв нам”-ын дарга А.Отгонбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Танай "Үнэн ба зөв нам” хэзээ байгуулагдсан бэ? "Үнэн ба зөв нам”-ын үзэл баримтлал бусад намуудаас юугаараа ялгаатай вэ?
Манай нам 2016 оны 11-р сарын 10-нд анх үүсгэн байгуулагчийн анхдугаар хурлаа хийгээд улс төрийн нам болж байгуулагдсан. Өнөөдөр манай ард түмэн нам хэрэггүй гэж ярьдаг болсон байна. Нам яагаад хэрэггүй болсон юм бэ гэхээр нам угаасаа л хэрэггүй гэж ярьдаг болж. Яагаад гэвэл өнөөгийн МАН, АН хоёрыг хараад угаасаа нам гэдэг чинь ийм заваан юм байна лээ гээд намаар яах юм гэж хэлдэг. Тэгээд та тэр намынх нь улс төрийн онолыг нь уншиж үзсэн юм уу гэхээр огт уншаагүй гэж хариулдаг. Тэгээд та яаж мэдэж байгаа юм гэхээр энэ хоёр намыг хараад мэдсэн гэдэг. Тэгвэл улс төрийн нам гэдэг энэ онолыг нь манай оронд уншиж ойлгосон, улс төрийн нам ийм юм хийдэг гэсэн суртал ухуулга, үзэл баримтлалыг энэ 30 жилд ерөөсөө явуулаагүй гэдэг нь энэнээс харагдаж байна.
Монголд анх 1921 оны 3-р сарын 1-нд Монгол ардын нам байгуулагдаж, тэр нь явсаар байгаад 1989 онд Жамбын Батмөнх гэдэг хүн намын төв хороогоороо хуралдан энэ намыг огцруулаад уг нам үндсэндээ устсан байдаг. Ингээд 1990 онд ёстой нөгөө сайн хүний нэрийг гурав худалдаж иднэ гэдэг шиг МАН гэдэг тэр нэрийг авч нэг хэсэг бүлэг нь нам байгуулж яваад, ардчилсан хүчний холбоо гэж явсан залуучууд нь 5 намыг байгуулаад тэр нь явсаар байгаад 2000 онд Ардчилсан намыг байгуулсан. Одоо монголд байгаа нам бол улс төрийн нам гэхээсээ илүүтэй улс төрийн нам нэртэй мафийн шинж бүхий байгууллага болсон. Тэгэхээр улс төрийн нам гэдэг чинь өөрийн гэсэн улс төрийн бодлого үзэл баримтлалтай байдаг юм.
Үүнийг өнөөдөр манай нам Монголд бий болгож төлөвшүүлэх гээд зориод явж байна. "Үнэн ба зөв нам”-ын гол санаа бол жирийн иргэдээс бүрдэж, нэг үзэл санаатай байхыг эрхэмлэх явдал. Ерөөсөө нам гэдэг бол нэгдсэн нэг үзэл санаатай, нэг үзэл баримтлалтай улс төрийн байгууллагыг хэлдэг. Өнөөдөр дэлхий дээр олон үзэл баримтлалтай намууд байгаа. Манай нам бол социал демократ үзэл баримтлалыг сонгож авсан. Одоогоор бид дэлхийн Социнтернийн байгууллага руу захидал илгээн холбоо тогтоож, өнгөрсөн жилийн 9-р сарын 10-нд тус байгууллагаас албан ёсны хариу ирж, ажиглагчийн байр суурьтай болсон. Монголчууд аливаа улс төрийн намыг төсөөлөхдөө намын даргаар нь төсөөлж боддог. 1990 онд манай монголчууд ардчилал хэрэгтэй, эрх чөлөө хэрэгтэй гэж ярьсаар байгаад хийчихсэн. Хүн болгон хэрэгтэйг нь мэдэж байсан. Гэтэл тэр ардчилалд оролцсон дуу хоолойгоороо дэмжсэн хүмүүс Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нараас "та нар ардчилсан нийгмийг бүтээгээд улс орноо яаж хөгжүүлэх гэж байгаа юм бэ” гэж ерөөсөө асуугаагүй.
