78 дахь удаагийн Эммигийн улаан хивсний онцлох загварууд

🕐 2026/10/29
78 дахь удаагийн Эммигийн улаан хивсний онцлох загварууд

Телевизийн салбарын шилдгүүдийг тодруулдаг Эммигийн 78 дахь удаагийн шагнал гардуулах ёслол Даваа гаригт (2026.09.14) АНУ-ын Лос-Анжелес хотын "Peacock Theater"-т боллоо. Энэ үдэш алдартнуудын өмссөн хувцас загварын ертөнцийн анхаарлыг татаж, удахгүй болох бусад томоохон ёслолуудын үеэр ямар чиг хандлага давамгайлахыг сонирхох боломж олголоо. Тэгвэл "FASHION" буландаа харц булаам загваруудыг онцолж байна.


Энэ жилийн Эммигийн улаан хивсний ёслолд хэт зоримог загвар давамгайлаагүй гэж загварын мэргэжилтнүүд дүгнэжээ. Харин энгийн өнгө, даруухан загварыг сонирхолтой эсгүүр, детальтай хослуулсан хувцас олон байв. Тухайлбал, “Hacks” цувралын жүжигчин Меган Сталтер Эммигийн алтан цомтой төстэй хувцас өмсөж ирсэн нь хамгийн содон сонголтуудын нэг байлаа. Харин Селена Гомес алтан өнгийн гялалзсан материалтай "Louis Vuitton" даашинзаар илүү дэгжин төрхийг бүрдүүлжээ.

Энэ жилийн гол чиг хандлагын нэг нь хар өнгө байв. Гэхдээ хар өнгийг уйтгартай харагдуулахгүйгээр ашигласан нь онцлог. Жүжигчин Одесса А’зион захтай хослол өмссөн бол Кери Рассел шал хүрсэн хар савхин "Khaite" даашинзаар гоёжээ.

Мөн нэг мөртэй буюу тэгш хэмт бус загварын даашинз олонтаа харагдав. “Shrinking” цувралын жүжигчин Лукита Максвелл нэг мөрөндөө бөөгнөрсөн таффета детальтай, шампанск өнгийн "Louis Vuitton" даашинз өмссөн байна.

Квинта Брансон "Christian Cowan" брэндийн мөрнөөс унаж байгаа мэт харагдах өвөрмөц загварын даашинз сонгожээ. Гэхдээ даашинзыг биед тогтоохын тулд арьсны өнгөтэй нимгэн тюль ашигласан байв. Мөн Кристен Белл "Alberta Ferretti" брэндийн нимгэн нөмрөгтэй загвар, Синтия Никсон "Issey Miyake"-ийн уран баримал мэт хийцтэй хувцсаар асимметрик загварыг өөр өөрийнхөөрөө илэрхийлжээ.

Өнгөний хувьд бүгд л өөрт тохирох өнгийг сонгожээ. Улаан, цайвар, бор, хар-цагаан өнгийн загварууд зэрэгцэн харагдав. Мариска Харгитай, Ниси Нэш, Риа Сихорн нар тод улаан даашинзаар гоёсон бол Флоренс Пью "Vivienne Westwood"-ийн бор өнгийн даашинз өмссөн байна.

Хар, цагаан хослолын сонгодог чиг хандлагыг Дакота Фэннинг "Carolina Herrera", “The White Lotus” цувралын жүжигчин Беатрис Гранно "Vivienne Westwood" брэндийн загвараар харуулжээ.

Эрэгтэй жүжигчид ч мөн хувцаслалтаараа ялгарч байв. Жефф Хиллер, Алан Камминг нар хатгамалтай хослолоор гоёсон. Харин Оскар Айзек "Celine", Ноа Уайли "Brunello Cucinelli" брэндийн цайвар өнгийн хослолоор сонгодог хэв маягийг шинэчилжээ.

Видео тоглуулагч


00:00

00:05


Харин “Hacks” цувралын жүжигчин Карл Клемонс-Хопкинс богино хүрэм, ардаа унжсан урт деталь бүхий загвараар смокингийн уламжлалт хэлбэрийг бүрэн өөрчилсөн байна. Ийнхүү энэ жилийн Эммигийн улаан хивсний ёслолд асимметрик загвар, хар өнгө, металл материал, цайвар болон бор өнгө, хар-цагаан хослол зэрэг олон төрлийн чиг хандлага зэрэгцэн харагдлаа.

Tonshuul.mn ©. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан