С.Жавхлан: 2020 онд сонгууль болохгүй, наана нь том өөрчлөлт болж ч мэднэ

1
Bildergebnis für С.Жавхлан
 

УИХ-ын гишүүн С.Жавхлантай ярилцлаа.

-МОНГОЛ ТӨР ТАНИГДАХЫН АРГАГҮЙ БОЛТЛОО ХАРЬЖСАН БАЙНА-

-МУГЖ С.Жавхлан улс төрд ороод хоёр жил болох гэж байна. Өмнө нь хэд хэдэн удаа улс төрд орох гээд чадаагүй. Одоо УИХ-ын гишүүн болсны дараа эргээд харахад улс төрийн талаарх таны төсөөлөл өөрчлөгдсөн үү?

-Өөрчлөгдөөгүй яг хэвээрээ. 2009 онд Чингэлтэй дүүргээс нөхөн сонгуульд, дараа нь 2012 онд Увсад нэр дэвшиж байлаа. 2009 онд дэвшихэд л надаас "Та ажлаа юунаас эхлэх вэ?" гэж сэтгүүлчид асууж байсан. Би тэр үед өмсөж явсан дээл рүүгээ заагаад "Би үүнээс эхэлнэ” гэж хэлж байлаа. Угтаа бол "Монголоо Монгол шиг болгохоос ажлаа эхэлнэ” гэж хэлсэн минь тэр л дээ. Тухайн үед хэлж байсан тэр л үг, үзэл санаа минь яг хэвээрээ. Улс төрд гарах гарахгүйдээ гол нь огт биш. Монголоо гэсэн зөв оюун санаа, эх оронч үзэл тарах нь л чухал.

-Та УИХ-ын гишүүний тангараг өргөхдөө морьтойгоо Төрийн ордон руу ирж байсан. Мөн дээлтэйгээ чуулганы танхимд ороод Төрийн далбаандаа мэхийж байхад УИХ-ын гишүүд шоолонгуй инээж байсан шүү дээ. Энэ хандлагуудыг та хэрхэн хүлээн авч байсан бэ?

-Дэлхийд цор ганц Монгол төр нь, Монгол ёсыг сахиулагч, үлгэрлэгч, хадгалагч, хамгаалагч, түгээгч нь байх ёстой. Өөр хаана ч, хэн ч үүнийг бидний өмнөөс хийхгүй. Ёс жаягийг сахиулагч үлгэрлэгчийг төрийн түшээ гэдэг болохоос биш Монголын төлөө гэж гарч ирчихээд шоолж, гээж, мартаж, гутааж яваа тэр хүн хаанахын захиалгаар, хэний төлөө гэж сууж буй нь тун тодорхойгүй болж ирж байна. Тэгэхээр төрд ашиг хонжоо хайгч тодорхой хэсэгхээн бүлэглэлийн эрх ашгийг хамгаалагчид, хувиа хичээгч бэртэгчид байх ёсгүй. Эх орноо бүхэлд нь цээжиндээ багтааж чаддаг "Эх орончид" байх учиртай. Өнөөдөр Монгол төр танигдахын аргагүй болтлоо харьжсан байна. Би үүнийг засна цэвэрлэнэ гэж тойрогтоо, түмэн олондоо амалсан юм. Тэдний хандлага сэтгэлгээ алс биш, дэндүү дороо эргэлдсэн өчүүхэн байна. Миний хувьд тэднийг сүүлийн үед урдынхаасаа бүр их өрөвдөх боллоо. Хөөрхий сэтгэлгээний хямрал гэдэг чинь хамгийн хэцүү шүү.

-Өнөөдрийн УИХ-д олон салбарын хүн хүч түрэн орж ирсэн. Түүний нэг нь та. Дуучин хүн төр түшилцэж, бодлого тодорхойлж чадах уу гэх шүүмжлэлийг та нэг бус удаа сонссон байх. УИХ-ын гишүүн болоод чамгүй хугацаа өнгөрлөө, та энэ асуултад юу гэж хариулах вэ?

-Ийм шүүмжлэл ердөөсөө надад ирж байгаагүй. Дууг чин сэтгэлээсээ дуулахыг "дуу-чин" гэдэг. Хулгайг чин сэтгэлээсээ хийж ирсэн нөхдүүдийн харалган бодлогогүй зарчмаар 27 жил улс орноор минь наадаж, түмэн олныг минь хуурч тохуурхаж басамжиллаа. Боловсон царайлсан, цагаан гартай энэ залхуу новшнуудыг хуу цэвэрлэж, харин нэмээд малчин, гуталчин, оёдолчин гээд гараас нь бодит зүйл гардаг борогшуу амьдрал, хөдөлмөрийн үнэ цэнийг ойлгодог хүмүүсээр шинэ төрөө бүрдүүлэх ёстой. Өнөөгийн энэ иргэд рүүгээ дөрвөн жилд ганцхан удаа хардаг төрийг төр гэхгүй. Төр, төр биш болсон.

jawhlan

-ИРГЭДЭЭС БУХИМДАЛ ДҮҮРЭН ЗАХИДАЛ ШУУДАЙ ШУУДАЙГААРАА ИРДЭГ-

-Төр биш болсон гэдэг нь?

-Жинхэнэ төр бол ёс заншлаа үлгэрлэх, дагуулах уриалах, соён гэгээрүүлэх ажлаа нэгд тавьдаг байх ёстой. Энэ хулхины төр бол газраа зарах, ухах, иргэдээ мөлжих гээд надаар хэлүүлэлтгүй түмэн мэддэг болсоон, бүх хүн хэлэх л байлгүй. Тэд зүгээр л цаг нөгцөөж байна. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд түүний танхим, бүх гишүүдэд цугаараа нийгмээ уриалж "Соён гэгээрүүлэх" ажлаа хийж, жинхэнэ төрийн үүргээ гүйцэлдүүлэх тухай төсөл хүргүүлсэн одоо хүртэл таг дүлий байна. Бүхэл бүтэн улс байж ийм арчаагүй байхаар жинхэнэ үүргээ мэддэг төр гэж хэлж болохгүй.

-Нэгэн цагт О.Дашбалбар агсан чуулганы танхимаас мөн л энэ мэт хатуу үгсийг хэлж байсан. Та нэг хэсэг 75 гишүүний эсрэг хатуу байр суурь илэрхийлдэг байснаа сүүлийн үед их л нам жим болчих шиг. Улс төр таны сонирхлыг татахаа байчихав уу?

-Би оюун сэтгэлгээ, эх оронч үзлийн охь манлай болсон тэр хүнийг хүндэлж бахархдаг. Тэр агуу хүнтэй зүйрлэн хэлсэнд талархаж байна. Жавхлан урд цагт Монголынхоо төлөө газар усаа хамгаалж хайрлаж ирсэн өвөг дээдэс бүхнийг шүтэж, хүндэтгэж ирсэн. "Манай Монгол мандана" төслөөс өгсүүлээд, хүнд байдлаас гарах гарцын тухай, цаашид яаж ажиллах төлөвлөгөөг бүрэн боловсруулаад байна. Бага багаар хүмүүст танилцуулаад эхэлж байна. Сонирхол татах, татахгүй тал дээр бол надад төр нь эрхэм, төрд байгаа хүмүүс нь сонирхолгүй байна. Тэд төрд удаан байж болохгүй.

-Та улс төрд байгаа ганц бие даагч гишүүн. Иргэдээс санал, хүсэлт их ирнэ биз?

-Олон түмнээс захидал, хүсэлт их ирнэ ээ. Сүүлийн үед наад муусайнуудаа цохиод аваач, нулимаач, алаад өгөөч... гэсэн дандаа гомдол уурсал занал дагуулсан захиа олон ирж байна. Энэ бол нийгмийн бухимдал, бодит байдал. Улс төр өөрөө иймдээ тултал иргэдийг бухимдуулж байна. Ийм захидал бараг шуудай шуудайгаараа ирж байна. Тэглээ гээд үргэлж нэгнээ барьж идээд, бүр 49 хоногоо тайлаад гүйцээж яваа энэ хүмүүстэй байнга хэрэлдээд байх хэцүү юм. Тэртэй тэргүй нэгнээ бариад идэж байхад би бас хэрэггүй. 20 орчим жил идэр залуу наснаасаа түмэн олныхоо ерөөл дунд өнгөрүүлж, маани мэгзэм шиг зөв энэрхүйт дуугаа дуулж явсан хүн үг сүггүй ийм хүмүүстэй хэрэлдээд байх заримдаа жаахан билэггүй, бас их дэвтэй юм. Эд бол энэ хараал, шуналын хорондоо живж яваа улс.