Зүгээр л ардчилал гоё юм байна гээд л хийчихсэн. Гоё юм болоод өнгөрсөн. Харин нөгөө Ц.Элбэгдорж, Э. Батүүл нар тэр үед юу хийхээ огт мэдээгүй. Гэтэл тэнд байгаа нэг нөхөр нь идээд эхэлхээр би ч гэсэн идэж чадна гээд социализмийн үед байсан хамаг улсын үйлдвэрүүдийг хувааж идэн дампууруулаад ингээд бид энэ өнгөрсөн 30 жилийг туулсан гэж би ойлгож байгаа. Одоо манай ард түмэн МАНАН болон энэ болохгүй нөхдүүдээс салья гэж ярьж байна. Уул нь санаа нь зөв. Салсны дараа улсаа яаж хөгжүүлэх юм. Энэ байгаа бүх хүмээсээ шоронд хийчихээр Монгол маргааш нь хөгжөөд явчих юм уу. Үгүй ш дээ. Хөгжихөд чинь мөрийн хөтөлбөр, бодлого төлөвлөгөө, стратеги гээд бүх юм байх ёстой. Энэ төлөвлөгөөг л "Үнэн ба зөв нам” гаргаж ирж байгаа юм.
Улс орноо хөгжүүлэе гэвэл иргэн төвтэй хөгжилийг л бид бий болгохоос өөр арга байхгүй. Ийм үзэл санаагаар л энэ намын зорилго явж байгаа. Манай намын зорилгын хувьд гэвэл бид он цаг хугацааны дарааллаар явж байна. Тэрнээс биш заавал 2020 он, 2024 он гэж яриад байгаа юм байхгүй. Гол нь манай ард түмний үзэл санаа хэзээ зөв болно тэр цагт зөв юм нь гараад ирэхэд Батыгаа сонгоно уу, Отгонбаатрыгаа сонгоно уу энэ ард түмний өөрсдийнх нь дур байх ёстой. Жишээ нь манай намд хатуу гишүүнчлэл гэж байхгүй. Бид зөвхөн манай намаас нэр дэвших хүнд л намын батлах өгч байгаа. Нэр дэвшихгүй жирийн гишүүнд намын батлах өгөхгүй байгаа. Ийм л зарчмаар л явж байна.
Та бүхэн намаа яагаад "Үнэн ба зөв нам” гэж нэрлэв? Танайх одоогоор нийтдээ хэдэн гишүүнтэй вэ? Хөрөнгө санхүүгийн хувьд яаж санхүүждэг вэ?
Хүмүүс ер нь бид нараас та нар яагаад намаа "Үнэн ба зөв нам” гэж нэрлэсэн юм? Учир нь юу юм бэ гэж их асуудаг. Монголд өнөөдөр үнэн юм их ховор болчихлоо. Өнөөдөр монголын нийгэмд хэн нэгэн мөнгөтэй хүнд үйлчилж, энэ дарга нарын талд ороод хэвлэл мэдээллийн байгууллагаар өөрсдийгөө үнэн гэж харуулдаг тийм хүмүүсийг л үнэн ч хүн гэж нэрлэдэг болсон. Тэгэхээр тийм нийгэмд хүн болгон үнэнийг хайж эхлэх нь ойлгомжтой. Дээрээс нь зөв хүнээ гаргая гэсэн бодолтой хүмүүс маш их байгаа.Тэр үүднээсээ үнэн ба зөв хоёрын энэ зааг дээрээс ертөнцөд болох хамгийн зөв шийдэл гарах юм байна гэдгийг тооцож үзсэнээс үүдэн бид энэ нэрийг өгсөн юм. Манай нам анх байгуулагдахдаа 2100 хүний гарын үсэг зуруулж байгуулагдсан. Тэрнээс хойш бид гишүүн элсүүлээд 3000 хүн болоод ирэхээр нь зогсоосон. Яагаад гишүүн элсүүлхээ больсон гэхээр намд элсэе гэж орж ирсэн хүн бүрт зүгээр намын батлах өгөөд хүн болгоныг хамаагүй аваад байх юм бол нөгөө ХҮН намын араас ч юм уу, өмнө нь иймэрхүү байдлаар тоглоом болсон намуудын араас орчих гээд байсан учраас зогсоосон. Тийм учраас нам дотроо эв нэгдлийг бат сахиж байж, өргөжих асуудлыг ярих ёстой.
