УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ЗАХИРАЛ Д.СҮРЭНЧИМЭГИЙГ АТГ-ААС ТЕНДЕРИЙН АСУУДЛААР ШАЛГАЖ БАЙНА

0

       Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэгийн суудал ганхаж эхэлжээ. Төсвийн хөрөнгөөр түмэн ажил зохион байгуулж, тендер зарласан нь ил болоод байна. Ингээд ч зогсохгүй өөрийнхөө хэдэн саяар шагнаж, тендер завшиж байна гэх баримт нь хэвлэлийн хуудсанд хөвөрч эхэллээ. Гэхдээ энэ нь хууль ёсных уу, хууль бус уу гэдгийг хууль хяналтын байгууллага шалгаж тогтооно. Тэгвэл чухамдаа Д.Сүрэнчимэг гэж хэн, ямар тендер зарлаж, төсвийн хөрөнгийг зарцуулсан бэ гэдгийг судалж үзлээ.

УДИРДЛАГЫН АКАДЕМИД АУДИТЫН ШАЛГАЛТ ОРЖ, АТГ-ЫН МӨРДӨГЧИД ШААРДЛАГАТАЙ БИЧИГ БАРИМТЫГ ХУРААН АВЧЭЭ

     Д.Сүрэнчимэг 2020 оны долдугаар сарын 1-нд буюу сонгуулийн дараа Удирдлагын академийн захирлаар томилогджээ. Ингээд дөрвөн жилийн дараа АТГ-т шалгагдаж эхэлсэн байна. Тодруулбал, өнгөрсөн намар Д.Сүрэнчимэгтэй холбоотой өргөдөл, гомдол хууль хяналтын байгууллагад хүргэгджээ. Ингэхдээ, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тендер будилаантуулсан, өөрийгөө академийн хөрөнгөөр шагнасан, хамаарал бүхий этгээдэд давуу байдал олгосон байж болзошгүй гомдол АТГ-ын мөрдөгчид очжээ. Үүний дагуу шалгалтын ажиллагааг эхлүүлж, шаардлагатай хэд хэдэн бичиг баримтыг нотлох баримтаар хураан аваад байгаа гэнэ. Үндсэндээ, Д.Сүрэнчимэгийг хууль хяналтын байгууллагаас шалгаад хоёр сар орчим болж байгаа юм байна. Мөн үүнээс гадна Удирдлагын академид аудитын шалгалт ч орж байгаа гэнэ.

     Д.Сүрэнчимэгийн жилийн нийт орлого нь 127 сая төгрөг, гэр бүлийн орлого нь 11 сая төгрөг гэж мэдүүлжээ. Мөн тэрбээр 416 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууц, хоёр авто гарааштай, 42 сая төгрөгийн үнэлгээтэй суудлын хоёр автомашинтай гэнэ. Эзэмших эрхийн нэг газартай, 53 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 90 сая төгрөгийн хадгаламжтай. Мөн үүнээс гадна "Сайхан мэргэжил”, "Сайхан долгио” ХХК, "Улаанбаатарскай Бусад”, "Түмэн шувуут” "Сор”, "Улсын их дэлгүүр” ХК-ийн хувьцаа эзэмшигч, дөрвөн тусгай эрхтэй гэж мэдүүлсэн байна.

     Харин Удирдлагын академийн захирлаар томилогдох үедээ буюу 2020 онд хоёр орон сууцных нь үнэлгээ 331 сая төгрөг, үнэт эдлэл нь 50 сая төгрөг, дотоодын хадгаламж нь 11 сая төгрөг байжээ. Мөн нийт жилийн орлого нь 32 сая төгрөг, гэр бүлийн орлого нь 60 сая төгрөг байсан байна. Өөрөөр хэлбэл, дөрвөн жилийн хугацаанд ил харагдаж байгаагаар хадгаламжиндаа 80 сая төгрөг хуримтлуулсан байна.

