Шүүх өөрөө яллагч болж байна
Ардчилсан намын “4:11 мэдээллийн цаг” ээлжит хэвлэлийн бага хурал өнөөдөр /2026.10.29/ болж Улсын Дээд шүүх дээр “хуульд захирагдах” Үндсэн хуулийн зарчим ноцтой алдагдаж байгаа асуудлаар мэдээлэл өглөө.
Ардчилсан намын бүлгийн дарга Б.Түвшин:
-Хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим одоо алдагдаад байгаатай холбогдуулаад АН-аас мэдэгдэл гаргасныг уншиж танилцуулъя.
Монгол Улс хууль дээдлэхийг төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болгосон Үндсэн хуультай. Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана” гэж заасан.
Монгол Улсын Их Хурлын 2022 оны зургадугаар сарын 3-ны өдөр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Б.Пүрэвдорж нарын санаачилгаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулж, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээг зохицуулж байсан хуулийн заалтыг хүчингүй болгосон.
Гэтэл Давж заалдах болон Хяналтын шатны шүүхээс эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Анхан шатны шүүхэд буцаах практик өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна.
Монголын Хуульчдын холбооны албан бичигт дурдсанаар, урьдчилсан мэдээллээр Улсын дээд шүүх 2024 онд 60, 2025 онд 49, давж заалдах шатны шүүх 2024 онд 705, 2025 онд 779 хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна. Нийт 1,593 хэргийг буцаасан гэсэн мэдээлэл байна.
Нийтийн эрх зүйн хүрээнд төрийн байгууллага, албан тушаалтанд хуулиар зөвшөөрснөөс бусдыг хориглох зарчим үйлчилдэг нь эрх зүйт төрийн суурь зарчим билээ.
Гэтэл аль ч хуулиар эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Анхан шатны шүүхэд буцаах эрх хэмжээ олгогдоогүй байхад олон зуун хэргийг, заримыг нь бүр дахин дахин буцаасаар байгаа нь Монгол Улсад эрх зүйт төрийн үндсэн суурь зарчим, хууль дээдлэх зарчим ноцтойгоор алдагдаж байгааг илтгэж байна.
Үүний бодит жишээ нь Хөгжлийн банкны гэх эрүүгийн хэрэг юм. Уг хэрэг 2022 оны сүүлчээр шүүхэд шилжсэнээс хойш шүүхийн шат дамжлагад хэлэлцэгдэж, дөрөв дэх жилдээ ч өнөөдрийг хүртэл эцэслэн шийдвэрлэгдээгүй байна.
Ийнхүү эрүүгийн хэргийг дээд, доод шатны шүүх хооронд нааш цааш шилжүүлсээр байгаа нь Монгол Улсад шударгаар, зохистой хугацаанд шүүлгэх эрх, эрх зүйн тодорхой байдлыг алдагдуулж, иргэдийн шүүхэд итгэх итгэлийг улам бүр сулруулж байна.
Цаашлаад эрх зүйн үндэслэлгүйгээр эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Дээд шатны шүүхээс анхан шатны шүүхэд дахин дахин буцааж байгаа шүүхийн практик нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг улс төрийн болон бусад зүй бус зорилгоор ашиглаж байгаа гэх үндэслэл бүхий эргэлзээг нийгэмд төрүүлж байна гэж үзэж байна.
Хууль тогтоох эрх мэдэл хуулийг баталж, шүүх эрх мэдэл хүчин төгөлдөр хуульд захирагдан хэрэгжих нь Үндсэн хуулиар тогтоосон эрх мэдэл хуваарилах ёс, эрх зүйт төрийн суурь зарчим юм. Хуулиар хүчингүй болгосон эрх хэмжээг шүүхийн практикаар үргэлжлүүлэн хэрэгжүүлж, хууль тогтоох болон хуульд захирагдах Үндсэн хуулийн, эрх мэдэл хуваарилах суурь зарчим ноцтойгоор алдагдаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ УИХ дахь АН-ын бүлэг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Иймд эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээг хуулиар хүчингүй болгосон байхад хуулиар олгогдоогүй эрх хэмжээг үргэлжлүүлэн хэрэглэж байгаа асуудлаар 2022 онд УИХ-аас баталсан хуулийн хэрэгжилт, үр нөлөөг дүгнэх ерөнхий хяналтын сонсголыг нэн даруй зохион байгуулах шаардлагатай гэж үзэж байгаагаа дахин мэдэгдэж байна.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:
-Саяын үйл явдалтай холбогдуулаад би хуулийн хэд хэдэн зүйл, заалтыг та бүхэнд харуулах гэж байгаа юм.
Нэгдүгээрт, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд байгаа шударгаар шүүлгэх эрх буюу иргэний үндсэн эрхийн заалт байна. Энэ шударгаар шүүлгэх эрх дотроо хоёр агуулгатай. Нэгдүгээрт, шударгаар шүүлгэх. Хоёрдугаарт, өөрийнхөө холбогдсон хэрэг, маргааныг нэн даруй шүүхээр хэлэлцүүлж, асуудлаа шийдвэрлүүлэх гэсэн хоёр агуулгатай.
