М.Батчимэг: Энэ бол миний эсрэг зохион байгуулалттай дайралт

0

УИХ-ын гишүүн М.Батчимэгийн "Цаг үе, үзэл бодол” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагыг бүрэн эхээр хүргэж байна.

- Юуны өмнө нь цаг заваа гаргаж, урилга хүлээн авсан танд талархалаа илэрхийлье. Богино хугацаанд айхтар дуулиант хэрэг мандлаа. Яг юу болсон талаар, юунаас эхлэл, үүдэлтэйг ярьж өгөөч.

- Одоогоос 3, 4 сарын өмнө Тагнуулын байгууллагын удирдлага надтай уулзаад таны зөвлөхөөр ажиллаж байгаа хүнийг тодорхой сэжиглэх үндэслэлээр бид шалгах шаардлагатай байна гэдгийг надад хэлсэн. Гэхдээ энэ бол тантай өөртэй чинь болон ажилтай чинь огт холбоогүй, тэр хүний ажлынхаа гадуур хувиараа хийсэн ажилтай холбоотой юм, тийм учраас шалгах шаардлагатай байгаа гэж хэлсэн. Тагнуулын харьяаллын гэмт хэрэг шалгагдах гэж байгаа тул шалгах боломж бүрдүүлэхийн тулд энэ хүнээ ажлаас нь чөлөөлж өгөхийг хүссэн, би хүсэлтийг ёсоор нь болгосон. Энэ салбарт тодорхой хэмжээнд ажиллаж ирсэн хүний хувьд хүндэтгэлтэй хандаад, шалгаж тодруулах ёстой шаардлагатай зүйл байгаа бол шалгаад үнэн мөнийг нь олоод явах нь зөв гэсэн байр суурьтай явсан. Ямар нэгэн байдлаар мөрдөн байцаах ажиллагаанд хөндлөнгөөс оролцох бодол байгаагүй. Ер нь дотоод итгэл үнэмшилдээ бол шалгагдаад, үнэн мөн нь тогтоогдоно гэсэн ийм л бодолтой явж ирсэн.

Улсын нууцтай холбоотой хэрэг өөрөө нэг их яриад байдаг зүйл биш. Шүүх хурал саяхан болсон, шүүх хурлын өмнө би З.Пагмажавтай өөртэй нь болон өмгөөлөгчтэй нь уулзсан. Тэгэхэд шаардлагатай бүх мэдээллээ өгсөн, хавтаст хэрэгтэйгээ танилцсан, улсын нууцтай холбоотой мэдээлэл алдсан нь тогтоогдохгүй байна гэсэн шинжээчийн багийн дүгнэлт гарсан, тийм учраас тайван, итгэлтэй байна гэж байсан. Би ч гэсэн ийм л ойлголт,  бодолтой байсан. Гэтэл анхан шатны шүүхээс эрүүгийн хуулийн 79.1 гэдэг зүйл ангиар ял оноосон. Өнөөдрийг хүртэл хаалттай шүүх хурал болж байсан улсын нууцтай холбоотой хэргийг шалгаж байгаа гэдэг үндэслэлээр явж байсан учраас би хэвлэл рүү хандах бодол байгаагүй, хүндэтгэлтэй хандсан. Гэтэл миний хаалттай гэж ойлгож байсан мэдээлэл хэвлэлээр цацагдлаа. Ялын зүйл заалт, Тайвань гэх мэт. Эрүүгийн хуулийн 79.1 ямар заалт вэ гэхээр гадаадын тусгай байгууллагатай хамтран ажилласан, туслалцаа үзүүлсэн гэсэн зүйл анги. Гэхдээ энэ бол анхан шатны шүүхийн шийдвэр. Цаана нь дахиад хоёр шатны шүүх байгаа. Давж заалдаад, дахин шалгагдаж үнэн мөн нь тогтоогдоод явах байх. Хууль, шүүхийн байгууллага мэргэжлийн ёс зүйтэй ажиллана, дараа дараагийн шүүх хурлаар үнэн мөн нь эцэслэн тогтоогдох байх гэсэн ийм л бодолтой байгаа.

-Мэдээлэл анх гарч эхлэхдээ л З.Ханджав ч гээд л,  З.Пагмажав гээд л алдаатай гараад эхэлсэн. З.Пагмажав гэж хүн яг ямар хүн бэ? Тантай хэдий хугацаанд хамт ажилласан хүн юм? Энэ хүний тухай мэдээлэл өгөөч.

- З.Пагмажав бол Увс аймагт төрж өссөн, дунд сургуулиа төгссөн. Хятад хэлээр мэргэшсэн, олон улсын харилцаагаар сурсан, стратегийн судалгааны хүрээлэнд надтай хамт ажиллаж байсан. Ерөнхийлөгчийн тамгын газарт намайг Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж байхад миний референт жирэмсний амралттай байх хугацаанд, 2011 оны 6 дугаар сараас 2012 оны 3 дугаар сар хүртэл референтээр ажиллаж байсан. Дараа нь 2012 онд УИХ-ын гишүүн болсоны дараа 2012 оны 7 дугаар сараас эхлэн 2014 оны 5 дугаар сар хүртэл хоёр жил гаруй хугацаанд УИХ-ын гишүүний зөвлөхөөр ажилласан. Би яагаад энэ хэргийн үнэн мөн нь тогтоогдоно гэсэн итгэлтэй байна вэ гэхээр энэ хүн задруулаад байхаар улсын нууцтай ерөөсөө харьцаж байгаагүй. Хийж ирсэн ажил нь улсын нууцтай харьцдаг ажил биш. Нууц хулгайлсан гэж баримтаар тогтоогддоггүй л юм бол би энэ явдлын үнэн мөн нь тогтоогдоно гэсэн итгэл үнэмшилтэй байгаа. УИХ-ын гишүүний зөвлөхийн ажил бол үндсэндээ иргэдтэй ажиллах. Ийм л ажил хариуцдаг байсан хүн. Хүний хувьд стратегийн судалгааны хүрээлэнгээс хойш мэднэ, миний  дотоод итгэл үнэмшлээр бол ийм хэрэг хийх хүн биш. Улсын ийм айхтар нууц алдагдсан байна гэж нотолсон зүйл одоогийн байдлаар сонсоогүй байна. Би түрүүн хэлсэн, өөрөө болон өмгөөлөгч нь шүүх хурлын өмнө итгэлтэй, тайван байсан гэж. Хавтаст хэрэгтэйгээ танилцсан, шинжээчийн дүгнэлтээр улсын нууц задруулсан нь тогтоогдоогүй гэсэн байна гэсэн зүйл хэлж байсан.

