Н.Мөнхсоёл: “Яг түүн шиг” шоу надад сайнаар нөлөөлсөн
Жүжигчин Н.Мөнхсоёлтой ярилцлаа.
-Сүүлийн үед уран бүтээл, телевизийн шоу гээд тун завгүй явна уу?
-"Боловсрол суваг” телевизийн "Яг түүн шиг” шоунд оролцоод зав зай муутай байгаа тул кинонд тоглож амжихгүй байна. Шоу дууссаны дараагаар хоёр ч уран бүтээлд ажиллах гэрээ хийсэн. Нэг нь адал явдалтай кино бий.
-Инээдмийн, адал явдалт, аймшгийн гээд төрөл бүрийн кинонд дүр бүтээсэн. Аль нь танд илүү ойр байв?
-Ихэнх эмэгтэй жүжигчин түүхэн кинонд хатны дүр бүтээхийг хүсдэг бол би эрэгтэй хүний дүр бүтээхийг хүсдэг. Шоунд оролцоод энэ хүсэл маань биелж, гурван ч удаа эрэгтэй хүний дүрд хувирсан. Харин жүжигчин хүнийхээ хувьд эсрэг дүрд тоглохыг хүсч байна. Эсрэг дүр бол урлах юм ихтэй, илүү их уран чадвар шаарддаг.
-Ямар дүрдээ илүү хайртай вэ?
-"Мөрдөгч” киноны Гэрэлмаагийн дүрдээ хайртай. Намайг илүү таниулж өгсөн. Дүр маань маш их таалагдсан. Дээрээс нь адал явдалтай гоё дүр. Хүчирхэг дайчин эмэгтэйн дүр байсан.
-Хүнд зохиолтой кино шүү дээ. Зураг авалтууд хэцүү байсан байх даа?
-Энэ кинонд тоглох үедээ тусгай албаны ажилтан бүсгүйчүүдийг үнэхээр их биширсэн. Ямар гэмт хэрэг хэдийд ч гарсан бай шууд газар дээр нь очиж, дүн шинжилгээ хийгээд л. Миний хувьд бүх ангийн зураг авалт хэцүү байсан. Манай кино дандаа гэмт хэргийн тухай гардаг. Хамтран тоглож байгаа хүмүүсээ өрөвдөөд, тоглолтын явцад уйлах гээд байсан. Нэг сцени дээр Цэцгээ эгчтэй хамт тоглодог юм. Цэцгээ эгч уйлдаг хэсэгт хамт уйлчих гээд өөрийгөө их барьсан. Би их зөөлөн хүн болохоор юм л бол уйлах гээд байдаг юм. Энэ нь ээж болсонтой маань холбоотой байх. Ээж болсноосоо хойш хүний хэлсэн үгэнд баярлах, гоё романтик кино үзэхдээ шууд уйлчихдаг болсон.
-Хүү тань хамгийн том фэн тань байхдаа?
-Миний хүү миний улаан, ногоон фэн. Ээжийгээ сайн ойлгодог. Мөн миний зөвлөгч. Заримдаа ямар хувцас өмсөхийг минь зөвлөнө. Аймшгийн кинонд тоглож болохгүй шүү гэж захидаг юм. Хүүдээ аль болох цаг зав гаргахыг хичээдэг ч ажил амжихгүй үе зөндөө. Тиймээс зарим үед зураг авалтдаа хүүгээ дагуулаад очдог.
-Үзэгчдийг байлдан дагуулж байгаа "Яг түүн шиг” шоуны тухай ярилцъя. Анх энэ шоунд оролцох эхлэл хэрхэн тавигдсан юм бэ?
-Нэгэн арга хэмжээний үеэр "Гэр контент”-ийн энэ жил хийх шоуны тухай харж байсан юм. Тэгэхэд "Яг түүн шиг” шоуг харчихаад гоё санагдсан. Энэ шоунд оролцох юмсан гэж их бодсон. Харин энэ арга хэмжээний дараахан "Боловсрол суваг” телевизийн найруулагч Даваабаяр ах санал тавихад маш дуртай хүлээж авсан. Энэ бол дэлхийн хэмжээний том шоу. Тиймээс анхны оролцогчийн нэг нь болно гэдэг надад тун олзуурхууштай явдал болсон.
-Дүрээ өөрсдөө сонгодог. Танд тун хатуу сугалаа таардаг?
-Тийм шүү. Шүүгч Г.Ганхүү ах намайг азтай ч юм шиг, азгүй ч юм шиг дүр сугалах юм аа гэдэг юм. Жүжигчин хүн учраас янз бүрийн хувьд хувирах нь ур чадвараа бусдад харуулах сайн талтай ч надад үнэхээр хүнд дүрүүд таарчихаад байгаа. Би бүр "Боловсрол суваг”-ийнханд та нар намайг жүжигчин болохоор албаар ийм дүр оноогоод байна уу ч гэж хэлж байсан (инээв). Гэхдээ шоу маань үнэхээр шударга болдог. Бид дүрээ өөрсдөө баззердаж сонгодог учраас хэнийг ч хардах билээ дээ.
