Намууд ипотекийн хуулиар зөвшилцөлд хүрчээ
СОНГУУЛИЙН ХУУЛИЙГ ЁСЧИЛЛОО
УИХ-аар шинэ оны босгон дээр баталсан Сонгуулийн тухай хуулийн эцсийн найруулгыг сонсож ёсчиллоо. Ингэснээр хууль хэрэгжих бүрэн боломжтой болжээ. Хуулийг Төрийн мэдээлэл эмхэтгэлд хэвлэж, олон нийтэд ил болгоно. Мөн Дээд шүүх хуулийн зарим зүйл дээр тайлбараа гаргана. 2016 оны шат шатны сонгуульд нэр дэвшихээр оны өмнө ажлаа өгсөн дарга нарын тухайд ойлгомжгүй зүйл заалт бий. Хэдийгээр тэд ажлаа өгсөн ч гэлээ олон нийтийн арга хэмжээнд оролцох, үйл ажиллагаа зохион байгуулах, хэвлэлд ярилцлага өгөх зэрэг нээлттэй эсэх нь тодорхой бус байна. Хэрэв ингэвэл Сонгуулийн тухай хууль зөрчих үү гэдэгт хуулийн тайлбараар нэг мөр хариу өгөх бололтой.
Өнгөрсөн долоо хоногт УИХ дахь нам, эвслийн бүлгүүд, мөн зарим байнгын хороо ч хуралдаагүй. Харин УИХ-ын дарга орон сууцны зээл олгохтой холбоотой хууль эрх зүйн орчныг шинэчлэх гэж буйгаа зарласан нь олны анхааралд байлаа. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарсан тул банкууд орон сууцны найман хувийн хүүтэй зээл олгохгүй гэдгээ мэдэгдэж зогсоосон юм. Цэцийн дүгнэлтийн үр дүнд иргэн орон сууцны ордероо нэг банкаас нөгөөд шилжүүлж барьцаалах боломжтой болсон нь эрсдэл үүсгэсэн. Иймд банкууд зээл олгохоо зогсоосон юм. Иймд хууль эрх зүйн орчныг бий болгож, ингэхдээ илүү сайжруулах, найман хувийн хүүг зургаа эсвэл таван хувь болгох зэрэг нааштай зүйлийг шийднэ гэдгээ спикер өнгөрсөн лхагва гаригт зарласан юм. Парламент энэ асуудлыг энэ долоо хоногт шуурхай хэлэлцэж эхлэх шаардлагатай гэж үзээд баасан гаригт нэр бүхий гишүүд хуулийн төсөл өргөн барилаа.
Энэхүү хуулийн төслийг УИХ дахь Ардчилсан нам болон МАХН-МҮАН-ын "Шударга ёс” эвслийн бүлэг, мөн ИЗНН санал нэгтэйгээр зөвшилцөж, өргөн барьж байгаа аж. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Ганбат, Б.Гарамгайбаатар, Л.Эрдэнэчимэг, З.Баянсэлэнгэ нар Иргэний хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон түүнийг дагалдуулан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барив.
Энэ талаар хууль санаачлагчдын нэг, гишүүн Д.Ганбат "Бүрэн эрхийнхээ хүрээнд холбогдох хуулийн төсөл боловсруулаад, Засгийн газар болон Банкны холбоо, банкууд, ард иргэдээс зохих саналыг авсны үндсэн дээр энэ хуулийн төслийг өргөн барилаа. Иргэний хуульд нэмж оруулж буй заалтын гол агуулга "гуравдагч этгээдэд барьцаанд буй үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэхдээ банкаас зөвшөөрөл авахыг үүрэг болгож байгаа. Харин хөлслөх буюу түрээслэх асуудал Үндсэн хуулийн цэцээс гаргасан шийдвэрийн дагуу банкаас зөвшөөрал авах шаардлагагүй хэвээрээ байгаа. Энэ долоо хоногт байнгын хороод болон нэгдсэн чуулганаар хэлэлцээд батлах байх.
