Ц.САНДАГ-ОЧИР: УИХ НЬ ЗАСГИЙН ГАЗРААРАА ТОГЛОЖ ИРСНИЙ УРХАГИЙГ БИД УЛСААРАА МЭДЭРЧ БАЙНА

0


УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очиртой ярилцлаа.


-Үндсэн хуулийн өөрчлөлт батлагдлаа. Нам нэгдсэн ойлголцолд хүрсэн учраас дэмжсэн, түүнээс хувь гишүүний итгэл үнэмшил эсрэг байсан хэмээх гишүүд байна. Та дэмжиж санал өгөхдөө өөрийн итгэл үнэмшлийн үүднээс хандав уу. Эсвэл олонхын саналыг дагав үү?

-Үндсэн хуулийн өөрчлөлт батлагдлаа. Хэдийгээр нэг заалтад өөрчлөлт оруулж байгаа боловч Үндсэн хууль ямар үнэ цэнэтэй том хууль болох нь энэ хугацаанд харагдлаа. Өөрийн хувийн байр суурь, итгэл үнэмшлийн үүднээс би дэмжсэн. Дэмжих хэд, хэдэн шалтаг шалтгаан бий.

Энэхүү Үндсэн хуулийн өөрчлөлт бол 1991 оноос хойшхи шинэ зах зээл, олон намын тогтолцоо, цоо шинэ нийгмийн харилцаанд шилжсэнээс хойш 30 жилийнхээ алдаа оноог дүгнэх цаг хугацаа юм байна гэж үзэж байгаа.

Бид өнгөрсөн 30 жилийн хугацаанд нийт найман удаагийн сонгуульд оролцсон байна. Сонгуулийн үр дүн янз бүр л гарч байсан. Ер нь айхавтар дээшилсэн, сайжирсан гэхээсээ илүүтэйгээр дэлхий нийттэй зэрэгцэж алхах, бусад орнуудтай харьцуулах хэмжээнд учир дутагдалтай, удаан, үр дүнгүй зэрэг асуудлууд байна. Тиймээс хувь хүнийхээ хувьд, УИХ-д анх удаа сонгогдсон залуу гишүүний хувьд томоохон өөрчлөлт шинэчлэл хийх хэрэгцээ шаардлага байна гэж үзсэн.

Хоёрдугаарт, иргэдийн саналтай нэг байгаа. Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн үеэр иргэдтэй хоёр удаа уулзлаа. Уулзалтын үер иргэдийн олонх нь тоо нэмэхийг дэмжээгүй. Харин сонгуулийн тогтолцооны асуудлыг бүгд дэмжиж байсан. УИХ-ын гишүүд иргэдийн санал бодол, тавьсан асуудлыг төр засагт уламжлах, холбож өгөх үндсэн үүрэгтэй. Тиймээс гурван удаагийн хэлэлцүүлгийн үеэр иргэдийнхээ санал, байр суурийг тухай бүрд нь уламжилсан.

Ерөнхийдөө иргэдийн төрд итгэх итгэл сайнгүй байна. Улстөрчид иргэдийнхээ итгэлийг алдсан, олон янзын хэл аманд холбогдсон учраас дахиад л ийм хүмүүсээр нэмчих вий хэмээн болгоомжилж эсэргүүцэх хандлагатай байсан. Цаад учир шалтгааныг нь тайлбарлахаар иргэдийн хандлага өөр байсан л даа.

Ирээдүйн 30 жилээ өөдрөгөөр харъя, богино хугацаанд хурдтай хөгжье, төрөө шилэн тунгалаг болгоё, төрийг хулгай луйвраас салгая, улстөрчдийг ёс суртахуунтай, хариуцлагатай байх чиглэлд томоохон өөрчлөлт хийх шаардлага байгаа юм. Иргэдийн нэг хэсэг нь энэ асуудлыг хүндээ байна гэж дүгнэж байсан. Зарим нь тогтолцоондоо байна ч гэж байсан. Ер нь аль алинд нь байгаа юм байна. Тиймээс тогтолцооны энэхүү өөрчлөлтийг хийх нь чухал байсан.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн ач холбогдлыг та бодитоор юу гэж харж байна. Гишүүдийн тоог нэмэх нь эрх мэдлийн төвлөрлийг саармагжуулахад хэр түлхэц болох бол?