-Gee-гийн дүрийг сонгоод маш их баярлаж байгааг чинь харсан. Эрэгтэй хүний дүр сонгоход хэцүү байгаагүй юу?
-Шоуны үеэр Селин Дион, Женнифер Лопез гээд хүнд дүрүүд сонгочихоод бага зэрэг эмээсэн. Харин Gee-г сонгоод их баярласан. Би дууг нь сонсох дуртай. Их зөв бодолтой хүн шиг санагддаг. Дуунууд нь ч үнэн үгтэй, хүмүүст нэгийг бодогдуулмаар шүү дээ.
-Gee-гийн дүрийг бүтээхийн тулд өөртэй нь уулзсан гэл үү?
Нэвтрүүлэгт оролцож байх үедээ Gee-г ажиглаад л байсан. Шоунд Монгол болон дэлхийн оддыг сугалж байсан учраас Монголоос Gee-г сугалбал дуурайх юм ихтэй гоё болох юм байна гээд л хараад байсан. Тэгсэн чинь баззер дарахад яг Gee таарсан. Би маш их баяртай байсан. Миний дүрүүдээс Gee хамгийн их таалагдсан. Дуулж байх үедээ дуундаа ороод омогшоод л байсан
-Би дүр сугалахаас өмнө "Т-цаг” гэж хоолны нэвтрүүлэгт хамт уригдсан. Тэгээд танилцацгаасан юм. Фейсбүүкт яваад байсан зураг бол нэвтрүүлгийн үеийн зураг. Нэвтрүүлэгт оролцож байх үедээ Gee-г ажиглаад л байсан. Шоунд Монгол болон дэлхийн оддыг сугалж байсан учраас Монголоос Gee-г сугалбал дуурайх юм ихтэй гоё болох юм байна гээд л хараад байсан. Тэгсэн чинь баззер дарахад яг Gee таарсан. Би маш их баяртай байсан. Миний дүрүүдээс Gee хамгийн их таалагдсан. Дуулж байх үедээ дуундаа ороод омогшоод л байсан (инээв).
-Энэ үзүүлбэр дээр эх нутгаа хамгаалан дуулж буй эр хүнийг дуурайсан бол яг дараагийнхад нь Кайли Миноугийн дүрд хувирсан. Маш эмэгтэйлэг дур булаам?
-Кайли Миноуг бол их дур булаам эмэгтэй. Шоуны үзүүлбэрт нэг дууных нь клипийг дуурайх болсон юм. Хамгийн их айсан юм нь бараг хувцас байгаа үгүй юм уу гэмээр задгай хувцаслалт байсан. Би үүнийг дуурайж чадахгүй байх аа гээд л тайзан дээр гарахдаа биеэ их барьсан. Дуучны хувьд хоолой нь энгийн, тийм ч их чадал гаргаж биш их эвлэгхэн дуулдаг. Селин Дион, Кейти Перри хоёр бол хүчтэй хоолойтой, дандаа дээд өнгө авдаг. Кайли Миноугийн хоолой нь минийхтэй төстэй санагдсан. Тиймээс дуулалт харьцангуй гайгүй байсан.
-Одоо Элса болно. Хэр их бэлдэж байна?
-Дуу, бүжгийн сургуулилтаа хийгээд л байна. Элсагийн дүр авсны дараа хүмүүс эвлүүлэг хийгээд тавьчихсан байсан нь таалагдсан. Гоё болсон байна лээ. Элсагийн дуунд хүүхдүүд гэлтгүй томчууд ч маш их дуртай. Хүүхдүүдийн хамгийн хайртай үлгэрийн баатрын нэг учраас дүр дээрээ их ажиллаж байгаа.
-Шоунд оролцсоноор таныг шүтэн бишрэгчийн тоо нэлээд ихэссэн байх аа?
-"Яг түүн шиг” шоу бол оролцогчийнхоо карьерийг нэг бол суга дээш нь өсгөнө, эсвэл доош нь татах магадлалтай. Учир нь муу байвал хүмүүсийн үнэлэмж буурсаар л байх болно шүү дээ. Өмнө нь намайг энгийн нэг жүжигчин гэж харж байсан бол шоунд орсноор илүү өөр талаас нь таньж эхэлж байна. Надад шоу үнэхээр сайнаар нөлөөлж байгаа.
