Хуулийн байгууллагаас шалгаж буй албан тушаалтнууд
Авлигатай тэмцэх газар /АТГ/ эрх бүхий албан тушаалтнуудын ажлын байранд нэгжлэг хийж, авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа талаар мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор хэд хэдэн албан тушаалтанд хамаарах хэрэг хянан шалгах ажиллагаа хэрхэн үргэлжилж байгаа талаарх мэдээллийг нэгтгэн хүргэж байна.
НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Л.ХОСБАЯРЫГ ШАЛГАЖ БАЙНА

НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр нь Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатарын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор ажиллаж байсан. Мөн “Нийслэлийн өмчит Улаанбаатар Хөрөнгө Оруулалт, Менежмент ҮЦК” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан бөгөөд тус компани нь нийслэлийн хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдэд төсвийн бус эх үүсвэр татах, санхүүжилтийн бүтэц боловсруулах, сангуудын үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг аж.
Тэгвэл түүнийг Эрүүгийн хуулийн 22.1-д заасан "Эрх мэдэл, албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглах" гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа аж. Улмаар 2026 оны есдүгээр сарын 9-нд түүний ажил, гэрт АТГ-аас шалгалт явуулсан байна.
Тодруулбал, хотын дарга асан Х.Нямбаатарын үед нийслэлд хэрэгжиж эхэлсэн 24 мега төслийн санхүүжилт, гүйцэтгэл зэрэгт хяналт шалгалт хийх АТГ, ТЕГ, ЦЕГ хамтарсан тусгай ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулан ажиллаж байгаа юм. Энэ талаар НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр "Надаас 24 мега төсөлтэй холбоотой АТГ-аас асууж тодруулах зүйл байсан учраас намайг дуудаж шалгасан. Би ямар нэг хууль зөрчөөгүй. Дахиад дуудах юм бол дуудсан цагт нь очино" гэдэг тайлбар өгсөн.
П.ГАНБОЛДЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ
“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн дэд дарга, ерөнхий менежерээр ажиллаж байсан П.Ганболдыг АТГ-аас шалгаж эхэлжээ. Тэрбээр, бүтцийн өөрчлөлтөөр ажлаас гарахдаа өндөр хэмжээний тэтгэмж авчээ. Түүний хувьд ажлаас гарснаас хойш сар гаруйн дараа Иргэний нисэхийн ерөнхий газарт Төлөвлөлт, зохицуулалтын газрын даргаар томилогдсон байна.
Өмнө нь П.Ганболдыг ИНҮТ-өөс 400 орчим сая төгрөгийн тэтгэмж авсан гэх мэдээлэл гарч байсан. Харин энэ асуудлыг Авлигатай тэмцэх газраас шалгах явцад авсан мөнгөний хэмжээ 510 сая төгрөг болох нь тогтоогджээ.
Өөрөөр хэлбэл, П.Ганболд нэг байгууллагаас бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдөж, өндөр хэмжээний тэтгэмж авсан ч удалгүй өөр нэг байгууллагад албан тушаал хаших болсон байна.

Д.ТОГТОХСҮРЭНГИЙН ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГООГҮЙ
УИХ-ын гишүүн асан, “Эрдэнэс критикал минерал” ТӨҮГ-ын захирал Д.Тогтохсүрэнг албан тушаалаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа. Түүнийг энэ хэргээр өмнө нь цагдан хорьж байсан юм.
Д.Тогтохсүрэнг тус байгууллагын захирлаар ажиллаж байхдаа 6600 тонн хүдрийн баяжмалыг ачилтын дараалал харгалзалгүйгээр тээвэрлүүлж, БНХАУ-ын “Hh” компанид давуу байдал олгосон байж болзошгүй гэж үзэн шалгаж байгаа аж.
Мөн “XE” компанийн захирал Э-гээс бусдаар дамжуулан 100 сая төгрөгийн хахууль авсан байж болзошгүй гэх асуудал мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд яригдаж байна.
Сүүлийн үед цахим орчин болон зарим хэвлэлээр Д.Тогтохсүрэнгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон гэх мэдээлэл тархсан. Харин Улсын ерөнхий прокурорын газраас энэ мэдээллийг үгүйсгэж, хэргийг хэрэгсэхгүй болгоогүй, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа талаар мэдээлсэн юм.

Н.ТАВИНБЭХ НАРТ ХОЛБОГДОХ ШҮҮХИЙН УРЬДЧИЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХОЙШЛУУЛЛАА
Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Тавинбэх нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг 2026 оны есдүгээр сарын 14-нд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болсон.
Гэвч шүүхийн хэлэлцүүлгийн үеэр прокуророос шүүгчийг татгалзуулах хүсэлт гаргаснаар хуралдааныг үргэлжлүүлэх боломжгүй болжээ. Прокурор шүүгч П.Товуудоржийг П.Даваадорж нартай төрөл садны холбоотой байж болзошгүй гэж үзэж, энэ талаарх баримтаа ерөнхий шүүгчид гаргаж өгөхөөр болсон байна.
Н.Тавинбэхийг Авлигатай тэмцэх газраас бусад хүмүүстэй хамтран албан тушаалаа ашигласан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж буй. Тодруулбал, Монгол Улсад хэрэгжиж буй төслийн зөвлөх үйлчилгээний гэрээг хугацаанаас нь сунгаж, үйлчилгээний төсвийг 2,965,515.69 ам.доллараар нэмэгдүүлэн тодорхой аж ахуйн нэгжид давуу байдал олгосон гэх үндэслэлээр хэрэг үүсгэн шалгасан байна.
Улмаар хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд одоо шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд байгаа юм.

АТГ: Ч.НОМИН САЙДЫГ ШАЛГАЖ БАЙНА
Авлигатай тэмцэх газраас Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номинг шалгаж байгаа талаар мэдээллээ. Сүүлийн үед Ч.Номингийн албан өрөө болон гэрт нэгжлэг хийсэн гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Харин энэ талаар АТГ-аас "Ямар нэгэн нэгжлэг болон бусад ажиллагаа явуулаагүй" гэдгийг мэдэгдсэн байна.
Гэхдээ Ч.Номинд холбогдох хэргийг шалгах хүрээнд гадаадын улсад эрүүгийн эрх зүйн харилцан туслалцаа хүссэн байна. Одоогоор тухайн хүсэлтийн хариуг хүлээж байгаа аж.
Ч.Номингийн холбогдон шалгагдаж буй асуудал нь Английн “Фүлхэм” хөлбөмбөгийн клубтэй байгуулсан гэрээтэй холбоотой байна гэдгийг хэвлэлүүд мэдээлж байгаа юм.