-Та энэ хариултаараа, ажил албан тушаалынх хувьд ч, хувь хүнийх нь хувьд ч сэжиглээд байх зүйл байгаагүй хэмээн хэлж байна гэж ойлгож болох уу?

-Хэвлэл мэдээллээр гарч байгаа зүйлүүдийг харахаар хажуудаа ийм том тагнуул байхад мэдээгүй, сэжиглээгүй байна гэж байх уу л гэсэн зүйл гараад байгаа. Би сая хэллээ, энэ хүн нэгдүгээрт улсын нууцтай харьцдаг байгаагүй ээ гэж. Хоёрдугаарт тийм эх орноо худалдах хэмжээний айхтар том нууц мэдээлэл худалддаг байсан бол эрх биш би хажууд нь ажиллаж байгаа хүн мэдрэх байсан байлгүй дээ. Өнөөдөр тэр айлын амьдарлыг харвал нэг өрөө байранд амьдардаг, байрны зээлтэй, цалингийн зээлтэй, хоёр хүүхэдтэй амьдарлаа авч явах гээд л зүтгэж байгаа хоёр залуу хүн байгаа. Миний нүдэн дээр мөнгө төгрөг хэрэглээд, хахаж цацаад байсан зүйл ерөөсөө байгаагүй.  Шүүх хурлын өмнө асуухад, амьдралдаа тус нэмэр болох гээд л хувиараа хэдэн төгрөгний орчуулга хийж өгдөг байсан гэж хэлдэг. Тэгэхээр наад захын логикийн хувьд бодоод үзье л дээ. Тэр хүн хэрэв зарим хэвлэлээр цоллоод байгаа шиг тийм айхтар хэрэг хийж эх орноо худалдаж байсан бол амьдрал нь ийм байх уу, би тагнуул байна гэдгээ надад мэдэгдэх үү. Гэтэл М.Батчимэг яагаад мэддэггүй юм гээд байгаа биз дээ. Би хэрэв нууц бичиг баримт хадгалуулаад, хуваалцаад байсан бол нэг хэрэг. Гэтэл тийм юм огт байхгүй.

-Та эхний асуултанд хариулахдаа дурдлаа. Эрүүгийн хуулийн 79.1, эх орноосоо урвасан гэдэг зүйл анги гэж. Мэдэхгүй ээ, үнэхээр цочирдом сонсогдсон, тэгээд 16 жилийн ялтай.

-Энэ үнэхээр хүмүүсийг цочирдуулж байгаа. Өөрөө ч тэр, ар гэрийнхэн нь ч тэр маш их цочрол авсан. Аргагүй шүү дээ. 79.1 гээд зүйл ангийг харахаар гадаадын тусгай албатай хамтран ажилласан, туслалцаа үзүүлсэн гэж байгаа. Ер нь бол би энэ дээрээс хараад эмзэглэж бодож байгаа зүйл бол өнөөдөр  Монгол Улсад олон улсын харилцаа чөлөөтэй болчиж, Монголд олон орны дипломат төлөөлөгчийн газар, Элчин сайдын яамд байж байна. Гадаадын хөрөнгө оруулалттай компани, гадныхан олон байна. Тэгэхлээр бидний найз нөхөд гэж бодож явсан, ажил төрлийн шугамаар таньдаг хүн тэр тусгай албатай холбоотой үгүйг манай иргэд яаж мэдэх вэ? Хоёрдугаарт, хамтарч ажилласан гэдэг нь яг юу гэсэн үг юм? Орчуулга хийж өгвөл хамтарч ажилласан болох уу. Эсвэл магадгүй унаа машинаараа тээвэрлээд хүргээд өгчихсөн чинь нөгөө хүн нь тусгай албатай холбоотой байсан гэнээ гэвэл хамтарч ажилласан болох уу? Өөрөөр хэлбэл 79.1 гэдэг хуулийн зүйл заалт өөрөө маш бүрхэг, ерөөсөө хамтарч ажилласан гээд л 16 жил, маш хүнд сонсогдож байгаа юм. Мэргэжлийн байгууллагынхан маань ч мэдэж байгаа, манай нууцын хуулийн талаар би маш олон жил ярьж байгаа. Энэ хуулиа сайжруулая, нууцын хууль гэдэг чинь олон улсын хэмжээнд маш нууц, нууц, эсвэл тодорхой хэмжээнд тухайн хүрээндээ хаалттай байдаг зүйл гэх мэт маш олон ангилалтай байдаг. Хариуцлага алдах зүйл иргэн хүнд тохиолдлоо гэхэд энэ ангилал тус бүр дээр хариуцлагын зүйл заалт нь тодорхой байх ёстой. Гэтэл бүгдийг нь нэг хайрцганд хийгээд, нэг өгүүлбэрээр тодорхойлоод л 16 жил гэж байгаа. Энэ чинь хүний хувь заяа, нэг айлын амьдрал цаана нь явж байгаа шүү дээ. Би хувьдаа өнөөдөр хэнд ч ийм зүйл тохиож болох юм байна л гэж бодож байна. Жишээ нь, та нэг гадны компанид ажилладаг хүнтэй найз байлаа гэж бодъё, та англи хэлтэй, англиар ярьдаг хүнтэй харьцдаг байж. Тэгтэл нөгөө хүн чинь цаанаа тусгай албатай холбоотой байжээ гэвэл та яах вэ. Та яаж мэдэх вэ тэрийг. Үүнийг мэдэх нь, иргэдээ ийм зүйлээс хамгаалж, сэрэмжлүүлэх нь үндсэндээ манай тагнуулын байгууллагын хуулиар хүлээсэн үүрэг. Хэрвээ тагнуулын байгууллага мэдэж байгаа л бол иргэдээ үүнээс хамгаалах сэрэмжлүүлэх ёстой. З.Пагмажавтай шүүх хурлын өмнө уулзахад их гомдолтой зүйл бол энэ л байсан. Би мэдээгүй ээ, ямар хүмүүс вэ гэдгийг нь мэдэхгүй шүү дээ гэж.