-Өмнө нь Солонгос явж байсан, продакшнтай гэрээ байгуулах гэж байгаад татгалзсан тухай сонссон. Энэ талаараа ярихгүй юу. Яагаад тэр том зах зээлд гарах боломжоо орхисон юм бэ?
-Би арван жилээ төгсөөд Солонгос явж, хэлний бэлтгэлд сурсан юм. Тухайн үедээ нэг продакшнд шалгуулаад тэнцсэн ч эх орондоо заавал хоёр жил суралцсан байх ёстой гэдэг шаардлага тавьсан. Эх орондоо ирээд СУИС-д хоёр жил сураад явах гэсэн боловч багш нар маань юмыг дундаас нь орхиод дэмий гэсэн учраас сургуулиа төгссөн. Сургуулиа төгсөөд Солонгост очиж, өнөөх продакшнтайгаа уулзтал таван жилийн турш Солонгост амьдарна, энэ хугацаанд Монголын уран бүтээлд тоглохгүй зөвхөн продакшндаа л ажиллана гэсэн болзол тавьсан нь надад таалагдаагүй. Яагаад гэхээр Монголдоо дөнгөж өөрийгөө таниулах гэж хичээж байгаа залуу жүжигчин байж таван жил гадаадад байгаад ирэхээр нас 30 гарчихна ш дээ. Тиймээс саналаас нь татгалзсан. Гэхдээ одоо болтол холбоотой байдаг.
-Солонгос бол Холливудтай өрсөлдөх хэмжээнд хүрэхэд ойрхон байна. Энтертайнмэнт талдаа үнэхээр мундаг болж байна. Тэгэхээр гэрээгээ хийгээд ажилладаг байж гэж харамсч байв уу?
-Үгүй. Монголдоо гэр бүлийнхэнтэйгээ хамтдаа сайхан байна. Ажил маань ч өргөжиж байна. Гэрээ маань одоо болтол нээлттэй бий. Тэгэхээр боломжийг алдлаа гэж харамсдаггүй. Хүсвэл би хэзээ ч очоод ажиллаж болохоор байгаа.
-Одоогийн амьдрал тань таны хүсч мөрөөдсөн амьдрал мөн үү?
-Яг мөн (инээв). Багаасаа жүжигчин болохыг мөрөөддөг байсан. Кино үзэхээрээ гол дүрийн жүжигчнийг нь заагаад л би энэ шүү гэдэг байсан (инээв). Их даруухан байсан хэрнээ гэртээ орж ирээд "галзуу” болчихно. Намайг харж бай би тэр болно шүү гээд л хүн дуурайдаг байлаа. Хүн юуг тарина, түүнийгээ хурааж авдаг гэж ээж маань хэлдэг юм. Олон жил хүсч мөрөөдөж, ярьдаг байсан учраас тэр маань одоо биелж байна гэж боддог. Сайхан юм хэлээд байвал түүнийгээ л өөртөө татдаг.
-Амьдралын тань хамгийн аз жаргалтай үе гэвэл?
-Амьдралын минь бүх үе аз жаргал. Энэ хорвоод эрүүл саруул хүн болж мэндэлсэн минь хамгийн том аз. Хүссэн ажлаа хийгээд би сайхан амьдарч байна. Сайхан аав, ээж, хүү, найз нөхөд гээд надад бүх зүйл байна.
-Хувийн амьдралынхаа талаар ярихгүй юу. Сүүлийн үед таныг шинэ хайрттайгаа гадаадад зугаалж явна гэх мэдээлэл гараад байгаа. Энэ үнэн үү?
-Шинэ хайртайгаа далайн эрэг дээр зугаалаад, гэрлэх санал авлаа гэдэг мэдээ яваад байсныг харсан. Гэхдээ тэр гадаад далайн эрэг гээд байгаа нь манай тэрэлжийн нуур ш дээ. "Хам” студи Өвөрмонгол дуучны клип хийхээр болсон юм. Тэр клипэнд жүжигчин Т.Билэгжаргал бид хоёр тоглосон. Их романтик гоё клип. Тэдгээр зураг бол клипний зураг авалтын үеийн зургууд.
-Тэгэхээр одоо болтол ганц бие хэвээр гэж үү?
-Тийм.
-Сүүлд нэг ярилцлагадаа ганц бие амьдрахаар шийдсэн гэж ярьсан байсан. Насаараа ганц бие явахгүй биз дээ?
-Насаараа ганц бие явахгүй л дээ. Аливаа юм цаг хугацаатай байдаг байх. Одоогийн байдлаар надад хийх ажил их байна. Тиймээс хайр дурлалын асуудлыг түр хугацаанд хойш тавихаар шийдсэн. Мөн хайр дурлалын тал дээр илүү хашир болсон.
-Эрчүүдийн юу таныг хамгийн их татдаг вэ?