Гэтэл Үндсэн хуулийн энэ агуулга өнөөдөр бодит байдал дээр ерөөсөө хэрэгжихээ больсон.
Хүний шүүхээр шийдүүлэх гэж байгаа асуудал эргэж буцсаар байгаад найм, арван жил явдаг болж хувирсан. Хугацаа нь ер нь хэмжигдэхгүй болж эхэлсэн. Шударгаар шүүлгэх эрхийн хамгийн гол агуулга болсон шударгаар шүүлгэх гэдэг энэ зарчим өөрөө эвдэгдсэн.
Шүүх өөрөө шүүх байж чадахаа байсан. Одоо та бүхэн анзаарвал, саяын дурдаж байгаа шүүхээс хэрэг, маргааныг буцаадаг асуудал бол шүүх аль эрт шүүх биш болоод, өөрөө яллагч болж хувирчихсаны шинж.
“Би энэ маргааныг ялламаар байна. Та нар асуудлаа дутуу хийсэн учраас би буцааж байна. Та нар дахиад наадхаа жаахан нухаад өг. Дахиад бүр илүү асуудал болгоод аваад ир. Тэгээд би алхаа тогшоод өгье” гэдэг ийм үгийг хэлж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, энэ бол төвийг сахиж, нотлох баримтад тулгуурлаж, мэтгэлцээнд үндэслэж үйл баримтыг нотолдог биш, өөрөө урьдчилаад итгэл үнэмшилтэй болоод, түүнийгээ нотлохын тулд “Та нар энийг гүйцээгээд ирээч” гэж тулгадаг тийм шүүхийн тухай ярьж байгаа юм.
Энийг шүүх гэж хэлдэггүй. Энийг яллагч гэдэг. Энэ бол прокурорын чиг үүрэг.
Монгол Улсад шүүгч биш прокурорууд шүүхийн байгууллага дотор суудаг болчихжээ.
Дээр нь дахиад энэ заалтыг та бүхэн анзаараарай. Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлд маш тодорхой бичсэн байгаа. “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана” гэж. Гэтэл захирагдах ёстой хуулиа өөрсдөө тогтоодог болсон юм шиг байна лээ. Хууль байхгүй байсаар байтал “Бид ингэж ажилламаар байна” гэж өөрсдөө өөрсдийнхөө яаж ажиллахыг тодорхойлдог болж эхэлсэн байна.
Монгол Улсад өнөөдөр шүүхээс хэрэг буцаадаг хууль байхгүй. 2016 онд анх ийм хууль батлагдсан, 2017 онд шүүхээс хэрэг буцаадаг болгосон, 2022 онд буцаагаад шүүхээс хэрэг буцаахыг хориглосон, хуулиас энэ зохицуулалтыг алга болгосон.
Гэтэл огт байхгүй хуулийг тэд нар зохиож, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг болсон. “Гагцхүү хуульд захирагдана” гэдэг энэ зарчим өөрөө ажиллахгүй байгаа.
Энэ өөрөө Үндсэн хуулийн зарчим. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 1.6-д “Хууль ёсны байх” гэдэг ийм зарчим байгаа. Хууль ёсны байх гэдэг зарчим дээр юу бичсэн байна вэ гэхээр хуулийн заалтыг чанд сахина гэж бүр хатуу зааж өгсөн байгаа.
Энэ хуулийн заалтыг чанд сахихыг биелүүлээгүй бол тэр шийдвэрийг нь хүчингүй болгоод, хариуцлага хүлээлгэнэ гэж хоёрдугаар зүйлд нь заасан байгаа. Гэтэл өнөөдөр хууль байхгүй байтал байхгүй хуулийг үндэслээд шийдвэр гаргачихсан. Тэр шийдвэрүүд хүчингүй болоогүй байна. 1,700 хэрэг дээр тэгээд тэр шийдвэрүүдийг гаргасан нэг ч шүүгч хариуцлага хүлээгээгүй байна. Дээд шүүхээсээ эхлээд бүх шатны шүүх дээр ийм асуудал байна.
Гэтэл хууль дээр нь цагаан дээр хараар маш тодорхой биччихсэн байна. Хууль зөрчиж гаргасан шийдвэр, хуульгүйгээр гаргасан шийдвэр байх юм бол хүчингүй болгоно. Ийм шийдвэр гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцно гээд маш тодорхой биччихсэн байна. Дээр нь доор дурдсан заалтыг та бүхэн хараарай. Хуульд заасан журмаас гадуур хэм хэмжээ тогтоосон журам гаргавал түүнийг хориглоно гээд биччихсэн. Гэтэл Дээд шүүх одоо хүртэл үлгэр дуурайл үзүүлэхийн оронд хэргийг хуульгүйгээр буцаасаар байна.


