“Сарын 530 мянган төгрөгийн орлоготой бол орон сууцны зээл авах боломжтой болно”

0

Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээс шалтгаалан орон сууцны найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг түр зогсоогоод байгаа. Энэхүү асуудлыг цэгцлэхээр Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцаалан зээлдүүлэх хуулийн төсөлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн бариад байгаа. Хуулинд өөрчлөлт орсноор орон сууц худалдан авахад яг ямар өөрчлөлт орох талаар УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатараас тодрууллаа.

-Найман хувийн хүүтэй ипотекийн зээлийг хэзээ үргэлжлүүлэн олгож эхлэх вэ?

-Өнгөрсөн баасан гаригт Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцаалан зээлдүүлэх хуулийн төсөлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн барьсан. Цэцийн гаргасан дүгнэлтээр өмнөх хууль хүчингүй болж байна гэсэн үг. Тиймээс Монголын банкуудын холбоо, Монгол банк орон сууцны найман  хувийн зээлийг зогсоосон. Ганц моргейжийн зээл ч биш бусад зээлүүдийг ч мөн зогсоосон. Тийм учраас АН, "Шударга ёс” эвсэл, ИЗНН-ын гишүүд хамтарч шинэ хуулийн төсөл өргөн барьсан. Энэ бол шинэ хуулийн төсөл өргөн барих хууль байгаа юм. Одоо байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар батлагдаж гарах юм бол орон сууцны зээлийн үйл ажиллагаа сэргэх юм.

-Хуулинд ямар өөрчлөлтүүд орох бол?

-Монголын ипотекийн корпораци, Банкуудын холбоо, Монгол банкнаас моргейжийн зээлийн хүүг бууруулах боломж бүрдсэн байна гэж хэлж болно. 14 хувьтай инфляцитай байхад зээлийг найман хувиар олгож байсан. Одоо 2.9 хувьтай инфляци дээр ирсэн учир зээлийн хүүг тав хүртэл хувиар буурах боломжтой гэж үзэж байгаа. Одоо өргөн баригдах гэж буй асуудлууд дээр яг энэ асуудлуудыг цэгцлэнэ. Мөн орон сууцны метрквадратын дээд хязгаарыг 81байсныг болиулж байна. Хуулинд оруулж буй өөрчлөлтөөр иргэн банкнаас зөвшөөрөл авахгүйгээр түрээслэх буюу бизнесийн орлого олох үйл ажиллагаанд ашиглах боломжтой болж байгаа. Түүнээс зарж, борлуулах асуудалд банкнаас зөвшөөрөл авна гэж тусгасан байгаа. Бид аль болох орон сууцны хүүг бууруулах асуудал дээр анхаарч байгаа. Мөн байртай болох боломжгүй иргэдэд төрөөс дэмжлэг үзүүлэх боломжийг хайж байна.

-Хүү буурснаар орлого багатай иргэд ч орон сууцны зээлд хамрагдах харьцангуй нэмэгдэнэ гэж ойлгож болох уу?

-Найман  хувийн моргейжийн зээлтэй болбол нэг өрхийн сарын орлого 1.3 сая төгрөг байх ёстой байсныг одоо 530 мянган төгрөгийн орлоготой иргэн моргейжийн зээлд хамрагдах боломж нээгдэж байгаа. 43 мкв орон сууц авч болох юм.

-Орон сууц худалдан авах боломжгүй ялангуяа залуу гэр бүлүүдэд зориулан түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэсэн. Хэзээ хэрэгжих вэ?

-Түрээсийн орон сууцны журмыг удахгүй Засгийн газар гаргах гэж байгаа. Түрээсээр орон сууц эзэмшүүлэх асуудал яригдаж байна. Залуу гэр болон өндөр настнуудад хамааралтай асуудлууд байгаа.

Д.ЖАРГАЛ

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.