-Тэр тусгай алба, хамтран ажилласан хүмүүс гэдэг нь хэн юм, ямар хэлбэрээр хамтарсан юм?

-Улсын нууцтай холбоотой хэрэг учир би өөрийнхөө хэлж болох хэмжээнд л хэлж байна. Би сая хэллээ, үнэн мөн нь тогтоогдоод хэрэг цагаадна гэдэгт итгэлтэй байна гэж. Бас нэг зайлшгүй хэлэх зүйл бол цаана нь ар гэрийнх нь амьдрал байгаа. Эцсийн шатны шүүх хурлын үр дүн гартал хэрэг бүр эцэслээгүй байхад ерөөсөө л эх орноосоо урвасан, тайваний тагнуул гэх мэдээлэл цацагдаж байна.  Ард нь хоёр нялх хүүхэд, хань ижил, настай эцэг эх нь байгаа. Тэр хүмүүс маш хүнд байдалд байна. Монголчууд цөөхүүлээ мөртлөө бие биедээ ингэж хандах нь хэр хүнлэг хэрэг вэ. Эрүүгийн хуулиа яаралтай шинэчилж, хууль эрх зүйн орчноо сайжруулахгүй бол үнэхээр болохгүй болжээ гэдгийг харуулж байна.

-Дахиад нэг зүйл тодруулая. Зураг хөргийг нь тавьчихсан байсан энэ юу вэ гэвэл ТЕГ-ын дарга Хурц танай өрөөгөөр ороод 10 орчим минут боллоо гээд тэр ямар учиртай мэдээлэл гарсан бэ?

-Яахав угаасаа хэвлэл мэдээллийн анхаарлын төвд байж байгаа болохоор хүмүүс соргог анзаараа биз. Бид угаасаа ажил албаны шугамаар уулзаж л байдаг. Энэ бол нэг их гайхаад байх зүйл биш. Төрийн ажил хийж байгаа хүмүүст уулзах, асуух тодруулах зүйл байдаг.

-Та тэр улсад ажиллаж суралцаж байсан хүн. Би бас л хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан зүйлийн дагуу л танаас асуугаад учигийг тайлах гэж оролдож байна. Таны суралцаж байсан тэр улсын тагнуул гэж нэрлээд байна.

-Эхлээд хэлэхэд, бид Тайванийг албан ёсоор улс гэж хүлээн зөвшөөрөөгүй, дипломат харилцаагүй. Тиймээс Тайвань л гэж ярьдаг, үүнийг тодруулж хэлэх ёстой. Хоёрдугаарт, дээр ярьсан шүүхээр явж байгаа асуудал, намайг хэвлэлээр цоллож байгаа энэ хоёр асуудлыг салгаж харах ёстой. Би сая шүүхтэй холбоотой болсон процессыг өөрт байгаа мэдээллийн хүрээнд ярилаа. Одоо хэвлэлээр гарч байгаа зүйлийн талаар ярья. Би аюулгүй байдлын салбарт ажиллаж ирсэн хүн. Мэдээллийн аюулгүй байдал гэж нэг салбар бий.  Мэдээллийн дайн гэж чухам юу юм бэ гэдгийг харин өчигдөр жинхэнэ өөр дээрээ мэдэрсэн үйл явдал боллоо гэж хэлмээр байна. Өглөө ажил дээр орж ирээд компьютер асаахад бараг л бүх сайт, телевиз, хэвлэлээр "М.Батчимэг бол Тайваний тагнуул” гэх утгатай мэдээлэл нэгэн зэрэг цацагдсан. Үнэхээр гайхаж цочирдмоор. Урд өмнө нь ийм зохион байгуулалттай ажиллагаа явж байсан эсэхийг мэдэхгүй юм.

Юу болов гээд хэвлэлүүдийн мэдээллийг анхааралтай нягталж үзэхэд гурван дүгнэлт хийж болохоор байгаа. Нэгдүгээрт, Өршөөлийн хуультай холбоотой гэдэг нь тов тодорхой байна. Ийм мэдээллүүд цацагдахын урд өдөр нь манай намын бүлэг дээр өршөөлийн хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авах талаар шийдвэр гарсан. Гэтэл бүх мэдээний төгсгөл нь Ерөнхийлөгчийн хориг, тэгээд Ардчилсан намын бүлгийн дүгнэлт дээр зангидагдаж байна. Юу гэж байна вэ гэхээр ерөөсөө М.Батчимэгийг юм уу, эсвэл зөвлөхийг нь эх орноосоо урвасан хэргээс чөлөөлөхийн тулд Ардчилсан намын бүлэг Ерөнхийлөгчтэй хөшигний цаана наймаалцаад ийм шийдвэр гаргачихлаа гэж байна.

-Наадахыг чинь бүр ил тод хэлчихсэн байна билээ зарим нэг нь.

-Харин тийм. Ерөөсөө ихэнх мэдээний төгсгөлд ингэж байгаа. Тэгэхээр эхний дүгнэлт бол энэ бүх зохион байгуулалттай дайралт Ардчилсан намын болон М.Батчимэг гэдэг хүний  гэдэг "авилга хээл хахуулийн хэргийн хоригийг бид хүлээж авах ёстой” гэсэн байр суурьтай холбоотой юм байна гэсэн дүгнэлт гарч байна. Хоёрдугаарт нь, та сая хэллээ Тайвань гэж. М.Батчимэг гэдэг хүний сурч байсан газар, хийж байсан ажил гээд өнгөрсөн түүхийг үзээд, З.Пагмажав гэдэг хүн мөн тэнд сурч, амьдарч байсан юм чинь энэ хоёр хүн бол Тайваньтай холбоотой, ерөөсөө тагнуул байхаас аргагүй юм байна гэж шуугисан л даа. Монгол Улсын Засгийн газар БНХАУ-ын Засгийн газар хоорондын гэрээгээр 1990 онд анхны 15 оюутан Хятадад сурахаар явсны нэг нь би. Тэрнээс хойш өнгөрсөн 25 жилийн хугацаанд манай олон мянган оюутнууд тэр улсад суралцсан. Тайваньд сурсан монгол оюутны тоо ч мөн мянга даваад явж байна. Хятадад маш олон удаа очиж, олон жилээр ажилласан дипломат ажилтнууд байна. Тэгэхээр зарим хэвлэл дээр бичиж байгаа логикоор бол Тайвань, Хятадад сурсан, тэнд хэдэн жил ажилласан хүмүүс бүгдээрээ тагнуул болох нь. Энэ олон мянган хүмүүсээ бид нар бүгдийг нь тагнуул болгоод явах юм уу? Харин гуравдахь зүйл гэвэл миний бие Орхон аймгийн Ардчилсан намын даргаар ажиллаж байгаатай холбоотой харагдаж байна. Эрдэнэтийн тойрогт нэр дэвших саналаа илэрхийлж эхэлсэн бусад намын зарим гишүүдээс энэ мэдээллийг эртнээс тараагаад эхэлсэн зүйл ажиглагдаж байгаа. Энэ нь сонгууль ойртсоны дохио юм болов уу. Мөн өмнө хэлсэн тэр ярилцлага, сонгууль ойртсонтой холбоотойгоор энэ хүнийг чимээгүй болгоё, улс төрөөс холдуулъя гэсэн л дайралт явж байгаа юм болов уу гэж харж байна. Би өөрөө судлаач хүн. Судлаач хүний хувьд болж буй нөхцөл байдал, явж байгаа цохилтуудад дүгнэлт анализ хийхэд ийм л зүйл харагдаж байна.

-Бид нар ингээд дотроо хэрэлдээд байдаг. Хэн нэгнийгээ хичнээн ч удаа "тагнуул” болголоо. Энэ нь гадаад харилцаа, хөршүүдийн харилцаанд яаж нөлөөлөх бол?  Монголчууд ингэж л байдаг юм гээд орхих уу, эсвэл..?

-Манайд улс төр жаахан хурцдаад, сонгууль дөхөөд ирэхээр хятадын тагнуул олширдог шүү дээ. Миний мэдэхээр хамгийн дуулиантай нь Ц.Нямдорж гишүүнийг хятадын тагнуул болгож цоллосон хэрэг байсан. Мөн тодорхой санаж байгаагаас Ерөнхийлөгч нараас Н.Багабанди Ерөнхийлөгчийг Тайваниас мөнгө авсан гэж, П.Очирбат Ерөнхийлөгчийг Хятад болгож баахан шуугисан. Хамгийн сүүлд гэхэд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийг хятадын тагнуул гэж цоллосон. Монголчуудын үндэсний үзэл дээр тоглосон ийм улс төр бол улс орноо бодоогүй, хамгийн болхи бүдүүлэг улс төр гэж би боддог. Учир нь Монгол Улсыг хөрш орнуудтай нь харилцаа муутгах, итгэлцлийг бууруулах зам руу явуулж байгаагаараа хамгийн буруу, хамгийн хортой. Энэ хөршүүд чинь сонгууль болохоор л тагнуулууд явуулаад эхэлдэг юм уу? Монголын төрд баахан дайсагнасан тагнуулууд шургалуулчихсан юм уу? Орост, Америкт, Японд суралцаж ажиллаж байгаа хүн болгон бүгд гадаадын тагнуул уу? Гадныхныг үзэн ядсан, гадаадад байсан хүмүүсийг ямар нэгэн байдлаар тухайн оронтой нь холбож цоллох гэсэн, эсвэл монголчуудын түүхийн зарим үе дэх өмнөд хөрштэй холбоотой үндэсний үзлийг өдөөж дэврээн өмнөд хөршрүү дургүйцлийг чиглүүлэх алхам бол маш явуургүй зүйл гэж бодож байна. Явуургүйгээс гадна маш хортой. Монгол Улс хоёрхон хөрштэй. Бид дайн дажингүй, ард түмэн амар амгалан амьдаръя, эдийн засгийн хөгжил дэвшлээ хангая гэж байгаа бол хоёр хөртшэйгээ найрсаг харилцаатай, улс төрийн түвшинд харилцан ойлголцол сайтай байх ёстой. Эдийн засгийн тусгаар тогтнолоо хангах, энэ чиглэлд тэнцвэртэй харилцаа хөгжүүлэх хэмжээнд хөршүүдтэйгээ өөрсдийнх нь хэлээр ойлголцоод явах чадавх монголчуудад хэрэгтэй. Тэрнээс биш бие биенийгээ тагнуул гэж цоллоод, урд хөрш манай улс төрд баахан тагнуул шургалуулж байдаг юм шиг утгагүй авир байнга гаргах нь манайх шиг хоёр их гүрний дунд орших улсын хувьд маш хортой.

