Маршлын гүүр орчмын уснаас гэдэсний савханцар нян илэрсэн

🕐 2026/04/15
"Маршлын гүүр орчмын уснаас гэдэсний савханцар нян илэрсэн"

Туул голын усны чанарын өнөөгийн байдлын талаар Усны газраас өнөөдөр /2026.04.15/ өнөөдөр мэдээлэл хийлээ.


Усны газрын дарга З.Батбаяр:

-Бид усны чанарын шинжилгээг улирал тутамд авч байсан бол цаашид сар бүр тогтмол авч байхаар төлөвлөж байна. Энэ удаагийн шинжилгээг өнгөрсөн гуравдугаар сарын 10-нд авсан. Тухайн үе нь мөс дөнгөж ханзарч эхэлсэн, одоогийнх шиг асуудлууд үүсээгүй байсан.

Шинжилгээг эхлээд Баянзүрх гүүр орчимд хийсэн. Усны чанарын индекс 44.97 гарсан нь “бага зэрэг бохирдолтой” ангилалд хамаарч байна. Харин гурван жилийн өмнө энэ бүсэд ус “цэвэр” ангилалд багтаж байсан. Сайн мэдээ нь гэдэсний бүлгийн эмгэг төрөгч нян болон гэдэсний савханцар нян илрээгүй. Гэвч нийт нянгийн тоо стандарт хэмжээнээс давсан байна. Тодруулбал, стандартын дагуу 10 мянгаас доош байх ёстой байтал шинжилгээгээр 20 мянга гарч, зөвшөөрөгдөх хэмжээнээс хоёр дахин их үзүүлэлттэй гарсан. Мөн бусад хэд хэдэн үзүүлэлт стандарт хэмжээнээс давсан байна.

Дараагийн шинжилгээг Маршлын гүүр орчимд хийсэн. Энд усны бохирдлын индекс 138.64 болж, “маш бохирдолтой” ангилалд орсон. Өмнө нь энэ бүс нутаг харьцангуй цэвэрт тооцогддог байсан. Судалгааны явцад өмнөх жил дээж авахдаа байршлын хувьд алдаа гаргасан нь тогтоогдсон. Тухайлбал, Маршлын гүүрний доороос бус, Их Тэнгэрийн амнаас ирэх булгийн уснаас дээж авч байсан тул маш цэвэр гэсэн дүн гарч байжээ. Харин энэ удаад гүүрний яг доороос авсан дээж маш бохирдолтой гарсан. Түүнчлэн эндээс гэдэсний бүлгийн савханцар нян илэрсэн. Энэ нь хүн, малын гаралтай нян байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, ерөөсөө л нүхэн жорлонгын асуудал гэсэн үг. Харин гэдэсний бүлгийн эмгэг төрөгч нян илрээгүй.

Харин Яармагийн гүүр орчимд усны чанар харьцангуй сайн үзүүлэлттэй гарсан байна. Үүний эсрэгээр Сонсголонгийн гүүр орчимд усны чанарын индекс 136 орчим гарч, “маш бохирдолтой” ангилалд багтжээ. Нянгийн тоо 30 мянгад хүрсэн бөгөөд гэдэсний савханцар болон гэдэсний бүлгийн эмгэг төрөгч нян илэрсэн байна. Ийм усыг шууд хэрэглэх нь хүний эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулж, ялангуяа гэдэс, ходоодны өвчлөл үүсэх нөхцөлийг бүрдүүлнэ.

Цаашлаад Био комбинат орчимд байдал бүр дордсон байна. Тус бүсэд усны чанарын индекс 459.64 хүрч, хамгийн өндөр буюу “маш их бохирдолтой” түвшинд хүрсэн үзүүлэлттэй гарсан. Стандартын дагуу 10 мянгаас доош байх ёстой нянгийн тоо 300 мянгад хүрч, гэдэсний савханцар нян стандарт хэмжээнээс 10 дахин их илэрсэн байна. Мөн гэдэсний бүлгийн эмгэг төрөгч нян илэрсэн.

Эдгээр үзүүлэлт нь Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай шууд холбоотой гэж үзэж байна. Бид Төв цэвэрлэх байгууламжаараа дамжуулаад Туул голын бохирдлын үндсэн шалтгаан болж байна гэсэн үг. Үүнээс цааш Шувуун фабрик орчимд нөхцөл байдал бүр аймшигтай байна. Өөрөөр хэлбэл Туул гол бүрэн бохирдсон байна гэдгийг харуулж байна гэлээ.

Tonshuul.mn ©. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан