Реппер Gee: Хип хоп бол амьдралын асар том хэв маяг
"Реппер Gee” буюу Т.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.
-Сүүлийн үеийн сонин сайхан юу байна. Ямар ажил, бизнес эрхэлж, юу амжуулж байна вэ?
- Ф и т н е с с к л у б ажиллуулдаг, фитнессийн болон компанийн ажил хэвийн үргэлжилж байна. Ирэх нэгдүгээр сарын сүүлээр миний студийн зургаа дахь цомог буюу "33” нэртэй шинэ цомог гарна. Одоогоор цомгийнхоо ажилд анхаарч байна. Энэ цомог маань цоо шинэ есөн дуунаас бүрдэж байгаа. Огт цацагдаж байгаагүй дуунууд гэсэн үг. Эхний дуунууд нь өнөө маргаашгүй цацагдаад эхэлнэ.
-Цомогт голдуу ямар сэдэвтэй дуунууд байгаа вэ. Өмнөх цомгуудтайгаа төстэй байх уу, эсвэл огт өөр үү?
-Мэдээж нэг сэдэвтэй есөн дуу байна гэж байхгүй. Шинэ цомогт орж байгаа дуунууд өөр хоорондоо ялгаатай байгаа. Үг хэллэг сэдвийн хувьд хүртэл өөр, өөр байна.
-Та дууны цомог гаргаж байгаагаа мэргэжлийн буюу сэтгүүлчийнхээ ажлыг хийж байна гэдэг шүү дээ. Энэ удаа хэр их шүүмжилсэн бэ?
-Шүүмж чиглэлтэй дуунууд байгаа, гэгээлэг дуу ч бий. Бүх шатны албан тушаалтан, ажил хэргийн долоогч болон долоолгогч нарт зориулан бүтээсэн шүүмжлэлтэй дуу цомогт орсон. Ер нь бүх шатанд ийм долоогч, долоолгогч нар байдаг ш дээ. Мөн хөнгөн хэмнэлтэй, гэгээлэг талын "Хамтдаа” гэж дуу ч орсон байгаа. Цомог гарахаар сонсогчид маань сонсоод өөрсдөө үнэлэлт дүгнэлт хийнэ биз ээ.
-Уран бүтээлчид өөр төрөл жанрын дуу дуулах, өөрийгөө эвдсэн өөр бүтээл хийх тохиолдол байдаг. Танд ийм бодол бий юү, хэдэн нас хүртлээ дуулна гэж боддог вэ?
-Уран бүтээл гэж би хэлдэггүй, энэ үгнээс зайлсхийдэг. Хүнд зориг нь байвал ямар ч салбарт өөрийгөө сориод үзэх хэрэгтэй ш дээ. Би яг тэдэн жил дуулна, тэдэн жилийн дараа тэгнэ гэсэн алсын төлөвлөгөөтэй байдаггүй. Зарим хүмүүс үхэхээ хүртэл төлөвлөчихсөн байдаг юм билээ. Би тэгдэггүй. Би хэд хүртэл дуулаад явахаа мэдэхгүй. Энэ дуунууддаа дуртай, энэ бол миний амьдралын хэв маяг. хип хопыг хүмүүс хөгжмийн урсгал гэж ойлгоод байх шиг байна. Энэ бол асар том амьдралын хэв маяг. Энүүгээр хүмүүс сайхан амьдраад явж болдог юм.
-Хүмүүс хип хопыг яаж, юу гэж ойлгоосой гэж хүсдэг вэ?
-"Хип хоп” гэхээр л танхай, архидан согтуурдаг аймар хүмүүс гэсэн ойлголт төрчихсөн байсан. Нэг хэсэг зодоон цохион, хулгай дээрэм хийдэг хүмүүс гээд ойлгочихсон байлаа. Тийм биш, хип хоп гэдэг чинь шал өөр. Хаанаас хаа хүрч болдгийг, хаа ч хүрч болохыг тодорхойлдог. Залуучууд илүү их ойлгож байна. Харьцангуй сүүлд гарсан урсгал чиглэл болохоор хүүхэд, залуус ойлгоод байгаа нь аргагүй байх. Энэ залуучуудын нас ахиад хүүхдүүд залуус болоод ирэхээр энэ нийгэм хип, хопыг илүү сайн ойлгодог болно. Энэ бол цаг хугацааны асуудал. Түүнээс биш та нар ингэж ойлгох хэрэгтэй, ийм шүү дээ гээд би гуйгаад суухгүй шүү дээ.
