"Фантастик" продакшны захирал, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Б.Батсайхантай ярилцлаа.


-Таныг "Хэцүү анги" киноны Дөлгөөний дүрээр олон хүн мэднэ. Дөлгөөн гэх дүрийг бодит хүнээс сэдэвлэн бүтээсэн гэдэг юм билээ?

-Хэцүү анги бол 2009 онд зураг авалт нь хийгдсэн кино. Манай продакшнаас Баяраа бид хоёр энэ кинонд дүр бүтээсэн. Бидний хэдэн нөхөд тухайн үед оюутны ширээнээс босоод дөнгөж нэг жил болж байлаа. Олон ангит кинонд тоглох хүсэл ч их байсан. Кино маань олон түмэнд сайн хүрч, олны талархлыг хүлээсэн уран бүтээл болж чадсан. Хөгжилтэй зүйл ярихад кино гарсны дараа хөдөөгүүр явахад хүмүүс надад хонь хүртэл бэлэглэдэг байсан шүү.(инээв) Таны хэлсэнчлэн Дөлгөөний дүр бол бодит дүр. Манай кино багийнхан зураг авалтын өмнө нэг дунд сургуулийн сурагчидтай уулзсан юм. Тэгсэн тэр сурагчид дунд юм ярингуут л урдаас "айн” гээд байнга асуугаад байдаг нэг хүүтэй таарсан л даа. Ингээд би зохиолоо авсныхаа дараа найруулагчдаа нэг иймэрхүү дүр байвал тохирох уу гэж хэлсэн. Ингээд л тэр хүүхдийн дүрээр Дөлгөөн гэдэг дүрд тоглосон доо.

-"Хэцүү анги" таны анхны кино юу?

-Үгүй. Энэнээс өмнө "Сайн байна уу амьдрал минь”, "Гоёлын даашинз”, "Есөн мянга ес” гэх гурван кинонд тоглосон.

-Бусад продакшнаас Фантастикийн ялгарах онцлог нь юу вэ. Танай жүжигчдэд өөр уран бүтээлчдээс хамтарч ажиллах санал бишгүй л ирдэг байх. Саналыг нь хүлээж авдаг уу?

-Манай продакшн найман өөр аймгийн найман өөр угсаа гаралтай залуучуудын нэгдэл. Мэдээж бүх жүжигчдэд киноны санал ирдэг. Гэвч бид 2016 оноос эхлэн уртын төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа. Уран бүтээлүүд маань нэлээн шахуу хуваариар төлөвлөгдсөн. Төлөвлөгөөний дагуу ажиллахаар өөрсдөө ч амарч чадахгүй байгаа хүмүүс өөр кинонд тоглоно гэхээр толгойд буухгүй л дээ. Уртын төлөвлөгөөний эхний кино "Зүрхний хилэн” шүү дээ. 1800-гаад оны үеийг харуулсан кино. Дараа нь оноо наашлуулаад 1948 оны үеийг харуулах "Байтаг богд” киног "Жийж продакшн”-тай хамтарч хийсэн. Үүний дараагаар арван жилийнхээ ойд зориулж 1980-1990 оны үеийг харуулах "37 дугаар точка” киногоо бүтээж, үзэгчдийнхээ хүртээл болголоо. Төлөвлөгөөний сүүлчийн киногоороо орчин цагийг харуулахыг зорьсон. Ингээд дахин бидний хувьд шинэ хуудас эхэлнэ. Энэ шинэ хуудас мөн л 2025 он хүртэлх бидний уртын төлөвлөгөө байх болно. Уг төлөвлөгөөний дагуу ажлууд маань ч эхэлчихсэн явж байна.

-Та бүхний уртын төлөвлөгөө орчин цагийг харуулсан уран бүтээлээр өндөрлөж буй юм байна. Энэ киноныхоо талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?

-"Зура” гэх санскрит нэртэй. Энэ үг дайчин тэмцэгч гэсэн утгатай. Бидний хэдэн нөхөд нийгэмд болохгүй, бүтэхгүй байгаа зүйлийн талаар дугарна гэсэн зорилготой ажилладаг. Шинэ бүтээл маань ч болохгүй зүйлийн эсрэг дуугарч байгаа мессэж байх болно. Ер нь бол энэ киноноос залуус маань авч болох олон зүйл бий.

-Өдгөө нийгэмд тулгараад байгаа болохгүй бүтэхгүй зүйлийн эсрэг юу ч гэсэн дуугарч байгаа гэж ойлголоо. Сэдвийн хувьд юуг харуулахыг зорив?