-Үндсэн хуулийг дэмжих нэг шалтгаан нь энэ байсан. УИХ-ын 76 гишүүнд бүх эрх мэдэл төвлөрсөн үзэж байгаа бол энэ эрх мэдлийг задлах ёстой биз дээ. Төрийн бүх эрх мэдэл иргэдэд байгаа гэж ярьдаг ч начир дээрээ 76-хан улстөрчийн гарт байгаа юм бол задлах ёстой. Үндсэн хуульд өөрчлөл оруулснаар эрх мэдлийн төвлөрлийг задлах, иргэдийг төрд төлөөлж байгаа төлөөллийг нэмэгдүүлэх зорилготой.

Ер нь бид мэдээллийг түрүүлж авч байгаа болохоос иргэдтэй адилхан л мэдээлэлтэй байгаа шүү дээ. Хууль санаачилагчдаас яагаад гишүүдийн тоо нэмэх гээд байгаа юм бэ. Нийгмийн ямар хэрэгцээ шаардлага тулгарсан юм бэ. Үнэхээр улс орноо бодоод байна уу. Эсвэл өөрсдийгөө хаацайлж дараагийн сонгуульд гарч ирэх юмаа бодоод байна уу гэдгийг шалгааж, судалж харж байгаа юм. Түүнээс миний дараагийн сонгогдох, эсвэл манай намын ялах гарц 20 дугаар асуудал. Эрх барьж байгаа намын дарга нар ийм байр сууринд үнэхээр чин итгэл үнэмшил байна уу, үгүй юу. Зүгээр хэлбэр төдий, дараагийн сонгуулиа бодсон юм хийх гээд байна уу гэдгийг тэндээс олж харахыг хичээсэн. Бүлгийн хурлаар гурван удаа энэхүү өөрчлөлтийн асуудлыг ярилаа. Энэ үеэр бид бүхэн таны асууж байгааг хууль санаачлагчид, намын даргаас ялгаагүй асууж, шалгааж байгаа шүү дээ. Итгэл төрөхгүй байна. Гишүүд хариуцлагагүй байна. Нэр хүндээ алдсан байна. Хулгай зэлгийд холбогдсон байна гээд иргэдийн асуудгийг ч бид дотроо ярилцаж асуудаг. Үүнд бодитой хариулт өгч байна уу, асуудлаа бодитоор тодорхойлж чадаж байна уу гэдгийг харж байгаа юм. Үнэхээр хоёр намын асуудлыг бодоод байна уу, эсвэл улс орныг бодоод байна уу гэдгийг хэлэлцүүлгийн үеэр харахыг хичээсэн. Ойлгохыг хичээсэн. Ингээд ер нь хийгээд үзье. Түүхэнд үлдэх томоохон өөрчлөлт шинэчлэл юм байна. Янз бүрийн шалтаг шалтгаанаар эргэж буцаад байвал дахиад 20, 30 жилийг алдчих вий дээ гэж болгоомжилсон.

Анх парламентад орж ирэхдээ томоохон өөрчлөлт шинэчлэлийг хийнэ, парламентын засаглалыг бэхжүүлнэ гэсэн хүсэл эрмэлзэлтэй орж ирсэн. Тиймээс энэ цаг хугацаанд хийгээд үзье гэсэн итгэл үнэмшил төрсөн. Иргэдэд очоод тайлбарласан, учирласан. Иргэд янз бүр л хүлээж авсан.

-УИХ-ын гишүүдийн тоог нэмснээр намуудад ямар ашигтай юм бэ. Тэр дундаа эрх баригч намд ямар ашигтай гэж та харж байна вэ?

-УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нь эрх барьж байгаа гол хоёр намд ашиггүй. Харин парламентын гадна байгаа суудалгүй намуудад ашигтай. Тэднийг оруулж ирж, энэ парламентад олон намын төлөөллийг хангах нь чухал байгаа учраас өөрчлөлт оруулж байгаа юм. 76 гишүүн байсан ч, 126 байсан ч нөгөө хоёр том нам нийт масс ч гэдэг юмуу, эсвэл хүний нөөцийнхөө хэмжээнд яаж ийж байгаад сонгуулийг ямар ч хэлбэрээр явуулсан зөвшилцөх хэмжээний суудал аваад гараад ирэх байх. Тиймээс парламентад суудалгүй намуудын дуу хоолой үгүйлэгдээд байна шүү дээ. Нөгөө талаар таны хэлж байгаа шиг намын даргаа шүүмжилж байгаа шүү дээ. Заавал тэр намуудыг оруулж ирэх гэж гишүүдийн тоог нэмдэг нь ямар учиртай юм бэ гээд зөрүүлээд асууж байгаа.

