30-ЫН БҮЛЭГ Н.УЧРАЛЫГ ГЕНСЕК Я.СОДБААТАРТАЙ НЬ “ЯВУУЛНА”
Ардын намынхан хоорондоо учраа олж чадахгүйгээс улс орны ажил гацаж, урагшлах уу, ухрах уу гээд хаа хаанаа гэдийж сууна. Угтаа бол Ерөнхий сайд Н.Учралд парламент нь, нам нь, танхимын сайд нар нь ч итгэхгүй байгаа учраас өөртөө итгэл үзүүлэх эсэх асуудлаа оруулж ир гэдэг Ардчилсан намын шаардлага зөв.
Хэрэв өөрт нь хэн ч итгэхгүй бол яаж улс орон удирдаж, ард түмнийхээ амьдрал ахуйг өөд нь татах шийдвэр гаргах вэ. Нэг хэсэг бүлэг хүний өөр хоорондоо эрх мэдэл булаацалдаж буйн горыг нь ард түмэн хүртээд суудаг улс орон Монголоос өөр байхгүй биз ээ.
30-ЫН БҮЛЭГ Н.УЧРАЛЫГ ГЕНСЕК Я.СОДБААТАРТАЙ НЬ “ЯВУУЛНА”
Ардын намынхан амралтын өдрүүдээр 30/38-аараа уулзалт хийж, Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин нараар нэгэндээ үг дайсан ч эцсийн шийдэлд хүрсэнгүй. 30-ын бүлгийн Д.Амарбаясгалан эзгүй байж байгаад өнгөрсөн амралтын өдрүүдэд ирж, Засгийн газрыг огцруулах ёстой гэсэн байр сууриа нэгтгэжээ. Учир нь МАН-ын генсек Я.Содбаатар “намын бодлогын эсрэг ажилласан хүмүүсийг намаасаа хөөнө” гэж айлдсан нь 30-ын бүлгийнхний дургүйг хүргэж, ийнхүү тэд Н.Учралын Засгийн газрыг огцруулж, намын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатарыг ч явуулах ёстой гэсэн байр сууринд нэгджээ.
Өөрөөр хэлбэл, Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатарыг ажлаа өгч, чадахгүй бол Н.Учралыг өөрөө Ерөнхий сайд, намын даргаа өг гэдэг асуудал ч тавигджээ.
Ардын нам өөрсдийгөө дотоод ардчилалтай нам гэдэг. Гэхдээ нам төрийн дээр үү, доор уу гэдэг ялгаа заагийг мэдэхгүй болтлоо улстөрждөг гэдгийг Я.Содбаатарын үг илтгэнэ. Парламентын гишүүд бол ард түмнээс сонгогддог. Тиймээс ард түмний төлөөлөл, өөрсдийн итгэл үнэмшлээ дагасныхаа төлөө намаас хөөгддөг зарчмыг шинэ залуу гишүүд хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ ч илэрхийлжээ.
Н.УЧРАЛ ӨӨРИЙГ НЬ УНАГАВАЛ УИХ-ЫГ ТАРААХ АСУУДЛЫГ ХӨНДӨНӨ
Ерөнхий сайд Н.Учрал бол МАН дотор 38-ын фракцийг тэргүүлж буй. Түүгээр зогсохгүй 68 гишүүнтэй МАН-ын дарга. Түүний Засгийн газар байгуулагдаад дөрвөн сарын нүүр үзэж байгаа ч огцруулах асуудалтай нүүр тулж, эхнээсээ 30-ын бүлгийн Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг чөлөөлсөн. Түүний араас 30-ын талын хэд хэдэн сайдыг явуулах ажиллагааг эхлүүлсэн ч дараагийн Хууль зүй, дотоод хэргийн сайдаа томилуулж чадахгүй, чуулганы ирц бүрдэхгүй өнөөдөртэй золгож байна. Угтаа бол амралтын өдрүүдэд ирцээ бүрдүүлэх чиглэлээр ажиллана гэсэн ч үр дүнд хүрээгүй.
Тиймээс Ерөнхий сайд Н.Учралын зүгээс хэрэв Засгийн газрыг огцруулбал УИХ-ыг тараах асуудлыг хөндөнө хэмээн намынхнаа “сүрдүүлж” эхэлсэн байна.
Өөрөөр хэлбэл, өөрийг нь огцруулбал 126 гишүүнтэй УИХ-ыг тараах асуудлыг хөндөнө гэж хэлэв. Үндсэндээ, 38-ын бүлэг УИХ-ыг тараах, уур хүргэсэн гишүүдээ намаасаа хөөнө хэмээн дарамт, шахалт үзүүлж байгаа нь ёс зүйгүй үйлдэл гэдгийг хэлэх хүн олон байна.
Эцэстээ 30-ын бүлэг нь Засгийн газраа унагаж, генсек Я.Содбаатарыг явуулна гэж нөгөө талдаа Н.Учрал өөрийг нь унагавал УИХ-ын тараах акцыг хийнэ гэж нэг нэгнээ сүрдүүлж, ойлголцсонгүй өнөөдөртэй золгов. Тэгэхээр Н.Учралд одоо Ардчилсан намтай ойлголцож, ажлаа цааш явуулах нэг гарц үлдэв.
Цаашид ардын намын зодоон хүндэрч, ойлголцож чадахгүй бол Н.Учралын Засгийн газар унах эсвэл УИХ-ыг тараах нөхцөл рүү чиглэх нь ээ. Монгол Улс ардчилсан парламентын засаглалтай улс. Энэ удаагийн парламент холимог систем буюу тойрог, жагсаалтаас бүрдсэн. Анх удаа 126 гишүүнтэй, таван намын төлөөлөл бүрдүүлсэн. Гэвч МАН-ын дарга, Ерөнхий сайд нь парламентынхаа бүрэн эрхэд халдаж, намайг огцруулбал та нарын тараана гээд яриад сууж байгааг нь УИХ-ын 126 гишүүн зүгээр хараад сууна гэдэг юу л бол. Хэрэвзээ нэг намын дарга нь өөрийнхөө эрх ашгийн төлөө парламентыг тараана гэвэл ардчилсан парламентын засаглал, тогтолцоо руу халдах нь төрийн хямрал руу хөтлөх вий!
Ш.ЧИМЭГ


