10 жил бүтээн байгуулсан "Майдар хот"-ын бодит төрх
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дахь 12 мянган га газрыг тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргажээ. Шалтгаан нь тус нутаг дэвсгэрт 10 жилийн өмнөөс эхтэй, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилга дор бүтээн байгуулж байгаа "Майдар эко хот” сүндэрлэж байгаа юм. Сонирхолтой нь, уг төслийн хүрээнд хийж, хэрэгжүүлж байгаа ажлыг Засгийн газрын төвшинд бодлогоор дэмжих шийдвэрийг ийн гаргаж, бүтээн байгуулалтыг нь эрчимжүүлэхээр болсон хэрэг.
Нийслэлээс 70 гаруй км затай Сэргэлэн сум руу явахад цаг гаруй хугацаа зарцуулна. Хотын түгжрэл, нийтийн тээврийг эс тооцвол шүү дээ. Ийн хурдалсаар Налайх дүүргийг өнгөрч цааш хэсэгтээ явсаар Сэргэлэн сумын нутаг дахь МАК-ийн бетоны үйлдвэрийн бараа харагдав. Зам дагаж хөгжил гэдэг шиг орон нутагт бүтээн байгуулсан үйлдвэрийг дагасан суурингийн бараа тодров. Зорьсон газартаа ирж буйг илтгэх мэт тэдгээр бүтээн байгуулалтын дүр төрхөөр төлөөлүүлж бодох зуур Сэргэлэн сумын төв хэдийнэ ойртжээ. Замдаа хэсэг саатах зуур сумын цэцэрлэгийн шинэ салбар саяхан нээгдэж үйл ажиллагаа явуулж эхэлснийг замын хүнээс сонсов.
"Майдар эко хот”-ынх гэх гэрлийн шон ч алга
МАК-ийн бетоны үйлдвэрээс цааш 10 хүрэхгүй км явтал толгойн орой дээгүүр "Их Майдар” цолцолборын бүтээн байгуулалт биднийг дуудах шиг өмнөөс өнгийнө. Баруун, зүүн, хойд хэсгээрээ уултай, энгэр ээвэр газар ирээдүйд 108 метр болох "Их Майдар” бурхныг босгох ажил явж буй нь нүдэнд тусна. Төв замаасаа бүтээн байгуулалтын зүг салах хэсэгт босгосон самбарт "2016 онд эхний үе шат ашиглалтад орно” хэмээн бичжээ. Одоогоос хоёр жилийн өмнө.
Биднийг очиход таван давхар байшингийн дайтай гэж хармаар төмөр цамхаг босгожээ. Түүнтэй зэрэгцүүлэн бурхны өлмий бололтой хэмээн таамаглаж болохоор бетон цутгамал угтсан юм.
Бүтээн байгуулалтын ажлыг хятад ажилчид гүйцэтгэж байгаа юм билээ. Тэднийг хариуцсан нэг монгол залуутай уулзахад "Биднийг энэ жилдээ ямар нэг хэвлэлд юм ярьж болохгүй гэсэн” хэмээгээд "Их Майдар” төслийн удирдагч Б.Цогтбаярын дугаарыг өглөө. Түүнтэй холбогдож мэдээлэл авахаар утас цохилоо. 9191.... дугаар руу залгалаа. "Хөрөнгө санхүүжилтээс шалтгаалаад төсөл маань нэг хэсэг зогсонги байдалд орсон. Энэ жил бэлтгэл ажил явагдаж байна. Ирэх жил угсралтын ажил явагдаад эхэлнэ. Тэр үед л хэвлэлд яриа өгмөөр байна. Одоо бол ярих зүйл байхгүй. Засгийн газрын шийдвэрээр 12 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авах болсон нь манай төсөлтэй хамааралгүй. Тэр талаар сурвалжлах гэж яваа бол тусдаа "Майдар эко хот” гээд төсөл байгаа шүү” хэмээв. Тэрээр хөрөнгө оруулалтын талаар "Иргэдээс хандив цуглуулж байгаа. Гэхдээ тэр чинь багахан хувийг л эзэлдэг. Гадаадын хандивлагч нараас дийлэнх хөрөнгө оруулалт орж ирдэг” гэсэн юм.
