Үндсэн хуулийн өөрчлөлтийг Ерөнхийлөгч дэмжиж байгаа бололтой
УИХ энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар Ард нийтийн сонсголын тухай хуулийг төслийг хэлэлцэх хуваарьтай байна. Ойрын өдрүүдийн улс төрийн үйл явц хэрхэн өрнөх нь энэ хуулийн төслийг хэлэлцэх эсэхээс шийдэгдэх нь тодорхой.
Баасан гарагийн орой Н.Батбаяр болон нэр бүхий 47 гишүүдийн гэнэт өргөн барьсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг улстөрчид болон судлаачид янз бүрийн байр сууринаас хүлээн авч байна. Зарим хэсэг нь энэ хуулийн төслийг ирэх сонгууль болтол Засгийн газрыг огцруулахгүй гэсэн оролдлого гэж харах нь байна. Энэ нь ч үнэний ортой. Тодруулбал, Үндсэн хуулийг хэлэлцэх явцад дунд нь ямар нэгэн хуулийн төслийг огт хэлэлцэх ёсгүй гэсэн онцгой дэгээр хуралддаг юм. Тиймээс "эцэг хуулиа" өөрчилсөн, өөрчлөөгүй хамаагүй энэ асуудлыг хэлэлцсээр байгаад он гаргах болно. Хэрэв он гаргачихвал Засгийн газрыг огцруулах асуудал чухал биш болж хувирна.
Өөр нэг хувилбар нь энэ хуулийг Ерөнхийлөгч ихэд дэмжиж байгаа гэх яриа юм. Засгийн газарт эрх мэдлийг нь өгч, Ерөнхий сайдын суудлыг бат бэх болгохыг хамгийн их дэмжих болсон хүн бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж юм. Тэрбээр, өнгөрсөн зургаадугаар сард сэтгүүлчидтэй уулзах үеэрээ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудалд "...Буруугаа засаад, оносон зүйлээ бэхжүүлээд цааш явах тухай хэлэлцүүлэг хийх цаг болсон. Үүний нэг сэдэв нь Үндсэн хуулийн асуудал байхаас өөр аргагүй. Ажлын хэсэг өөрчлөлт оруулах саналаа олон нийтэд танилцуулах ёстой. Гэнэт өөрчлөлт хийдэг хууль бол Үндсэн хууль биш. Ард нийтээрээ нээлттэй хэлэлцэх ёстой. Ерөнхийлөгч миний хувьд ч гэсэн тэнд ямар асуудал тусгагдаж байна вэ гэдгийг харж, санал бодлоо илэрхийлэх боломж гарна. Парламентаас Засгийн газрын гишүүнээ томилоод сууж байдаг, түүнийгээ огцруулна гээд давхиж явдаг парламент дэлхийд маш цөөхөн. Одоо манайхан томилгоонд дуртай, томилгоо гоё, түүгээр дамжуулж бизнес, улс төрийн шахалтаа оруулдаг гэсэн ойлголттой байна. ийнхүү байр сууриа илэрхийлж байлаа. УИХ-ын ээлжит сонгууль болоод түүний дүнгээр байгуулагдах Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа хэрэгжиж эхлэх өдрөөс хэрэгжинэ. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд томилогдсон өдрөөс Засгийн газрын тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Миний хувьд Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүн байх ямар ч шаардлага байхгүй гэж үзэж байгаа. Гуравны нэг, үндсэн яамдын сайд УИХ-ын гишүүн байх хэрэгтэй гэж ярьж байна. Гэхдээ ингэж батлаад л гуравны нэг дээрээ зодолдоод эхэлнэ. Яамдын тоогоо нэмээд үүнийгээ тойрч гарах олон арга бий..." хэмээн өөрийн байр сууриа илэрхийлж байлаа.
"Эцэг хууль" -даа гар хүрэхийг Ерөнхийлөгч дэмжихгүй бол өөрчлөлт хийгдэхгүй. Тэгвэл Ерөнхийлөгч өөрийн үзэл баримтлалдаа хэвээр үлдэж өөрчлөх цаг нь болсон гэж үзэж байгаа аж. Энэ талаар хуулийн төслийг санаачлагч УИХ-ын гишүүн Н.Батбаяр нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Ерөнхийлөгч дэмжихгүй бол Үндсэн хуулийн өөрчлөлт хийгдэхгүй. Тэгэхээр яг одоо хувьсгалын тохироо бүрдээд байгаа юм” гэж өгүүлжээ. Эндээс Ерөнхийлөгч Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг битүүхэндээ дэмжиж буй нь илт байгаа юм.
Ер нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхийнхээ хугацааг дуусгаад өөрийгөө дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр зэхэж буй гэх яриа ч бий. Магадгүй энэ нь үнэний ортой учраас Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлж, Ерөнхийлөгчийн бүх эрх мэдлийг авч хаях хуулийн төсөлд хаалт тавихгүй байна гэх таамагч явж байна.
Аливаа улсын Үндсэн хуульд 15-20 жил болоод нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага бий болдог гэж үздэг. Гэхдээ 1992 оны ардчилсан Үндсэн хууль шинэ нийгмийн тогтолцоог бүрдүүлэхэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн бөгөөд өнөө ч үнэ цэнтэй хэвээрээ байгаа бөгөөд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа маш хянуур болгоомжтой хандах ёстой гэдгийг хуульчид анхааруулсаар ирсэн гэдгийг дахин сануулж байна.
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг нь магадгүй болсон ч байж болох юм. Гэхдээ асуудлыг олон талаас нь судалж байж хийх хэрэгтэй. Нэн түрүүнд Ард нийтийн санал асуулгыг явуулах эсэхээс шалтгаалж өөрчлөх үгүй нь яригдана. Гишүүдийн олонх нь ард нийтийн санал асуулга явуулах шаардлагагүй гэж үзвэл Үндсэн хуулийг өөрчлөх хууль эрх зүйн үндэслэл бүрдэхгүй. Хэрвээ олонх нь энэ саналыг дэмжвэл Ард нийтийн санал асуулгыг энэ сарын 26-ны өдөр хийнэ гэж хуулийн төсөлдөө зааж өгсөн. Хэрэв энэ долоо хоногт энэ асуудлыг хэлэлцээд шийдлээ гэж үзэхэд ердөө долоохон хоногийн дараа ард түмнээсээ саналыг нь авна.
Энэ хугацаанд иргэдэд хангалттай мэдээлэл өгч чадах уу, иргэд шийдээ гаргахуйц хэмжээний мэдээллийг олон талаас нь хүртэж чадах уу гэдэг бас л эргэлзээтэй. Санал асуулга явлаа гэж бодоход ирц бүрдэхгүй ч байх боломжтой. Өвлийн хахирган цаг дөнгөж үүдээ нээж буй тэр цаг үед энэ санал асуулгад отор нүүдэл хийгээд явсан малчдаас авахуулаад олон хүн оролцож чадахгүй нь тодорхой. Тиймээс ард нийтийн санал асуулгад хэдэн намуудын идэвхтэн залуучууд л оролцох байх. Энэ нь хүнд нөхцөл байдалд байгаа улсын төсвөөс 5.5 тэрбум төгрөгийг ямар ч үр ашиггүйгээр салхинд хийсгэх болно.
Г.Лхагваа