Эхнэрээ 4.5 см-ээс өргөн тэлээгээр зодож болохгүй хуультай
Гэртээ хирс байлгаж болохгүй, угаалгын өрөөндөө нас барвал 100 доллараар торгоно, эхнэрээ зодохын тулд зөвшөөрөл авах ёстой гэх мэт газар газрын хачин хуулиудын утга учир нь юу вэ? Эрүүл саруул хүний санаанд оромгүй хачин хуулиуд энэ дэлхийн олон оронд үйлчилдэг. Ялангуяа төгс төгөлдрийн жишээ болсон Америк орон хачин балай хуулиудаараа алдартай. Мэлхий долоож болохгүй, гал түймрээс нүцгэн эмэгтэй хүн аврах хориотой, айлын өрөө түрээсэлж байгаа хүн гэрийн эзнийг хазвал торгоно гэх мэтийн хуулийг балай гэхээс өөр юу гэх вэ? Гэхдээ эдгээрийг хэн нэгэн санаанаасаа зохиогоод хуульчилчихаагүй, дор бүрнээ л ямар нэг бодит үйл явдлаас урган гараад тухайн үедээ хуульчлахгүй бол болохгүй юм байна хэмээн үзэж дархалсан. Зарим нь өнгөрсөн зуунд, зарим нь нэг, тэр бүү хэл хоёр гурван зууны өмнө бий болсон иймэрхүү олон хуулийг өнөө ч засч залруулалгүй мөрдсөөр байдаг нь хачин юм. Тэдгээрээс өгүүлбэл,
Америкт:
- Калифорни мужийн Чикаго хотын нутаг дэвсгэр дотор атомын бөмбөг дэлбэлж болохгүй гэсэн хуультай. Зөрчвөл 500 доллараар торгоно гэжээ.
- Техас мужид гэмт хэрэгтэн хэрэг үйлдэхээсээ ядаж нэг хоногийн өмнө хохирогч болох хүндээ бичгээр, эсвэл амаар мэдэгдэх ёстой. Түүгээр барахгүй хэргийг хэрхэн яаж үйлдэхээ тодорхой мэдэгдэнэ. Энэ хуулийг зөрчсөн бол шүүх дээр хэрэгтний ялыг хүндрүүлэх нөхцөл болгон авч үздэг ажээ.
- Чикагод шатаж байгаа байшинд хоол идэж болохгүй, Нью-Орлеанд матрыг гал унтраах усны хоолойд уях хориотой, Миссүрид гал сөнөөгчид чармай нүцгэн эмэгтэй хүнийг аварч болохгүй, Коннектикут мужийн Нью-Бритн хотод галын машиныг цагт 34 километрээс илүү хурдлуулахгүй, Айовад гал сөнөөгчид дуудлага аваад, гарахаасаа өмнө 15 минут сургуулилалт хийх ёстой.
- Ютад эмийн сангууд толгойны эмний оронд дарь худалдаж болохгүй. Энд мөн машин зам дээгүүр шувуу нисэх хориотой, бас гудамжаар хийл авч явахдаа цаасан уутанд хийж болохгүй гэнэ.
- Флорида мужийн Пенсакола хотод эмэгтэй хүн гэр ахуйн цахилгаан хэрэгсэлтэй буруу харилцсанаас болж угаалгын өрөөндөө нас барвал 100 долларын торгууль төлөх ёстой. Мужийн бусад хотод усны хувцастай дуулах, нүцгэнээр биеэ угаах, өдөртөө гурваас дээш тооны таваг хагалах бүгд хориотой. Мөн хадамд гараагүй эмэгтэй хүн бүтэн сайн өдөр шүхрээр үсрэхийг хориглосон хууль бий.
- Лос Анжелест нөхөр нь эхнэрээ 4.5 см-ээс өргөн тэлээгээр зодож болохгүй. Хэрвээ үүнээс өргөн тэлээгээр зодох бол эхнэрээсээ заавал зөвшөөрөл авсан байх ёстой гэнэ. Харин Алабама мужийн Жаспер хотод зузаанаараа өөрийн эрхий хуруунаас өргөн модоор эхнэрээ зодож болдоггүй хуультай.
- Кентаккид эмэгтэй хүн усны хувцастай гарцаар гарч болохгүй. Харин хажуудаа хоёр цагдаатай, эсвэл гартаа хүрз барьсан бол болно. Мөн 40 кг-аас бага, эсвэл 90 кг-аас их жинтэй бол хамаагүй гарч болно гэнэ.
- Арканзас мужийн нэгэн хуульд "Арканзас голын усны түвшин Литл Рок хотын гүүрийг давж болохгүй” хэмээн заажээ. Хууль ямар болохыг гол хэрхэн мэдэх болж байна аа. Мөн мужид сонгуулийн өдөр сонгогчид санал хураах байранд 15 метрээс дотогш ойртож болохгүй гэнэ. Ингэснээр сонгууль болоход мужийн сонгогчид бүгд хуулиа уландаа гишгэх хэрэгтэй болж байна.
- Мэн мужийн Рамфорд хотод байр түрээслэгч хүн эзнийг нь хазахыг хоригложээ.
Сэтгэгдэл байхгүй байна.