Уг бүтээн байгуулалтын ажил 2009 оноос эхэлсэн. Цаг тооллын хэмжээсээр есөн жилийн нүүр үзжээ. Гэвч одоогийн байдлаар 2015 он хүртэл бүтээн байгуулсан барилгын явц тэр чигээрээ... Нэмэгдсэн зүйл нь БНХАУ-д үйлдвэрлүүлсэн бурхны өнгөн хэсгийн гуулин деталиуд. Тэднийг эвлүүлж, гагнах ажил давхар явагдаж байна лээ. Энд тодотгоход.
Харин 12 мянган га газар дээр босох "Майдар эко хот”-ыг тодотгох ганц гэрлийн шон ч харагдсангүй. Иймд "Майдар эко хот” цаасан дээр л босч буй бололтой гэсэн бодол тээн түүгээр үргэлжлүүлэн явлаа.
Сэргэлэн сум
"Их Майдар” цогцолбороос цаашхан явахад Мот буудлагын баригадтай таарна. Зам салж, 10 орчим минут давхиад л Сэргэлэн сум руу оров. 94 жилийн түүхтэй Сэргэлэн сумын хүн ам 2037. Сумын төв дээр 70 гаруй өрхийн 300 орчим хүн амьдарч байна. Сумын төвийн хүн ам Улаанбаатар хотын нэгэн томоохон байшинд ажиллаж буй хүмүүсийн тоотой тэнцэхүйц. Гэхдээ Сэргэлэн сум 2600 хүнтэй байсан тохиолдол бий. Одоо бол хүн амын тоогоороо аймгийнхаа 27 сумаас 12-т жагсдаг. Баянжаргалан, Бүрэн, Архуст, Баянлиг гээд 1200-1300 хүн амтай сум ч бий.
Сумын ЗДТГ-ын хоёр давхар байрыг тойрсон хуучны хэдэн барилга, энд тэнд ундуй сундуй харагдах гэр хороолол, нураасан барилгуудын балгас. Энэ бол Сэргэлэн сумын өнгө төрх. Засаг даргын Тамгын газар, сургууль, сурагчдын дотуур байр, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төв, ХААН банк, Төрийн банкны салбар, хоёрхон хүнсний дэлгүүр, ганцхан шатахуун түгээх станц. Энэ бол Сэргэлэн сумын төвд орших албан газар болон олон нийтийн үйлчилгээний байгууллагууд. Сумын Засаг даргын Тамгын газрын байрны дэргэд, нийслэлээр бол А зэрэглэлийн бүсэд ХААН, Төрийн банкны салбар Улаанбаатар хотын автобусны буудлууд дээр байрлах ТҮЦ-ээс томгүйхэн байранд төвхнөжээ. Өмнө нь зөвхөн Төрийн банкны салбар үйл ажиллагаа явуулдаг байсан бол өнгөрсөн онд ХААН банкны салбар үүдээ нээжээ. Өдөрт дунджаар 20 хүн банкаар үйлчлүүлдэг байна.
Нийслэлд хамгийн ойр сумуудын нэг мөртлөө Төрийн банк нь мотор асааж ажилладаг. Сумын сургууль нь гаднаа 00-той гээд тоочвол болохгүй бүтэхгүй зүйл гарах л байх. Өндөгнөөс ч хүртэл өө олддог гэдэг. Сумын урдхан талаар төмрөөр маш том талбай хашаалсан нь иргэдийн ярьснаар "Таван богд” групп-ийн аялал жуулчлалын бүс байгуулна хэмээн худалдаж авсан газар аж. Сумынхаа цэцэрлэгт галчаар ажилладаг гэх н.Гантөмөр тус хашааг портер машинаараа дайрч унагаж байсан талаараа ярьсан. Тэрээр "Манай сумынхан хичнээн суурин ч гэлээ хашаандаа саалийн үнээтэй айлууд олон. "Таван богд” групп гэж компани манай сумын энэ хэсгийн газрыг худалдаж авсан гээд хашаа барьчихаад мал бэлчих газаргүй болгочихсон. Тэгэхээр нь уурандаа портероор хашааг нь дайрч байсан. Хүмүүс нь надтай уулзаад сум орон нутгийг чинь хөгжүүлэх гэж байна гээд л толгой угаачихсан. Казино л байгуулах сураг гарсан. Малаа хашаанд оруулаад бэлчээж болно гэж хэлсэн ч байнга л цоожтой байдаг даа” хэмээн ярьсан.