-Тийм ээ, бид хаана, ямар нөхцөлд оршдогоо мэддэг. Гэтэл энэ бүхнийг үнэхээр монголчууд маань хийгээд байгаа эсэхэд эргэлзээ төрөх үе байдаг?

-Бусдыг хардахын өмнө бид эхлээд өөрсдөдөө дүгнэлт хийх ёстой гэж би үздэг. Хоёр хөрштэйгээ харьцуулахад манай улс хүн ам цөөн, эдийн засгийн хэмжээ бага, цэрэг-батлан хамгаалах чадавх жижиг гээд хэмжээ харьцуулалт нилээдийг нэрлэж болно. Гэхдээ өнөөгийн олон улсын амьдралд, нэн ялангуяа дэлхий нийтээр соёлжиж, мэдээллийн урсгал чөлөөтэй болохын хирээр тухайн улсын төр засаг өөрөө гадаад харилцаа, бодлогоо тогтвортой аваад явах, хэлсэн үгэндээ хүрэх чадвартай байж чадвал тийм ч амархан хүчирхийлэлд өртөөд байх нь багассан. Харин бид өөрсдөө дотооддоо зодолдож, учраа олохгүй байгаа тохиолдолд мэдээж гадны ямар ч улс өөрийн үндэсний ашиг сонирхлоо тулгахыг л бодно шүү дээ.

-Яриа маань явсаар улс төрийн сэдэв рүү орлоо. Болсон үйл явдлын талаар та ярихдаа өмнө өгч байсан УИХ тарахтай холбоотой ярилцлагын  талаар дурдсан. Ярилцлагатай холбоотойгоор танаас хоёр зүйл дэлгэрүүлж асуумаар байна. Та тэр ярилцлагыг "хурц” болсон гэж хэллээ, яагаад тэр вэ? Зарим нэг хүнд таалагдаагүй хэрэг үү?

-Ярилцлагын хувьд хэн нэгэн рүү дайрах зорилго огт агуулаагүй. Ерөнхийдөө УИХ-аар авлига, хээл хахуулийн хэргийг өршөөнө гэсэн хууль батлагдахад миний хувьд цочирдсон. Олон ч хүн үүнийг дургүйцэж хүлээж авсан шүү дээ. Яагаад Монгол Улсын Их Хурал явсаар байгаад авлига, хээл хахуулийн хэргийг өршөөнө гэдэг заалт бичээд, түүнийгээ батлах дээрээ тулчихав аа гэдэг бол хийх ёстой дүгнэлт мөн. Засгийн газраас өргөн барьсан хувилбар дээр авлига, хээл хахууль авах, зуучлах хэрэг өршөөлд хамрагдаархгүй байсан шүү дээ. Энэ заалтыг оруулж батлахад "Шударга ёс” эвслийн шахалт нилээд орсон гэдгийг УИХ-ын гишүүд бүгд мэдэж байгаа. Х.Тэмүүжин зэрэг нэр бүхий гишүүд авлига, хээл хахуулийн хэргийг өршөөлд хамруулахгүй байя гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргаад байнгын хорооны хуралдаан, чуулган аль алин дээр унасан. Тэгэхээр миний хувьд энэ болж өнгөрсөн үйл явцад дүгнэлт хийж, УИХ энэ асуудал дээр ийм шийдвэр гаргаж байгаа юм чинь цаашид өөр бусад чухал асуудлууд дээр алдаатай шийдвэр гаргах вий гэсэн болгоомжлолын үүднээс өгсөн ярилцлага. Улс эх орныхоо эрх ашгийг үүднээс цаашдын гарц гаргалгааг санал болгосон ярилцлага өгсөн л гэж бодож байгаа. Монголчууд нүүхдээ бууриа цэвэрлээд нүүдэг ард түмэн. Энэ УИХ-ын 76 гишүүн бидний л бүрэн эрх бүрэн бүтнээрээ дуусч байвал дараа нь улс орон яасан ч яахав гэсэн байр сууринаас хандаж болохгүй шүү дээ. Бид ард түмний эргэлзэж буй өөр бусад олон асуудал рүү орохгүйгээр, зүгээр л парламентын засаглалтай бусад улсад байдаг ерөнхий сайд нь өөрөө танхимаа бүрдүүлдэг зарчмыг авах гэхчлэн Үндсэн хуульд оруулах зайлшгүй цөөн өөрчлөлтийг тусгаж батлаад, бусад зайлшгүй шаардлагатай хэдэн хуулийг баталчихмаар байна. Тэгээд АСЕМ зэрэг тулгамдсан хэд хэдэн хүчин зүйлсийг харгалзаж үзээд сонгуулиа жаахан урагшлуулаад явуулахад болохгүй зүйл байхгүй гэж миний хувьд үзэж байгаа. АСЕМ бол манай улсын хувьд маш чухал ач холбогдолтой, үнэхээр сайн зохион байгуулах шаардлагатай арга хэмжээ гэдгийг харгалзах хэрэгтэй.