Ерөөсөө улс орон ч тэр, эв нэгдлээ сахиж чадахгүй байж өргөжөөд дэмий. Санхүүжилтээ хаанаас бүрдүүлдэг вэ гэж та асууж байна. Одоо манай нам дээр байгаа гишүүд дэмжигчдийн зүгээс бид санхүүжилтээ босгоод явж байгаа. Би гэхэд өөрөө Нарантуул зах дээр 10 лангуу ажиллуулдаг. Тэндээс олсон орлогоороо энэ намаа тал талаас нь дэмжээд босгоод явж байна. Хүмүүс бид нарыг янз бүрийн хүмүүстэй холбож ярих гэж оролддог л юм. Ерөөсөө манай нам намын батлах авах хүндээ 10 зүйлийн тангарагийг сахиж мөрдөх ёстойг сануулсан.
Тэр утгаараа манай нам эрдэмтэн хүмүүсийг намдаа илүү түлхүү оруулхыг эрмэлздэг. Бусад улс орнууд ч гэсэн эрдэмтэн мэргэддээ илүү их боломж олгож, төр засгийн ажил албанд татан оролцуулдаг жишээ бий. Гэтэл манайд эсрэгээрээ бизнесийнхэнд илүү боломж олгое гэж ярьж байгаа. Тэр утгаараа манай нам намын эрмэлзэх 10 дүрмээ чандлан сахиж, улс орныхоо эрх ашгийг дээдэлсэн хүнд л намын батлахаа олгодог гэж хэлж болно. Одоо манайхан нам хэрэггүй гэж их ярьж байгаа гэж би түрүүн хэлсэн. Тэр хүмүүс юу гэж ярьж байна гэхээр улс төрд бие даагчид юмуу, аль эсвэл хүчтэй ТББ гарч ирэх ёстой гэж ярьж байна. Яагаад ингэж байна гэхээр манай хүмүүс мэдлэггүй учраас тийм юм яриад байгаа юм.
Жишээ нь одоо та сонгуульд нэр дэвшие гэвэл асар хүчтэй ТББ-ын нэр дээрээс нэр дэвшиж болно. Гэтэл СЕХ ТББ-ыг бүртгэж авдаггүй, иргэн гэдгээр нь л бүртгэж авдаг. Иргэн болоод ирэхээр та хүмүүсээр гарын үсэг зуруулах ёстой болно. Тэгээд та УИХ-д нэр дэвшинэ гээд 801 хүний гарын үсэг зуруулаад явах үед таныг дээш нь гаргахгүй тулд МАН-ын нэг нөхөр ч юмуу, таныг гарын үсэг зуруулаад явж байхад чинь зориуд унагаах гээд өөрийн 20 хүнийг явуулж зуруулчихаад СЕХ руу бичиг явуулангуут нөгөө 20 хүн нь би зураагүй байхад энэ хүн миний өмнөөс зуруулчихсан байна гээд СЕХ руу бичиг өгчихнө. Тэгэхээр таны нэр мэдээж татагдаж нэр дэвших эрхгүй болж таарна. Би үнэхээр зуруулсан юмаа гээд таныг маргаж байх хооронд чинь нөгөө сонгуулийн 18 хоног дуусчихдаг. Тэр үүднээсээ бид хэчнээн үнэн юм ярилаа гээд хуулийн хүрээнд ерөөсөө тэд нарыг ялахгүй гэдэг нь эндээс харагдаж байгаа юм. Тийм болохоор үүнийг бид эхнээс нь маш сайн ойлгох хэрэгтэй.