Д.СҮРЭНЧИМЭГИЙН ЗАРЛАСАН ӨНДӨР ДҮНТЭЙ ТЕНДЕРҮҮД

-Удирдлагын академийн хичээлийн төв байрны урд талбайд ногоон байгууламж орчны ландшафт зураг төсөл гаргуулах, Төв болон Б байрны хоорондох талбайг тэгшилж ногоон орчинг бий болгох- 220 сая төгрөг

-Харуул, хамгаалалтын гэрээт ажил үйлчилгээ- 127 сая төгрөг

-Ус дулааны шугам шинэчлэх, сувгийн ажил- 290 сая төгрөг

-Автомашин худалдан авах- 80 сая төгрөг

-Цэвэрлэгээ, үйлчилгээний гэрээт ажил үйлчилгээ- 275 сая төгрөг

-Эрдэм шинжилгээний хурал, баримтат кино, ном хэвлэл, бусад /100 жилийн ойн хүрээнд/- 420 сая төгрөг

-Хичээлийн төв байрны сантехникийн иж бүрэн засвар болон барилгын заслын ажил- 600 сая төгрөг

-Алсын хараа-2050 Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь сургалтын гарын авлага, тараах материал /10 хүртэлх төрлийн ном гарын авлага/- 616 сая төгрөг

-Хичээлийн төв байрны сантехникийн иж бүрэн засвар болон барилгын заслын ажил- 600 сая төгрөг зэрэг 43 тендер зарлажээ.

Гэхдээ эндээс анзаарч харвал, Алсын хараа-2050 ажлыг сурталчилж, видео контент хийх, ном гаргах зэрэгт багагүй төсөв зарцуулжээ. Төсвийнх нь дийлэнхийг "Алсын хараа-2050” ажлын хүрээндэх ажлууд эзэлж байна.

Д.СҮРЭНЧИМЭГ: НАДАД ХУУЛЬ ЗӨРЧИЖ, ХУЛГАЙ ХИЙСЭН НЭГ Ч ҮЙЛДЭЛ БАЙХГҮЙ УЧРААС ХЭД ХЭДЭН ГАЗАРТ ШАЛГУУЛЖ БАЙГАА

Үүнээс гадна Д.Сүрэнчимэгийг улсын төсвөөр өөрийгөө шагнаж, 30-60 сая төгрөгийн урамшуулал авсан гэх мэдээлэл цацагдаад байгаа. Энэ асуудлын хүрээнд Д.Сүрэнчимэгээс дараах тайлбарыг авлаа.

-Таныг 30-60 сая төгрөгөөр өөрийгөө урамшуулсан гэх мэдээлэл цацагдаад байгаа. Энэ талаар эхлээд тайлбарлах уу. Таны сарын цалин хэд вэ?

         -Манай Удирдлагын академи ЗГХЭГ-ын харьяанд ажилладаг байгууллага. Энэ байгууллагын захирлын цалинг ЗГХЭГ-ын дарга тогтоодог. Түүнээс биш, би өөрөө өөртөө ийм их цалин өгөөд явах боломжгүй. Төрийн албан хаагчид байдаг илүү боломж нь хичээл заах байдаг. Хичээл заасан, амралтын мөнгө, тухайн сарын цалин болон бусад зүйлс нийлээд зургадугаар сард бид цалин өндөр байдаг. Энэ талаасаа нэгдсэн дүнг хэлж байвал зөв байна. Түүнээс биш зөвхөн нэг сард 30-60 сая төгрөгийн цалин авах боломж байхгүй. Нэг удаагийн урамшуулал ч аваагүй. Ийм боломж Монгол Улсын хаана ч байхгүй.

-420 сая төгрөгөөр баримтат кино хийх тендер зарласан байна лээ. Энэ тухайд?

       -Манай байгууллага ном, гарын авлага хийх ёстой байгууллага. Төлөвлөгдсөн ажлууд хийгдээд явж байгаа. Баримтат киноны хувьд Засгийн газрын тогтоолтой хийгдэж байгаа ажил. Үндсэн аюулгүй байдлын зөвлөлийн хяналт, зөвлөгөөн дор хийгдэж байгаа баримтат кино шүү дээ. Түүнээс биш, би ганцаараа толгойлоод л баримтат кино хийчихнэ гэж байхгүй. Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс санхүүжиж байгаа ажил.

-Таныг АТГ-аас шалгаж байгаа юу?

      -Надад худал хэлж, хууль зөрчиж, хулгай хийсэн нэг ч үйлдэл байхгүй. Өнгөрсөн есдүгээр сараас хойш намайг АТГ, Аудит, ЗГХЭГ, Нийгмийн даатгалаас шалгаж байгаа. Одоогийн байдлаар АТГ, ЗГХЭГ-ын шалгалт арай дуусаагүй байгаа. АТГ-аас миний томилогдсоноос хойших бүх хугацааны архивын материалыг үзэж, шалгасан.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.