Энэ хууль батлагдсанаар инфляцийн төвшин 2.9 хувьд хүрч буурна гэж үзэж байна. Ингэснээр зээлийн хүү буурах боломж бүрдэнэ. Ардчилсан нам Засгийн эрх барьснаас хойш буюу 2012 оноос хойш 80 гаруй мянган өрх зээлээр орон сууцтай болсон. Цаашид 200 гаруй мянган өрх энэ зээлд хамрагдах хүлээлт бий. Инфляц буурсантай холбогдуулан ипотекийн зээлийн хууг таван хувиар үргэлжлүүлэх боломжтой гэдгийг банкууд мэдэгдэж байгаа” хэмээв.
Орон сууцны найман хувийн хүүтэй зээл маш их эрэлттэй байгааг холбогдох байгууллагууд мэдээлж буй. Яг одоо 18 мянга орчим өрх зээл авахаар хүлээж байгаа аж. Түүнчлэн Монголбанкны удирдлагууд инфляц 2.9 хувьтай байгаа учир орон сууцны зээлийн хүүг найман хувиас тав болгож бууруулах бололцоо байна гэдгийг ч хэлсэн. Цагаан сарын өмнө энэ хуулийн төслийг батлана гэдгийг УИХ-ын дарга З.Энхболд онцолсон юм.
ЦЭЦИЙН ДҮГНЭЛТИЙГ ХУУЛЬТАЙ УЯЛДУУЛНА
Үндсэн хуулийн цэцийн гаргасан алдааг засахаар УИХ-ын гишүүд ийн ажиллаж эхэлсэн бол Цэцийн хууль, түүнээс гаргасан дүгнэлтийг баасан гаригийн чуулганы хуралдаанаар хэлэлцлээ. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцлээ.
Иргэн П.Ундрах-Эрдэнэ Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ "Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 43 зүйлийн 43.3.8 дахь заалтад "шүүхийн тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах.”, 44 дүгээр зүйлийн 44.3.7 дахь заалтад "шүүхийн тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах.” гэж заасан нь тэдгээр талуудад зөвхөн анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргах эрхийг олгосон бөгөөд харин давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхийг тусгаагүй байна. Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэгг буюу давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын журмаар гомдол гаргахтай холбоотой харилцааг журамласан хэсэгт "... энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй” гэж зааж, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийн тухайд давж заалдах шатны шүүхийн магадлалд гомдол гаргах эрхийг тусгалгүй орхижээ. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрт зөвхөн шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгчид гомдол гаргах эрх олгосныг дурдаад эдгээр нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг хянуулахаар ханджээ.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаас Эрүүгийн байцаан шийтгэх тухай Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөэ гэж үзээд дээр дурдсан заалтуудыг түдгэлзүүлжээ. Гишүүн Х.Тэмүүжин Цэцийн гишүүнээс Цэцийн тухайн шийдвэрийн үр дагаврын талаар гишүүд асууж тодруулдаг байх зайлшгүй шаардлагатай гэж үзэв. Иймээс УИХ-аар хэлэлцэж байгаа Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиуд, эдгээр хуулийн төсөлтэй хамт өргөн баригдсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсаны дараа дэгийн хуулийн шинэ зохицуулалтын дагуу энэ асуудлыг хэлэлцэх шаардлагатай тул Цэцийн дүгнэлтийг хэлэлцэхийг түр хойшлуулах горимын санал гаргасан юм. Энэ саналыг дэмжсэнээр Цэцийн 16 дугаар дүгнэлтийг хэлэлцэхийг түр хойшлууллаа.
Парламент энэ долоо хоногт орон сууцны зээлтэй холбоотой дээр дурдсан шинэ төсөл болон Ерөнхийлөгчийн санаачилсан Улс төрийн намын тухай хууль, Гацууртын ордын төрийн эзэмшлийг тогтоох тухай, Ноён уулын зарим хэсгийг тусгай хамгаалалтад авах зэрэг чухал асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл байхгүй байна.