Б.Хулан: Хариуцлагаа дааж яваа л гэж боддог
Хүний амьдралд олон өнгө ээлжилж солигдоод л явдаг. Түүний нэгэн адил би ч бас өдөр бүр өөр өөр өнгө болоод л явж байна.Жүжигчин Батжаргалын Хулан гэхээр "Урлагийн хүний стандарт сайхан харагдах” гэдэг үг л санаанд буудаг. Энэ нь бүүр хүмүүсийн түүнийг хардаг стандарт болчихсон гэлтэй. Найруулагчид ч бас түүнийг ингэж л хардаг.
Гэтэл өнгөрсөн пүрэв гарагт түүний огт өөр дүр төрхийг харав. Бариу даашинз, өндөр өсгийтгүйгээр... цэгцэлж самнаагүй үс, будаж янзлаагүй царайтайгаар... Өөртөө итгэлтэй зан, нүүр дүүрэн инээмсэглэлгүйгээр... цөхөрсөн царай, харц дүүрэн гунигтайгаар...
Найруулагч түүнд ийм л дүр хуваарилчихаж.
Ярилцлага хийхээр очиход минь ч бас бариу даашинз, өндөр өсгийтгүй... цэгцэлж самнаагүй үс, будаж янзлаагүй царайтай... байлаа. "Өвлийн тууж”-ийн Ерөөгөөс ялгаатай нь түүнд одоо нүүр дүүрэн инээмсэглэл, өөртөө итгэлтэй зан байна.
-Таны тоглосон "Өвлийн тууж” киног үзлээ. Хамгийн түрүүнд буусан бодол "Жүжигчид нь яасан айхтар хувираа вэ?”. Та ч бас?
-Баярлалаа. "Өвлийн тууж” киноны зохиолыг анх уншихад надад саарал өнгө л харагдсан. Сонгосон үйл явдал нь ч, бүтээсэн дүрүүд нь ч давтагдашгүй нандин чанаруудтай, өөр өөрийн гэсэн үг тексттэй. Миний хувьд дүрийн маань тоглолт таалагдсан. Найруулагчид намайг "Сайн, сайхан эмэгтэйн дүр л чамд тохирно. Бас шавар шавхайд хутгалдах ч юм уу, өш өвөрлөх нь чамд зохихгүй” гэдэг. Харин найруулагч Б.Тулгаа маань намайг өөр өнцөгөөс олж харсанд баяртай байна. Найруулагчийн надаас хүссэн зүйлийг өөрийнхөө хэмжээнд гаргахыг хичээлээ.
Ээж маань "Хүмүүс л чамайг үнэлнэ үү гэхээс чи өөрийгөө үнэлэхгүй шүү” гэдэг юм. Энэ дүрийг амьдруулж чадсан эсэхэд маань үзэгчид л дүн тавиг.
-Ингэхэд Хулан саарал хүн үү, эсвэл...?
-Хүний амьдралд олон өнгө ээлжилж солигдоод л явдаг. Түүний нэгэн адил би ч бас өдөр бүр өөр өөр өнгө болоод л явж байна.
-Цаг ямагт нэг өнгөөрөө байх боломжгүй юу?
-Амьдрал өөрөө нэг өнгөнөөс бүтдэггүй шүү дээ. Би уг нь гэгээлэг, завсрын өнгө байхыг хүсдэг. Тэгсэн хэрнээ хар болон хар хөх өнгөнд дуртай. Шүүгээгээ онгойлгохоор дандаа хар хувцас л угтдаг. Бүх зүйлийг цэгцтэй харагдуулдаг, сонгодог өнгө шүү дээ.
-Тэгвэл та ямар үед "Өвлийн тууж” кино шигээ саарал өнгөтэй болдог вэ?
-Би шулуун дардан замаар яваагүй. Гэвч бас эмгэнэлтэй, гашуудалтай, зовлонтой амьдралыг ч бас туулаагүй. Саарал өнгөтэй болох үе байна аа, байна. Амьдрал зохиосон ч алдаж, оноод яваа минь л саарал өнгө байх. Гэхдээ яагаад саарал өнгөтэй болсон бэ гэхээсээ тэр саарал үеийг хэрхэн даван туулсан бэ гэдэг нь илүү сонирхолтой юм болов уу.
-Яг энэ асуултыг тань буцаагаад асууя. Та тэр үеийг хэрхэн даван туулсан бэ?
-Алдаа ч гэсэн амьдралын нэг л өнгө шүү дээ. Өөрөөр хэлбэл, амьдрал өөрөө алдаа, оноо хоёроос бүтдэг юм болов уу.
Миний хувьд "алдчихлаа” гэж өөрийгөө зэмлэж, буруутгадаггүй. "Хулаан, чи нугарч, хугарч болохгүй шүү” гэж өөртөө хатуу сануулдаг. Тухайн үедээ уйлаад тайтгарна. Өнгөрсөнийг эргээд харахад би өөрийгөө хурцлаад гараад ирж чадсан байна. Хамгийн гайхамшигтай нь, би хоёр сайхан хүүхэдтэй болсон. Хүү, охин хоёр маань намайг цаг мөч бүрт хөглөж байна. Энэ хоёрыгоо хараад "Баярлалаа, бурхан минь” гэж боддог. Надад харамсаж, гомдоллох шаардлага, шалтгаан алга. Харамсдаг ч үгүй.
-Магадгүй, хөндлөнгийн хүмүүс харамсах шалтаг олныг тоочдог шүү дээ. Танд тийм зүйл анзаарагдав уу?
-Тийм ээ. Зарим хүмүүс намайг дахиад хүнтэй суух эрхгүй болчихсон юм шиг ярьдаг. Яагаад би хүний бодол, хүсэл сонирхол, таашаалд тохируулж амьдрах ёстой гэж. Би өөрөөрөө л байна. Надад өөрийн гараар бүтээсэн амьдрал байна, нэр байна. Түмнээс ирдэг хүндлэл байна. Тэр хүндлэлийн хариуд хариуцлагаа дааж яваа гэж боддог. Хамгийн гол нь, шийдэх хэмжээний зүйлээ өөрөө шийдээд явахад минь битгий буруутгаасай.
-Үнэн, худал нь мэдэгдэхгүй олон л дуулианд өртлөө. Тэр бүрт үг хэлээрээ бус уран бүтээлээрээ л хариу өгөөд явах юм. Гэвч худал үгийг мянга давтвал үнэн болдог гэдэг шүү дээ?
-Тийм цуурхал тараасан хүмүүстэй нь холбогдож, тайлбарлах гэж оролдсон. "Чи хятад өвгөнтэй суугаагүй л юм бол нөхрийнхөө зургийг өгчих” гэсэн дарамтанд эргээд өртсөн. Миний хань надаас насаар ах байсан нь үнэн. Монгол хүн. Хятад хэлтэй болохоор нь хятад гэж андуураад байсан юм байлгүй.
Би нэг л зүйлийг бардам хэлж чадна. Худал үгийг хэд ч давтсан үнэн болдоггүй юм аа. Магадгүй, тэр худал үгийг тараасан хүмүүс л өөрсдөө үнэн гэж итгэдэг байх. Түүнээс биш үнэн хэзээд байдаг. Үнэн хэзээд л худлыг давж гарч ирдэг. Энэ ч утгаараа би хувийн амьдралаа уран бүтээл шигээ олонд тайлагнаад, үнэн худлыг нь батлах гэж гүйгээд байх шаардлагагүй гэж боддог.
-Хулан муугаар хэлүүлэх нь зарим хүнд баяр баясгалан болж байгааг ч бас үгүйсгэхгүй биз дээ. Тэд тэгээд л баясаад сууж байг гэж үү?
-Тиймэрхүү мэдрэмжийг цөөнгүй авч байсаан. Санаанд оромгүй хүмүүс түүнд хутгалдчихсан байхыг мэдэх чинь хамгийн муухай мэдрэмж юм билээ. Тэглээ гээд яах вэ дээ, цаашаа харж уйлчихаад, наашаа харж инээчихээд л...
