Тогтолцооны хямрал нүүрлэснийг "дөнгөж сая” мэдээдхэж. Үүнийгээ засах хоёрхон арга байгааг ч "гадарлаж” байна гэнэ. Эхнийх нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах. Харин нөгөөх нь гудамжны хувьсгал руу явах. Яаж ч бодсон хувьсгал хийх аргыг хүсэхгүй гэж тооцоолоод Үндсэн хуулиа "огтлохоор” хутга юугаа ирлэж сууна. Эсэргүүцвэл "хувьсгалчин” болж таарах аж. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр эн тэргүүнд шийдэх зүйл бол УИХ-д байгаа Засгийн газрын эрх мэдлийг Засгийн газарт нь шилжүүлэх хэрэгтэй, Ерөнхий сайдад танхимынхаа сайд нарыг томилох, чөлөөлөх болон төсвийн эрх мэдлийг юун түрүүнд шилжүүлэх ёстой” гэцгээж байна. Улс төрийн тогтворгүй байдал бий болж, улмаар эдийн засгийн чухал шийдвэрүүдийг гаргаж чадахгүй байгаа энэ алдааг 99 гишүүнтэй болохоос эхэлж байгаа юм байх.
Учир нь өнөөдөр 76-хан гишүүнтэй байхын сул тал нь УИХ нөлөөнд автамхай байна. Тухайлбал нэг байнгын хороо 19 гишүүнтэй, 10 хүнээр ирц бүрддэг. Зургаан хүн санал өгөхөд, ямар ч чухал шийдвэрийг батлах боломжтой байгаагаараа "нөлөөнд автамтгай” байдлаа нотолж байна. Мөн нэг гишүүн 2-3 байнгын хороонд харьяалагддаг. Тэлээ хурга шиг гүйх, тэгэхдээ өөрт ашигтай гүйх гэснээсээ үүдэн асуудалд бодитой хандаж чадахгүй байна гэцгээж байна. Энэ мэтчлэн Үндсэн хуулиа өөрчлөх байдлаар эрх мэдлийн дахин хуваарилалтыг хийх гэж буй ч асуудал тогтолцоондоо бус хүндээ байгаа талаар сонсохыг ч хүсэхгүй байгаа нь сонирхолтой. Гэвч Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах замаар тогтолцооны хямралаас гарах аргыг сонгосноороо татгалзаж зугтаад байгаа хоёр дахь арга буюу хувьсгалын арга руу хальтирсан гашуун жишээ хажууханд буй. Ердөө өнгөрсөн оны хоёрдугаар сард шүү дээ. Украины парламент дахь сөрөг хүчний гишүүд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах саналыг оруулж ирсэн. Украины сөрөг хүчнийхэн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр дамжуулан Ерөнхийлөгч Виктор Януковичийн эрх мэдэл, бүрэн эрхийг хязгаарлахыг хичээсэн нь тэр. Украины сөрөг хүчнийхэн Ерөнхийлөгчтэйгээ хэлэлцээр хийснийхээ дагуу Үндсэн хуулийг 2004 оны үеийнх рүү буцаахыг хүссэн. Гэвч Үндсэн хуульд нь өөрчлөлт оруулбал Виктор Янукович 2010 оны сонгуулиар ялалт байгуулж, Ерөнхийлөгч болсноосоо хойш олж авсан зарим төрлийн эрх мэдлээ алдах гээд байв. Дээр нь Виктор Янукович 2013 оны арваннэгдүгээр сард Украиныг Европын холбоонд нэгтгэх гэрээнээс татгалзсанаас Ерөнхийлөгчийнх нь суудал нь ганхаж, ард иргэд нь түүнийг улс орны ашиг, сонирхлын эсрэг шийдвэр гаргасан хэмээн буруутгаж огцрохыг шаардаж эхэлснээр барахгүй "12 харгис” хэмээн нэрлэгдсэн жагсаал, цуглааны эсрэг хуулийг эсэргүүцсэн мөргөлдөөн, үймээн самуун үргэлжилсээр улсаараа сүйрсэн билээ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэдэг, буруу хийх, хийхгүй удах энэ бүхэн ийм л төгсгөлтэй. Тиймээс Монголыг Украины жишээ хүлээж байгаа гэдгийг санаж маш олон талаас нь бодож хийх хэрэгтэй болж байна. Бидэнд Украинтай төстэй тал дэндүү олон. Наанадаж хоёр том гүрний дунд оршиж буй геополитикийн өгөгдөл, цаашилбал Украиныг "газын дайны эхлэл” гэдэг бол манайх "нүүрсний дайны эхлэл” болохгүй гэх баталгаагүй. Гэхдээ оросууд нүүрснээс тэс өөр зүйл хүсэх болсон л доо.
Уранаас өөр манай руу хараад,гонсойгоод байх зүйлгүй ч олон мянган цэргийнхээ амиар хамгаалж байсан орноо атганаасаа алдахыг хүсэхгүй. Үүнийхээ төлөө оросууд ямар нэг бүдүүлэг алхам хийхгүйгээр эдийн засгийн хориг арга хэмжээ маягаар шатахуунаар, эрчим хүчээр гэхчлэн "хөөрхөн чимхчих” бүрэн боломжтой. Тэр цагт өмнөд хөрш яаж хандах вэ гээд бодохоор тусгаар улс гэдгээ бүхнээс илүүд эрхэмлэх ёс зүйн тэнхэл дахин сонгогдохоос өөрийг бодохоо больсон эрхэм гишүүдэд маань хэр байгаа бол. Тэдэнд бүх эрх ашгаас тусгаар тогтнолоо илүүд тавих дархлаа хангалттай бий юу гэдэгт түгшихгүй өнгөрөх аргагүй. Өнөөдөр бид Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудлаар Монголын ард түмнээсээ "асууна” гэж байна. Тэгэхэд Украинд "Крымийг ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгтгэх эсэх” асуудлаар ард нийтийн санал асуулга явуулж байсан. Тухайн үед Крымын оршин суугчдын 60-аад хувь нь орос иргэд байсан. Гэтэл бид дотооддоо, тайван цаг үед өөр шалтгаан, асуудлаар Үндсэн хуульдаа өөрчлөлт хийх эсэхээ иргэдээсээ асуух гэж байна. Энэ бүхэн Украины нөхцөл байдлын дэргэд юу юм бэ. Ёстой л "Эрүүл хүнд шүдний өвчин ч өвчин шүү” гэдэг хатуу анхааруулгын адил дотооддоо иргэдээсээ асуух эсэхийг хурцатгах хэрэггүй юм биш үү. Судлаачдын ангиллаар хагас ардчилал болон авторитар дэглэм гэж тооцогдож буй посткоммунист зарим улсуудад ерөнхийлөгчийн засаглалын дараах шинжүүд ажиглагдаж байна. Албанийн парламентын систем нь Ерөнхийлөгчид маш их эрх мэдлийг олгосон байх жишээтэй. Ерөнхийлөгч Бериша эрх мэдлээ ашиглан Үндсэн хуульд өөрчлөлт оруулж эрх мэдлээ нэмэгдүүлсэн байна. Арменд мөн адил Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгч нь ихээхэн эрх мэдэлтэй байсаар ирсэн. Белорусийн хувьд тусгаар улс болсны дараагаар хуучин дээд зөвлөлд гол эрх мэдэл хадгалагдаж байсан боловч 1994 онд парламентын засаглалыг ард нийтээс шууд сонгогддог Ерөнхийлөгчийн засаглалаар сольсон. Хорватын Үндсэн хууль нь анх хууль тогтоох ба гүйцэтгэх засаглалын хоорондын эрх мэдлийн хуваарилалтыг харьцангуй тодорхой гаргаж өгсөн боловч Ерөнхийлөгч Тужман дайнаас үүдэлтэй өөрт нь оногдсон үүрэгт дулдуйдан үндсэн хуульд өөрчлөлт оруулан, хууль тогтоох байгууллагын эрх мэдлийг хумиж, гүйцэтгэх эрх мэдлийг өөртөө төвлөрүүлсэн байна.Казакстан болон Киргизстаны хувьд тусгаар тогтносон эхний жилүүдээс л Ерөнхийлөгчийн хүчтэй засаглалыг бий болгосон түүхтэй. Оросын хувьд эрх мэдлийн хуваарилалт, тэнцвэрийг хэдий хоёрдмол утгатай боловч Үндсэн хуульдаа тусгасан.
Гэхдээ хууль тогтоох байгууллага дээд эрх мэдэлтэй боловч бодит байдалд ерөнхийлөгчийн шийдвэрт парламент хориг тавьж чаддаггүй байна. Цаашлаад ОХУ Ерөнхийлөгчид хүчтэй эрх мэдлийг олгосон шинэ Үндсэн хуулиа баталсан. Украины хувьд 1996 оныг хүртэл Үндсэн хуулиа батлаагүй байсан бөгөөд хуулийг батлахаас өмнө болон хойно ч адил Ерөнхийлөгч маш их эрх мэдэлтэй байж ирсэн юм. Эдгээр улсуудад Үндсэн хуулийн дагуу ерөнхийлөгчид эрх мэдлийн төвлөрлийг бий болгосон явдал нь тусгаар тогтнох хөдөлгөөн, хувьсгалыг удирдан манлайлсан хүмүүсийн харизм болон тухайн үеийн улс төрийн элитийн дэмжлэг, мөн олон нийтийн хандлагатай холбоотой. Ийнхүү бидний "ард” ч, "урд” ч Украины жишээ үдэж, угтаж байна. Тайван замаар тогтолцоогоо өөрчилье гэвэл Үндсэн хуульдаа өөрчлөлт хийх, ингэхгүйгээр хямралаас гарч чадна гэвэл хүнээ өөрчлөх хэрэгтэй болж байна. Маш хуучин тогтолцоон дээр зөв шинэ хүмүүс ажиллаж чаддагийг "өндөр настан” Үндсэн хуультай орнууд ч, манай төр нийгмийн зарим зүтгэлтэн ч харуулж байсан. Өөрчлөлт хийлээ гэхэд хэн нэгнийг хардалгүй, сэтгэлдээ сэвгүй, итгэлээ өгөөд хариуцлага хүлээлгэе. Харин өөрчилсөн л бол дордуулдаг гэх сэтгэл зүй нийгэмд ноёрхож байгаа бол сэглэж хаяж байснаас хуруугаа ч хүргэхгүй байсан нь дээр. Үндсэн хууль бол тоглоом биш. Улсын тулгуур хуулиараа тоглоод, эв эвдрэлцэж мууд хөтөллөө гэхэд хэн нэгэн шинэ аврагч ирэх нь өөрөө хамгийн том аюул, айдас билээ.
С.Батнягт
Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
851 сэтгэгдэл