Б.Баатарзориг: Төрийн албанд "ар, өврийн хаалга"-аар шургалдаг байдлыг хална

0

Мерит зарчим гэдэг бол хамгийн сайн хүнийг сонгох зарчим

Төрийн албаны зөвлөлийн даргаар Б.Баатарзориг томилогдоод буй. Шинэхэн албаа хүлээн аваад байгаа Б.Баатарзоригтой ярилцлаа. 

-Төрийн албаны тухай шинэ хууль энэ оны эхнээс хэрэгжиж эхлээд байгаа. Гэвч зарим дүрэм, журманд өөрчлөлт орох эсэх нь эргэлзээтэй байгаагаас төрийн албан хаагчдын өдөр тутмын ажилд саад болж байгаа талаар хүмүүс ярьж байна...

-Аливаа шийдвэр гаргахын өмнө олон ургалч үзэл бодол хэрэгтэй. Хууль болон түүнд нийцүүлэн гаргах журам дүрмүүдийг салбарын болон мэргэжлийн байгууллагууд, эрдэмтдийн түншлэлийн түвшинд хэлэлцүүлэх ёстой байдаг. Монгол Улсын Төрийн албаны тухай хууль батлагдаж хэрэгжиж эхлээд 50 хонож байна. Үүнтэй холбоотой батлагдан гарах 47 журам, дүрэм байгаагаас өнөөдрийн байдлаар 28 дүрэм, журам  нь батлагдаж бэлэн болоод байгаа. Эдгээр нь  УИХ болон Засгийн газрын түвшинд Төрийн албаны зөвлөлийн түвшинд гарсан.

Бусад журам, дүрэм нь хэлэлцүүлгийн түвшинд эцсийн шатандаа явж байна. Энэ долоо хоногтоо багтааж гаргана. Иймээс бид журам, дүрэм хуулиудаа сурталчлах таниулах ажлыг хийж байна.

Хууль батлагдана гэдэг нэг зорилго, харин хэрэгжүүлэх нь  түүнээс чухал зорилго байдаг. Тиймээс бид хэрэгжилтийг нь хангах ажлыг зохион байгуулах ажлын хүрээнд Төрийн нарийн бичгийн дарга, яам, агентлагийн болон орон нутаг, аймаг нийслэлийн Засаг даргын тамгын газрын дарга нарын дунд сургалт уулзалтыг зохион байгуулж байна.

Төрийн албаны шинэ хуулиар "Зөв ажлыг зөв хүнээр гүйцэтгүүлж, зөв үр дүнд хүргэнэ. Үр дүн нь иргэдэд очих ёстой” гэсэн зорилгын хүрээнд иргэдэд хүрэх төрийн үйлчилгээний стандартыг хангах ёстой.

Төрийн үйлчилгээ аль болох иргэдэд чирэгдэлгүй, цахимжих, үйлчилгээний стандарт сайжрах, хүнд сурталгүй байх ёстой ба ямар нэгэн төрийн байгууллага, төрийн албан хаагчаас шалтгаалсан үйл ажиллагааны доголдол гарах ёсгүй. Хэрэв ийм байдал гаргаваас түүнийг дахин давтуулахгүйн тулд хариуцлагын механизм хамт байх ёстой гэсэн чиглэл өгч байна.

 -Засгийн газар өнгөрсөн оны сүүлчээр төрийн албан хаагчдаас шалгалт аваад байсан. Тэр шалгалтын дүн 70 гаруй хувьтай гарсан гэсэн. Энэ үзүүлэлтийг хангалттай гэж үзэж болох уу?

-Хууль хэрэгжих гарааны нөхцөлд төрийн албан хаагчид, төрийн байгууллагуудын  мэргэжлийн үйл ажиллагааны түвшин ямар байна вэ гэдэг дээр судалгаа, дүгнэлт, шалгалт зохион байгуулсан.

Энэ шалгалтад нийтдээ 44 мянган төрийн албан хаагч хамрагдсан. Үүнд хууль эрхзүй, компьютерын мэдлэг, тухайн ажлын байрны болон үйл ажиллагааны түвшинг үнэлэх ажлыг зохион байгуулсан. Байгууллага бүхэн өөр өөрийн онцлогтой үнэлэгдсэн. Улсын дундаж 74 хувьтай гарсан.

 Төрийн албаны зөвлөл өнгөрсөн долоо хоногт өргөтгөсөн хурлаа хийж, үүнд дүгнэлт өгсөн. Энэ дагуу  төрийн албан хаагчийн сургалтын хэрэгцээг тодорхойлоод, сургалт зохион байгуулахаар Удирдлагын академид захиалга өгч байгаа. Энэ ондоо багтаан 18 мянган төрийн албан хаагчийг богино хугацааны сургалтад хамруулна.