jawhlan

-ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ДЭМЖИНЭ ГЭЖ ЯРЬДАГ Ч НЭДЭР ДЭЭРЭЭ ҮГҮЙ ЮМ БАЙНА-

-Та үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих үүднээс орон даяар "Манай Монгол мандана” төсөл эхлүүлэх гэж байгаа гэж байсан. Уг төслийнхөө талаар мэдээлэл өгөхгүй юү?

-"Манай Монгол мандана” төсөл 21 аймаг, бүх дүүрэг, сумд, үндэсний үйлдвэрлэгчдэд хүрэх төсөл. Уг нь би энэ төслийнхөө танилцуулга, уриалгыг төрийн гурван өндөрлөг, УИХ-ын 75 гишүүнд хүргүүлсэн. Гэвч тэд таг дүлий байна гэж би дээр хэлсэн. Амаараа болохоор үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй гэж ярьдаг атлаа нэдэр дээрээ энэ төслийг дэмжээгүйг харахад тийм үзэл, сэтгэл байдаггүй юм байна л гэж ойлгож байгаа. Энэ байдлаараа нийгэмдээ хаягдаж хоцорно л биз дээ, зайлуул. Миний энэ төсөл тэртээ тэргүй маш их хүлээлт, бусдын дэмжлэг их байгаа. Эднээс болж цаг жаахан алдсан ч Монголд маань дэндүү өгөөжтэй.

-Улс төрд сүүлийн хоёр жилийн хугацаанд олон үйл явдал өрнөлөө. Сүүлд л гэхэд Засгийн газар солигдож, шинэ Ерөнхий сайдтай болсон. Эгзэгтэй үед Ерөнхий сайдаар сонгогдсон У.Хүрэлсүхийг та хэрхэн харж байгаа вэ?

-Би уг нь монгол адуугаа өмөөрч, эх оронч үзэлтэй, эрийн хуйх гэж харж байлаа. 27 жилийн турш монголчуудын хүлээсэн улс төрийн сэргэн мандалтыг авчрах аавын хөвгүүдийн нэг юм болов уу гэж итгэж харж, горьдож товчлуураа дарсан юм. Харамсалтай нь, залуучуудынхаа санаачилсан төсөл хөтөлбөрүүдийг, улс даяар хөдлөх энэ хөдөлгөөнийг соргогоор харахгүй харалган байна. Үндэсний үйлдвэрлэгчдээ, хөдөлмөрчдөө дэмжих ийм том төсөл бол Монголд ус, агаар мэт хэрэгтэй байгаа. Тиймээс би эрх баригчдыг дэмжсэн дэмжээгүй төслөө эхлүүлнэ. Цаашид явдгаараа явах ойлгомжтой, үр дүнтэй төсөл.

jawhlan

-ШУНАЛ, МӨНГӨНД СУУРИЛСАН НЭГДЭЛ ХОЛ ЯВДАГГҮЙ-

-Эрх баригч нам дотроо хуваагдлаа, нэгдлээ гээд хэсэг бужигнасан. Та энэ асуудлыг хөндлөнгөөс хэрхэн дүгнэж байв?

-Болдог зүйл болдгоороо л болж байна. Энэ эвлэхээс өнгөрсөн байх аа. Шунал, мөнгөнд суурилсан нэгдэл хол явдаггүй. Сэтгэл зөв зорилго дээр суурилсан нөхөрлөл домог шастир болон түүхэнд мөнхөрч үлддэг. Тэдэнд ийм хувь, заяа тавилан даанч алга юм байна.

-2020 оны сонгууль ойртож байна. Та дахин улс төрд хүч үзэх үү?