-Та хоёр ч удаа өрөөлийн юмыг булаадаг эмэгтэйн дүрд тоглосон юм байна?
-Тийм байна.
-Бодит амьдрал дээр өрөөлийн зүйлийг булааж байв уу?
-Үгүй.
-Өөрийнхөө зүйлийг булаалгаж үзсэн үү?
-Анхны амьдралдаа цэг тавих шалтгаан маань тийм мэдрэмж байсан.
-Тийм мэдрэмжийг өөр бүсгүйд өгч байгаа дүрд тоглох хэцүү биш үү?
-"Секс эрх чөлөө”-г ярьж байгаа биз дээ.
-"Ээж ээ, надтай гэрлээч”-ийг ч бас хамаатуулж байгаа юм аа.
-Энэ тал дээр би дүрээ өмөөрдөг юм. Учир нь, энэ хоёр кинон дээр хоёр эмэгтэй өөрөө санаатайгаар тэр эмэгтэйгээс нөхрийг нь булаагаагүй шүү дээ. Гэмгүй байж байгаад гэмтэй болчихсон л дүр. Сэтгэл хөдлөлөө барьж чадаагүй нь л энэ хоёр дүрийг гэмтэй мэт харагдуулж байгаа болов уу.
-Жүжигчдийн амьдралыг хараад байхад өөрсдийнх нь амьдрал ч бас драматуртай юм аа. Магадгүй, тоглосон дүрүүдийнх нь эерэг амьдралд нь нөлөөлчихдөг юм болов уу?
-Хөөгөөд бодсон чинь, би дандаа ганц бие эмэгтэйн дүрд тоглочихсон юм байна шүү. Гэвч өмнө нь би энэ тухай бодож байгаагүй юм байна. Дүрийн энергид би нэг их ач холбогдол өгдөггүй юм аа. Аймшгийн кино ч юм уу, үхсэн хатсан дүрд л тоглохоос бага зэрэг цээрлэдэг. Гэхдээ энэ чинь сэтгэлийн л юм шүү дээ. Хэрэв сэтгэлд сэвтэй санагдвал арцаар гурав тойруулчихад гэмгүй л байх.
-Арцаар гурав тойруулах зэргийн үйлийг бол ээж тань сануулчихдаг байлгүй. Одоо ч ээжтэйгээ хамт амьдарч байгаа юм байна шүү дээ?
-Ээж минь миний биений өрөөсөн тал шүү дээ. Ар талыг минь ханатал дааж явна. Анх намайг Монголын анхны фото мисс шалгаруулах тэмцээнд ээж минь л хөтөлж оруулсан. Одоо хүртэл би ээжийнхээгараас тавиагүй л явна.
-Хажууд байсан ч санаад байдаг үе байдаг даа. Ямар үед ээжийгээ хамгийн их санадаг вэ?
-Бид хоёр их хөөрхөн ш дээ. Хамтдаа хооллож, буу халж байгаад "Сайхан амраарай” гээд өрөө, өрөөндөө орно. Тэгээд л хоёр талаас чатлаад суучихна. Хүүхдүүд унтахаар би ээж дээр очоод үнсэнэ, өвөрт нь хэсэг хэвтэнэ.
-Ээжийгээ хамгийн их санаж байсан үе гэвэл анх амьдрал зохиож байсан үе. Би тэр үед хадмындаа амьдардаг байсан юм. Хоёр жил орчим ээжээсээ хол байсан. Байсхийгээд л өвдөөд, нурмайчихдаг байлаа. Ээж дээрээ ирээд, гарын хоолыг нь идээд л тэнхэрчихдэг байлаа.
-Та тун нам гүм амьдрах юм аа. Кинонд тоглохоос бусад үед бүүр таг чиг шүү?
-Хүмүүс надаас "Монголд байсан юм уу, чи өөрийгөө ямар айхтар дардаг юм бэ” гэж их асуудаг. Тэдний ярьж байгаагаар бол би кинонд тоглох болохоороо л ичээнээсээ гараад ирдэг юм шиг байна лээ. Өөрийгөө дараад байгаадаа биш ээ, байгаа нь л тэр. Ээж маань "Энгийн даруу бай. Хүнд их зан хэрэггүй шүү. Чи яаж ч нэрд гарсан миний охин хэвээрээ л байна. Гэрээ цэвэрлээд, шалаа л угаагаад л гүйж явна шүү дээ” гэдэг юм.
-Гадуур гарч, хүмүүстэй харьцахгүй болохоор уйтгартай биш үү?
-Гадуур гарах үедаа гарч, найз нөхөдтэйгээ уулзалгүй л яах вэ. Би тийм ритмтэй хүн биш л дээ. Харин сайн таньж мэдэхгүй хүмүүстэй харилцахад бас их учир байна. Дуугарвал аальгүй гээд, дуугарахгүй болохоор их зантай гэнэ. Ер нь хүн өөрийгөө бус хүн хүнээ л эвддэг юм билээ. Хүнд туслах юмсан гэсэн сэтгэлийг минь үнэгүйдүүлээд байдаг хүмүүст яг тэр занг нь гаргачихмаар ч юм шиг санагддаг.
-Ээ, мэдэхгүй, "Чи надтай ингэж харьцаж байгаа бол би чамтай яг ингэж харьцана” гэсэн тэрслүү зан таниас гарах уу?
-Тэр ч үнэн шүү. Тэгье гээд ч чаддаггүй юм. Тухайн үедээ гомдоод л өнгөрдөг. Энэ тал дээр миний төрөлх зан эвдрэхгүй байх, бүр дархлаажчихсан юм болов уу даа.
-Бусдын үйлдлээс болж, өөрийгөө толботуулахыг хүсдэггүй байх нь ээ?
-Тийм. Лугшаад явдаггүй. Гомдол нь амархан сарнидаг. Дараа нь харин бүр эсрэгээр нь өөрөө хохирчихсон хэрнээ л тэр хүнээ өрөвдөөд эхэлдэг. Гэтэл хоёр ч амьдрал нь бүтэлгүйтсэн болохоор хүмүүс "Хулан өөрөө л болдоггүй юм байна” гэж хүлээж аваад байдаг бололтой. Обьект нь би ганцаараа хэрнээ гаднаа орж ирсэн хүн нь хоёр болчихоор арга ч үгүй биз дээ. Нөгөө хоёр нь болгох гээд л хичээгээд байсан, Хулан л болоогүй гэж харагдсан юм байлгүй. Уг нь чин үнэндээ юу болсныг хэн ч мэдэхгүй шүү дээ. Тэгсэн хэрнээ мэддэг юм шиг ярьдгаа л больчихмоор байгаа юм.
-Би бол "Хулангийн шалгуурт тэнцээгүй л юм болов уу” гэж харсан?
-Багагүй хугацаанд ажил, амьдралаа өөрөө зохицуулаад сурчихсан болохоор хөндлөнгөөс хүн зааварлахаар хүлээж авахгүй байсан байж магадгүй. Ер нь би ардчилсан л баймаар байдаг юм. Ажлаа ч хийнэ, амьдралаа ч орхигдуулахгүй. Мэдээж гэр бүлээ нэгдүгээрт тавина. Хэн хэндээ ял болгохгүйгээр амьдралаа аваад явчихдаг л байх хэрэгтэй.
-Эрх гүнж шиг ямбатай зан танд байдаг уу?
-Миний зан араншингийн хорь, гучин хувь нь л байх. Ээжтэйгээ хамжаад, эр хүний ажлыг ч хийгээд л явж байна. Ээж маань намайг "Цаг үргэлж гоё бай” л гэдэг юм. Жүжигчин хүний хувьд өдөр бүр үсчинд орж, сайхан хувцас өмсөх нь ёс зүй, харагдах байдлынхаа хувьд стандарт юм байна л даа. Гэтэл би гэртээ байгаагаараа л баймаар байна шүү дээ.
