Цагаандаа гарсан 60 тэрбумын наймаа 5000 өрх айлыг ядууралд түлхжээ
Монгол улсад улс төрийн сонгууль болж, төрийн эрх баригч нам солигдох бүрт дагаад төрийн байгууллагуудын мэргэшсэн ажилтан, албан хаагчид солигддог гаж тогтолцоо бий болоод удаж байна. Хамгийн харамсалтай нь Төрийн албаны мэргэшсэн, туршлагатай ажилтнуудын оронд эрх баригчдын төрөл садан, эсвэл авилга, хээл хахууль өгсөн хэн нэгнийг оруулдаг нь нууц биш болжээ.
Түүгээр ч үл барам УИХ-ын дарга, НИТХ-ын дарга нарын өндөр албан тушаалтай хүмүүс төрийн албыг хэрхэн зарж 60 тэрбум төгрөг босгох тухай хуйвалдаж буй бичлэг олны сонорт хүрч, олон нийтийг цочролд оруулаад байна.
2016 онд УИХ-ын сонгуулиас хойш 22 235 мэргэшсэн төрийн албан хаагч ажлаасаа халагдаж солигдсон тоо байна.
Тухайлбал, 2016 онд л гэхэд аймаг бүрээс 350-700 гаруй албан хаагч, Нийслэлийн хэмжээнд төрийн захиргааны төв байгууллага болон яамдаас 10 мянга гаруй албан хаагч хууль бус халаа сэлгээнээс болж ажлаа хүлээлгэн өгчээ.
Энэ халаа солионд Хөдөлмөрийн болон Төрийн албаны тухай хууль бусад хууль тогтоомжийн дагуу тавигдах шаардлага шалгуурыг ханган мэргэшсэн, ажлын дадлага туршлагатай 25-55 насны төрийн албан хаагчид өртжээ.
Тодруулбал, Засгийн газрын 13 яамны ТНБ-ийн 13 дарга, Тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагийн 27 дарга, Газар хэлтсийн нийт 178 удирдах ажилтан, 2500 гаруй төрийн захиргааны болон жинхэнэ албан хаагч, Төрийн үйлчилгээний 200 удирдах ажилтан, албан хаагч, энгийн 10 000 гаруй албан хаагчийг ажлаас халж, 8000 гаруй албан хаагчийн эрхэлж байсан үндсэн ажлыг өөрчлөх, тушаал бууруулж, Нийслэлийн захиргааны албаны 400 гаруй албан хаагч, ИТХТ-ийн 26 нарийн бичгийн дарга, ТӨҮГ-ын ажилтан, албан хаагчдыг халсан гэсэн тоо баримт байна
Энэ нь Төрийн албаны тухай хууль, хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомжуудыг уландаа гишгэн 5000 өрх айлын талхыг нь таллан, ядууралд түлхсэн үйлдэл боллоо. Учир нь, халагдсан ажилтан, албан хаагчдын 42% нь байрны зээлтэй, 89% нь цалингийн зээлтэй, 58 % нь хүүхдийн сургалтын төлбөрийн өртэй, 15 % нь бусад өр зээлтэй байна.
Тэдгээр халагдсан иргэдийн хохирлыг цалингийн дундаж хэмжээгээр тооцож үзвэл сард 5000 өрх 10-аад тэрбум төгрөгийн өрхийн орлогоо алджээ. Энэхүү халаа сэлгээ өнөөдөр ч үргэлжилсээр байна.
Хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй. Гэтэл томилгоо хийсэн тушаал шийдвэр нь анхан болон дээд шатны шүүхээс хууль зөрчсөн нь тогтоогдож, ажилд эргүүлэн томилж, хохирлыг барагдуулах тухай шийдвэр гарсан байтал хуулийг үл тоомсорлон биелүүлэхгүй байгааг юу гэж ойлгох вэ?
Энэ бүхэн юу хэлээд байна вэ? Цагаандаа гарсан 60 тэрбумын албан тушаалын наймааны төлөвлөгөө бодит биеллээ олсон байна гэж үзэхээр байна.
Хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах, эх орноо батлан хамгаалах, дархан хил хязгаар, үндэсний аюулгүй байдлаа хамгаалах ариун үүрэгтэн албан тушаалтанд хүртэл авилгын ханш тогтоосон нь дэндүү эмгэнэлтэй.
Иймд "Тогтвортой ажлын байр” ТББ-аас дараах уриалгыг гаргаж байгаа юм.
Бид төрийн албанаас хууль бусаар халагдсан иргэдийн эрх ашгийг хамгаалах, төрийн албаны хууль болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад хяналт тавих, мэргэшсэн, туршлагатай боловсон хүчнүүдийг АЛБАН ТУШААЛЫН НАЙМААНЫ ЗОЛИОС болгон халдаг гажуудлын эсрэг тууштай тэмцэх, Монголын эрх зүйт төрийн ёс зүй, хариуцлага, дархлааг бий болгоход үйл ажиллагаагаа чиглүүлнэ.
Бид албан тушаалын наймаагаар төрийн эрхийг хуйвалдан авдаг, олон мянган иргэдийг ажлаас хоморголон халж, МУ-ын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хуулийг зөрчигчдөд хариуцлага тооцуулахаар УИХ, Засгийн газар, Төрийн албаны зөвлөл, АТГ зэрэг байгууллагуудад албан шаардлага хүргүүлж үр дүн гартал тэмцэх болно.
Тиймээс Албан тушаалын авилгын золиос болж ажлаас халагдаж, амьдралын баталгаагүй болсон иргэдийг бидэнтэй нэгдэж, эрхээ хамгаалахыг Уриалж байна.
"ТОГТВОРТОЙ АЖЛЫН БАЙР” ТББ
Холбоо барих утас: 9915-5541; 9922-3481,9523-0329
Facebook: https://facebook.com/togtvortoi.ajliin.bair
Twitter: https://twitter.com/tab_tbb
E-mail: tabtbb@gmail.com
Сэтгэгдэл байхгүй байна.