Манай нам өнөөдөр УИХ-ын сонгуульд ялалт байгуулна гэж ерөөсөө зорихгүй байгаа, зөвхөн сум баг хорооонд байгаа МАН,АН-ыг ялна гэсэн зорилготой байгаа. Энэ МАНАН гэдэг юм чинь төр засгийн дээр байгаа энэ хэдэн дарга нар ерөөсөө биш. Сум,баг хороо болгонд байгаа МАНАН-ын жирийн гишүүдээс эхэлж байгаа. Манай зарим иргэд өнөөдөр УИХ-ыг тараая гэсэн юм ярьдаг. Тараачихвал асуудал шийдэгдчих юм шиг ярьдаг. Тэгвэл энэ УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусаад дараачийн сонгууль дахиад болоход нөгөө сум, баг, хороонд байгаа МАНАН-ийн гишүүд манай намыг сонгоорой гэж явж очоод дахиад л энэ МАНАН-аа гаргаад ирнэ. Өөрөөр хэлбэл Монгол улсад өнөөдөр хэдэн ч удаа сонгууль яваад цэвэршихгүй болчихсон. Энэ хоёр намаас хэзээ ч цэвэр хүн гарахгүй. Тэгэхээр энэ байдлыг өөрчилхын тулд бид яах ёстой юм. Улс төрийн нам болоод үнэн зөв улсууд нь нэг дороос нэр дэвших үйл явцыг зайлшгүй бий болгох ёстой.
Танай нам болон та бүхний ард УИХ-ын гишүүн асан, Нарантуул захын эзэн Ш.Сайхансамбуу байдаг гэсэн нэг яриа байдаг. Энэ хэр үнэний ортой вэ?
Ард бишээ, наад хүн чинь дотор нь байгаа юм. Өөрөө ч хэлж байгаа. Хэвлэл мэдээллээр ч өөрөө энэ талаар их ярьсан. Бидэнд нууц юм ерөөсөө байхгүй. Өнөөдөр бидний ард байгаа юм бол ард түмэн л байгаа. Энэ ард түмний 30 жилийн зовлон дундаас бид итгэл найдвар нь болж байгуулагдсан. Ш.Сайхансамбуу гэдэг энэ хүнийн хувьд гэвэл анхнаасаа хамт оролцож явсан хүн. Бид намын хурал дээр энэ хүнийг намын дарга болооч гэхэд өөрөө болохгүй гэсэн. Өөрөө хэлэхдээ та нарын залуучууд улс орноо өөрчилье гэж байгаа бол өөрсдөө тэмцээд яв, би зүгээр тусалж, дэмжээд, зөвлөөд явья гэсэн. Бид цаашдаа энэ АН,МАН-ыг орхиж гарч чадсан, энэ мафийн тогтолцоотой эвлэрч чадахгүй гээд хаяад явсан олон хүнийг өөрийн намдаа нэгтгэнэ. Бид үүний төлөө л ажиллана.
Ер нь эх орноо гээд явж байгаа энэ улсуудыг бид олох л хэрэгтэй. Одоо та 50-аас дээш насны ямар ч хүн дээр яваад очсон АН, МАН-тай орооцолдоогүй хүнийг олоход маш бэрх. Бараг л байхгүй. Тэгээд тэр намаас зөв хүмүүс нь яагаад гараад явчихсан юм гээд судлаад үзэхээр энэ ялзарсан балиар, нам нэртэй мафийн тогтолцоотой эвлэрч чадахгүй болоод л гараад явсан хүмүүс байдаг. Гавьяат жүжигчин Д.Сосорбарам хүртэл хэлж байсан. Та АН-аас гарчихсан юм уу гэхэд тэр хүн " Үгүй ээ, би зүгээр АН-ыг орхисон” гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл миний сэтгэлд тийм нэртэй нам байхгүй гэж тэр хүн хэлсэн байгаа юм. Тэгэхээр тэр мафийн тогтолцоог орхиод явж чадаж байгаа тэр хүмүүс эх орондоо сайн сайхан зүйл хийх л хэрэгтэй.
