Б.ЧОЙЖИЛСҮРЭН ХАЛААСЛАХАА ХАЛААСЛАЖ, ХАРИН АЖЛЫГ НЬ НАР, САЛХИ ХОЁР ХИЙЖ БАЙНА
Түнэр харанхуй хот болоход тун ч ойрхон байна даа. Б.Чойжилсүрэн сайд хоёр жил ажлаа хийсэнгүй. Нар, салхинд найдахаас өөрийг чадахгүй бололтой. Эцэст нь, Улаанбаатар харанхуй болж, монголчууд утаандаа хордсон хэвээрээ байх юм байна. Өөр шийдэл, чиглэл алга.
Б.Чойжилсүрэн сайд өнгөрсөн өвөл "Энэ өвөл хүйтэн болно. Гал алдахыг үгүйгэх аргагүй. Гэхдээ аргална даа” гээд зогсож байсан сан. Дараа нь, "Үнэнээ хэлье. Салхи ажлаа хийхгүй байна. Улаанбаатарыг утаа салхи л явуулж байгаа шүү дээ. Салхитай өдөр утаагүй байдаг” гээд эрүүл, согтуу нь мэдэгдэхгүй мэдэгдэл хийж, сэтгүүлчийн асуултад хариулаад зогсож байлаа. Энэ өвөл ч өөрчлөгдсөнгүй. Өвөл дандаа болдог гэдгийг мэддэг л баймаар юм, бодлого боловсруулагчид. Эсвэл өвлийэ улирлыг өөр тивд өнгөрүүлчихдэг, гэр бүлийнхнийгээ далай явуулчихдаг юм болов уу даа.
Б.Чойжилсүрэн сайдад өөрчлөгдсөн зүйл алга. Өвлийн өдийд ярьдаг зүйлээ л ярьж байна. Харин асуудал нь хүндэрч, утаатай хотын иргэд нь цахилгаангүй болж хувирлаа. Тэр өчигдөр "2024 оны төгсгөл хүртэл цахилгааны тодорхой хэмжээний дутагдалд орох нь тодорхой байна. Өнөөдрийн байдлаар 150 мгВ-тын гурван салхины станц төвийн бүсэд холбоотой байна. 90 мгВ-тын хүчин чадалтай зургаан нарны станц маань төвийн бүсэд цахилгаан станц нийлүүлж чадсангүй. Учир нь, нар байхгүй байна. Мөн хангалттай салхилахгүй байна. Үүний улмаас чадлын дутагдалд ороод байна. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт-ын эхний блокийг төвийн сүлжээнд холбосон, туршилтууд явж байна. Туршилт нэгдүгээр сарын 1-н гэхэд дуусаж, бүрэн чадлаараа ажиллах тооцоололтой байгаа. Ингэснээр байдал харьцангуй дээрдэнэ гэж найдаж байна" гэлээ.
Төрийн сайд нь нар, салхи хоёр найдаад сууж байна шүү дээ. Найдвар нь тасраад, нар, салхи ч үгүй боллоо. Ямартай ч монголчууд ирэх он хүртэл цахилгаангүй, утаатай байх нь тодорхой болж байна.
Үргэлжлүүлэн УБЦТС-аас "Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан Диспетчерийн үндэсний төвөөс өчигдөр (2024.12.10) 16.30-22.10 цагийн хооронд Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн 110 кВ-ын 18 дэд станцаар дамжуулан эрчим хүчний хязгаарлалтыг хийсэн ба үүнд УБЦТС ТӨХК-ийн 125 фидер хамрагдлаа. Энэхүү фидерээс цахилгаанаар хангагддаг 13244 аж ахуйн нэгж, 206348 айл өрх, нийт 219592 хэрэглэгч 1-2 цагийн хугацаанд хэрэглээ нь хязгаарлагдсан. УБЦТС ТӨХК-ийн хязгаарлагдсан цахилгаан ачааллын хэмжээ 265 МВт байна. Хязгаарлалтыг Диспетчерийн үндэсний төвөөс хэрэглээний бодит ачаалал үүссэн тухайн цаг мөчид системийн аюулгүй байдлыг хангах зорилгоор шууд хийж байгаа учраас УБЦТС ТӨХК хэрэглэгчдэдээ урьдчилан мэдэгдэх боломжгүй нөхцөл үүсэж байгаа тул хүлцэл өчье” гэж мэдэгдэл гаргалаа.
Эрчим хүч, утаа гээд өчнөөн төсөв зарцуулсан. Татвар төлөгчдийн мөнгө талийж өгсөн. Харамсалтай нь, Б.Чойжилсүрэнгийн халаас түнтийхээс өөрөөр өөрчлөгдсөн зүйл алга байна. Сүүлдээ нар, салхи нь ч "ажил”-аа хийхээ болилоо.
Сэтгэгдэл байхгүй байна.