Хүмүүс намайг "их зантай бай” гэдэг л юм. Би хэзээ ч баг өмсөж, дүр эсгэж чадахгүй. Тиймээс ч бүх хүнтэй нэг түвшинээс л харьцдаг.
-Эрчүүдтэй бол жаахан дээрээс харьцчих гээд байдаг уу?
-Эрчүүдтэй эр хүн шиг харилцах гээд байдаг юм. Гэтэл нөгөө хүнээс маань хандлага илрээд эхлэхээр эвэр, антениуд маань босоод ирнэ шүү дээ.
Амьдралаас надад үлдсэн нэг хар тал нь "эрэгтэй хүнд дээрэлхүүлэхгүй шүү” гэсэн шазруун зан юм болов уу. Өөрөөр хэлбэл, "Би хэзээ ч эр хүнд дээрэлхүүлэхгүй” гэсэн амбийц маань их өндөр юм шиг байна лээ.
-Энэ амбийц чинь хоёр ч амьдралд цэг тавихад нөлөөлсөн юм биш биз?
-Аль алин дээр нь тийм юм болоогүй. Би хүнд итгэдэг, боломж олгодог. Эхний удаа тэснэ, хоёр дахь удаа давтагдвал хэлнэ. Гурав дахь дээр нь "уучлаарай, баяртай” гээд л хүүхдээ аваад гараад явсан. Тэр хүн ч бас өөрийнхөө бурууг ойлгоод, ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй учраас тийм тайван байдлаар асуудал шийдэгдсэн байх. Надад ямар ч асуудал байгаагүй болохоор би тэндээс их бардам гарч явсан.
Би нэг цаашаа харчихвал эргэж хардаггүй. Тэр хүний царайг ч харалгүй, олон жил болж байна. Эргэж наалдаад л, хэрүүл тэмцэл хийгээд л, хүүхдээ голд нь бөмбөг шиг бөмбөчүүлээд байдаг амьдрал надад их муухай санагддаг юм.
-Охин тань аавыгаа үгүйлж байгаа мэдрэмжээ хааяа ч гэсэн илэрхийлдэг үү?
-Бага байхдаа хөндийрсөн болохоор санадаггүй юм болов уу. Эсвэл надад илэрхийлдэггүй ч байж болно. Би хэд хэдэн удаа "Аавтайгаа уулзмаар байна уу” гэж асууж үзсэн. "Үгүй” л гэдэг юм. Дотроо хүсэж ч байгаа юм болов уу гэж бодоод дахиад асууна. "Би үгүй гэж танд эцсийн удаа хэллээ” гэдэг юм. Том болоод амьдралын наана, цааныг ойлгоод ирэхээрээ аавтайгаа уулзъя ч гэх юм бил үү, би тэр үед нь хориглохгүй ээ.
-Амьдрал хүнд өгсөн бэлгээ буцааж авах нь хүртэл учир шалтгаантай байдаг гэдэг. Магадгүй, түүнээс сайхан бэлэг бэлдчихээд, түүнийгээ өгөхийн тулд өмнөхөө буцааж авдаг ч юм бил үү?
-Тийм байгаасай. Би ч бас амьдрал надад үүрэх ёстой ачааг минь үүрүүлж, давах учиртай давааг минь давуулж байгаа гэж боддог.
Одоохондоо надад дахин гэрлэх сонирхол алга. Хүү, охин хоёрт маань аав дутагдаж л байгаа байх даа. Гэхдээ энэ хоёртоо зориулаад, гялс аав олоод өгөх үү гэдэг бас хэцүү шүү дээ. Өөрийнхөө зорьж буй байр сууриндаа хүрчихээд, энэ хоёртоо насан туршдаа "аав аа” гэж дуудах тэр хүнийг л дагуулж ирэхийг хүсэж байна.
-Амьдрал зохиоё гэж бодохгүй байгаа ч дурлахаас айхгүй л байгаа юм гэж ойлголоо, зөв үү?
-Дурлаж, хайрлах ч бас миний амьдралд хэрэгтэй шүү дээ. Хүнтэй үерхэж үзнэ. Болохгүй бол сална. Дахиад өөр хүнтэй үерхэж ч болно. Хамгийн гол нь, тэр асуудалд миний хүүхдүүдийг битгий оролцуул. Өнгөрсөн амьдралыг минь өнгөрсөнд нь үлдээчих. Ирээдүйн амьдралаа би өөрийнхөө хэрэнд зохицуулах гээд л хичээж явна. Би аз жаргалыг хайж л явна. Би хүмүүсийн дундаас л сонгох учраас үерхэж, нөхөрлөж үзэх нь зөв биз дээ. Хүн намайг хайрлах мэдрэмжээс би бас эрч хүч авна шүү дээ.
-Эмэгтэй хүн бүрийн дотор л шулам оршдог гэдэг. Тэр шулмын зан араншин ямар үед хамгийн хүчтэй илэрдэг бол?
-Хүн намайг доромжлох үед. Би амьдралдаа ганцхан удаа өөрийгөө хүртэл гайхталаа бухимдаж үзсэн. Шалтгааныг нь дурдаад яах вэ.
"Үхрийг битгий уурлуул. Үхэр гэдэг барагтай бол уурладаггүй амьтан. Хэрэв уурлавал замд тааралдсан бүхнээ сэжлээд мөргөөд явчихдаг” гэдэг шүү дээ. Би нэг тиймэрхүү л хүн юм билээ.
-Ингэхэд эрэгтэй хүнийг түрүүлж өдөж үзсэн үү?
-Үгүй байх аа. Таалагдсан хүн маань надад масс өгөөд эхэлбэл үелзэлийг хүлээж авахдаа харин амархан юм шиг байна лээ.
-Уучлаарай, хэт сониуч асуулт байж магадгүй. Амьдрал зохиочихсон байхдаа нөхрөөсөө өөр эр хүнийг шохоорхож байсан уу?
-Ёстой үгүй. Би их үнэнч. Тэгж бүхнээ зориулснаасаа болж алдсан ч байж магад.
-Ажлын санал орж ирэхгүй аргаа барж байсан үе бий юу?
-Байлгүй яах вэ. Ажилгүй, гэртээ нам суучихдаг үе бий. Тийм үед санхүүгийн байдал хүндэрнэ. Ээжээсээ зээлнэ. Кинондоо орохоороо ээждээ буцаагаад өгчихнө. Өөрөө олоод сурчихсан болохоор олж чадахгүй үедээ бухимдаж, бачуурдаг л юм.
-Огт өөр шалтгаанаар бачуурдаг болов уу гэж бодож байлаа?
-Өөр ямар шалтгаан байх билээ.
-Хүссэн асуултандаа хариулт авах гэсэн сэтгүүлчийн заль л даа. Хувийн амьдралын талаарх цуурхалд хариу өгчихлөө. Гэвч "Х ТҮЦ”-ээс яагаад гарсан бэ гэдэг асуулт хариултгүй үлдчихээд байна л даа?
-Шар сайтууд намайг хөөгдчихсөн гэж тайлбарласнаас болж энэ асуудал хариултгүй үлдчихсэн юм. Чин үнэндээ тийм зүйл болоогүй. Би тэр үед хайр дурлалтайгаа учирчихсан, Бархүүг эрэгтэй хүн гэж харах ч сөхөөгүй явсан.
Тухайн үед ажлын үл ойлголцох асуудлууд гарсан. Би өөрийнхөө байр сууринд бат зогсох гээд л хамтлагаасаа гарсан. Гарсандаа ч харамсдаггүй. Би тэнд таван жил болохдоо сайхан хамт олон дундаас их зүйл сурсан. Бид одоо ч сайхан харилцаатай байдаг.
-Илэн далангүй ярилцсанд баярлалаа.
Ц.Баттуяа
Сэтгэгдэл байхгүй байна.