60 тэрбумын асуудал их яригдаж байгааг өөрөө мэдэх байх. Энэ талаар та бүхэн ямар байр суурьтай байгаа вэ?
Л.Оюун-Эрдэнэ 60 тэрбумын авлигачидтай тэмцэж байгаа юм биш ш дээ. Та өөрөө улс төрийн сэтгүүлч хүн гадарлаж л байгаа байх. МАН дотор дахиад хагарал үүссэн. Д.Хаянхирваа, Н.Номтойбаяр тэргүүтэй улсууд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах гэсэн санаа яваад байгаа. Тэгээд огцруулах гэнгүүт ард түмнийг яаж уриалан дуудах вэ гэсэн асуудал үүснэ. Тэд нар хэлэхдээ " Л.Оюун-Эрдэнээ чи 60 тэрбумыг дахиад ярьчих. Тэгээд 60 тэрбумтай бид тэмцэнэ гэсэн чинь биднийг огцруулах гэж байна гээд орилох юм бол ард түмэн биднийг хамгаалчихна” гэсэн тактик явж байгаа. Ерөөсөө цөмөөрөө хэлсэндээ хүрч юмаа хийж чадахгүй байна. Энэ бол ойлгомжтой. Зүгээр хуваагаад идье гэсэн санаатай байгаа. Тэгээд хуваагаад идэж байсан чинь нөгөө хоолгүй хоцорсон хэд нь би ч гэсэн идмээр байна ш дээ гээд Засгийн газраа огцруулах гээд байна. Тэгэхээр нь ард түмнээ хамгаалсан дүр үзүүлдэг. Ерөөсөө энэ хэд өөрсдөө балараад ирэхээрээ л ард түмний нэрийг барьдаг. Шоронд ороод ирэхээрээ л ард түмэнд хайртай болдог. Албан тушаалаасаа унахаараа л ард түмний төлөө зүтгэж байсан гэж ярьдаг.
Албан тушаалтай байхдаа хэзээ энэ хэд олны төлөө зүтгэж байсан юм. Саяхан л 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Л.Оюун-Эрдэнэ Б.Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд М.Энхболд бол агуу хүн юм гээд л яриад зогсож байсан. Тэгэхэд ард түмэн 60 тэрбумын асуудал бол үнэхээр сэжгийн гээд хэлж л байсан. Харин тухайн үед Л.Оюун-Эрдэнэ "Үгүй миний ах гоё л” гэж байсан. Одоо яагаад өнөө Миеэ нь муухай харагдаад байгаа юм. Зүгээр л улс төрийн тоглоом хийж байгаа хэрэг. Ард түмэнд хайртай болоод тэмцээд байгаа юм нэг ч байхгүй. Гэхдээ энэ хэрэг хэзээ ч хуучирахгүй хэрэг, хэзээ нэгэн цагт сөхөгдөж л таарна.
Л.Оюун-Эрдэнэ өөрөө энэ асуудалтай холбогдуулж нэг утасны дугаар тавьчихсан 60 тэрбумын хэрэгт мөнгө өгсөн хүмүүс байвал энэ рүү залгаарай гэж шоудаж байна лээ. Үнэхээр гаднаас нь харахаар Л.Оюун-Эрдэнэ шударга ёсны төлөө тэмцэж байгаа юм шиг харагдаад байдаг. Би жишээ нь Л.Оюун-Эрдэний оронд байсан бол "Шилэн Цогоо чи нааш ир дээ, Чи дэд сайд болсон доо, дэд сайд болсон хүн 500 саяыг өгсөн гээд яригдаад байна. Чи үнэхээр мөнгө өгсөн юм уу үгүй юм уу, бас У.Хүрэлсүхийн фракцийн Хууль зүйн Дэд сайд Б.Энхбаяр байна. "Б.Энхбаяраа чи дэд сайд болохын тулд намдаа мөнгө өгсөн юм уу” гээд шууд асуух байсан.
