Орон сууцны хороолол доторх бааруудыг хаая
Хотын дарга С.Батболд цэнгээний газруудын цагийн хуваарьтай холбоотой асуудлыг судалж, иргэдээс санал хүсэлт авах талаар нийслэлийн удирдлагуудад үүрэг даалгавар өгсөн. Энэ дагуу Нийслэлийн захирагчийн ажлын албанаас баар, ресторануудыг 00:00 цаг хүртэл ажиллуулах эсэх асуудлаар санал авч эхэлжээ. Хэрвээ энэ санал дэмжигдэх юм бол цэнгээний газрууд шөнө ажиллахгүй болно.
Их хотын залуус өдөржин ажиллаж, орой нь найз нөхөдтэйгөө уулзах, цагийг зугаатай өнгөрөөх цөөн хэдэн газрын нэг нь цэнгээний газар. Энд залуус зөвхөн ууж наргих гэж бус, найз нөхөдтэйгөө хөгжилдөн уулзаж, хамгийн гол нь бүжиглэх гэж ирдэг гэдгийг бодолцож үзэх ёстой. Гэтэл стресс, алжаал ядаргаагаа тайлах зорилгоор ирсэн газар нь удахгүй хаах болчихлоо гээд хөөж туугаад байвал залуус хаана очих вэ.
Ахуйн архидалт, дамын худалдаа цэцэглэнэ
Баар, ресторануудыг шөнийн цагт ажиллуулснаар иргэдийн тав тух алдагдана гэж нийслэлийн удирдлагууд үзэж байгаа аж. Харин 00:00 цагт үүдээ барьснаар ахуйн архидалт, гэмт хэрэг ихсэх, согтууруулах ундаа дамлан зарах үзэгдэл, тэр ч бүү хэл авлига улам цэцэглэнэ гэж иргэд хэлж байна. Овсгоотой, овжин зарим цэнгээний газрынхан хэрэг дээрээ үүдээ 00:00 цагт барих боловч эргүүлийн цагдаа, зөвшөөрөл олгодог дарга нарын халаасыг зузаатгах замаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлж болзошгүй. Ингэснээр авлигыг гааруулна гэсэн үг. Бас нэг асуудал болгох зүйл бол баар, цэнгээний газрыг дуу шуугианыг дарах гэсэн биш, цаана байсан гайг нааш нь дуудвал яах вэ. Бааранд хашхичиж байсан тэр согтуу хөршийнд тань ирж, шөнөжин архидаж, дуулж хуурдаж, агсам согтуу тавибал бас хэцүү. Ахуйн архидалтаас болж гэр бүлийн хүчирхийлэл гаарч, хүүхдийн бие, сэтгэцэд нөлөөлж, цаашид салалт ч үүсэж болзошгүй. Нэгэнт цэнгээний газрууд хаачихсан болохоор нууцаар архи дамлан зардаг хүмүүст жинхэнэ олз болно гэсэн үг.
Зах зээлийн жамаар хумигдаж байгаа газраар оролдох хэрэггүй
Нэг үеэ бодвол Монголд архидан согтуурах үзэгдэл багасчээ. Энэ нь нэг талаар эдийн засгийн байдал хүндэрсэнтэй холбоотой. Хүмүүс халаасан дахь таван төгрөгөөрөө шар айраг авч уухын оронд аяга хоол авч идэхийг илүүд үзэх болж. Үүнийг дагаад борооны дараах мөөг шиг олширсон пааб, караокенууд үйлчлүүлэгчгүй болж, цагийн аясаар өөрсдөө хумигдаж байгаа гэхэд болно. Тэдний хувьд орлого олох үе нь зөвхөн оройн 22 цагаас хойш үе байдаг. Харин цэнгээний газруудыг 00:00 цаг хүртэл ажиллуулдаг болчихвол хоёрхон цаг ажиллаад юугаараа орлого олж, түрээсээ төлөх билээ. Нэгэнт цаанаасаа өөрөө хумигдаж байгаа цэнгээний газруудад түлхэц өгч, дампууруулах шаардлага байна уу. Зах зээлээр зохицуулалт хийх зүйлд захиргааны арга хэмжээ авах дэмий л байлтай. Харин болж бүтээд, багахан ашгаараа амьдарч яваа, төр засгаас юм гуйгаад зүгээр хэвтээгүй, цөөн ч гэсэн ажлын байр бий болгож яваа иргэдийнхээ шөнө нойроо хагаслан байж олдог орлогыг хотын дарга ийм шийдвэрээр зогсоохгүй байх гэж найдаж байна.
Эх сурвалж:
Сэтгэгдэл байхгүй байна.