Төсөөллийн өрөөндөө тухлахад төр ингэж саад болов
Орон сууцны найман хувийн хүүтэй зээлийн хөтөлбөрт гацаа үүссэн хэвээр. Энэ байдал Үндсэн хуулийн цэцээс "Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчиж байна” гэсэн дүгнэлт гаргаснаас үүдэлтэй. Арилжааны банкууд Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг үндэслэн орон сууцны найман хувийн зээлээ зогсоосон шийдвэртээ одоогийн байдлаар өөрчлөлт оруулаагүй байна. Энэ байдал орон сууцтай болохыг мөрөөддөг олон мянган иргэнд жинтэй "цохилт” болж хүрээд байгаа юм. Цаашлаад эдийн засгийн 30 гаруй хувийг бүрдүүлдэг барилгын салбарын хөгжлийг гацаанд хийх нөхцөл байдал үүсэв. Гэвч энэ эргэлзээнд "Цэцийн шийдвэр эцсийнх байдаг” гэсэн ганцхан өгүүлбэр цэг тавьчихаад байгаа.