-Үнэгүй юм бол үнэгүй л юм байдаг. Хөлсөө дуслуулж олсон зүйл амттай гэдгийг харуулахыг зорино. Б.Тамир гол дүр, би хоёдугаар гол дүр дээр ажилласан. Харин бусад жүжигчид оролцон тоглоогүй. Арын албыг дааж ажиллаж байгаа ах нар маань энэ кинонд оролцон тоглож маш их дэм болсон. Та бүхэндээ их баярлалаа. "Зура” киноны нээлт тавдугаар сарын дундуур болно. Уг нь бид хэд хөл хорио тавигдахаар кино театрт нээлтээ хийнэ гэж бодож байтал энэ вирус гарсны улмаас нийгмийн хариуцлагаа хүлээгээд яалт ч үгүй дахиад л онлайн нээлт рүүгээ шилжиж байна. Энэ удаад Юнител, Скайтел компаниудтай хамтран ажиллаж аль болох киногоо хүмүүст бухимдалгүй үзүүлэх тал дээр ажиллаж байна. Өмнөх алдаануудаасаа туршлагажаад л явж байна даа. Хоёр хийгээд шууд төгс юм болчихно гэж байхгүй. Энэ удаагийнх ч бас туршилт. Аль болох л алдаа бага гаргахыг хичээж байна.

-Та хоёрдугаар гол дүрийг бүтээх юм байна. Чухам ямар онцлогтой дүр вэ?

-Мөрдөн байцаагчийн дүр дээр л ажиллая даа. "Байтаг Богд” киноны зураг авалтаас хойш би дүр бүтээсэнгүй. Нэг үгээр зураг авалтад ер ороогүй. Эхэндээ найруулагч нартаа загнуулсан. Найзуудаасаа ч мөн зөвлөгөө авсан тэр болгоны ачаар киноныхоо сүүлийн хэсэгт нэлээн жигдэрсэн. Арын албанд ажилласаар байгаад хэмнэлээ алдчихсан байна.

-"Байтаг Богд” киноноос хойш кинонд яагаад дүр бүтээсэнгүй вэ?

-Бүх юм давхацчихсан байсан учраас дүр бүтээх цаг зав өнгөрсөн хоёр жилийн хугацаанд олдсонгүй. Веьтнамтай хамтраад кино хийчихсэн байсан. Тэр үеэр киноны маань нээлт болох гээд байдаг. Дээрээс нь манай төслүүдийн санхүүжилт бүрдээгүй байдаг. Би гэдэг хүн хүүхэдтэй болох гээд байдаг. Тэгээд хамаг ажлууд давхацсан учраас найзуудтайгаа зөвлөлдөөд ямартай ч арын ажил руугаа оръё гээд кинонууддаа дүр бүтээж амжаагүй л дээ.

-2020-2025 он хүртэлх уртын төлөвлөгөөгөө гаргасан гэсэн. Нууц биш бол ямар төлөвлөгөөнүүд гаргасан бэ?

-Одоо нээх гэж байгаа "Зура” киноныхоо ажлуудыг дуусгачихаад түүнийхээ араас бүтээлүүдийнхээ ажлуудад ороод явна. Манай продакшны зарчим бол аливаа хийсэн бүтээлээ өмнө нь пиардаад байхаасаа илүү уран бүтээлээ жин тан болгож дуусаад ярьдаг.

Бид 2016 онд ийм төлөвлөгөө гаргасан гэдгээ хэлээгүй. Тийм болохоор энэ шинэ төлөвлөгөөний хэрэгжилт 2025 онд яригдах болов уу.

-"37 дугаар точка” киноны ерөнхий продюсерээр та ажилласан. Олон ангит кино руу яагаад ингэж зоригтой ханцуй шамлан орох болов?

-"37 дугаар точка” кино бол фантастик продакшны бие дааж хийсэн анхны олон ангит кино. Нүсэр бүрэлдэхүүнтэй оролцсон. Бид хэдийн гол зорилго бол олон ангит киноны түвшинг ахиулах байсан. Олон ангит кино хамгийн их үр нөлөөтэй хүмүүст хүрдэг, хүүхэд залуучууд үлгэр дуурайл авдаг бүтээл. Тиймээс одоо гарч байгаа олон ангитуудаас хэд дахин илүү хийхийг зорьсон. Мөн гаднаас импортлогдож байгаа төрөл бүрийн контентууд байна. Гадны соёл олон ангит киногоор дамжиж орж ирдэг шүү дээ. Эхлээд олон ангит нь ороод ирнэ. Араас нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүд нь ороод ирдэг. Энэ нь хүмүүсийн нүдэнд аль уже дасал болчихсон байдаг. Нэг үгээр хэлбэл, худалдан авах нөхцөл нь бүрдчихсэн байдаг. Тэдгээр зүйлд хаалт хийж хэдүүлээ сэтгэх хэрэгтэй гэсэн зорилготой л "37 дугаар точка” кино руу ханцуй шамлан орсон. Энэ кинонд нийт 700 гаруй уран бүтээлчид орсон байна. Эндээс байнгын бүрэлдэхүүн нь 120 уран бүтээлч байсан. Эдгээр хүмүүс бүтэн жилийн турш бүрэлдэхүүнээрээ зүтгэлээ. Киноны төлөвлөгөө бол 2016 оноос гарчихсан байсан. Ер нь ажилладаг уран бүтээлчдээсээ хэдүүлээ улсдаа даацтайхан сериал хийе. Энэ нь бас эргээд хэдүүлээ түүхэнд бичигдэх зүйлээ бүтээнэ шүү дээ. Нөгөө талаас үр хүүхдүүд үлгэр дуурайл авна. Тэр талаасаа бодооч ээ гэсэн санал тавьсан. Үүнийг уриалгахан хүлээж авсан учраас энэ кино бүтсэн.