 Шинэ хуулийг шинэ ойлголтоор, шинэ хандлагаар, шинэ соёлоор, шинэ үр дүнгээр эхлүүлэх ёстой. Өөрчлөлт хийх, шударга ёс тогтоохыг олон нийт шаардаж, хүсч байна.

-Төрийн албан хаагчид ихэвчлэн  ямар асуудал дээр хангалтгүй үнэлгээ авсан байна вэ?

-Шалгалтад хамрагдсан хүмүүсийн бүлгээс шалтгаалж байна. Төрийн захиргааны байгууллагад төрийн үйлчилгээний алба хашиж байгаа бичээч, туслах ажилтнуудын мэдээлэл технологийн чадварын  үзүүлэлт харьцангуй доогуур байсан тал бий. Бусад яам, тамгын газар, агентлагийн түвшний төрийн жинхэнэ албан хаагчдын үнэлгээ өндөр байсан. Дундажлахаар 74 хувьтай гэж гарч байгаа юм.

 -Төрийн албан хаагчдын шалгалтад хангалттай дүн аваагүй  хүмүүст  хариуцлага тооцох уу?

 -Үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинтэй холбоотойгоор цалинг бууруулах, сануулах, сайн үнэлэгдсэн албан хаагчдын зэрэг дэв болон цалинг нэмэгдүүлэх ажлыг хийж байна. Зарим хүнийг ажлаас нь чөлөөлөх, гэрээгээ өөрчлөх асуудлыг хөндөж байгаа. Гэхдээ хавтгайруулж биш л дээ.

 -Шинэ  хуулиар төрийн албан хаагчдыг шатална гэж заасан. Тухайлбал, салбартаа 10 гаруй жил ажилласан бол Төрийн нарийн бичгийн дарга болно гэх зэрэг тодорхой шаардлага шалгуурыг босго болгон тавьсан...

 -Мерит зарчим гэдэг бол хамгийн сайн хүнийг сонгох зарчим. Дэвшүүлэхэд ч тэр, анх ороход ч тэр. Шагнал урамшуулал, гадаадад сургалтад явуулахад ч тэр чадаж байгаа зүйлд нь тохирсон дэмжлэг үзүүлэх зарчим юм. Тиймээс үүнийг хуульчилсан байгаа юм. Аль ч өндөр хөгжилтэй оронд тохиолдлын томилгоо хийдэггүй. Танил талын томилгоо хийдэггүй. Тухайн ажил албанд тохирох хүнийг сонгодог. Өмнө нь сонгон шалгаруулалтыг хавтгайруулдаг байсан бол одоо тухайн ажлын байр бүхэнд сонгон шалгаруулалттай болсон.  

-Сонгуулиар хэн нэгэнд шагнал хэлбэрээр төрийн нарийн бичгийн даргын ажлыг өгдөг байсан. Энэ байдлыг цаашид яаж цэгцлэх вэ?

-Өмнөх хуулийг шүүмжилж байгаа юм биш. Гэхдээ зарим зүйл заалт нь тунхаглалын шинжтэй, хэрэгжүүлэх хэд хэдэн салаа утгатай байсан. Энэ хууль шинэчлэлийн бодлогыг тусгачихсан хэрэгжүүлэхгүй бол заавал биелүүлэх үүрэгтэй, биелүүлэхгүй бол томилогддог албан тушаалтан чөлөөлөгдөх, сонгуульт албан тушаалтан огцрох үндэслэл үүснэ. Тиймээс хуулийг дээдлэх зарчим хэрэгжих учраас "ар өврийн хаалга” , танил талаар томилогдох боломж байхгүй.

 -Ар өврийн хаалгаар төрийн албанд ордог зүйл байхгүй болно гэлээ. Харин яаж хянах вэ?

 -Үүнийг бид хянахаас гадна хөндлөнгийн олон нийт хянах хил хязгааргүй хяналт байгаа. Тиймээс хамтдаа хянах боломж бүрдэнэ.

 -Олон нийтийн ил хязгааргүй хяналт гэж яг юуг хэлж байна вэ?

 -Төрийн албаны зөвлөлийн дэргэд Олон нийтийн хяналтын зөвлөл гэж шинэ байгууллага байгуулагдаж байгаа. Тус зөвлөл байгууллагын үйл ажиллагааны үр дүн, явцад хөндлөнгийн хяналт тавин ажиллах юм.

 М.Нэргүй

 zaluu.mn


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.