250 цагаач тээвэрлэж явсан завь хөмөрчээ
Андаманы тэнгист 250 орчим цагаач тээвэрлэж явсан усан онгоц хөмөрч, хүмүүс нь сураггүй болсон хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан. Бангладеш болон рохинжа цагаачдын дунд хүүхдүүд ч цөөнгүй байжээ. Усан онгоц чухам хэдний өдөр хөмөрсөн нь тодорхойгүй ч дөрөвдүгээр сарын 9-нд Бангладешийн далбаатай нэгэн хөлөг усанд живэхгүйн тулд мод, саваанаас зууран хөвж буй есөн хүнийг аварчээ.
Мьянмарын цөөнх үндэстэн рохинжа нар 2017 оны цуст мөргөлдөөнөөс хойш Бангладеш руу хил даван дүрвэх болсон. Рохинжа нар ихэвчлэн ислам шашинтай байдаг бөгөөд буддын шашин зонхилсон Мьянмар улс тэдэнд иргэншил олгодоггүй. Тэд Малайзыг бүс нутгийн хамгийн аюулгүй орнуудын нэг гэж үздэг тул аюул, эрсдэлийг сөрөн байж тийшээ дүрвэх нь ч бий.
НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссар болон Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага хамтарсан мэдэгдэлдээ "Энэ эмгэнэлт явдал нь нутаг заагдан амьдарч буй рохинжа нарт тохирсон тогтвортой шийдэл байхгүй байгаагийн гор" гэжээ.
Мьянмарт үргэлжилж буй мөргөлдөөн, сөргөлдөөн нь цагаачдын эх орондоо эргэж очих найдлагыг улам бүдгэрүүлж байна. Тэд жижиг, давчуу завиар аюулыг сөрөн байж далайд гардаг боловч зарим нь живж амиа алддаг, зарим нь баригдаад буцаж ирдэг. Малайз, Индонез руу цагаачдын завь дөхөөд ирмэгц эрх баригчид юм уу эргийн оршин суугчид тэднийг хүлээж авалгүй буцаах тохиолдол байдаг ажээ.
ЭХ СУРВАЛЖ: BBC