Тэр ярилцлагыг өгсөний дараа маш олон хүмүүс, иргэд, манай намын гишүүд дэмжигчид, тухайлбал манай Орхон аймгийн намын гишүүд, иргэдийн зүгээс ярилцлагад дурдсан асуудлууд, Үндсэн хуулийн өөрчлөлт гээд олон зүйл дээр санал нийлж, дэмжиж байгаа гэдгээ илэрхийлсэн. Ярилцлагыг хурц гэсний учир гэвэл нөгөө талд УИХ-ыг тараах гэлээ, Монголын төрийг бужигнуулах гэлээ гэж зарим хүн эмзэглэсэн. Гэхдээ хамгийн гол зүйл бол зарим удирдлагын зүгээс "УИХ-ын гишүүнээсээ татгалз” гэдэг шахалт надад ирсэн. Тэгэхээр би хурц, галтай ярилцлага өгч таарчээ гэдэг нь тэр. Би бол иргэн хүний хувьд, улстөрч хүний хувьд, УИХ-ын гишүүний хувьд, өөрт байгаа мэдээ мэдээлэлдээ үндэслээд улс орныхоо өнөөгийн нөхцөлд байдалд дүгнэлт хийж, гарцыг санал болгосон л гэж бодож байгаа.

-Танай намын дотоод зөрчил дээд хэмжээндээ тулчихаад байгаа юм биш үү?

-Таны асуултад хариулахаас өмнө нэг зүйл хэлмээр байна. Сонгууль дөхөж байна. Янз янзын зорилготой олон мэдээлэл хэвлэлүүдээр гарч байна. Ардчилсан намын хийж бүтээсэн болгоныг харлуулах гэсэн, Ардчилсан намыг юм л бол буруутгасан улс төрийн тоглолтууд явж байна. Энэ бүхнийг ойлгох хэрэгтэй. Сонгууль дөхөж байна, олон шалтгаан байна. Болохгүй байгаа бүхэнд Ардчилсан намыг буруутгах хандлагыг би хүлээн зөвшөөрөхгүй. Өнөөдөр Ардчилсан намд алдаа оноо байгаа. Гэхдээ Монгол Улсад өнгөрсөн 25 жилд бий болсон ардчилал, явж ирсэн зовлон жаргал бүхэн Ардчилсан намын түүхтэй холбоотой. Улс төрийн намын төлөвшил гэдэг чинь тийм амархан бий болчихдоггүй гэдгийг түүх харуулж байна. Өнөөдөр бидний туулж буй бэрхшээл зовлон, дотоод зөрчил болгон бидний туршлага, сургамж. Шинэ нам гарч ирээд энэ бүхнийг туулаад ойлготлоо дахиад 25 жил. Өнөөдрийг хүртэл төлөвшөөд явж байгаа улс төрийн гол намууд Монгол Улсын цаашдын улс төрийн тогтолцооны суурь гэдгийг бид ойлгох ёстой. Тийм учраас намыг хэтэрхий үгүйсгэж харуулах нь өөрөө нэг талын туйлшрал. Бид болж байгаа юмаа яриад, болохгүй юмаа илэн далангүй яриад шинэчлэхийн төлөө, сайжруулахын төлөө явах ёстой. Манай намын олон гишүүд үүнийг хэлдэг, шаарддаг. Намын дотор зөрчил байна гэдгийг өнөөдөр нуугаад байх арга алга. Олон нийт, хэвлэл мэдээллийн нүдэн дээр угаасаа ил байгаа. Өнөөдөр нэг дарга нэг үг хэлэхэд маргааш нөгөө нь гарч ирээд өөр үг хэлж байна гэж иргэд шүүмжилж байна. Өчигдрийн над руу ирсэн хэвлэлийн дайралттай зэрэгцээд Эрдэнэтийн намын хорооны дотор манай дарга ийм юманд холбогдчихлоо, хурлаа хийгээд огцруулъя гээд гарын үсэг зуруулж яваа хүмүүс байх жишээтэй. Байдал ийм байхад зөрчил байхгүй гэж нуухгүй. Үүнийг өнөөдөр нуулаа гэхэд маргааш олны нүдэнд гараад л ирэх зүйл. Гэхдээ дахиад хэлэхэд зөрчил байлаа гээд Ардчилсан намыг хэтэрхий хараар будаж болохгүй. Энэ бол Монголын нийгмийн, Монголын нэг үеийнхний улс төрийн нам босгох гээд туулаад явж байгаа зовлон жаргал шүү. Үүнийг бид үнэлэх ёстой түвшинд нь үнэлэх ёстой. Мөн бид намын шинэчлэлээ ярих ёстой, дотоод ардчиллаа ярих ёстой. Маргааш яаж өнөөдрийн алдаагаа давтахгүй байх ёстой вэ гэдгээ ярих ёстой.

-Тантай санал нэг байна. Фэйсбүүк, твиттерийн орчинд сууж байгаа хүмүүсийн мэдээллээр арга нь барагдчихсан, итгэл алдарчихсан мэт сэтгэгдэл төрөхөөр. Гэхдээ намын удирдлагуудын дунд илэрхий зөрчил гараад байхад хүлээн зөвшөөрөх чадвар байхгүй юм шиг ойлгогдоод байна?

-Хүлээн зөвшөөрөх гэдэг бол хувь хүний өөрийн асуудал. Намын удирдлагууд байр сууриа илэрхийлээд, алдаа оноогоо дүгнээд явах нь хариуцлагатай холбоотой. Өнөөдрийг хүртэл ярьж буй нэг зүйлээ хэлмээр байна. Өнөөдрийн улс төрийн нөхцөл байдлын 50 хувь нь хаацайлахын аргагүй улс төрчидтэй холбоотой. Харин үлдсэн 50 хувь нь тогтолцооны хямрал байна шүү гэдгийг би байнга хэлж байгаа. Биднийг хямраагаад байгаа энэ тогтолцоогоо засахгүйгээр зөвхөн хүмүүсээ яриад, удирдлага, гишүүдээ халж солиод улс орон маань сайхан болчихгүй. Хөлбөмбөгийн талбай дээр тоглож байлаа гэхэд дүрэм нь ойлгомжгүй бол тэнд ямар тоглолт гарах вэ. Бөмбөг булаацалдсан зодоон л болно. Манай улс төрийн амьдрал, зохицуулж байгаа дүрэм нь ийм л байдалтай болчихоод байна. Судлаачдын баг байгуулаад өргөн хүрээтэй судалгаа хийж үзсэн. Парламентын засаглалтай 40 шахам орныг судлаад үзэхэд манай улс шиг Засгийн газрын гишүүнийг томилохдоо парламент нь сайд нэг бүр дээр санал хурааж томилдог орон байхгүй байна. Ерөнхий сайд өөрөө сайд нараа томилдог. Парламент бүхэлд нь л ёсчилж баталдаг. Манайд энэ эрх мэдлийг 76 хүний дунд хаячихсан. Энэ чинь яг дүрэмгүй хөл бөмгбөг тоглож байгаа юм шиг, чаддагаараа хуваагдаад зодолд гэдэгтэй адил зүйл болоод байна. Өнөөдөр бид Үндсэн хууль, Төрийн албаны хуулийн шинэчлэл рүү ормоор байна. Үүнтэй хамт Улс төрийн намуудын тухай хууль, Улс төрийн намын санхүүжилт, Сонгуулийн тухай хуулиа шинэчлэхгүйгээр цаашаа явахад улам хэцүү болно. Энэ мэтчилэн тогтолцооны талаар яривал хэдэн цагаар ч ярихад хүрнэ.

- Энэ бүхний хийх боломж байна уу?

- Өнөөдөр Үндсэн хуулийг өөрчлөлтийг ярихаар төрийн тогтолцоог самрах гэж байна гэдэг. Тайваньд сурч байсан гэхээр Тайваний тагнуул гэдэг. Монгол хэлний тухай хуулийг санаачлаад батлуулсандаа их баяртай байгаа. Олон багш нар, монгол хэлний багш нар, эрдэмтэд, зохиолчид, иргэд "хийх ёстой зүйлийг хийлээ” гэдэг. Энэ бол өнөөдрийн зовлонгоос илүү урт хугацааны монгол үндэстний оршин тогтнолыг шийдвэрлэж байгаа зүйл. Монгол хэлний тухай хуулийг багагүй зовлонг давж батлуулсан. Бид 70 жилээс өмнөх түүхээ уншиж чадахгүй, хүний хэлээр сонсч, уншиж байна. Гэтэл тэр түүхээ уншдаг байя, уламжлалаа хадгалж хамгаалъя гээд монгол бичгээ авах шийдвэр гарахад л Монголыг Өвөр Монголд нэгтгэх гэсэн хятадын тагнуул байна гэх жишээтэй. Таван толгойн асуудал дээр би өөрийн байр сууриа илэрхийлсэн. Тэнд надад ямар ч хувийн ашиг сонирхол байхгүй, яригдаж байгаа хувийн компаниуд, хөрөнгө оруулагчид надад ямар ч хамаа байхгүй. Бид Тавантолгойн нүүрсийг өмнөд хөршдөө л зарна. Хойд хөрш адилхан нүүрс борлуулагч, хэзээ ч биднээс худалдан авалт хийхгүй. Нэгэнт өмнөд хөршийн даргын айлчлалаар Монголын төр үүнийг шийднэ гээд амлачихсан юм бол, урд хөрш худалдан авагч юм бол, төрийн компани дээр авлига хээл хахуулийн хэрэг гарч байхад хувийн компани нь хийгээд урд хөрштэйгээ учраа ололцоочээ гэж байр сууриа илэрхийлсэн. Гэтэл Таван толгойг Хятадад өгөх гэлээ хятадын тагнуул гээл эхлэх жишээтэй. Бид ийм байдлаар хандаад асуудлаа шийдэж чадах уу. Нэг ухаантай хүний хэлсэн үг бий, "Бидний туулж байгаа энэ амьдрал ямар ч бэрхшээлтэй, зовлонтой санагдаж болно. Итгэл найдвараа л гээх юм бол тэр жинхэнэ төгсгөл” гэж. Бид сайн сайханд итгэх итгэл, зөв зүйтэй бүхэнд итгэх итгэлгүйгээр бүхнийг будаж байгаа зохион байгуулалттай үйл ажиллагаанд автаж байгаа нь Монголын эмгэнэл гэж хэлмээр байна.

-Үнэхээр зохион байгуулалттай юм яваад байна. Улс төрийн сонгууль дөхсөнтэй холбоотой байх. Эрдэнэтэд нэр дэвших хүмүүс байж магадгүй гэсэн бүүр түүрхэн яриа яваад байх юм.

