З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт холбогдох шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээлээ

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн өчигдрийн хуралдаанаар УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан З.Энхболд, Зам, тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийг хэлэлцэж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээжээ.
Хоёр шатны шүүхээс Б.Энх-Амгаланг улс төрд нөлөө бүхий этгээдээр ажиллаж байх хугацаандаа үргэлжилсэн үйлдлээр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгох гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, З.Энхболдыг улс төрд нөлөө бүхий этгээд болох Энх-Амгаланд хууль бусаар нөлөөлсний улмаас түүнийг үргэлжилсэн үйлдлээр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгох гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэж хатгагчаар хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон.
Тэгвэл өчигдрийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар шүүгдэгч, өмгөөлөгчдийн гаргасан гомдол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлд хамаарахгүй гэж үзсэн байна.
Улмаар дээрх хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэснээр анхан болон давж заалдах шатны шүүх гэм буруутай гэж үзсэн шийдвэр хэвээр үлдлээ.
Ташрамд дурдахад, анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Харин Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчдийн биеийн байдлыг харгалзан үзэж нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах ялыг хэвээр үлдээж, хорих ялыг 40,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж хөнгөрүүлсэн байна.