-Та юугаар гангардаг вэ, шивээс таны гангараа юу. Таны бие дээрх шивээсүүд ямар утга учрыг илэрхийлдэг юм?
-Шивээсийг ганган чамин болгож хийлгэдэг, зохисон газраа гоё шивээс хийлгэчихсэн, тэр нь гоё харагддаг хүмүүс байдаг. Шивээсээр гангарч чадаж байна. Манайхан шивээсийг яагаад буруугаар ойлгоод байдгийг би мэддэггүй. Миний шивээс бол намайг илэрхийлж буй урлаг. Шивээс чинь ер нь арьсан дээрх уран зургийн урлаг шүү дээ. Миний өссөн орчин, нэр зүс, юу бодож, хаа хүрч, хаашаа тэмүүлж байгааг миний бие дээрх шивээснүүдээс ойлгож болно. Миний хамгийн үнэтэй зүйл, миний гангараа бол миний дуу, цомгууд. Энэ үнэтэй зүйлс маань өв болоод дараагийн үед үлдэх байх. Энэ л миний гангараа. Намайг илэрхийлээд үлдэх үнэтэй зүйлс маань миний бүтээсэн дуунууд. Цаашид өшөө олон гангарааг хийх байх. Энэ толгойд өчнөөн бодол байна.
-Таны үзэл бодол бараг тай бол өөрчлөгддөггүй, өөрийгөө олсон, өөрийн гэсэн хувиршгүй үзэл бодолтой санагддаг. Урвахгүй, шарвахгүй энэ зан чанарыг хаанаас олж авсан, энэ зан чанар хэзээ бий болсон юм бэ?
-Миний багад ноён урваач, нохой шарваач гээд л урваж, шарвадаг хүмүүсийг жигшүүлдэг байсан. Одоогийн залуучуудад багш, эцэг эхчүүд нь юу гэж зааж сургадаг юм, би мэдэхгүй байна. Надтай хамтдаа байдаг, урамшуулж, зоригжуулдаг хүмүүсийн л гавьяа. Хүн ганцаараа суралцаад бүхнийг амжуулаад, ганцаараа юм хийгээд яваад байна гэж байхгүй шүү дээ. Мэдээж хэрэг надтай хамт ажиллаж байгаа, надтай хамт цаг хугацааг өнгөрүүлж байгаа хүмүүсийн нөлөөллөөр одоогийн Т.Мөнх-Эрдэнэ ингээд сууж байгаа байх. Багадаа өссөн орчин, нийгэм, гэр бүл, найз нөхөд гээд бүгд л ирээдүйд ямар хүн болоход нөлөөлж байдаг.
-Та сэтгүүлч мэргэжилтэй. Цаашид мэргэжлээрээ ажиллах уу?
-Би өөрийгөө мэргэжлээрээ ажиллаж байгаа гэж ойлгодог. Би хийж байгаа дуугаа сэтгүүлчийн ажил гэж ойлгодог. Сошиал медиа гэж том салбар байна шүү дээ. Сошиал медиагаар өөрийгөө илэрхийлж, сэтгүүлчийнхээ ажлыг хийж байна.
-Манай нийгмийн нэг хэсгийнх нь амьдрал тааруухан байгаа. Үүнд та нэлээд эмзэглэдэг юм шиг байсан. Хүмүүнлэгийн ажил хийдэг үү?