-Бүүр түүрхэн гэдэгтэй санал нэгдэхгүй байна. Яагаад гэвэл өнөө цагт иргэд маш сайн мэдээлэлтэй болсон. Ард түмэн харж байгаа. Өршөөлийн хуулийг хэн шахаж батлуулсан бэ, хэн тэрийг хамгийн их хүсээд байгаа юм бэ, жишээлбэл, Эрдэнэтэд нэр дэвших гээд яваад байгаа өөр намын нэг нэр бүхий гишүүн миний тухай мэдээллийг идэвхтэй тараагаад явж байх жишээтэй. Манай сэтгүүлчид ч тэр, улс төрчид ч бас гярхай болж. Хэний хэвлэлд юу гарч байгааг айхтар хэлж байна. Цаанаа эзэнгүй зүйл байхгүй.

-Энэ бол улс төрчийн хувьд туулдаг л зүйлийн нэг байх. Эмэгтэй хүнийхээ хувьд ч гэсэн амаргүй байгаа байх. Цаашид яах вэ? Олон улсын хэмжээний маш том ажил бидний өмнө тулгараад байдаг.

- Улсын Их Хурал тарах ёстой тэр гэсэн ярилцлага дээр би энэ талаар л ярьсан. Цаашид яах ёстой вэ гэдэг гарцыг харахыг хичээсэн. Хүмүүс асуудлын 50 хувь нь гэж би өмнө хэллээ. Монголчуудын дунд тавь хүрсэн хүнийг сургаж болдоггүй гэж үг бий. Дөч ч бай, тавь ч бай, нэгэнт өдийн хүртэй төлөвшсөн хүмүүс нэг их өөрчлөгдөхгүй. Харин өөр хүмүүс улс төрд ирэх үү, халаа сэлгээ аль хэр хийх вэ гэдгийг сонгогчид л шийднэ. Хувь хүмүүст мэдээж хийх боломжтой зүйлс бий. Миний хувьд олон улсын харилцаа, үндэсний аюулгүй байдлын салбарт нэлээд олон жил ажиллалаа. Тэр Тайвань гэж газар манай пасспортыг хүлээн зөвшөөрдөггүй байхад, Хятадын газрын зураг дотор Монголыг багтааж гаргадаг байхад, манайхыг Хятадын нэг хэсэг гэж сурах бичигтээ бичдэг байхад, энэ бүхнийг хэн өөрчилсөн юм бэ. Өөрөө өөрчлөгдчихөөгүй шүү дээ. Хүн бүр мэдээд байдаггүй энэ асуудлыг, хаалттай хөшигний цаана хүмүүс л бэрхшээл зовлон туулж явж өөрчилсөн. Энэ дунд биеэрээ байсан хүний нэг нь би өөрөө. Миний Тайваний талаарх байр суурь, судалгаа хийж бүтээж байсан зүйлс цаасан дээр ном болоод, түүх болоод үлдсэн. Хэн ч үүнийг арилгаж чадахгүй. Яг өнөөдрийн Улсын Их Хурал, УИХ-ын  гишүүний ажиллаж чадах талбар, эх орныхоо, үр хүүхдийнхээ төлөө хийж чадах зүйл бол улс төрийн систем, тогтолцоогоо л засах. Энэ УИХ Үндсэн хуульдаа өөрчлөлт хийгээд дараагийн Засгийн газар байгуулагдахад хэдэн нам фракц нь өнөөдрийнх шиг хоорондоо зодолдохгүй, Ерөнхий сайд нь өөрөө танхимын гишүүдээ томилоод явдаг Герман, Япон, Английн жишгээр явах нөхцлийг бүрдүүлээд өгчих. Хоёрдугаарт, Төрийн албаны тухай хуулиа баталъя. Гэнэтийн тохиолдлын хүмүүс гарч ирээд яамны газар хэлтсийн дарга болчихдог, төрийн алба хаагчдыг халж сэлгэж дураараа нааш цааш болгож Монголын төрийг хүчгүйдүүлдэг хуулийн нүх сүвүүдийг бөглөөд өгөөч ээ  гэж байгаа. Бас чадвал Улс төрийн намуудын тухай хуулиа батлая. Энэ УИХ ингэж бууриа сайхан цэвэрлээд, дараагийн парламентын үед улс орон арай тогтвортой байх замыг нь тавиад өгмөөр байгаа юм. Бид үүнийг хийж чадахгүйгээр маргаашийн том асуудлыг ярих хэцүү байна. Гарц ойлгомжгүй, тодорхойгүй байгаа юм биш. Ерөөсөө л улс төрийн хүсэл эрмэлзэл, нэг ширээнд суугаад ярилцах чадвар дутагдаж байна Бие бие рүүгээ чулуу шидэж тамираа барж байх биш, над дээр, чам дээр ямар дарамт ирж байгаагаас үл хамаараад энэ улс орны төлөө юм бодитой юм хийчихье гэсэн хүсэл эрмэлзэл л чухал байна. Төр барьж байгаа хүмүүсийн хоорондын эв нэгдэл гэдэг бол үндэсний эв нэгдлийн гол цөм юм шүү, энэ бол улс орны аюулгүй байдал, хөгжил дэвшлийн баталгаа юм шүү гэдгийг амьдрал тод ойлгуулж байна.

- Та сая миний үгэн дундаас намайг шүүмжлэнгүйгээр "итгэл алдарч гаслах биш, харин асуудлаа шийдэхийн төлөө ажиллаач ээ” гэлээ. Ингэж шаардах эрх нь сонгогчдод байгаа учраас ийм итгэл дээр ярилцлагаа өндөрлөе. Амжилт хүсье.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex