Х.Наранжаргал: Гүтгэх гэмт хэрэг гэдэг зүйл заалтыг хамгийн овжин ашигладаг хүмүүс бол эрх мэдэлтэй хүмүүс байдаг
"Глоб Интернэшнл” Төрийн бус байгууллагын тэргүүн Х.Наранжаргалтай хууль эрх зүй, сэтгүүл зүйн салбарын талаар ярилцлаа.
–Өнөөдөр хэвлэл мэдээллийн эрх чөлөөний талаар ярихын өмнө редакцийн хараат бус байдлын талаар зайлшгүй ярих шаардлагатай. Яг үнэндээ өнөөдөр хэвлэл мэдээллийн байгууллагууд хэн нэгэн улстөрч, бизнесийн бүлэглэлүүдээс ямар нэгэн байдлаар хараат байгааг хаа хаанаа мэддэг хэрнээ энэ байдал дорвитой өөрчлөгдөхгүй байна. Өнөөдөр үнэндээ тийм боломж ч харагдахгүй байна. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Тэгэхээр хэвлэлийн эрх чөлөө гэдэг бол иргэний эрх юм. Энэ бол ардчилалын тулгуур зарчмуудын нэг. Тиймээс чөлөөт, хараат бус олон ургалч хэвлэл мэдээлэлтэй байна гэдэг бол иргэн хүний эрх чөлөөний нэг хэсэг гэсэн үг. Яагаад иргэн хүн ардчилсан нийгэмд ийм эрхтэй байдаг гэхээр иргэд үнэн зөв мэдээлэлтэй байх ёстой. Мэдээж хүн бүхэн өөрөө гүйгээд мэдээлэл цуглуулаад тэрнийгээ боловсруулаад энэ нь ийм юм байна, тэр нь тийм байна гээд явах боломж байхгүй нь ойлгомжтой. Тийм болохоор хүн бүхэн өөрийнхөө итгэл найдварыг хэвлэл мэдээлэлд өгдөг. Тэр үүднээсээ иргэдэд үнэн зөв мэдээлэл өгөхийн тулд хэвлэл мэдээллийн байгууллагууд маань өөрөө хараат бус байх ёстой. Энэ нь хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн хамгийн гол үнэт зүйл юм.
Өнөөдөр монголд ямар байдал үүсч бий болчихоод байгааг хэн хүнгүй сайн мэдэж байгаа. Яагаад өнөөдөр хэвлэл мэдээллийн байгууллагууд хэн нэгний хараат байдалд орсон бэ гэхээр энэ нь анхнаасаа монголд энэ төрлийн хууль эрх зүйн зохицуулалт байхгүй байсны харгай юм. Анх 1998 онд хэвлэлийн эрх чөлөөний хууль батлагдан гарсан. Энэ хууль өөрөө маш чухал хууль байсан боловч харамсалтай нь энэ хуулиар бүх төрлийн цензурыг бүрэн хориглосон. Тэгвэл өнөөдөр хэвлэл мэдээллийн байгууллагуудын гол санхүүжүүлэгчид нь бизнесийн групп, болон улс төрийн бүлэглэлүүд болсон гэдгийг би түрүүн дурьдсан.
Өөрөөр хэлбэл мөнгөтэй хүн хөгжим захилна гэдэг ийм зарчим монголын хэвлэл мэдээллийн байгууллагад ёс юм шиг үйлчилж байна. Хэвлэл мэдээллийн байгууллага гэдэг үнэт зүйл бол ард түмний дуу хоолой байх ёстой болохоос биш улс төр бизнесийн бүлэглэлүүдийн дуу хоолой байх ёсгүй. Тэгэхээр энэнийг яах ёстой байсан гэхээр анхнаасаа эрх зүйн зохицуулалтыг маш нарийн бий болгох ёстой байсан. Ямар ямар зохицуулалтыг хийдэг вэ гэхээр хамгийн нэгдүгээрт өргөн нэвтрүүлгийн хуулийг бий болгох ёстой. Харамсалтай нь өнөөдөр монголд ийм хууль ерөөсөө байхгүй байна. Дараачийн нэг зохицуулалт нь эзэмшигчийн ил тод байдлын тухай эрх зүйн зохицуулалтын хууль юм. Дээрээс нь дараагийн нэг чухал хууль нь төвлөрлийг зохцуулах хууль байх ёстой.
Энэ нь ямар учиртай хууль гэхээр хэн нэг, хэсэг бүлэг эрх мэдэлтэй мөнгөтэй хүн хэтэрхий олон хэвлэл мэдээллийн хэрэгсэлийг эзэмшхийг хориглоно гэсэн эрх зүйн зохицуулалт юм. Ийм ийм хууль эрх зүйн актуудыг анхнаасаа бий болгоогүйгээс өнөөдөр монголд хэвлэл мэдээллийн байгуулагууд улс төр, бизнесийн тодорхой бүлэглэлүүдийн мэдэлд орж, тэдний хоточ нохойны үүргийг гүйцэтгэж байгаа юм шиг харагдаад байна.
Мэдээж сэтгүүл зүй, хэвлэл мэдээлэл өөрөө бохир байвал нийгэмд дагаад бохир байдаг нь жам ёсны үзэгдэл. Тийм болохоор хэвлэл мэдээллийн хэрэгсэл өөрөө ингэж худалдагсан нөхцөлд нийгэмд гүйцэтгэх өөрийн үүргийг хэзээ ч гүйцэтгэж чадахгүй. Харамсалтай нь өнөөдөр улс төрчид энэ байдлыг өөрчилхийг ерөөсөө хүсэхүй байна. Тэд болж л өгвөл хэвлэл мэдээллийн хэрэгсэлийг өөрийн эрхэнд байлгаж, өөрсдийн хүссэн мэдээллийг олон түмэнд тараан тэдний тархийг угаах сонирхолтой байна. Тэр үүднээсээ өнөөдөр монголд хэвлэл мэдээллийн байгууллага болон сэтгүүлчдийн нэр хүнд маш ихээр унаж "худалдагдсан сэтгүүл зүй” гэсэн нэртэй болчихоод удаж байна.
-Ер нь өнөөдрийн чөлөөт хэвлэлийн эрх чөлөө, статусыг та хэрхэн дүгнэж явдаг вэ?
-Олон улсад хэвлэлийн эрх чөлөөний индекс тогтоодог хоёр байгууллага байдаг. Нэг нь "Freedom haus” гэж АНУ-д төвтэй байгууллага байдаг, нөгөө нь "Хил хязгаагүй сурвалжлагчид” гэсэн Парис хотод төвтэй байгууллага бий. Тэгэхээр "Freedom haus” гэдэг тэр байгууллагын индексээр бол манай улс 2002 оноос хойш хэвлэлийн хагас эрх чөлөөтэй орны тоонд тооцогдож байгаа. "Хил хязгааргүй сурвалжлагчид” гэдэг байгууллагын хувьд манай хэвлэлийн эрх чөлөөний индекс жил бүхэн буурч байгаа хэвлэлийн эрх чөлөөний мэдэгдэхүйц асуудалтай орны тоонд ордог.
Тэр үүднээсээ өнөөдөр монголын хэвлэл мэдээлийн байгууллага болон сэтгүүлчид ямар том цензуртай байгаа нь дээрх үзүүлэлтээс харагдаж байна. Дээрээс нь өнөөдөр монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудад "хаалтын гэрээ” гэдэг зүйл маш хүчтэй байгаа нь хэвлэлийн хагас эрх чөлөөтэй орны тооцогдоход гол хүчин зүйл болдог. Энэ үүднээсээ хэвлэл мэдээллийн байгууллагын ёс зүй болон сэтгүүлчдийн ёс зүй, редакцийн ёс зүйг энэ асуудал дээр онцгойлон авч үзэх хэрэгтэй. Тийм болохоор өнөөдөр Монголд хэвлэлийн эрх чөлөө бүрэн утгаараа хэрэгжээгүй гэж хэлж болно.
-Ингэхэд аливаа хяналт, дарамт шахалтаас гарах найдлага, ирээдүй харагдах юм уу. Энэ байдалтай ямар арга замаар, хамгийн үр ашигтай тэмцэж болох вэ?
-Нэгдүгээрт нь эрх зүйн орчноо таатай болгох хэрэгтэй. Дээрээс нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний олон улсын пактын 19-р зүйлийн заалтыг дагаж мөрдөх шаардлагатай. Энэ бол манай Үндсэн хуулийн зүйл заалтанд ч байгаа зүйл. Нөгөөтэйгүүр хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүл зүйн салбарын хамгийн үнэт зүйл нь хараат бус байдал байдаг. Бид хараат бус байдлаа нийтлэг эрх ашиг гэж үзээд, үнэн бодит мэдээллийг хүсч буй иргэдтэй хамтарч ажилласнаар редакцийн цензуртэй тэмцэх хэрэгтэй.
Аливаа эрх чөлөөний төлөө хүмүүс нөлөөллийн үйл ажиллагаа явуулж, лоббидох маягаар тайван аргаар хүргэдэг. Тиймээс хамгийн түрүүнд хэвлэл мэдээллийн хэрэгслийн өмчлөгч, редакцийн хооронд сэтгүүл зүйн мэргэжлийн хэм хэмжээг хүндэтгэнэ гэсэн зохицуулалтын бичиг баримт байх ёстой. Тийм болохоор аливаа дарамт шахалттай тэмцэхийн тулд эрх зүйн шинэтгэлийг зайлшгүй хийх шаардлагатай. Мөн түүнчлэн сэтгүүлчдийг зөрчлийн хуулиар шийтгэдэгээ зогсоож, сэтгүүлчидтэй холбоотой асуудлыг иргэний хуулиар шийддэг болох ёстой.
Үүнийг ч өмнө нь НҮБ болон олон улсын байгууллагаас манай улсад уриалж байсан гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Өнөөдөр монголд сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн байгууллагыг зөрчлийн тухай хуулиар шийтгэдэг асуудал хэрээс хэтэрч, сэтгүүлчдийн ажиллах эрхэнд маш их саад тотгор учруулж байна. Манай байгууллага энэ асуудлаар өнгөрсөн онд мониторинг хийж, тодорхой судалгаа хийсэн. Тэгэхээр энэ асуудлаар эцэст нь хэлэхэд нэгдүгээрт эрх зүйн орчноо сайжруулах шаардлагатай, хоёрдугаарт сэтгүүл зүйн байгууллага өөрийн менежмент буюу дотоод засаглалаа сайжруулж, сэтгүүлчдийнхээ мэдлэг чадвар, боловсрол хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлхэд анхаарах хэрэгтэй гэмээр байна.
-Сүүлийн үед сэтгүүлчдийн эсрэг улстөр, бизнесийн томчууд янз бүрийн хуулийн зүйл заалт ашиглан хэрэгт тулгах, айлган сүрдүүлэх явдал ихээр гарах болсон. Үүний хамгийн тод жишээ бол сэтгүүлч Д.Майцэцэгийг шүүхэд өгөөд байгаа явдал. Энэ асуудлыг "Глоб Интернэшнл” ТББ-ын зүгээс хэрхэн дүгнэж, үүнтэй ямар аргаар тэмцэж болно гэж үзэж байгаа вэ? Та үүнийг хэрхэн харж байна вэ?
-Манай байгууллага анх байгуулагдсан цагаасаа үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Тэгэхээр хэвлэлийн эрх чөлөө гэдэг маань өөрөө ардчилалын үнэт зүйлсийн нэг гэдгийг би түрүүн дурьдсан. Тийм ч учраас бид энэ асуудлаар байнга өөрсдийн дуу хоолойг олон түмэнд хүргэж, энэ талаар тэмцэж ирсэн. Аливаа сэтгүүлчийг үгээ хэлснийх нь төлөө шоронд суулгаж болохгүй. Яахав торгож болно. Гэхдээ үнэхээр тухайн сэтгүүлч ёс зүйн томоохон алдаа гарсан гэдэг нь жинхэнэ баримтаар нотолгоотой болсон тохиолдолд ял шийтгэл оноож болно. Түүнээс биш өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үгээ хэлэх эрх сэтгүүлчдэд угаасаа байх ёстой.
Гүтгэх гэмт хэрэг гэдэг бол угаасаа эргүүгийн хуулинд байдаг. Тэгвэл энэ зүйл заалтыг хамгийн овжин ашигладаг хүмүүс бол эрх мэдэлтэй хүмүүс байдаг. Тэрүүгээр чинь дөрөөлөөд яг Д.Майцэцэгийн хэрэг шиг сэтгүүлчдийг хамгийн хатуу ямар хууль байна тийм хуулиар шийтгэх бусармаг явдал байсаар байна. Би түрүүн хэлсэн энэ асуудлаар НҮБ-аас манай улсад ийм бүдүүлэг практикаа хал гэсэн зөвлөмж өгч байгаа гэж. Харамсалтай нь манай улсад энэ талаар ямар нэгэн ахиц дэвшил өнөөг хүртэл гараагүй л байна. Мэдээж сэтгүүлч хүн аливаа хүнийг гүтгэж доромжилж болохгүй. Тэгэхээр энэ асуудалтай яаж тэмцэх вэ гэхээр дээр дурьдсан аливаа хэрэг маргааныг эрүүгийн хуулиар биш, иргэний хуулиар шийддэг олон улсын практик руу шилжих хэрэгтэй. Тэгэхийн тулд эрх зүйн зохицуулалтыг зайлшгүй шинэчлэх шаардлагатай байгаа юм.
Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.
Ж.Батдорж
BOLOD.mn
Сэтгэгдэл байхгүй байна.