-Хүмүүнлэгийн ажилд тодорхой хэмжээнд оролцдог. Би жил бүрийн шинэ жилээр хаяггүй айлуудаар орж, бэлэг өгдөг. Өөрөө өвлийн өвөө болоод хаяггүй, захын хорооллын айлуудаар орж, хүүхдүүдийг баярлуулдаг. Энэ ажлаа би дөрөв дэх жилдээ хийх гэж байна. Гэхдээ бусад шиг үүнийг сонин хэвлэл, телевиз, радиогоор зарлаад байдаггүй. Энэ бол зөвхөн нэг жишээ. Гэхдээ нөгөөтэйгүүр хүмүүс юмыг хэт бэлэнчлэх гээд байх шаардлага байхгүй. Хүн болгон зүтгэх, хөдөлмөрлөх хэрэгтэй байна. Хийж болох юм бүхнийг хийж, боломж байвал урагшилж байх хэрэгтэй.
-Та улс төр, нийгмийн байдлыг өөрийн дуугаараа хүчтэй шүүмжилдэг. Саяхан УИХ-ын ээлжит сонгууль болж өнгөрсөн. Тиймээс сонгуулийн үйл явц, байдал таны дараагийн цомог гарахад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж ойлгож болох уу?
-Хүмүүсийн ихэнх нь улс төрөөс их хамааралтай болчихоод байх шиг. Тэгээд улстөр ингэж байна, улс төр тийм байна гэдэг. Хамаг юмыг улс төртэй холбоод байх юм. Өнөөдөр миний амьдрал болохгүй байна. Үүнд улс төр буруутай гэдэг. Миний хувьд тийм биш. Сонгуулиар ийм юм болж байна, тэр нь тэрэнтэйгээ талцаж байна, одоо тэр нь намаа сольж байна гэдэг надад огт хамаагүй. Би энд өөрийнхөө амьдралаар амьдарч байгаа. Би сонгууль гэдэг юмыг хараад ямар нэгэн мотиваци өгөөд, үүнийг хийе гэх бодол төрөх нь ховор үзэгдэл. Сонгуулиудын хажуугаар нүдэн балай, чихэн дүлий өнгөрөхийг хүсдэг. Ерөнхийдөө улс төрийн оролцоогүйгээр амьдрал ахуй, ажил төрлөө босгочих юмсан гэж бодож явдаг залуучуудын нэг төлөөлөл. Тийм ч учраас улс төр рүү хутгалддаггүй, тэндээс ямар нэгэн ашиг хонжоо, цол тэмдэг хардаггүй. Ер нь аливааг улс төртэй холбож бодох шаардлагагүй юм шиг санагддаг. Ер нь өөрсдөө л хичээ, тэртэй тэргүй төрд байгаа хүмүүс бидний төлөө хичээж байгаа нь харагдахгүй байна. Тэдний өмнөөс тэр тэглээ, энэ ингэлээ гэж бухимдаж яах юм. Би бусдад нөлөөлөх нөлөөллөөс айдаг. Дөнгөж сая хүн утасдаад нийгэмд нөлөөлөх ажил хиймээр байна гэж байна. Би тэр хүнийг сайн хүн гээд зарлачихвал тэр хүн муу хүн байвал яах вэ. Бусдыг уриалах зүйлд би их буурь сууртай, маш хянамгай ханддаг. Тиймдээ ч сонгуулийн сурталчилгаанаас татгалзаж, хол явдаг хүн.
-Залуус өөрсдийгөө эх орондоо хайртай хүмүүс гээд улс төрд ордог, зарим нь шүүмжилдэг. Үүнийгээ эх орныхоо төлөө санаа зовж байна гэдэг. Эх орон гэж таныхаар юу вэ, яаж хайрлах вэ?
-Эх орон гэдэг юу юм бэ. Эх орон гэдэг улс төр юм уу, эх орон гэдэг улстөрчид юм уу. Үгүй шүү дээ. Эх орон гэдэг чинь бид. Газар нутаг байж болно гэхдээ эх орон гэдэг чинь монгол хүмүүс өөрсдөө шүү дээ. Өөрөө өөртөө анхаарлаа хандуул. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэж үг бий. Бид биеэ ч засаагүй байж тэр төр лүү орилоод яах юм бэ. Эхлээд биеэ засчихъя, гэрээ ч засчихъя л даа. Тэрний дараа тэр төр нь болвол болно биз. Болохгүй бол тэгээд зассан гэртэй, сайхан зассан биетэйгээ л байж байя.
-Манай улс хөгжиж байна уу. Улаанбаатарт амьдрахад ямар санагддаг вэ?
-Том, том байшин бариад хөгжиж байх шиг байна. Өвөл болохоор л утаатай гэдгээ санадаг хүмүүс. Энэ байдлыг харин улстөрчид шийдэх ёстой юм шиг байгаа юм. Манай найзууд намайг гадагшаа гарч амьдар гэж их зөвлөх юм. Залуучууд Монголд амьдрал байхгүй, явах хэрэгтэй гэж ярьж байна. Бид эндээс зугтаагаад хаачих юм. Дараа нь хэний хэн, хаанахын хэн болох юм. Ер нь хөгжлийн ирээдүй залуусын гарт байгаа шүү дээ. Гэхдээ гадагшаа явж байгаа залуусыг би буруутгадаггүй, буруутгах эрх байхгүй. Гэхдээ би өөрөө гадагш гарах бодолгүй, гарахгүй. Гадаадад амьдарч байгаа монголчууд хамгийн их Монголоо гэсэн сэтгэлтэй байдаг. Гэрт нь яваад л орно, төрийн далбаагүй айл байхгүй, үндэсний баяраа тэмдэглэнэ. Тэд тэндээ дасчихсан байдаг учраас Монголдоо ирээд тэдэнд дасах хугацаа хэрэгтэй байдаг. Гадаадад олон жил амьдарчихаад ирсэн найзууд ч олон байна. -Таны хурим өнгөрсөн зун болсон. Хурим дээр чинь их олон хүн очсон байсан. Та их олон найзтай юу? -Тийм. Их олон найзтай. Олонтой бол сайхан шүү дээ. Хүмүүс намайг олны танил гээд байдаг юм. Би өөрөө их олон хүн таньдаг юм ш дээ. -Эдийн засгийн хямралтай өнөө үед залуус бизнес хийхэд хэцүү төвөгтэй зүйл их байна уу? -Сүүлийн үед эдийн засгийн байдал хэцүү байна. Энэ үед жижиг, дунд бизнес эрхэлж байгаа над шиг хүмүүст их мэдрэгдэж байгаа байх. Гэхдээ хоёр хөл, хоёр гар бүтэн бие нь байхад болох байлгүй дээ. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээх хэрэгтэй. Үндэсний үйлдвэрлэл нь дэмжигдэх хэмжээний сайн ажиллаж, боломжийн үнэтэй сайн бүтээгдэхүүн гаргах хэрэгтэй. Аль аль талаасаа л хичээх хэрэгтэй байна.
-Та жинсэн өмдний үйлдвэр ажиллуулж байгаа гэж байсан. Одоо ажиллаж байгаа юу?
-Өмд хийж байсан, одоо хийхгүй байгаа. "Урбан жийнс”- тэй хамтарч гэрээ байгуулаад жинсэн өмд хийж байсан, гэрээний хугацаа дуусаад зогссон байгаа. Үйлдвэрээсээ гарсан өмдөө би өөрөө өмсчихсөн явж байна. Ирэх онд өөрийн хувцасны брэндээ гаргана гэж бодож байгаа. Мөн он гараад "Микроны босс” киноны хоёрдугаар анги нээлтээ хийнэ.
-Сүүлийн үед монгол кино их хийгдэж байна. Онцгүй, чанаргүй кино их гарах юм гэдэг. Энэ тал дээр таны бодол?
-Хийхгүй шүүмжлэх амархан. Хийх хэрэгтэй. Бүх салбарт байгаа хэлээд л суугаад байдаг хүмүүсийг яах юм. Хэлээд сууж байгаа хүмүүсийг ажилтай болгохын тулд бусад нь хийж байна. Ямар ч байсан хөдөлж байна. Ер нь бүх салбарт хийх хэрэгтэй. Хувь хүний ажил хөдөлмөр хүртэл ялгаагүй шүү дээ. Магтаалд автаж болох гүй, шүүмжлэлд ч автаж болохгүй. Зүгээр л хийгээд, хөдөлмөрлөөд байх хэрэгтэй.
Өдрийн сонин Н.Ганчимэг