Өөрөө тэд нарынхаа яг дэргэд нь байгаа биз дээ. Үнэхээр өгсөн юм уу, өгөөгүй юм уу гээд тэд нарыгаа дуудаад ярих хэрэгтэй ш дээ. Энэ утгаараа үүнийг зүгээр нэг нохой нь нөгөө нохойныхоо юмыг булааж идэхийн тулд л ноцолдож байгаа явдал гэж ойлгох хэрэгтэй. Түүнээс биш тэр хүн нэг их ард түмний төлөө яваад л, бид нарын төлөө ажиллаад байгаа юм ерөөсөө байхгүй. Үнэхээр шударга хүн байсан бол сонсоод л орилох байсан. Тэр ч бүү хэл Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Л.Оюун-Эрдэнэ М.Энхболдыгоо дээш нь гаргахын тулд нэг тэрбум төгрөг ч билүү авч, сошиал багыг нь хариуцаад ажилласан гэдэг юм байна лээ. Эцсийн эцэст монголын ард түмэн үнэнийг л мэдэх хэрэгтэй. Тэгээд МАН энэ 60 тэрбумынхаа асуудлаас салахгүй юм бол ирэх 2020 оны сонгуульд ярих юм байхгүй. Ярих сэдэвтэй болох хэрэгтэй. Би бол тэгж харж байна. Цаг хугацаа үнэнийг харуулах байх.
Сүүлийн үед хаа сайгүй оффшорын эсрэг тэмцэх ёстой гэж ярьж байгаа. Үүнтэй яаж тэмцвэл үр дүнтэй вэ?
Оффшорын эсрэг тэмцэл гэж их ярьж байгаа. Энэ их гоё сэдэв. Оффшорын эсрэг тэмцэе гэвэл маш амархан. Оффшортой гээд өөрийнхөө үнэнийг хэлээд байгаа Сү.Батболд гэх мэтийн маш олон хүмүүс байгаа. Тэгээд тэд нарыгаа бариад хорьчих л доо. МАН оффшортой тэмцэнэ л гэсэн, хуулиа гаргана л гэсэн. Тэгээд тэр хуулиа гаргаад Сү.Батболдыгоо бариад хорьчих л доо. Ингээд л болоо ш дээ. Энд ерөөсөө хоёр гурван жил ярих шаардлагагүй байхгүй юу. Хоёр гурван хоногийн дотор яриад шийдчих асуудал. Яг үнэндээ бол энэ хоёр нам бие биетэйгээ тохиролцчихсон байдаг учраас энэ асуудал шийдэгддэггүй юм. Ер нь манай ард түмэн би л өөрчлөөд сайн сайхан болгоод өгье гэсэн хүмүүсийг ерөөсөө сонгож болохгүй. Ийм хүмүүсийн жишээг олныг дурьдаж болно.
Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, гэх мэтчилэн. 2012 онд манай С.Ганбаатар ах "ах нь өөрчлөөд сайхан болгоод өгнө , намайг л дэмжээд өг” гээд байсан би ч гэсэн тэр хүнийг дэмжээд гүйдэг л байлаа. Тэгээд тэр хүн эцэст нь УИХ-ын гишүүн болсон. Ингээд цаг хугацаа өнгөрсний дараа харахад улс орны амьдрал ерөөсөө өөрчлөгдөхгүй, аж амьдрал нь бахь байдгаараа байгаад байдаг. Сүүлд нь тэр хүн "Би Ерөнхийлөгч болчихвол Монгол өөрчлөгдөнө” гэж ярьдаг болсон. Өмнөх бүх хүмүүс бүгдээрээ яг ингэж явсан. Ард түмэн тэдэнд зүгээр л итгэсэн. Тэгээд л болоо. Монголчууд Сүхбаатрын талбай дээр том жагсаал хийгээд энэ улс орон өөрчлөгдөнө гэж итгээд хэрэггүй. Сум,баг, дүүрэг, хорооныхоо төвд байгаа АН, МАН-ын гар хөлийг л устгачих л даа. Маш энгийн.
Гэтэл энэнийг бид ерөөсөө хийхгүй байна. Бид нар тэр Сүхбаатрын талбайд гараад жагсаж болно л доо. Тэгэхэд бид нарын өөдөөс цагдаа ирнэ. Тэгээд цагдаа, бид нар хоорондоо мөргөлдөөд алалцана. Харин нөгөө авлигачид чинь ордныхоо цонхоор биднийг харчихаад "өө сайхан алалцаж байна” гээд баясаад сууна ш дээ. Маргааш нөгөө авлигачид чинь цагдаагийн даргыг дуудаад тэр тэрнийг бариад шоронд хийчих гэж хэлнэ. Ингээд ард түмний хүүхдүүд шоронд орно. Харин дээр байгаа дарга нар шийтгэл хүлээдэг үү. Хүлээдэггүй ш д. 7-р сарын 1-нд яг ийм юм болоод л өнгөрсөн. Тэгсэнд орвол дэргэдэх хүмүүсээ өөрчлөх хэрэгтэй байна. Тэгээд тэр авлигачдыг сонгуулиар унагаагаад хаячихсаны дараа бид тэд нарыг бариад суулгачих дэндүү амархан асуудал.
Тэгээд л монгол цэвэршинэ. Тэгэхгүй зүгээр энд тэнд очоод жагсаал цуглаан хийгээд тэмцээд бай гээд байвал юу ч өөрчлөгдөхгүй. Энэ улс орон чинь одоо сайхан амьдарч, хөгжмөөр байна. Тийм учраас бид ирэх 2020 онд эх орончид нь нэр дэвшчихээ л гэж байгаа юм. Үнэхээр эх орноо л гэж бодож байгаа юм бол. Эх орноо гэсэн сэтгэлтэй хүмүүс нэгдэж чадахгүй байгаа учраас өнөөдөр бид нар ийм арчаагүй байдалтай байна. Монголоо гэж дуугарч байгаа хүмүүс нэгдээд өгөх хэрэгтэй байна. Нийлээд нэгдээд өг. Хүн юу ч гэж гоё ярьж болно. Хамгийн гол нь үйлдлийг нь харах хэрэгтэй.
Танай намын талаар "Үнэн ба зөв бизнес "гэсэн нэг нийтлэл гарсан байсан. Энэ талаар та юу гэж хэлмээр байна даа?
Яахав эрх баригч намын харьяаны нэг сайтад тийм нийтлэл гарсан байсан. Тийм болохоор тэр бичсэн хүнээс нь асуух нь зөв байх. Харин тэр авлигачдыг даган хошногыг нь долоож, даргаа та гоё шүү гэж бичдэг хүмүүс чинь харин ёстой гоё бизнес хийдэг хүмүүс юм биш үү гэж хэлмээр байна.
Танай нам цаашдаа ямар үйл ажиллагаа явуулах вэ?
Бид цаашид ард нийтийг оролцуулах л үйл ажиллагаа явуулна. Одоо ч тэрнийгээ хийж байгаа. Бид хийж ч байсан, хийх ч болно. Гол нь улс орноо өөрчлөе гэж байгаа залуус өөрийнхөө суманд очоод нэр дэвш гэж хэлмээр байна. Бид одоо байгаа энэ буруу тогтолцоог яаралтай өөрчилхийн төлөө тэмцэх хэрэгтэй. Манай намаас хэн ч нэр дэвшиж болно. Хамгийн гол нь та өөрийгөө зөв хүн гэдээ бидэнд нотолж харуулах хэрэгтэй. Тэгж чадвал Монгол улсын хөгжил цэцэглэлтийн төлөө хамтдаа тэмцэж болно.
Ярилцсанд баярлалаа.
Ж.Батдорж
BOLOD.mn
Сэтгэгдэл байхгүй байна.