-Хоёр бүлэг, 21 анги бүхий энэ цувралд дараагийн бүлэг гэж бий юү?

-Байхгүй. Анх бид хэд гурван бүлэгтэй хийх үү, хоёр бүлэгтэй хийх үү гэж ярьсан л даа. Уг нь гурав дахь бүлгийн талаар яригдсан. Гэвч хүмүүс улстөржүүлээд байхаар сонирхолгүй болчихож байгаа байхгүй юу. Ор үндэслэлгүй хоосон хардалт явж, хийе бүтээе гэхээр хойноос татаж зулгаагаад байхаар хэцүү. Тэгээд л уран бүтээлээ үргэлжлүүлэх үгүйгээ дараа нь ярья үндсэн төлөвлөгөөндөө буцаад оръё гээд нэг ангит кино руугаа орсон.

-Киноны нээлт онлайнаар явагдах юм байна. Онлайн нээлт хэр санагдсан бэ?

-Хэцүү юм билээ. Өмнө нь киногоо үздэг байсан бол сая киногоо үзээгүй. Тэгэхээр реакци ирэхгүй юм билээ. Ер нь бол үзэгчдийн санал хүсэлтийг авсны үндсэн дээр онлайн нээлт хийсэн. Өмнө 20 анги гарчихсан учраас кино маань маш сайн хандалттай байсан. Нээлтийн ярилцлага нь телевизийн ярилцлага шиг (инээв). Гэхдээ дэлхий нийтээр тахал өвчинтэй байгаа үеэр ингэж нээхээс өөр аргагүй шүү дээ. Харин энэ үеийг даваад ард нь гарах нь үүнээс илүү амжилт болох гээд байна.

-"Фантастик" продакшны хамгийн том зорилго юу вэ?

-Хувь хүнийхээ хувьд нэг бодол байдаг. Үгүй ээ, манай найзууд ч тэгж боддог байх. Кино урлагийн салбарт төгс биш юм аа гэхэд нэг гарц гаргалгаа гаргаад, энэ салбараа гадагшаа гаргаж өшөө том зах зээл дээр аваачмаар байна. Ингэж чадвал бидний гаргасан замыг хойч үеийн дүү нар маань дагаад л гараад ирнэ шүү дээ. Энэ замаар явбал ингэж тулдаг, мөргөдөг, энэ нь илүү өгөөжтэй гээд бодно. Хойч үедээ зам гаргаад өгчих юмсан л гэж боддог.

-Ихэнх уран бүтээлийн нэгдэл ямар нэгэн асуудлаас болж тардаг. Ихэнхдээ санхүү, мөнгөнөөс болдог гэдэг нь ч нууц биш?

-Хүмүүс ярьдаг л юм. Нөхөрлөл дээр тогтсон бизнес нь дээр үү. Бизнес дээр тогтсон нөхөрлөл нь урт уу гэж. "Фантастик" продакшн 2008 онд байгуулагдахад л та хэд удахгүй тарна гэж ярьж байсан.

Ер нь бол нэг нэгэндээ итгэдэг, хүндэлдэг учраас оршин тогтнох нь илүү удаан байдаг юм болов уу. Биеэ авч явах тал дээр надаас бусад нь классик шүү дээ. Би яахав, тэр хэдийнхээ шуурганд явчихаад байгаа байхгүй юу (инээв). Ер нь тэгээд найзууд маань байнгын зөв хооллолтоороо залуучуудад үлгэр дуурайл үзүүлдэг. Мөн спортоор хичээллэдэг. Ер нь ямар ч хүнтэй зөв харьцах, эерэг байх тал дээр илүү анхаардаг. Тэр болгоныг харахаар найзуудаа хүндлэх сэтгэл цаанаасаа л төрдөг шүү.

С.ЛХАМСҮРЭН