-Би хамгийн эхлээд харц, инээмсэглэлийг нь хардаг. Харцнаас нь тухайн хүний юу туулж ирсэн, ямар санаатай байна вэ гэдэг нь ч юм уу бүгд харагддаг. Мөн биеэ авч явах байдал, бусдыг хэрхэн хүндэлж, халамжилж байгааг нь ажигладаг.
-Нэлээд өндөр шалгууртай байх нь ээ.
-Гэхдээ дурлачихвал бүх зүйл нь сайхан харагддаг болчихдог юм биш үү (инээв). Юун шаардлага, бүгд хамаагүй болно ш дээ. Ер нь эмэгтэй хүний сэтгэлийн утсыг нь хөндчихвөл нөгөө хүн нь төгс төгөлдөр гэж харагддаг байх.
-Тэгвэл таны сэтгэлийн утсыг хөндөхийн тулд эрчүүд яах ёстой юм бол?
-Хэлж мэдэхгүй юм. Нэг тийм торгон мэдрэмж л байна байх даа.
-Анх таныг гэр бүл үймүүлсэн гээд их л хэл ам болж байсан. Магадгүй таныг жүжигчин гэхээс илүү шуугианаар тань мэдэх болсон хүн олон бий. Тэр үед сэтгэл санааны байдал хэцүү байсан нь ойлгомжтой. Тэрнээс хойш ийм хашир болчихов уу?
-Шууд тэгэж хэлж болохгүй байх аа. Тухайн үед их хэцүү байсан. Уран бүтээлүүдэд тоглоод бага ч гэсэн танигдаж эхэлж байсан үе. Гэтэл тийм шуугиан гарснаар гэр бүл салгасан аймшигтай хүүхэн гээд л дайралт их ирсэн. Тэр үед их эмзэглэсэн. Анх тэр мэдээлэл гарч байх үед би уг нь ийм юм хийгээгүй ш дээ гээд л уйлдаг байлаа. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам хэн нь хэн байв гэдгийг хүмүүс ойлгосон байх. Тухайн үед би ямар ч ярилцлага өгч байгаагүй. Гэтэл сайтын сэтгүүлчид зохиогоод биччихсэн байсан. Үүнд нь би их гомддог. Энэ явдлаас хойш хайртай хүмүүсээ нууцалж байх ёстойг ойлгосон. Хар, цагаан хэл амнаас хамгаалах л хэрэгтэй юм байна лээ. Би яахав уран бүтээлч хүн учраас янз бүрээр хэлэгдэхэд тоохгүй орхиж болно. Харин хайртай хүмүүс маань надаас болоод янз бүрээр хэлэгдэхэд үнэхээр их эмзэглэдэг.
-Зан чанарын хувьд өөрийгөө яаж тодорхойлох вэ?
-Их тайван. Зорьсон зүйлдээ хүрэхийн тулд тууштай хичээдэг. Өөрийгөө магтаж хэлбэл дайчин (инээв). Их зөөлөн, эмзэг талдаа.
-Гэхдээ ааш гаргах үе байна биз дээ?
-Байлгүй яахав. Учиргүй их уурлахааргүй л юм бол тайван ханддаг. Харин уурлах бол ёстой жинтэй уурлаад дуугаа хураачихдаг. Аав минь яг ийм зантай. Ер нь зан чанарын тал дээр аавыгаа дуурайсан.
-Та тун сайхан хувцасладаг. Мэргэжлийн хүнээс зөвлөгөө авдаг уу?
-Баярлалаа. Хүнээс зөвлөгөө авдаггүй. Өөртөө таалагдсан хувцсаа өнгөөр нь зохицуулаад өмсдөг. Эмэгтэй хүн биеийнхээ өө сэвийг далдлаад, гоё сайхнаа тодотгож хувцаславал сайхан. Тэрнээс биш хэдэн саяын үнэтэй брэнд хувцас өмсөх эсэх нь чухал биш.
-Нэг томоохон хүлээн авалт дээр тантай яг адилхан даашинзтай хүн ирвэл яах вэ?
-Их л биеэ барих байхдаа. Тэгээд гараад явчихаж магадгүй. Эсвэл шууд нөгөө хүн дээрээ очоод зургаа аваад фейсбүүктээ зургаа хийгээд сенсаци гарахаас өмнө өөрөө зарлах байх даа (инээв). Тэгж тоглоом шоглоом болгоод өнгөрнө.
-Ямар гоёл чимэглэлд дуртай вэ?
-Тод шигтгээтэй гоёл чимэглэлд дуртай. Хүзүүний зүүлт, бугуйвчинд их дуртай. Том ээмэг зүүж чаддаггүй. Чих унжаад л эхэлнэ шүү дээ.
Эх сурвалж:Ардын эрх сонин