-Улс төрийн энэ нөхцөл байдал хэрхэн үргэлжлэхээс их шалтгаална. 2020 оны сонгууль болохгүй, наана нь маш том өөрчлөлт шинэчлэлт болж мэднэ. Энэ бүхнийг ажиглаж л байя. Бид гэхдээ нөхцөл байдал яах бол гэж бодоод суух биш, өөрчлөхийн төлөө хүн бүр хичээдэг хөдөлдөг байх ёстой юм.

-Сүүлийн үед Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал эрчимтэй яригдаж байгаа. Та УИХ-ын гишүүний хувьд өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаа юу?

-Маш энгийнээр тайлбарлавал Үндсэн хууль гэдэг маань өөрөө тухайн улс үндэстэн өөр хоорондоо хамтран амьдрах суурь гэрээ юм. Ийм бүтцээр явна, ингэнэ, тэгнэ гэсэн амьдралын дараагийн он жилүүдийг төсөөлж, хэв маягаа тодорхойлох хоорондын зохицуулалтыг л хэлдэг. Одоо байгаа энэ Үндсэн хууль маань нийгмийн хэв маяг, сэтгэлгээний хувьд хугацаа нь дуусчихсан, өнөөдрийн хүмүүсийн амьдрал хооронд зохицуулалт болж үйлчлэх нөлөөлөл нь дуусчихсан. Одоо гацчихаад байгаа бүхний гол хүчин зүйл нь энэ, тийм учраас өөрчлөх шаардлагатай.

-Бүлэглэлийн эрх ашгийн төлөө Үндсэн хуульд гар хүрэх гэж байна хэмээн шүүмжлэх асуудал ч гарсан. Танд мөн ийм хардлага байгаа юу?

-Одоо тэгүүлэхгүй шүү дээ. Хулхидуулсаар байгаад хулхин дээр нь цэцэг битгий хэл шарилж ч ургахаа байчихсан хүмүүс эднийг одоо өөрсдийнхөө ялзарсан тархи шиг өөрчлөлт хийх гэж оролдвол бүгдийг нь шонгоос дүүжлэхэд ч бэлэн байгаа шүү дээ.

-Магадгүй би таниас асуулгүй өнгөрсөн зүйл байж магадгүй?

-Төгсгөлд нь би нэг зүйлийг сонирхуулъя. Сая намар дөнгөж шинэ засаг байгуулагдсан яг тэр шөнө Отгонтэнгэр ууланд олон хүн осолдсон. Түүний дараа Завхан аймгаас хөдөө сумаас их өндөр настай нэг буурал чи л сийрүүлж ухах байх гэсэндээ холбогдож байна гэсээр надтай холбогдсон юм. Өвгөн хэлэхдээ "За хүү минь 2017 онд 17 хүн төрийн тахилгат хайрханд осолдлоо. Энэ их айхтар дохио төрд ирлээ шүү. Эрт цагаас дээлтэй хүмүн бүрийн сүлд Отгонтэнгэр хайрханаар монголчууд төрөө шинждэг байсан. Оройн дээд Отгонтэнгэр хайрханы цалин мөнгөн орой хүний улаан цусаар будагдана гэдэг аль ч цагт байгаагүй зүйл. Төрийн тахилгат шүтээн хайрхад догширч байна. Төр нь энэ зүйлээ хүндэтгэж сүсэлж тахин шүтэхгүй, хүндэтгэлгүй болсон болохоор догширч байна. Хавар малд тун хүнд болж мэдэхээр байна. Төрийн өндөрлөгүүдэд хүү минь дамжуулж хэлээрэй. Төрд маш том гэсгээл ирж байна. Асар том засал хэрэгтэй. Үүнийг "эх оронч аварна" гэх зэргээр олон зүйлийг хэлсэн. Би өвгөн буурлын үгийг тэр даруйд нь өндөрлөгүүдэд дуулгасан, бичгээр ч мөн өгсөн, бас л юу ч сонсоогүй мэт л өнгөрсөн. Хатуу хэлэхэд ёс усаа гээсэн, мэддэггүй, мэдэхийг ч хүсдэггүй мулгуу дүлий байдал л Монголыг маань хорлож байна. Монголд санхүүгийн хямрал биш сэтгэлгээний хямрал нүүрлэчихээд байна.

-Ярилцсанд баярлалаа.

Ц.ТАМИР



Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл
:

ulaan malgait yum uu Wanga yum uu ene odoo