Сургууль, цэцэрлэгийн барилга их засварт орох болжээ
Сэргэлэн сум алтны нөөц ихтэй учраас уурхай олон бий. Сэргэлэн, Заамар гэсэн хоёр сум Төв аймгийн төсвийн ихэнх хэсгийг бүрдүүлдэг. Тэгсэн хэрнээ татаас бага авдаг, хөрөнгө оруулалт багатай. Энэ нь бас л хүн амынхаа тоотой холбоотой хэмээн тайлбарлах хүн ч таарав.
Уул уурхай ихтэй ч орон нутагт шингэж үлдэж байгаа юм байхгүй. Шууд л улсын төсөвт төвлөрдөг байна. Харин нийгмийн хариуцлагын хүрээнд гэрээ хийгээд сумынхаа цэцэрлэгийн гадна талыг будуулах зэргээр жижиг асуудал л наалдана уу гэхээс усны төлбөр гэх мэт бүх төлбөр хураамж улсын төсөвт ордог гэнэ. Сумын сургууль цэцэрлэг 1981 онд ашиглалтад орж, тэрнээс хойш их засварт орж байгаагүй учраас дээврээс нь дусаал гоождог талаар ч сонслоо. Гэвч хүүхэд цөөтэй гэсэн шалтгаанаар их засвар оруулахаас хойш үлддэг байна.
Сургууль, цэцэрлэг нь хүүхэд цөөтэй. Сумын төв дээрх төрийн байгууллагын ажилчид нь хүртэл аймгийн төвөөсөө ажилдаа ирж очдог учраас хүүхдээ сумандаа сургууль, цэцэрлэгт явуулах боломж байдаггүй аж. Гэвч цэцэрлэг, сургуулийнхан хамран сургах тойргийнхоо боломжтой бүх хүүхдийг л боловсрол олгож байгаа талаараа ярьсан.
Сэргэлэн суманд "Майдар эко хот” байгуулах талаар хэлэлцүүлэг хийж байжээ
Сэргэлэн сумын гудамжинд явж буй захын иргэн л сэтгүүлч гэдгийг маань сонсоод дурамжхан хүлээж авсан. Учир нь Сэргэлэн сумын газар нутаг орчмын 12 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авлаа гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээс сумын иргэдэд албан ёсоор тайлбар өгөөгүйтэй холбоотой. Үүнтэй холбоотойгоор Сэргэлэн сумын иргэдэд олон асуулт байгаа юм билээ.
-12 мянган га газар нь чухам яг хаанаас хаа хүртэл газар нутгийг хамарч байна вэ
-Улсын тусгай хэрэгцээт газар нутагт амьдарч байгаа иргэд юу хийж болох, болохгүй вэ
-Сэргэлэн сумын газар нутгийг Улсын тусгай хэрэгцээнд авчихаар цаашид шинээр аж ахуй нэгжүүд, үйлдвэр үйлчилгээ явуулах боломжгүй болж байна. Үүнтэй холбоотойгоор сумын иргэдийн тоо улам багассаар байх уу
-Майдар эко хот гэж байгуулагдахаар үнэхээр хүмүүсийн яриад буй шиг Сэргэлэн сумыг татан буулгах уу
-Сэргэлэн суманд олон удаагийн хэлэлцүүлэг явагдаж байсан. Тэр бүрт иргэд газар нутгаа Улсын тусгай хэрэгцээний газар болгохыг эсэргүүцсэн. Гэтэл яагаад ард иргэдийн зөвшөөрөлгүй Засгийн газар албан хүчээр ийм шийд гаргах болов
-2020 онд "Майдар эко хот”-д Азийн хүүхдийн их наадмыг зохион байгуулна гэсэн. Тэгвэл өчнөөн олон жил хоёр хөлнөөс өөр юмгүй байсан хот хэзээ босох вэ
Дээрх асуултуудыг захын иргэн сэтгүүлч миний асуултын өөдөөс сөргүүлэн тавьсан. Өөрийн асуултад хариулт авахаар Сэргэлэн сумыг зорьсон боловч харин ч олон асуултыг өвөртлөөд буцсан юм. Тиймээс Сэргэлэн сумын иргэдийн дээрх асуултууд болоод "Майдар эко хот”-ын талаар цувралаар сурвалжлан хүргэнэ.