1990 онд олон намын тогтолцоог сонгосон. Өнөөдөр улс төрийн намууд хариуцлагагүй байна. Төлөвшиж, бэхжээгүй байна. Тиймээс ядаж нийт сонгогчдын дөрвөн хувийн босго давчих хэмжээний санал авдаг байх хэрэгтэй байна. Иргэдийн саналыг авахын тулд энэ олон эрээвэр хураавар намууд цаашид хүссэн хүсээгүй нэгдэж нийлэх ёстой. Тэгж байж сонгогчдын дөрвөн хувийн босгыг авна. Дөрвөн хувь гэдэг нь 80 мянган сонгогчийн санал. Тиймээс нэг талаар улс төрийн намуудыг бэхжүүлнэ. Нэг намын дарангуйлал тогтох гээд байна гэсэн болгоомжлол нийгэмд байна. Магадгүй АН гараад ирвэл АН дарангуйлал тогтоох гээд байна гэсэн яриа гарахыг үгүйсгэхгүй. Тиймээс Үндсэн хуулийнхаа дагуу олон намын тогтолцоог бий болгомоор байна. Хамгийн гол нь тэр намууд нь бэхжсэн, төлөвшсөн байх хэрэгтэй байна. Түүнээс сонгуульд зориулагдсан гэр бүлийн ч гэдэг юм уу, компанийн нам баймааргүй байна. Нөгөө талаас намуудын санхүүгийн мэдээллийг ил тод нээлттэй болгомоор байна. Энэ бүх асуудал уялдаатай явж байгаа учраас том өөрчлөлт гарна гэж хувьдаа итгэл үнэмшилтэй байна. Гагцхүү цаг хугацаа харуулах байх.

-Хуулийн хэрэгжилт үр дүн их чухал байна. Үүнд хэрхэн анхаарч ажиллахаар ярилцсан бэ. Өөрчлөлт хийчихээд эргэж буцдаг, Цэцээр "могой бариулдаг” асуудал ч бодитоор байна шүү дээ?

-Яг зөв. Манайхан нэг юмыг эхлүүлээд үр дүн, эцсийг нь үзэж чаддаггүй юм байна. Нөгөө талаас өнгөрсөн 30 жилийн хугацаанд 1.5 жилийн настай Засгийн газар байсан учраас нэг Засгийн газрын эхлүүлсэн томоохон ажлын үр дүнг ерөөсөө үзэж чадахгүй байна. Нэг цэцэрлэгийн барилгын ажлыг дор хаяж хоёр жил, цаашилбал дөрвөн жил ч барьж байна. Ийм байхад улс орны томоохон хөтөлбөрийг 1.5 жилийн настай Засгийн газар яаж хэрэгжүүлэх вэ дээ. Эргээд харахаар аль ч Засгийн газарт ажлаа дуусгах бололцоо боломж байдаггүй байсан байна. УИХ нь Засгийн газраараа тоглож ирсний үр дагаврыг өнөөдөр бид улсаараа, амьдрал ахуйгаараа, биеэрээ мэдэрч байна шүү дээ. Засгийн газар аль болох тогтвортой байгаасай гэж бодох ёстой юм байна. Засгийн газруудыг огцруулахдаа хэдийгээр хариуцлагын асуудлыг ярьж байгаа ч цаанаа асар их сөрөг үр дагавартай байдгийг бид дүгнэхээр цаг хугацаа болжээ.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан асуудлаар найман жил гар хүрэхгүй байх хуультай. Нөгөө талаас Үндсэн хуулийн Цэц дээр ямар асуудал гарахыг бид одоогоор хэлж мэдэхгүй байна. Энэ буруу байна. Үндсэн хууль зөрчсөн байна гэж гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ нь харьцангуй гайгүй болов уу гэж бодож байна. Үр дүнг цаг хугацаа харуулах байх.

Гуравдугаарт, та нар тоо өөрчилчихвөл улс орон сайхан болчихно гээд байсан биз дээ. Хулгай луйваргүй төр болж чадсан уу гээд л дараагийн үеийн сэтгүүлчид асууна. Тиймээс дүгнэлт их чухал. Хэлэлцүүлгийн үеэр Д.Цогтбаатар гишүүн чухал асуудлыг хөндлөө шүү дээ. Заавал дүгнэнэ гэж оруул гэсэн. Өөрөөр хэлбэл, найман жилийн дараа өнөөдөр хийсэн өөрчлөлтийг дүгнэнэ. Үнэхээр сонгогчдын санал гээгдэхгүй байж чадсан уу. Сонгогчдын төлөөлөл үнэхээр нэмэгдсэн үү. Хариуцлага, ёс зүй нь сайжирсан уу гэдгийг дүгнэх нь.

Үндсэн хуулийг баталсан бол хаашаа ч хөдөлгөж болохгүй. Бодлогын хариу шиг яг таг байх ёстой юм шигээр ойлгох нь буруу гэж бодож байгаа. Цаг үе өөрчлөгдөөд байна шүү дээ. 1990 оны улстөрчид 76-ааг зөв гэж бодож байсан. 76-г иргэд хэрхэн үнэлдэг байсан бэ. Төрөө гэж хүндэлж, дээдэлдэг байсан бол 30 жилийн дараа 76 бүрэн бүрэлдэхүүнээрээ хулгайч юм шиг үнэлэгддэг болсон байна. Энэ юунаас болсон байна гэдэг учир шалтгааныг нь олох гээд явж байна шүү дээ. Тиймээс сайжруулахын төлөө хичээж, бодож төлөвлөж ажиллаж байна. Бидний бодож байгаа бодол, хийж байгаа үйлдэл, гаргаж байгаа шийдвэр аяндаа цаг хугацааны хэмжүүрээр шалгагдана. Зөв байсан байна гэвэл яамайдаа л гэнэ. Буруу болохыг ч үгүйсгэхгүй шүү дээ. Давхар дээлтэй л бол сайхан болчихно гэж байсан. Өнөөдөр хаа байна. Хоёр жил хүрэхгүй хугацааны дараа давхар дээлний асуудал хөндөгдөөд байна шүү дээ. Давхар дээлтэй болчихвол яамны асуудал сайн явдаг гэж хэн харуулаад байгаа юм бэ. Энд ч нэг ажлыг ацаглаад, тэнд ч нэг ажлыг ацаглаад ирц бүрдүүлээд явдаг хүмүүс болчих гээд байна.

-Төсөвт тодотгол хийж цалин нэмэхээр боллоо. Эдийн засаг дөнгөж өндийхчөө болж байхад цалин нэмэх нь хэр зөв юм бэ?

-Нэмэхгүй байх хэцүү байна. Нэмэх хэцүү байна. Эргээд инфляци өснө шүү гэдгийг Эдийн засгийн хөгжлийн сайд хэлээд байгаа шүү дээ. "Валютын ханш 100 төгрөгөөр суларсан. Монголбанкны валютын нөөц нэмэгдэж байна гээд эдийн засгийн томоохон үзүүлэлтүүд сайжирч байна. Жаахан тэвчих хэрэгтэй байна” гэдгийг хэлээд байгаа шүү дээ. Иргэд тэвчиж чадахгүй байна. Арга ч үгүй л дээ. Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд хоёр жилийн хугацаанд нэрвэгдлээ. Үнийн өсөлтөд цалин тэтгэвэр нь хаанаа ч хүрэхгүй байгаа учраас амаргүй.

Бид тойрогтоо ажиллаж ирээд иргэд сонгогчдынхоо санал хүсэлтийг уламжилдаг. Уулзалтад 10 хүн үг хэллээ гэхэд 10-уулаа л цалингаа нэмээч гэж байна шүү дээ. Өмнө нь төсвийн орлого дутах, зардал нэмэгдэх болгонд тодотгол хийж байсан бол энэ удаад анх удаа төсвийн орлого давж биелсэн учраас тодотгол хийж байна. Давж биелсэн учраас давсан орлогыг иргэддээ яаж хүргэх вэ гэсэн тодотгол болох гэж байна. Өмнө нь орлого төлөвлөснөөс дутчихлаа. Алт, нүүрс, зэсийн үнэ уначихлаа. Тиймээс төлөвлөгөөгөө бууруулъя гэсэн тодотголууд байсан.

Сангийн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд нар ядаж аравдугаар сарыг хүртэл тэвчиж болохгүй юу гэж гишүүдээс зөндөө гуйж байгаа. Ерөнхий сайд маш их мэдээллийн дунд байгаа учраас иргэдийн цалинг нэм гэсэн шийдвэр гаргаж байх шиг байна.

Эх сурвалж: Өдрийн сонин


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.